Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/312

 

 

 

 

 

      2024           03            12                                         2024/ДШМ/312

 

О.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

хохирогч Д.И-н өмгөөлөгч Т.Золбаяр,  

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Т.Золбаярын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2308000001950 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

О.М, /РД: /, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

О.Мнь ... нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.И-той маргалдаж, түүний хөл рүү нь өшиглөн хавирч унаган, улмаар эрүүл мэндэд нь баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-с 2,773,250 төгрөг гаргуулан хохирогч Д.И  олгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Золбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолын хохирол, хор уршигийн талаар дүгнэлт хэсэгт “...хэрэгт хохирогч Д.И болон Нөхөрлөл зам ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ авагдаагүй, ээлжийн жолооч Т.О гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй ... тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй” гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирогч Д.И нь ... ХХК-д тээврийн жолоочийн ажил эрхэлдэг гэдэг нь тодорхой байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т зааснаар “ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогч нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдож байна.

Мөн И, О нарын хооронд гэрээ байгуулагдаагүй тул О-д хөлс төлсөн эсэхээс үл шалтгаалан хохирогчоос гарсан зардлыг хангахгүй байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч болон О  нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 359.1-т заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” байх бөгөөд Иргэний хууль болон бусад хуулиар тус гэрээг бичгээр байгуулахыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл тэдний хооронд хөлсөөр ажиллах аман гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан дансны хуулгаар хохирогчоос О-д нийт 8,800,000 төгрөг шилжүүлсэн байгаагаар нотлогдож байна. Мөн тус дүгнэлтэд “О-д ээлжийн жолоочийн цалин өгч байсан атлаа ямар үндэслэлээр нэг удаагийн эргэлтийн төлбөр 800,000 төгрөгийг бүтнээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй” гэжээ. Гэтэл өмнө нь О  нь хохирогчтой ээлжлэн жолоо барьдаг, үндсэн жолооч нь хохирогч өөрөө байсан. Гэтэл хэрэг гарснаас улбаалж хохирогч өөрөө автобусаа хариуцан үндсэн жолоочоор ажиллах боломжгүй тул О ыг үндсэн жолоочоор ажиллуулсан тул хөлсийг бүтнээр нь нэхэмжилсэн. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэт ойлголгүй дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс хохирогчийг нэгэнт нотлогдсон, илэрхий баримтыг гаргаж өгөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд О-д төлсөн хөлс болох 8,800,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.

2. Мөн хохирогчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болох 8,250,000 төгрөгийг хангаагүй орхисон. Тус хохирлыг хохирогчийн зүгээс нэхэмжилж байсан боловч өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхийг нь эдлүүлээгүй, түүнчлэн “шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэж бичсэн хуудаст хохирогч өөрөө огт гарын үсэг зураагүй байдаг. Гэтэл үүнийг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, хохирогчид ашиггүй байдлаар шийдвэрлэсэн байна. Иймд хохирогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирогч Д.И-н сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг одоо хүртэл арилаагүй, хохирогч одоог хүртэл ажилдаа эргэж ороогүй, эрүүл мэндийн байдал нь сэргээгүй байна. Түүнчлэн шүүгдэгч одоог хүртэл хохирогч Д.И  нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй, хохирогчийн зүгээс гомдолтой байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж, хохирогчийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хохирол төлбөрийг төлөөгүй талаар тодорхой тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Мнь ... нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.И-той “автобусны тээшнээс зорчигдын ачааг буулгах” асуудлаар маргалдаж, хөл рүү нь өшиглөн хавирч унаган, улмаар эрүүл мэндэд нь шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

хохирогч Д.И-н “...Би 2023 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 04:00 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Би ... ХХК-д хот хооронд автобус барьдаг. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ Драгон дээр автобустайгаа ирээд зорчигч болон ачаагаа буулгаж байхад М гэдэг залуу жолооч талын багажийн хаалгыг өөрөө онгойлгохоор нь би очоод яагаад хаалга зөвшөөрөлгүй онгойлгоод байгаа юм бэ, хүмүүсийн ачаа солигдоод алга болчихдог юм гэж хэлэхэд М.О-д  та нарыг хүлээж зогсоно гэж юу байдаг юм бэ гээд ачаа гаргаад байсан. Манай ээлжийн жолооч О  очоод битгий ачаа гаргаад бай, хүний ачаа солигдоод алга болчихдог юм гэж хэлэхэд М.О-д  О ыг заамдаж аваад чамайг ална шүү гэхээр нь би очоод салгасан. Тэгтэл над руу дайраад намайг заамдаж авахад би зөрүүлээд заамдахад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би М.О-д хандан хүмүүсийн ачаа солигдоод алга болчихдог юм. Эхнээс нь өгч байна гэж хэлтэл М.О-д  муу сайн хулгайчууд автобустай чинь шатаана гэж орилж байгаад над дээр ирээд заамдаж аваад хөл хавирч газар унагаад миний дээгүүр давсан. Тэгээд би босох гэтэл баруун хөл шагайны дээгүүр хугарсан байсан. М.О-д  миний дээрээс дараад унасан хөл рүү өшиглөх үед л хугарсан байх. Газар унаад босох гэтэл баруун талын хөл эргэчихсэн байсан...” /хх-ийн 10-11/,

гэрч Г.Оюунаагийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 05 цагийн үед Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот ... нутаг дэвсгэрт байрлах Шинэ Драгон дээр хүү М.О-д той хамт ирсэн. Би Хөвсгөл аймаг Улаанбаатар хот хооронд олон удаа явдаг. Манай хүү анх удаа автобусаар надтай хамт явсан. Энэ автобусны жолооч маш соёлгүй, бүдүүлэг, хүмүүстэй маргаан хийдэг. Замдаа хүн амьтныг бие засуулахгүй, хэрүүл маргаантай л Улаанбаатар хотод ирсэн. Намайг автобуснаас буухад жолооч залуу ачаа тээшний маргаан хийгээд байхаар нь би тоохгүй машиндаа очоод суугаад байж байтал манай хүүгийн дуу гарахаар нь цонхоороо харсан чинь манай хүүг жолооч залуу заамдаад авчихсан байсан. Тэгээд юу болоод байна гээд очиход тэр манай хүүг мөргөөд байсан. Миний хүү тэр залууг та боль, битгий маргаан хийгээд бай гэж хэлж байсан. Тэгээд тэр залууг цаашаа бай гэж байгаад хавирч унагаасан. Гэтэл тэр газар унаад хөл гээд орилоод байсан...” /хх-ийн 15/,

гэрч Т.О ын “...М.О-д  гэдэг зорчигч автобусны нөгөө талын тээшний хаалгыг өөрөө онгойлгохоор нь би очоод тээш солигдох асуудал гардаг юм. Чи түр байж бай гэж хэлэхэд та нарыг хүлээж чадахгүй, яасан удаан өгдөг юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг заамдаад авахад И  ах хүрч ирээд боль гээд салгасан. Тэгтэл И той маргалдаад заамдаад авахаар нь би боль гээд салгасан. Дараа нь би ачааг нь аваад өгье гэж бодоод тээш рүү тонгойж байхад И  ах хөл хугарчихлаа гээд орилсон. Эргээд хартал И  ах газар унасан, хөлөө бариад сууж байсан...” /хх-ийн 17/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12952 дугаартай шинжээчийн “...Дүгнэлт: 1.Д.И-н биед баруун шаант/шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниупах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,

О.Ммөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгаас автобусаар ээжтэйгээ хотод ирсэн юм. Тэгээд автобус ... нутаг дэвсгэрт байрлах Шинэ драгон дээр ирж зогсоод хүмүүс автобуснаас буугаад ачаа, тээшээ авсан. Би ачаагаа авах гэтэл байхгүй байхаар нь нөгөө талын тээшний хаалгыг онгойлгоод ачаагаа авах гэтэл жолооч залуу болох И  ирээд тээшний хаалга зөвшөөрөлгүй онгойлголоо гээд бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байхад И  намайг заамдаад авахад би зөрүүлж заамдаж аваад бид хоёр барьцалдаж авахад манай ээж болон нөгөө жолооч хоёр боль гээд салгасан. Тэгээд дахин хэрэлдэж, барилцаж аван И ийг хавиран унагаасан. Тэгтэл хөл хугарчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч О.Мнь хохирогч Д.И-той маргалдаж, түүний хөлийг өшиглөн хавирч унаган биед нь “баруун шаант /шилбэ/ ясны хугарал, уруул, хүзүү, баруун гарын дунд, ядам хуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Анхан шатны шүүхийн О.М.О-д ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүхээс О.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор гэм бурууд нь тохируулан торгох ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон.

Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Золбаярын гаргасан давж заалдах гомдлын “...хохирогч Д.И нь ээлжийн жолооч Т.О-д жолоочийн цалин гэж  нэг удаагийн эргэлтийн төлбөр 800,000 төгрөг буюу нийт 8,800,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хэсгийг хүлээн авч, шүүгдэгч О.М.О-д оос гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Тодруулбал, шүүгдэгч О.М.О-д ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.И нь ажил, хөдөлмөрөө хэвийн эрхлэх боломжгүй болсон бөгөөд “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын батласан 2023 оны 10 дугаар сарын захиалгын хуудсаар 4 удаа, 2023 оны 11 дүгээр сарын захиалгын хуудсаар 5 удаа Мөрөн-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ жолооч хөлсөөр ажиллуулсан, үүний дагуу Хаан банк дахь өөрийн эзэмшлийн .... тоот данснаас “жолоочийн цалин” гэх утгатайгаар 2023.10.26, 2023.10.30, 2023.11.9, 2023.11.14, 2023.11.22, 2023.11.26, 2023.11.28, 2023.12.13, 2023.12.25, 2023.12.29, 2024.01.5-ны өдрүүдэд 800,000 төгрөгийг буюу нийт 8,800,000 төгрөгийг жолооч Т.О-д шилжүүлэн өгсөн хуулга /хх-ийн 66-69, 109-110/,  мөн түүний хохирогчоор мэдүүлсэн “...Би одоо нэг ресдээ 800,000 төгрөгөөр жолооч хөлсөлж байгаа...” /хх-ийн 11/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 Харин давж заалдах гомдлын “...хохирогч Д.И нь Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөн чиглэлд онгоцоор зорчсон 574,200 төгрөг, эхнэр Б.Отгонсамбуугийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1,011,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8,250,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, дээрх хохирол төлбөрийн талаар хөдөлбөргүйгээр нотлосон баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хавтас хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй талаар дүгнэж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байна.          

 Иймд шүүгдэгч О.М.О-д оос 8,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч  Д.И  олгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолын 5 дахь заалтад оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М.О-д оос 2,773,250 төгрөг гаргуулж хохирогч Д.И  олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М.О-д оос 11,573,250 төгрөг гаргуулан хохирогч Д.И  олгосугай...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Т.Золбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

                   ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН