Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0471

 

 

 

 

 

 

 

  2025          06            19                                  128/ШШ2025/0471    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Ш*******ын А******* /РД:*******/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Маргааны төрөл: Өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын татгалзалтай маргасан хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн Г-, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 430 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагчид даалгах.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:  “Ш.А******* нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 430м.кв газрыг З.Сийн хамт төрөөс үнэ төлбөргүй хувьчлан авсан, улмаар 3.Ст ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авч энэ өдрөө Чингэлтэй дүүргийн Тамгын газарт байрлах нэг цэгийн үйлчилгээнд бүртгүүлэхээр очтол "энэ газар дээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар бусдад худалдах, шилжүүлэх, барьцаанд тавих зэрэг ажиллагаа хийхгүй байхыг хариуцагч С.Г, Ц.Д нарт даалгасан хязгаарлалттай байна, энэ шүүхээсээ яаж шийдвэрлэсэн, энэ захирамж хүчинтэй эсэхийг мэдээд ир” гэснээр уг асуудлыг мэдээд Шүүхийн төрөлжсөн архивд очиж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай захирамжтай хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхээс гарсан шийдвэр, магадлал, тогтоолын хуулбарыг авч иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дугаар захирамжийг тайлбарлуулах, хязгаарлалтыг хүчингүй болгуулахыг хүсэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5117 дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Ингээд бүртгэлийн газарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр очиход ахлах бүртгэгч нь "2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай захирамжид хэрэг шийдвэрлэх хүртэл гэж заагаагүй учир авч ирсэн шийдвэр, магадлал, тогтоолоор хязгаарлалтыг цуцлах боломжгүй, дээд шатны байгууллагад гомдол гаргаж болно" гэсэн.

Үүний дараа 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Чингэлтэй дүүргийн 1 цэгийн үйлчилгээний бүртгэгч нар бүртгэхээс татгалзсан шийдвэрт гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр тодорхой үндэслэл зааж "шүүхээс тодруулга авч хаягийн зөрүүтэй байдлаа арилгуулсны дараа бүртгэлийн нэгжид хандана уу" гэж хариу өгсөн.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв хэмжээтэй газрыг 2004 онд анх 3.С, Ш.А******* нар төрөөс үнэ төлбөргүй хувьчлан аваад, уг газраасаа нэгж талбарын дугаартай 270 м.кв газрыг нь хүү Сийн Гт А тоот хаягаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

С.Гийг 2014 онд өмчлөлийн газраа Г.Ц*******д худалдсан учир шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж шүүх иргэний хэрэг үүсгээд маргаан бүхий С.Гт шилжүүлсэн а тоот хаягт байршилтай газрыг захиран зарцуулах ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч С.Г, Ц.Д нарт даалгасан дүгээр захирамж гарахдаа тоот хаягт байршилтай нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг заасан, улсын бүртгэл ч үүнийг анхнаасаа буруу бүртгэсэн байжээ.

Гэвч 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч бүртгэлийн байгууллагад очихдоо авч очсон анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3650 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1059 дугаартай магадлал, хяналтын шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 808 дугаартай тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байгааг үндэслэн өвлөх эрхийг бүртгэх боломжтой байхад эдгээр шийдвэр, тогтоол, магадлалыг бүртгэхдээ "хязгаарлалт" хэсэгт биш "шийдвэр" хэсэгтээ буруу бүртгэснээр нэхэмжлэгч Ш.А*******гийн өвлөх эрхийг шинээр бүртгэх боломжгүй болгочихоод "шүүхээс тодруулга авч хаягийн зөрүүтэй байдлаа арилгуулсны дараа бүртгэлийн байгууллагад ханд" гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

С.Г нь тоот дээр биш а тоотод байгаа газар дээр маргаж нэхэмжлэл гаргасан, З.С нь өөрийнхөө газрыг шүүгчийн захирамжаар хязгаарласныг тухайн үед анзаараагүй байх. Нэгэнт 10 жилийн өмнө болоод өнгөрсөн маргаанд тухайн үед шүүгч хаягийн алдаатай захирамж гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт "шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байна" гэж зааснаас үзвэл энэ хэрэг маргааныг шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслээд "эрх хязгаарласан" тэмдэглэгээг хүчингүй болгох боломжтой байхад бүртгэлийн байгууллага бүртгэхгүй, ойлгохгүй байгаад гомдолтой байна.

Иймд Ш.А*******гийн өвлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлаж байгаа "Өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 430м.кв газрын өмчлөх эрхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхийг хариуцагчид даалгах" шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв .

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бүртгэлд бүртгүүлэх гээд байгаа тоот хаягтай маргаан бүхий газрыг 700 м.кв хэмжээгээр нэхэмжлэгч болон түүний нөхөр 2004 онд хувьчилж авсан. 2011 онд хүү С.Гтод 270 м.кв талбай бүхий газрыг тасалж, а тоотоор бэлэглэлийн гэрээгээр өгсөн байдаг. Өөрт 430 м.кв талбай газар тоот хаягтаа үлдсэн байдаг.

2014 онд С.Гтын эхнэр н.Д нар бэлэглэлээр авсан газрыг бусдад худалдсан тул тухайн үед З.С нь бэлэглэсэн газрыг зөвшөөрөлгүй бусдад худалдсан явдалд иргэний журмаар маргаан үүсгэж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Маргааны явцад З.Сийн хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарч, улсын бүртгэлд тэмдэглүүлсэн.

Гол асуудал нь захирамжид тухайн үеийн маргаан бүхий газрын хаягийг а тоот гэж тодорхойлох байсныг гээд дурдсан байдаг. Тэр үеийн маргалдагч талууд захирамжийн , а тоот байсан эсэхэд төдийлөн ач холбогдол өгөөгүй, анзаараагүй. Үндсэндээ тухайн үед маргаж байгаа а тоот газарт биш З.Сийн өмчлөлийн тоот газарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан гэсэн үг. 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, захирамжийн үйлчлэл дуусгавар болсон байдаг. Үүнээс хойш 11 жилийн хугацаанд тухайн тоот газар дээр З.Сийн эхнэр, хүүхдүүд амьдарч байсан. Энэ хугацаанд өвлөх эрх нээлгэх талаар ямар ч идэвхтэй үйлдэл гаргаагүй. Саяхан 2025 оны 01 сард нэхэмжлэгч Ш.А******* өөрт ноогдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээг нээлгэж авсан. Дараа нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр очиход шүүхийн “69.1-д заасан арга хэмжээ авсан” шүүгчийн захирамжтай байна гэдгийг мэдсэн. Улсын бүртгэлээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгох ёстой, үүнтэй холбоотойгоор шүүхээс тайлбар авах эсвэл хаягийн асуудлаа тодорхой болгож ир гэсэн тайлбар өгч, бүртгэхээс татгалзсан байдаг. Бүртгэгчийн татгалзсан үйлдэлд дээд шатны байгууллагад гомдол гаргасан ч гомдлыг судалж үзээгүй гэж үзэж байна. Мэдээж тухайн үед З.С нь өөрийнхөө газарт битүүмжлэх арга хэмжээ авахуулах хүсэлт гаргахгүй нь тодорхой. Бидний гомдол гаргахдаа өгсөн шийдвэр, магадлал, тогтоолыг бүртгэлийн байгууллага бүртгэлдээ авч, цахим санд оруулчихсан байна. Улсын бүртгэгчийн тайлбарлаж байгаагаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг бүртгэх ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа мэтээр бүртгэгдсэн байна. Тэгэхээр өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй болчихлоо, ханддаг газартаа ханд гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн 3.С, Ш.А******* нарын гаргасан мэдүүлэг, өргөдөл, 2004 оны 313 дугаар захирамжаар Монгол улсын газар өмчлүүлэх тухай 00******* дугаартай шийдвэр, газрын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн иргэн 3.С, Ш.А******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 0000******* тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 261 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр 270 м.кв газрыг иргэн С.Гтод шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрыг бусдад худалдах шилжүүлэх, барьцаанд тавих зэрэг ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан захирамжийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ гэж заасны дагуу тухайн шүүгчийн захирамжид дурдсан газрын хаягаар эрх түдгэлзүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 30.5-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгодог. Гэтэл иргэн Ш.А******* нь тухайн газрын хаягаар бус өөр газрын хаягаар маргасан шүүхийн шийдвэр авч ирж байгаа нь тус газрын захиран зарцуулах эрхийг сэргээх хууль эрх зүйн үндэслэл болохгүй байна.

Мөн шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн зөв, бурууг шүүх эрх бүхий этгээд улсын бүртгэгч биш тул дур мэдэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох боломжгүй юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 430 м.кв газрын З.Ст ногдох хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.

1.1. Нэхэмжлэгч Ш.А*******, нөхөр З.Сийн хамт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 313 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв газрыг өмчилснийг 2006 онд эрхийн улсын бүртгэлд Г- дугаарт бүртгүүлсэн[1].

1.2. Газар өмчлөгч З.С, Ш.А******* нар тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай 700 м.кв газраас хэсэгчлэн 269.8 м.кв газрыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр хүү С.Гтод шилжүүлснийг а тоот хаягаар нэгж талбарын дугаартайгаар, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгүүлсэн[2].

Ингэснээр З.С, Ш.А******* нарын өмчлөлд тоот хаягт байрлах газрын хэмжээ өөрчлөгдсөнөөр 430 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай болж, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй[3] хэвээр үлдсэн.

Шүүхийн үзлэгээр Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж тоот, түүний зүүн талд а тоот хаягтай газрууд тусдаа хашаалагдсан буюу тус тусын хаяг олгогдсон, тусдаа байшин сууц баригдсан болох нь тогтоогдов[4]

1.3. Хамтран өмчлөгч З.С 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нас барснаар, түүний хууль ёсны өвлөгч Ш.А******* энэ маргаанд хамаарах Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 430 м.кв  газрын  З.Ст ногдох хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж[5], эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд орох энэ өөрчлөлтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гарган улсын бүртгэлийн байгууллагад хандахад “уг газрыг захиран зарцуулах эрхийг шүүхийн захирамжаар хязгаарласан бүртгэлтэй” хэмээн бүртгэхээс татгалзсан байна.

1.4. Өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгүүлэх мэдүүлэгт дурдсан газар нь тоот 430 м.кв газар болох нь, энэ нь З.С, Ш.А******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй болох нь, уг газар, газрын өмчлөх эрхтэй холбоотой аливаа маргаан шүүхэд үүсээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Г-, Г- дугаартай хувийн хэргүүд, шүүхийн шийдвэрүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.

1.5. Харин өмнө 2024 онд З.С нь хүү С.Гт холбогдуулан “269.8 м.кв газар өмчлөх эрх шилжүүлсэн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулах”-аар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж бэлэглэлийн гэрээнд хамаарах газрын өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, ингэхдээ хаягийг Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягаар захирамждаа заасан, захирамжид эрхийн улсын бүртгэлийн дугаар, өмчлөгчийн нэр, нэгж талбарын дугаар, газрын хэмжээ зэрэг мэдээллийг тусгаагүй, улмаар тухайн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3650 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2014 оны 1059 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2014 оны 808 дугаар тогтоолоор З.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэж дуусгасан байсан.

Тодруулбал, иргэний хэргийн шүүхэд үүссэн маргаан нь З.Сээс хүү С.Гт бэлэглэлээр хэсэгчлэн шилжүүлсэн А тоот хаягтай улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 269.8 м.кв газарт хамаарч байсан нь хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд дэх зохигчдын тайлбар, шүүхийн дүгнэлт хэсэгт “... нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бэлэглэлийн гэрээгээр газраасаа хэсэгчилж 269.8 м.кв газрыг шилжүүлсэн нь А тоот хаягтай” талаар тодорхой тусгагдсан, түүнчлэн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 809, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1062 тоотоор тус тус иргэний хэргийн шүүхэд ирүүлсэн “улсын бүртгэлийн Г- дугаартай ... тоот 700 м.кв газраас 2010 оны бэлэглэлийн гэрээгээр С.Гт 269.8 м.кв хэсгийг шилжүүлсэн, үлдэх 430 м.кв газар нь З.С, Ш.А******* нарын өмчлөлд бүртгэлтэй хэвээр”,  “А тоот газар нь С.Гийн өмчлөлд улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн” гэх лавлагаагаар[6] тогтоогдож байна.

1.6. Улмаар нэхэмжлэгч Ш.А*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “А тоот хаягт байрлах 269.8 м.кв газартай холбоотой З.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хавсарган[7] мэдүүлгээ дахин гаргасан байх хэдий ч улсын бүртгэлийн байгууллага тоот хаягт байрлах 430 м.кв газрыг мөн л өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэхээс татгалзсан, энэ талаарх 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гомдлоор холбогдох бүртгэлүүдэд хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийгээд Улсын бүртгэлийн ерөнхий газар 3 дугаар сарын 20-ны өдөр тоотоор хариу өгөхдөө “ тоот хаягт байрлах 700 м.кв, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрын өмчлөгчөөр З.С, Ш.А******* нар бүртгэлтэй байсан” талаар, “2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр газрын хэмжээ, үнэд өөрчлөлт орсон” талаар, “а тоот хаягт байрлах 270 м.кв нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрын өмчлөгчөөр С.Г бүртгэгдсэн” талаар буюу тоотод байрлах газрын хэмжээ, үнэд өөрчлөлт орж, А тоот хаягаар шинээр эрхийн улсын бүртгэл үүссэнийг газрын хэмжээ, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн талаарх алдаагүй, үнэн зөв мэдээллийг дурдсан атал, “эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Г- дугаартай бүртгэлд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжаар тоот хаягт байрлах газарт тусгай тэмдэглэгээ хийгдсэн, шүүхээс тодруулга авч хаягийн зөрүүтэй байдлыг арилгуулсны дараа ханд” хэмээн бүртгэлийг зөвтгөхөөс, өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэхээс татгалзсан байна.

Хоёр. Нэхэмжлэгч “улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийг хаягийн алдаатай хөтөлсөн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчинтэй тул 2014 оны шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслээд эрх хязгаарласан тэмдэглэгээг хүчингүй болгох ёстой” гэж маргаж, хариуцагч “ тоот хаягт байрлах газарт эрх хязгаарласан тэмдэглэл хийгдсэн, өөр хаягаар маргасан шүүхийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг сэргээхгүй” хэмээн тайлбарлажээ.  

Ийнхүү улсын бүртгэлийн байгууллагын газрын өмчлөх эрхийн З.Ст ногдох хэсгийг түүний хууль ёсны өвлөгч Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан “газрыг захиран зарцуулах эрхийг шүүхийн захирамжаар хязгаарласан бүртгэлтэй” хэмээх үндэслэл тогтоогдохгүй буюу татгалзал хууль зүйн үндэслэлгүй, улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийг хаягийн алдаатай хөтөлснөөс “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг хангаж ажиллаагүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж шүүх дараах байдлаар дүгнэлээ.

2.1. Энэ маргаанд хамаарах Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамжны тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 430 м.кв  газрыг захиран зарцуулах эрхтэй холбоотой эрх зүйн аливаа маргаан үүсээгүй тул уг эрхэд хамаатуулан захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шүүхийн аливаа шийдвэр гараагүй тул бүртгэлийн байгууллага өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульд зааснаас өөр үндэслэлээр татгалзахыг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна.

2.2. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1729, 5 дугаар сарын 05-ны өдрийн 2113 тоотоор шаардсанаар Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дээрх 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 809, 5 дугаар сарын 12-ны өдрийн 1062 тоотоор иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн лавлагаагаар С.Гийн өмчлөлийн А тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, 269.8 м.кв газар уг маргаанд хамаарахыг, З.С, Ш.А******* нарын өмчлөлийн тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 430 м.кв газар уг маргаанд хамаарахгүйг улсын бүртгэлийн байгууллага мэдэж байсан атал улсын бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ захирамжийг маргаанд хамаарахгүй З.С, Ш.А******* нарын өмчлөлийн 430 м.кв газрын Г- дугаартай бүртгэлтэй хувийн хэрэгт хавсаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 “улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах”, 19 дүгээр зүйлийн 19.4.4 “улсын бүртгэгч тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч, улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх”  үүргээ зөрчиж, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг алдагдуулжээ.  

2.3. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжид маргаан бүхий газрын улсын бүртгэлийн дугаар, газрын хэмжээ, нэгж талбарын дугаарын мэдээллийг бичээгүй ч  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн уг захирамж гарахаас өмнө эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрын хэмжээнд өөрчлөлт орж эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай бүртгэл шинээр үүссэн байхад улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн хувийн хэргийн хөтлөлтөд алдаа гаргаж, захирамжид хамаарахгүй бүртгэлд тусгай тэмдэглэл хийснээр уг асуудал үүсжээ.

Тодруулбал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т зааснаар газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлд нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, хаяг, байршлын мэдээлэл зайлшгүй тусгагдах мэдээлэл, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.5-д зааснаар газрын үнэ, хэмжээ, хаяг, өмчлөгчийн нэр, нэгж талбарын дугаарын өөрчлөлт нь улсын бүртгэлд зайлшгүй оруулах өөрчлөлт бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газрын хэмжээ, нэгж талбарын дугаарт өөрчлөлт орж эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай газар өмчлөх эрх тусдаа хаяг, нэгж талбарын дугаараар тодорхой өмчлөгчийн нэр дээр шинээр үүссэн байхад улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд зайлшгүй тусгагдах дээрх мэдээллүүдийг нягтлахгүйгээр хувийн хэргийн хөтлөлтөд алдаа гаргаж, захирамжид хамаарахгүй бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, улмаар 6 дугаар зүйлийн 6.1-д заасан бүртгэл бүрийг мэдээллийн санд оруулж, нягтлан баталгаажуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй буруутай байна.

2.4. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нэхэмжлэгч Шүүхийн тусгай архиваас гаргуулан улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж дахин хандсан байхад шүүхээр шийдвэрлэгдсэн маргаанд хамаарах газар буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжид заасан газар нь өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгүүлэхээр мэдүүлэгт дурдсан газраас тусдаа болохыг, шүүгчийн захирамж хувийн хэрэгт андуурч авагдсаныг хяналтын улсын байцаагч хяналт шалгалтаар тогтоосон атал бүртгэлийг зөвтгөх ажиллагааг хийгээгүй нь бүртгэлийн байгууллагын татгалзлыг хууль бус гэж дүгнэх бас нэгэн үндэслэл боллоо. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д зааснаар “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” нь бүртгэлийн байгууллагын үүрэг, 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, бүртгэлийг зөвтгөх” нь улсын байцаагчийн үүрэг бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг хангуулаагүй орхиж, улмаар бүртгэл хийхээс татгалзах үндэслэлээ болгосон нь буруу байна. 

2.5. Түүнчлэн хувийн хэрэгт андуурч авагдсан ч “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамж тухайн иргэний хэрэг шийдвэрлэгдсэнээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болох тул энэ хууль зүйн үр дагаварт улсын бүртгэлийн байгууллага дүгнэлт хийгээгүй нь буруу.

2.6. “Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр “захиран зарцуулах эрхийг хязгаарласан” үр дагавар үүсгэхгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллага мөн үүнд дүгнэлт хийж бүртгэлийн хувийн хэрэг дэх алдааг залруулаагүйн дээр өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэхээс дахин татгалзах үндэслэлээ болгосон нь буруу болжээ.

Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийг зөвтгөх үүргээ ийнхүү хэрэгжүүлээгүйгээс эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 430 м.кв талбай газрын өмчлөх эрхийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан үйлдэл зөвтгөгдөх аливаа үндэслэлгүй буюу хууль бус, хууль ёсны өмчлөх эрхээ бүртгүүлэх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр бүртгэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 430 м.кв газрыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг баримтлан өвлөх эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамж, тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 430 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаартай, нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Ш.А*******гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 34-37 дугаар хуудас

[2] Хэргийн 138-145  дугаар хуудас

[3] Хэргийн 41-42 дугаар хуудас

[4] Хэргийн 221-227 дугаар хуудас

[5] Хэргийн 85-94 дүгээр хуудас

[6] Хэргийн 106-111, 118-120 дугаар хуудас

[7] Хэргийн 14-27 дугаар хуудас