| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00571/И |
| Дугаар | 103/ШШ2025/00523 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00523
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00523 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ..... онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, Багануур дүүргийн .... дүгээр хороо, Хэрлэнгийн ..... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт хураагчаар, 1989 оноос хөрөөчнөөр томилогдон 2002 он хүртэл тасралтгүй ажилласан. Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэр хувьд шилжсэн тул ажлаас гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу мөн 1995 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нийгмийн даатгалын байцаагч миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн гэсэн алдаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэрт улсын үзлэгээр 2002 оны 08 дугаар сарын 30-нд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 10 жил 9 сар 7 хоногоор төлсөнд тооцсон тухай бичилт хийсэн байна. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 507 дугаартай Архивын ерөнхий газрын төв архивын тодорхойлолт, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай лавлагаа, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 465664 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Хэнтий аймгийн Батширээт дахь модны үйлдвэрийн даргын 1986 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэнэт халагдсан болон амралтын цалин олгох тухай тушаал хавсралтын хамт, 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон цэргийн батлах, Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаартай тодорхойлолт, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5 жилийн гавшгайч цолны үнэмлэх, Батширээт сумын Модны үйлдвэрийн 50 жилийн ойн уулзлалтын дурсамж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай лавлагаа, Батширээт сумын Модны үйлдвэр байгуулагдсаны 55 жилийн ойн ном, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. ******* нь 1965 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар тухайн үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч Д.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас халагдсан талаар бичилт хийгдсэн боловч ажилд орсон, ажлаас халагдсан тушаалууд эх хувиар холбогдох байгууллагаас гарч ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******өд үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна..
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4. ******* нь 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт хураагч, хөрөөчнөөр ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 507 дугаартай албан тоотод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Хэнтий аймгийн Батширээт дахь модны үйлдвэр байгууллагын бүх оны баримт шилжиж ирээгүй тул Дашдорж *******ой Батмөнхөд холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. / хх-ийн 3 дугаар тал/
б/.Нийслэлийн архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай албан тоотод: Тус архивт Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрийн баримт хадгалагдаагүй болно гэжээ. / хх-ийн 4 дүгээр тал/
в/.465664 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: Батширээт сумын модны үйлдвэрийн даргын 1981 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 44 тоот тушаалаар ажилд орохыг хүсч өргөдөл өгсөн тул тус үйлдэрийн доод складад мод хураагчаар ажиллуулав, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128 тоот тушаалаар Цэргийн алба хаах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123 тоот тушаалаар Ардын цэргийн алба хааж тус үйлдвэрт хуваариар ирсэн тул зүсмэл, доод складад хураагч ачигчаар ажиллуулав, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 171 дүгээр тушаалаар хөрөөчний мэргэжил эзэмшсэн тул хураагчийн ажлаас чөлөөлж доод складад хөрөөчнөөр ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5-6 дугаар тал/
г/.1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэнэт халагдсаны болон амралтын цалин бодон олгох тухай 128 дугаартай тушаалаар *******өд гэнэт халагдсаны цалин олгосон байна. /хх-ийн 12-13 дугаар тал/
д/.1983 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон Цэргийн батлахын хуулбар. /хх-ийн 14-15 дугаар тал/
е/.Хэнтий аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаартай тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн санхүүгийн, 1986-1987, 1989-1990, 1991 оноос хойшхи удирдлагын баримт тус тус шилжиж ирээгүй бөгөөд 1981-1982, 1991 онуудын удирдлагын баримтад *******өд холбогдох баримт гаргаагүй болно гэжээ./хх-ийн 16 дугаар тал/
ё/.1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 69 тогтоолоор Дашдорж *******ой Батмөнх нь VIII таван жилийн төлөвлөгөөг 3 жилийн хугацаанд биелүүлж, социалист уралдаанд гарамгай амжилт гаргасан учир VIII таван жилийн гавшгайч цол тэмдгээр шагнав гэжээ. /хх-ийн 17 дугаар тал/
ж/.Батширээт сумын Модны үйлдвэрийн 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дурсамжинд: ******* танд .... Нэгэн үед үйлдвэрийнхээ хамт олонтойгоо ажиллаж хөдөлмөрлөж явсан залуу, халуун үеээ эргэн дурсаж үйлдвэрийнхээ 50 жилийн ойн баярт оролцсонд баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсч нар шиг мандаж, сар шиг гэрэлтэж, од шиг гялалзаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж дурсамж хадгалуулав гэжээ. /хх-ийн 18 дугаар тал/
з/.Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 180 дугаартай албан тоотод: ******* Батмөнх нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно гэжээ. /хх-ийн 19 дүгээр тал/
и./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Дашдорж, нэр Батмөнх, төрсөн газар Хэнтий аймгийн Батширээт сум, төрсөн он сар өдөр 1965.01.22, регистрийн дугаар /СБ65012212/, 1980 онд Батширээт сумын аймаг дундын модны үйлдвэрийн доод складад хураагч ажилтай гэж бүртгэгджээ. /хх-ийн дүгээр тал /
й/.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ....Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1978 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл складны няраваар ажиллаж байсан. Намайг модны үйлдвэрт ажиллаж байхад Батмөнх нь Хэнтий аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт 1986 онд грушикаар ажилд орж явцын дунд дараа нь хөрөөчнөөр ажиллаж байсныг мэдэж байна. Би 1993 оны 05 дугаар сарын 01-нд ажлаас гарч шилжих болсон. Түр хугацаанд л хамт ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/
к/.Гэрч *******ын шүүхэд өгсөн: ...Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс мод бэлтгэгчээр ажиллаж байгаад 1985 онд хугацаат цэргийн албанд татагдан 1988 онд халагдсан. Цэргээс халагдаж ирээд Батширээт сумын Модны үйлдвэртээ 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мод бэлтгэгч, хөрөө рамчинаар тус тус ажиллаж байсан. нь модны үйлдвэрт анх доод складны хөрөөчин хийж байгаад дараа нь уулын хөрөөчнөөр ажиллаж байсан. Би 1995 онд ажлаас гарахад нь Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаад үлдсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар тал/
л/.Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаагаар 1995-1999 оныг дуусталх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр гарч ирсэн байна.
5.Дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг үндэслэн *******ийг Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хураагч ачигчаар, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хөрөөчнөөр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* Батмөнхийг Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хураагч ачигчаар, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хөрөөчнөөр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ