Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01092

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01092

 

 

 

 

Б.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00466 дугаар шийдвэртэй, Б.Огийн нэхэмжлэлтэй, НШГ, В ХХК-д холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.Огаас 90 303 975 төгрөг гаргуулж НШГроадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг НШГт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Б.О нь барьцаа хөрөнгө болох өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000555 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа 250 000 000 төгрөгөөр худалдах санал өгсөн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22286 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/2286 дугаартай албан мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Од үнэлгээний талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч уг мэдэгдлийг 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 10 дугаар сарын 21-ний өдөр буюу 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.Огаас 90 303 975 төгрөг гаргуулж НШГроадд ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000555 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хуульд заасны дагуу битүүмжилж хураах ажиллагааг явуулсан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг 115 718 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний талаарх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/22286 дугаар мэдэгдлийг 2019 оны 10 сарын 17-ны өдөр гардуулсан. Шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 115 718 000 төгрөгийн 70% болох 81 002 600 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоож 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж 82.202.600 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Виннер Вэй ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Огийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2-р 40 мянгатын 3-р байрны 41 тоотод байрлах 29мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн арга аргачлалын дагуу хийж, 115.0 сая төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний дүгнэлт хуульд нийцсэн, стандартын дагуу гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2., 55.7., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч НШГ, Виннэр ВэйХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000555 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3193 дугаар шүүгчийн захирамжаар Б.Огаас 90 303 975 төгрөг гаргуулж НШГроадд" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж ажиллагаа явуулсан, барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байхад шүүхээс уг байдлыг нарийвчлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс ажиллагааны явцад гаргах тогтоолд тавигдах шаардлага, 12.1.7-д тогтоолыг гүйцэтгэх хугацааг тусгахаар заасан.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18280668/09 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэж хураах ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөгчид уг тогтоолыг гүйцэтгэх боломжит хугацаа олгох ёстой байтал хугацаа олголгүй төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу хураах тогтоол үйлдсэнээс 1 хоногийн дараа шууд барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилж үнэлгээ гаргуулсан.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзсэн тул ойролцоо төрлийн байрны харьцуулсан үнэ ханшийн мэдээллийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч шүүхээс уг баримтад дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШГ болон В ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/03193 дугаар захирамжаар Б.Огаас зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулж, НШГроадд ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Б.Огийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 3 дугаар байр, 41 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ. /хх7-8/ Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

Хариуцагч НШГ нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгө битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх43-47, 51-55/ Шинжээч Виннэр вэй ХХК 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барьцааны хөрөнгийг 115 718 000 төгрөгөөр үнэлсэн байх ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт нийцсэн байна. /хх56-80, 84-85/

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний уг мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчөөгүй. /хх28, 83/

Харин хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэргийн 63-80 дугаар тал дахь Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар хослуулан тус тус гаргаж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж үзэж зах зээлийн жишиг үнийн аргаар эд хөрөнгийг үнэлсэн байна.

Шинжээч нь ийнхүү үнэлгээг тогтоохдоо тухайн объектыг www.unegui.mn болон www.remax.mn сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо буюу Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 40 мянгатад байрлах 1-4 давхарын 48 м.кв 1 өрөө, 2 өрөө орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, насжилт элэгдэл, барилгын тоноглол, талбайн хэмжээ, хүрээлэн буй орчин, засвар үйлчилгээ зэргийг тооцоолох замаар зах зээлийн үнэлгээг 115 718 000 төгрөг гэж үнэлэхдээ хууль зөрчөөгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцүүлэн үнэлжээ.

Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн тул ойролцоо төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн харьцуулсан үнэ ханшийн мэдээллийг нотлох баримтаар өгсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгийн үнийн санал, үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан дүгнэжээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолд шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр биелүүлэх хугацаа тогтоон, үнэлгээний шинжээч томилсноор уг тогтоолыг гүйцэтгэх боломжит хугацаа олгоогүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дах хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг түүнд заасан хугацаанд, хугацаа заагаагүй тохиолдолд даруй биелүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчид төлбөрийг төлж барагдуулах боломжит хугацааг тухай бүрт олгож байсан нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлүүд, тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх50, 83, 95/ Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон сууцаа худалдан борлуулах үнийн саналаа өгсөн байна. /хх56/

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Огаас зээлийн гэрээний үүрэгт 90 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад тэрээр зээлийг өөр хүн авсан, орон сууцыг худалдан борлуулахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ