Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 316/ШШ2025/00463

 

 

 

                                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, С*************** цогцолборт байрлах, “Мобифинанс ББСБ” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ************* тоотод оршин суух хаягтай, Г овогт Ө /РД:****/, утас:******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 802,042 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Ө нь "Мобифинанс ББСБ"-тай 2019 оны 08 сарын 06-ны өдөр 14********3 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.Ө нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 11 сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. Мобифинанс ББСБ-ын зүгээс Г.Ө-с зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардахад өнгөрсөн хугацаанд 200,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2023.08.28-ны өдөр зээлийн эрсдэлийн сангаас зээлийн хүүг зогсоосон ба тухайн өдрийн байдлаар Г.Ө-н үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, 2021 оны 11 сарын 23-ны өдрөөс 2023.08.28-ны өдрийг хүртэлх 1181 хоногийн зээлийн хүү 253,676 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,366 төгрөг нийт 802,042 төгрөг байна. Г.Ө нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн "үлдэгдэлтэй байх тул "Мобифинанс ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 802,042 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.

 

           Хариуцагч Г.Ө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ ...”Мобифинанс ББСБ” ХХК нь надад холбогдуулан 802,042 төгрөгийг нэхэмжилэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч уншиж танилцлаа. “Мобифинанс ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 802,042 төгрөгийг миний бие төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнгийн талаар маргаангүй. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 хуваан төлж барагдуулна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, улсын тэмдэгтийн хураамжийг тайлбарлаж өгснийг ойлголоо...”  гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

         “Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ө-т холбогдох “802,042 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,799 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,899.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11,899.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Мобифинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ө-т холбогдох “802,042 төгрөг гаргуулах”тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,799 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,899.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 11,899.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК-д олгосугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.  

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                    ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ