Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/313

 

 

 

 

 

      2024           03            12                                         2024/ДШМ/313

 

Р.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Р.Э , түүний өмгөөлөгч А.Туул,  

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Туулын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2303005970507 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Э /РД: /, .... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Р.Э нь ... хотхоны замд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16:25 цагийн үед Sonata маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

- мөн дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт,

- мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуй жолоодож явсан жолооч Э.Б-тай мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Р.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Р.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.Э аас 1,482,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.Э нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт гэм буруутай этгээд болох шүүгдэгч Р.Э аас 1,482,000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр заасан.

1. Р.Э нь эрүүл мэндийн даатгалын санд 1,482,000 төгрөгийг төлсөн.

2. Р.Э нь одоогоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын задгай тоотод оршин сууж байгаа тул хаягийн өөрчлөлтийг хийж өгнө үү.

3. Р.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн доод хэмжээ буюу нэг жил болгож өгнө үү. Зорчих эрхийг хуульд заасан хамгийн доод хэмжээ буюу 6 сар болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд шүүгдэгч Р.Э нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа талаарх баримтаа гаргаж өгсөн тул нутаг дэвсгэрийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлаж, 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зорчих эрхийг хязгаарлах ялд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Р.Э нь ... хотхоны замд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16:25 цагийн үед Sonata маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай явсан жолооч Э.Б-тай мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 6-9/,

осол хэрэг гарсан зам орчны байдлыг харуулсан камерын бичлэг бүхий CD-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, уг бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72, 73-75/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг шалгаж тогтоосон тэмдэглэл /хх-ийн 10/,

хохирогч Э.Б-тай ийн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “... ” ББСБ-н эзэмшлийн цахилгаан дугуйг жолоодоод ... хотхоны хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр чигээрээ явж байхад миний урд нэг машин явж байсан бөгөөд эсрэг урсгалаас хар өнгийн автомашин урагшаа эргэх гээд зогсож байсан. Тэгээд миний урд явж байсан машин чигээрээ явахаар нь би эргэх гээд зогсож байсан машиныг харж байгаа юм байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, урд явж байсан машины араас нь явж байхад эргэх үйлдэл хийх гээд зогсож байсан машин урагш хөдөлж миний жолоодож явсан цахилгаан дугуйны зүүн талаас мөргөсөн, би машинд мөргөгдөөд дугуйтайгаа цааш унасан. Ослын дараа миний зүүн талын хөл их өвдөж, мэдрэлгүй болсон, толгойноос цус гарч байсан, удаагүй байхад түргэний машин ирээд намайг аваад явсан. Би 20-22 орчим км цагийн хурдтай явж байсан. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал, мөн ослын улмаас ажилдаа нэг сар яваагүй өдрийн цалин, мөн сагсан бөмбөгийн лигээс өгдөг цалингаа авч чадаагүй хохирсон тул эдгээр хохирлыг нэхэмжилнэ. Жолооч талаас дээрх хохирлыг төлж барагдуулбал гомдол санал байхгүй...” /хх-ийн 12-13/,

иргэний хариуцагч Ж.М: “...Би дээрх автомашиныг 2022 оны 11 дүгээр сард банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд 2023 онд Хас банкны нэр дээр шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Миний нэр дээр зээлийн гэрээ нь бүртгэлтэй байдаг. Ослын талаар манай нөхөр Э  надад хэлсэн. Хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг бол барагдуулна...” /хх-ийн 22/,

иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн: “...Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Э.Б-тай  нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,482,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Р.Э аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” /хх-ийн 30/,

шүүгдэгч Р.Э ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ... хотхоны 401 дүгээр байранд хүн буулгахаар ажлаа хийгээд такси үйлчилгээнд явж байсан. Би Хас Банкны нэр дээр бүртгэлтэй Sonata маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан бөгөөд Орчлон сургуулийн ойролцоо газраас хүн суулгаад явсан ингээд River Garden хотхоны хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явах чиглэлийн эгнээгээр 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд хотхон руу эргэхээр 3 замын уулзвар дээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан G500 маркийн автомашин зогсоод зам тавьж өгөхөөр нь зүүн эргэх хөдөлгөөнөө үргэлжлүүлж, удаанаар урагш явахад мөн баруунаас зүүн тийш чиглэлтэй цахилгаан дугуй жолоодож явсан хүн ирээд машины урд хэсэг, сээтгийг мөргөөд замын зүүн тал руу машины хамар дээгүүр давж унасан. ... Надтай хамт явсан эмэгтэй 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн...” /хх-ийн 86/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11305 дугаартай: “...1. Э.Б-тай ийн биед зүүн хөлийн 2,3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, дух, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1139761597 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-60/,

Р.Э нь “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 01 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан” тухай тэмдэглэгээ бүхий жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт /хх-ийн 34/,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1143 дугаартай: “...Жолооч Р.Э нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Цахилгаан дугуй жолоодож явсан жолооч Э.Б-тай  нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5.Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлтээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хх-ийн 76/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Р.Э ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, тус зүйлд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Шүүх Р.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих...” гэсэн ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон.  

Түүнчлэн, шүүгдэгч Р.Э-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна. 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Э аас 1,482,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө Р.Э нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Э ын үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирогчид учруулсан хохирол төлбөр болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлын нөхөн төлсөн, хохирогч Э.Б-тай  нь “420,000 төгрөг хүлээн авсан, сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйлгүй, миний эрүүл мэндийн байдал хэвийн байгаа” гэж мэдүүлсэн, тухайн зам тээврийн осол, хэрэг гарахад хохирогч Э.Б-тай  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.5.Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлтээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан нь нөлөөлсөн зэрэг байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээний дотор хасаж хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Туулаас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолд шүүгдэгч Р.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.    

Мөн хавтас хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Р.Э ын оршин суух хаягийн бүртгэл нь Баянгол дүүрэг байх боловч Р.Э нь одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд түр оршин сууж байгаа талаарх хороон Засаг даргын тодорхойлолтыг шинээр гарган өгч байгааг хүлээн авч, зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх нутаг дэвсгэрийн харъяалалыг өөрчлөн тогтоож байна.

Энэ нь хэргийн үйл баримтад харшлах зүйлгүй бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудтай зөрчилдөхгүй, шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Р.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, 

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Р.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,482,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

                   ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН