Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 318/ШШ2025/00314

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн сумын  дугаар багт байрлах, регистрийн дугаар, ББЭХС ТӨХК-ийн,

 

Хариуцагч: Увс аймгийн сумын  дугаар баг, хотхон,  дүгээр байрны тоотод оршин суух, Д.Г т холбогдох,

 

Хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад учирсан хохиролд 11,117,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Д.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэрээр С.Д ажилгүй байсан хугацааны цалин 11,539,070 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул ББЭХСТӨХК нөхөн төлж барагдуулсан байна. Эрчим хүчний салбарын хяналтын газрын ахлах шинжээч санхүү, хянал шалгалтын улсын ахлах байцаагч Д.М шүүхийн шийдвэрээр олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх тухай актын дагуу 11,117,672 төгрөгийг Д.Г нөхөн төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ББЭХСТӨХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тайлбар хэлье. Би ББЭХСТӨХК-д монтёроор ажилд орж диспетчер инженер, реле хамгаалалт автоматжуулалтын инженер, ерөнхий инженер, гүйцэтгэх захирал хүртэл ажил, албан тушаалуудыг хашаад, 2022 он хүртэл ББЭХСТӨХК-д ажилласан байдаг. Миний ажил амьдралын гараа энэ газраас эхэлсэн. Тиймээс би ББЭХСТӨХК-тай нэг их маргаан үүсгээд яваад байх хүсэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлд дурдсан мөнгийг нь төлье гэж бодож байна. Нөгөөтээгүүр би өөрөө хувьдаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр С.Д 10 хоногийн хугацаатай ажил тасалсан гэж үзэн 2021 оны 11 сард ажлаас халсан. C.Д нь шүүхэд гомдол гарган, шүүхийн процесс явагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэр гараагүй байх үед миний бие ББЭХСТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлөгдсөн. Үндсэндээ маргаан дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үг. Миний дараа ББЭХСТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилд орсон н.Б нь С.Д эгүүлэн ажилд томилсон байдаг. Маргааны дундаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхээс гомдлоо буцаан авсан нь ББЭХСТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Гэхдээ миний бие ББЭХСТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ шийдвэр ББЭХСТӨХК гэдэг байгууллага, хамт олноо хүндэтгэж гаргаж байгаа шийдвэр юм. Түүнээс биш би буруу шийдвэр гаргаж С.Д халсан гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББЭХСТӨХК нь хариуцагч Д.Г холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад учирсан хохиролд 11,117,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... гэж заасан.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан тул нэхэмжлэгч ББЭХСТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г 192,832 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББЭХСТӨХК-д олгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ББЭХСТӨХК-ийн хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад учирсан хохиролд 11,117,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганхүлэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ББЭХСТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Д.Ганхүлэгээс 192,832 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББЭХСТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ