Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00507

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2025/00507

Улаанбаатар хот

 

 

2025 06 06 103/ШШ2025/00507

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг .... дугаар хороо, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах, ******* *******-д холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 9,679,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* *******-д холбогдох эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 9,679,644 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

1.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* *******-тай 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Барилга угсралт, засварын ажилд хэрэглэх зорилгоор тулаасыг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буцаан өгөхөөр 30 хоногийн хугацаанд хөлслөн өөрийн үйл ажиллагаанд хэрэглэхээр гэрээ байгуулж 2,2м-4,0м хэмжээтэй 250 ширхэг тулаасыг 1 ширхэгийг 180 төгрөгөөр, 3,2м-5,0м хэмжээтэй 150 ширхэг тулаасыг 1 ширхэгийг нь өдрийн 220 төгрөгөөр тус тус түрээслэхээр хүлээн авсан. Дээрх үнийн дүнгээр гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс ахин 30 хоногоор сунгаж, гэрээний хугацаа эцэслэн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дууссан. ******* ******* нь нийт 400 ширхэг тулаасыг хүлээн авч, түрээсийн төлбөр барьцааны төлбөрт нийт 4,680,000 төгрөгийг шилжүүлсэн боловч барааг буцаан хүлээлгэн өгөх хугацаагаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө нэмэх, эсхүл бараагаа буцаахыг хариуцагчид удаа дараа шаардаж байсан боловч эхний үед элдэв зовлон ярьж, түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүсдэг байсан. Бидний зүгээс нэлээн удаан хүлээж байгаад арга ядаад нэгэнт түрээсиин төлбөрөө авах нь худлаа болсон тул 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Зайсан Голден Вилла хотхоны хажууд байрлах орон сууцны гражид байрлах барилгын талбайгаас өөрсдөө очиж ашиглагдаж байсан бараа материалаас ялган авсан боловч 57 ширхэг тулаасыг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Хариуцагч ******* ******* нь гэрээ байгуулж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулчихаад төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулаагүй төдийгүй үлдсэн барааг өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа. Иймд гэрээний дагуу төлбөр болон хорогдолд 6,278,460 төгрөг, алданги 2,781,184 төгрөг, бусад зардалд 620,000 төгрөг нийт 9,679,644 төгрөгийг ******* *******-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээг байгуулах үед манайх хуульчгүй байсан учраас нийтлэг гэрээний дагуу түрээсийн гэрээ гэж нэрлэж гэрээг байгуулсан. Хууль зүйн үүднээс эд хөрөнгө хөлслөх гэрээ. Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу шаардах эрх үүсэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч тал түрээсийн төлбөрт 6,569,460 төгрөг төлөх байснаас 4,680,000 төгрөг төлөөд, төлөөгүй байгаа төлбөр 1,889,460 төгрөг байна. Үүний 0,5 хувь гэхээр өндөр гарч байгаа учраас хуульд зааснаар 50 хувиар тооцоод 944,730 төгрөгийн алданги, 57 ширхэг тулаас байхгүй болгосон, гэрээний хавсралтад зааснаар нэг тулаас 77,000 төгрөгийн үнэтэй гэхээр 4,389,000 төгрөг болж байгаа, үүн дээр талбай дээрээс тулаасаа очиж ачиж авчрах зардалд 620,000 төгрөг ингээд нийт 7,843,190 төгрөг нэхэмжилж байгаа юм байна, анх нэхэмжилсэн 9,679,644 төгрөгөөс 7,843,190 төгрөгийг хасаад 1,836,454 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, манайх буруу тооцоолсон байна. Иймд ******* *******-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 7,843,190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* *******-ийн захирал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* нь манай компаниас түрээсийн төлбөр болон хорогдолд 6,278,460 төгрөг, алдангид 2,781,184 төгрөг, тулаас авсан зардалд 620,000 төгрөг нэхэмжилсэн. 2024.09.27-ны түрээсийн төлбөрт 2,340,000 төгрөг, 2024.10.27-ны өдрийн түрээсийн төлбөрт 2,340,000 төгрөгийг төлсөн. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан 2024.09.27-ны өдрийн 4800 дугаартай түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.1, 4.7.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө түрээслэж эхлэх үедээ түрээс 2,340,000 төгрөг өгөөд, мөн барьцаанд байршуулсан 2,340,000 төгрөгийг дараагийн сарын төлбөр гэж төлсөн болно. Дутаасан гэх 57 ширхэг тулаас нэг бүрийг нь баримтад тусгаснаар 77,000 төгрөгөөр тооцвол нийт 4,389,000 төгрөг болж байна. Дутаасан тулаасны үнэ 4,389,000 төгрөг, тулаас авсан зардал 620,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* *******-ийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний төлбөр тооцооны баримтууд, зарлагын баримтууд, орлогын баримт, тооцоо нийлсэн акт, ******* ******* *******-иас Шинэсэгэ буилд *******-д гаргасан хүсэлт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9,679,644 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025.04.22-ны өдөр шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр түрээсийн гэрээний харилцаа биш эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж шаардах эрхийн үндэслэлээ өөрчилж, 9,679,644 төгрөгийн шаардлагаа 1,836,454 төгрөгөөр багасгаж, 7,843,190 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* *******-тай 2024.09.27-ны өдөр Барилга угсралт, засварын ажилд хэрэглэх зорилгоор тулаасыг 2024.10.27-ны өдөр буцаан өгөхөөр 30 хоногийн хугацаанд хөлслөн өөрийн үйл ажиллагаанд хэрэглэхээр гэрээ байгуулж 400 ширхэг тулаасыг хөлсөлсөн. Төлбөрт нийт 4,680,000 төгрөгийг шилжүүлсэн боловч барааг буцаан хүлээлгэн өгөх хугацаагаа хэтрүүлсэн, 57 ширхэг тулаасыг дутагдуулсан учраас тулаасны үнэ, тулаас хөлсөлсөн үнэ, бараагаа өөрсдөө татан авсан зардал нийт 7,843,190 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч нь Барьцаанд тавьсан мөнгөнөөс түрээсийн төлбөр төлөгдсөн, дутаасан 57 ширхэг тулаасны үнэ 4,389,000 төгрөг, бусад зардалд 620,000 төгрөг нийт 5,009,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж, зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгч ******* ******* *******, хариуцагч ******* ******* нарын хооронд 2024.09.27-ны өдөр 4800 дугаартай Түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, гэрээнд ******* ******* *******, хариуцагч ******* *******-иудыг төлөөлөн менежир , нар гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулсан байна. /хх-ийн 10-13 дугаар тал/

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ, 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

3.Эд хөрөнгө хөлслөх гэрээний гол агуулга нэг буюу хэд хэдэн эд зүйлийг ашиглуулах зорилгоор тодорхой хугацаанд эзэмшлийг шилжүүлэх явдал байдаг. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгийг хөдөө аж ахуйн болон ахуйн зориулалтаар нөгөө талын эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацааны турш үр шимийг хүртэх боломж олгохоор амлах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртдэг онцлогтой. Тиймээс гэрээний обьект нь үр шим болгох бололцоо бүхий биет болон биет бус хөрөнгө байдаг. Энэ утгаараа эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагддаг ба Хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээслэхээс бусад тохиолдолд түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг.

4.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, талуудын шүүхэд ирүүлсэн, өгсөн тайлбар, хуулийн зохицуулалтаас дүгнэхэд ******* ******* ******* нь 400 ширхэг тулаасыг ******* *******-д ашиглуулах зорилгоор 1 сарын хугацаанд түр хугацаанд эзэмшлээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

5.Талууд гэрээгээр 250 ширхэг V4 тулаасыг хоногт 180 төгрөгөөр, 150 ширхэг V5 тулаасыг хоногт 200 төгрөгөөр хөлслөхөөр, гэрээний хугацаа 1 сар байхаар, гэрээгээ сунгаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр, тулаасын тоо ширхэгийг дутаасан, эвдсэн гэмтээсэн тохиолдолд 1 тулаасыг гэрээний хавсралтад заасан засварын тариф болон үндсэн үнэ болох 77,000 төгрөгөөр үнэлж төлүүлэх зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-14, 18-23 дугаар тал/

6.Гэрээг 2024.09.27-ны өдөр байгуулсан, хөлслөгч талын хүсэлтээр гэрээг 1 сарын хугацаагаар дахин сунгаж гэрээний хугацаа 2024.11.26-ны өдөр дууссан байна. Хөлслөгч тал гэрээний хугацаа дууссан байхад хөлсөлсөн эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцаан хүлээлгэж өгөх гэрээний үүргээ зөрчсөн учраас ******* ******* ******* өөрсдөө хөлслөгчийн барилгын талбайгаас тулааснуудыг өөрсдийн зардлаар татан авсан, тулаасыг татан авахад 57 ширхэг тулаас дутсан үйл баримтад талууд маргаагүй.

7.Хөлслөгч тал 2024.09.26-2024.12.10-ны өдрийг хүртэл эд хөрөнгө ашигласны төлбөрт 5,772,000 төгрөгийг төлөх ёстой байсан байна. /V4-250ширхэг х180 төгрөг х74 хоног= 3,330,000, V5-150 ширхэг х220 төгрөг х74 хоног=2,442,000 төгрөг/. 5,772,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн урьдчилан төлсөн 4,680,000 төгрөгийг хасвал 1,092,000 төгрөгийг дутуу төлсөн байна.

8.******* ******* нь 400 ширхэг тулааснаас 57 ширхэгийг хүлээлгэн өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025.04.22 хүртэл 133 хоног 57 ширхэг тулаасыг ашигласан байх ба нэхэмжлэгч тал 121 хоног ашигласан гэж нэхэмжлэл гаргасан учраас 121 хоногоор тооцвол V4-54ширхэг х180 төгрөг х121 хоног= 1,176,120 төгрөг, V5-3 ширхэг х220 төгрөг х121 хоног=79,860 төгрөг бүгд 1,255,980 төгрөгийг төлөх үүрэгтэй. /1,092,000+1,255,980=2,347,980/

9.Эд хөрөнгө ашигласны төлбөр 2,347,980 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учраас нэхэмжлэгч тал алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

10.******* ******* нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 292 дугаар зүйлийн 292.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.5, 2.6, 4.14 зааснаар Эд хөрөнгө ашигласны төлбөрт 2,347,980 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, гэрээний 3.6-д зааснаар алдангид 1,173,990 төгрөгийг, гэрээний 2.8, 3.8, 4.9, 4.10-т зааснаар хөлсөлсөн бараанаас дутагдуулсан 57 ширхэг тулаасны төлбөрт /57 ширхэг х77,000 төгрөг/ 4,389,000 төгрөгийг, гэрээний 4.8, 3.10-т зааснаар эд хөрөнгөө татан авахад гарсан зардалд 620,000 төгрөгийг, нийт 8,530,970 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан, нэхэмжлэгч хууль болон гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

11.Шүүгчийн тооцоололоор хариуцагч тал 8,530,970 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгч тал 9,679,644 төгрөгийн шаардлагаа 1,836,454 төгрөгөөр багасгаж 7,843,190 төгрөг нэхэмжилсэн учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 7,843,190 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-иас 7,843,190 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 140,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

13.2025.06.06-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан товлогдсон талаар хариуцагч ын 991652.... дугаарын утас руу 2025.05.30, 06.06-ны өдрүүдэд зурвас илгээсэн, 2025.05.30-ны өдөр 99165242 дугаарын утас руу, гэрч д 2025.06.02-ны өдөр 80660440 дугаарын утас руу тус тус залгаж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагч, гэрч нарыг оролцуулахгүйгээр хэрэг маргааныг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн саналыг гаргасныг харгалзан хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. Гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдаанд ирээгүй тул гэрчээс мэдүүлэг зайлшгүй авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* *******-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 7,843,190 /долоон сая, найман зуун дөчин гурван мянга, нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгон, нэхэмжлэгч нь 9,679,644 төгрөгийн шаардлагаа 1,836,454 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-иас 7,843,190 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 140,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй төгөлдөр болмогц 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацаа хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ