Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

 

 

 

 

   

  

 

 

      2024            01           08                                       2024/ДШМ/02

 

 

 

И.Б, Ж.Б, С.Э,

Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Ганцэцэг,

Шүүгдэгч: И.Б ,

Шүүгдэгч: Н.С ,

Шүүгдэгч Н.С ын өмгөөлөгч: Б.Б

Шүүгдэгч: Ж.Б /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: С.Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч И.Б гийн өмгөөлөгч: О.Үүрцайх /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Ж.Б өмгөөлөгч: Б.Мянган /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч С.Э өмгөөлөгч: Ж.Баяржавхлан /зайнаас цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б  /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Э.Болормаа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Ганцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн, шүүгдэгч И.Б, Ж.Б, С.Э,Н.С нарт холбогдох *дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1. Ё овогт И. Б, * оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.2. Х овогт Ж. Б, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.3. Т овогт С. Э, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

1.4. Ч овогт Н. Ё, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1 Шүүгдэгч И.Б  Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах ...", 7.1.6-д "албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг зөрчиж "Алтан ундарга шанд чөлөөт бүс" ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн байршлыг өөрчилсөн, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд "Алтайн Ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С аас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутад нярав Я.Х Хаан банкны 5028483503 дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, бусадтай бүлэглэж, 2016 оноос 2019 онд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх", 5.13-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 5.1.4-д “ил тод байдлыг хангасан байх", 5.1.5-д "хариуцлагатай байх", 41 дүгээр зүйлийн 41.2.1-д "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх", 41.2.2-д "батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", 41.2.3-д “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах", 41.2.4-д "төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах" 41.2.5-д “энэ хуулийн 37.1.8-д заасан эрхийн хүрээнд төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх", 44 дүгээр зүйлийн 44.1-д төсвийн "Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно", 44.1.2-д "туслах үйл ажиллагаанаас алдагдал учирвал түүнийг нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх", 44.1.3-д "санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны зохих ёсоор тусгасан байх", Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба дараах орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ" 19.1.4-д "бусад аж ахуйн ажил, үйлчилгээний орлого” гэж тогтоосон хэм хэмжээг зөрчиж тус Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х хууль бус үүрэг чиглэл өгч 2016 оноос 2019 онд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төсвийн 108,267,515,07 төгрөг буюу их хэмжээний хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2.2. Шүүгдэгч Ж.Б , С.Э нар бусадтай бүлэглэж, Замын-Үүд чөлөөт бүсийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн даргаар 2016 оноос 2019 онд ажиллах хугацаандаа Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д "төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх", 5.13-д "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 5.1.4-д "ил тод байдлыг хангасан байх", 5.1.5-д "хариуцлагатай байх", 41 дүгээр зүйлийн 41.2.1-д "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх", 41.2.2-д "батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах", 41.2.3-д "төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах", 41.2.4-д "төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах" 41.2.5-д "энэ хуулийн 37.1.8-д заасан эрхийн хүрээнд төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх”, 44 дүгээр зүйлийн 44.1-д төсвийн “Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно", 44.1.2-д "туслах үйл ажиллагаанаас алдагдал учирвал түүнийг нөхөх төсвийн бус эх үүсвэрийг төлөвлөсөн байх”, 44.1.3-д “санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны зохих ёсоор тусгасан байх", Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба дараах орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ" 19.1.4-д "бусад аж ахуйн ажил, үйлчилгээний орлого” гэж тогтоосон хэм хэмжээг зөрчиж тус Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х хууль бус үүрэг чиглэл өгч 2016 оноос 2019 онд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төсөвт төвлөрүүлэх ёстой 108,267,515,07 төгрөг буюу их хэмжээний хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2.3. Шүүгдэгч Н.С өөртөө давуу байдал бий болгох зорилгоор "Алтан Ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн 0.4 га газрын талбайг чөлөөт бүсийн 3 дугаар хэсгийн гол зам дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар байршил өөрчлөх тухай Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/41 дугаар захирамж гаргуулсны хариуд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 50 минутад Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Б д Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нярав Я.Х Хаан банкны 5028483503 дугаарын дансаар 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс шүүгдэгч И.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ж.Б , С.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.С д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Санги овогт Ичинхорлоогийн Батнасан,

мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Х овогт Ж. Б, Т овогт С. Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч И.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч С овогт И. Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Ч овогт Н. С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И. Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсныг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч И.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С  2,700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч С.Э , Ж.Б , И.Б , Н.С нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б , С. Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч И.Б , Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

5. Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

5.1. “Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ нь И.Б, Ж.Б, С.Э,Н.С нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч И.Б , Ж.Б , С.Э нар Замын-Үүд сумын чөлөөт бүсийн ажлын албанд тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Ингэхдээ төсвийн хөрөнгөөс бий болсон ажил үйлчилгээний орлого 103,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. Нийтийн албан тушаалтан төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн гэмт хэрэг байгаа.

5.2. Шүүгдэгч Б нь 2017 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б нь Замын-Үүд сумын чөлөөт бүсийн ажлын албаны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаал байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд нийтийн албан тушаалтан гэж дүгнээгүй учраас үүнийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Тухайлбал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж хясан боогдуулсан гэсэн шинж орж ирсэн. Үүнтэй хольж шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн.

5.3. Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан. Мөн хахууль өгсөн гэдэг нь шүүгдэгч Батнасан, Саруул нарт шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй,  ял хөнгөдсөн. Иймд шүүгдэгч нарт зүйчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах хэргийн зүйчлэлийг өөрчлөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт яллах дүгнэлтийн бичиг техникийн алдаагаа засах, зарцуулалтын дүгнэлтийг гаргах, хэргийн зүйчлэлийн асуудлыг шийдвэрлүүлэх үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

6. Шүүгдэгч И.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна, төсвийн шууд захирагч, төвлөрүүлэн захирагч гэж яллах нь үндэслэлгүй. Э, Б нар төсвийн төвлөрүүлэн захирагч биш. Би йл ажиллагаа явуулсан, би нийгэмд аюултай хор уршиг яаж учруулснаа мэдэхгүй байна. Би өдөрт 3, 4 мянган иргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг хийсэн, та бүхнийг зөв шударгаар нь шийдэж өгөх байх гэж бодож байна.” гэв.

7. Шүүгдэгч И.Б гийн өмгөөлөгч О.Үүрцайх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн хувьд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар прокурорын шатнаас эхлэн анхан шатны шүүхийн шатанд зүйчилж ирсэн зүйл анги гэм бурууд тохирохгүй байх учраас хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргасан. Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбогдуулаад шүүхийн шийдвэр гарсны дараагаар яллах дүгнэлт дээр байгаа алдаа бусад зүйлүүдийг залруулах замаар дахин хэргийг шийдвэрлэх боломжтой гэдэг санал шүүгдэгч нарын хувьд  эрх зүйн байдлыг дордуулсан болно. Яллах дүгнэлтийн хүрээнд, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх, ингэж шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг шийдвэрлэгдэх ёстой учраас эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б дарга дэлгэрэнгүй ярьсан, бид нар төрийн ажлыг тасралтгүй явуулъя гэж бодсоноос хувийн шунахай сэдлээр Батнасан, Баатарсүрэн, Эрдэнэбаатар нар завшсан үйлдэл байхгүй, шүүх үнэнийг нотолдог юм байна гэж анхан шатны шүүх дээр биеэрээ мэдэрсэн, өөр тайлбаргүй.” гэв.

9. Шүүгдэгч Ж.Б өмгөөлөгч Б.Мянган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хууль зүйн хувьд субъектийн талаар тодорхой ярьсаар байхад эсэргүүцэл бичсэнд гайхаж байна. Төсвийн тухай хуульд төсвийн төвлөрүүлэн захирагчийг тодорхой зааж өгсөн, дараагийн асуудал прокурор хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаая гэсэн саналыг илэрхийлж байна. Хэргээ прокурорт буцааж аваад яллах дүгнэлтийн процессын алдааг засаад дахин хэлэлцүүлэх талаар ойлгомжгүй зүйл ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөрчөөд байгаа юм уу, эсэргүүцлийн утга агуулга ойлгомжгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

10. Шүүгдэгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг төсвийн шууд захирагч гэж яваад байгаа, миний ерөнхий нягтлан бодогчийн тушаал 2019 оны 05 сард гарсан байдаг. Намайг 2016-2019 онд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гээд шууд захирагч гээд байгаа юм. Ерөнхий нягтлан бодогчийг дуудаагүй, мэдүүлэг аваагүй, намайг төсвийн захирагч гэж үзсэнд гомдолтой байна,  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү,  шүүх хууль ёсны зөв шийдсэн гэж үзэж байна.” гэв.

11. Шүүгдэгч С.Э өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны буюу үндэслэл бүхий дүгнэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокуророос Батнасан, Баатарсүрэн, Эрдэнэбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэдэг үндэслэл гаргаж ирж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байдаг. Энэ үүднээс хэргийг шийдвэрлээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэргийг шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлтэй учраас прокурорын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.

12. Шүүгдэгч Н.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хурлын үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдэж өгнө үү.” гэв.

13. Шүүгдэгч Н.С , өмгөөлөгч Б.Б  нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чөлөөт бүсийн тухай хуулийн 5 дугаар зүйлд чөлөөт бүс байгуулах тухай байгаа. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, байгууллага итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин, нөхцөл бий болгох гэж байгаа. Төр энэ үүргээ биелүүлээгүйгээс болж энэ асуудал үүссэн. Аж ахуй нэгжүүдэд газар олгочхоод Газрын тухай хууль болон Чөлөөт бүсийн тухай хуульд заасан газруудад ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тухайн газар дээр үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй байсан, ялыг хөнгөрүүлж байгаад бид нарт хэлэх зүйл байхгүй. Хандивыг хууль зүйн талаас нь бүрэн ойлгож ялгаж салгах ёстой. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан холбогдох зохицуулалтын хүрээнд энэ мөнгийг аваад дансаар авсан бол манай үйлчлүүлэгч ял сонсоод сууж байх байсан гэж боддог юм. Саруулыг Авлигатай тэмцэх газраас 2020 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар үндсэндээ 4 жилийн хугацаанд шалгаж байгаа. Энэ хугацаанд прокурор юу хийж байсан юм. 4 жилийн хугацаанд шалгаж чадаагүй байж одоо хугацаа яриад байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн Батнасан, Саруул нарт холбогдох шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Дээрээс нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж прокурор маргаж байгаа. Энэ дээр прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч субъект байх ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлахгүйгээр 22.8 дугаар зүйлээр төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч болон төлөөлөн захирагч гэж энэ 3 хүнийг үзэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Батнасанд холбогдох гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжтэй. Гэхдээ холбогдох баримтууд нь тогтоогддоггүй прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүйгээс ийм үр дүнд хүрч байна гэж харж байна. Тэгэхээр 103,000,000 төгрөгийн баримтыг бүрдүүлээд энэ хүмүүст холбогдох баримтыг цуглуулах үүрэг нь прокурорт байсан. Хандивын асуудал дээр би өөрөө төрийг төлөөлж байгаа учраас энэ дээр тайлбар өгье. Төсвийн тухай хуульд тодорхой хэмжээний хандив тусламж авахыг заасан байдаг. Үүнд зөвхөн эмнэлэг, боловсролын байгууллага, соёлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлдэг байгууллага гэсэн 4 байгууллага хандив тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Энэ чөлөөт бүсийн байгууллага нь хандив тусламж авах эрхгүй. Мөн яагаад хандив тусламж биш гэж үзээд байна вэ гэхээр хандив гэх нэрийн доор Алтайн ундарга шанд гэдэг компаниас 5,000,000 төгрөг авсан, энэ бол хандив тусламж биш. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар хэсэгт зааснаар бүлэглэн үйлдэх гэдгээр журамлаж зүйчилсэн юм уу гэсэн үгүй байна. Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлээр зүйчилж байгаа нь өөрөө буруу байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.     

2. Хуулийн энэхүү шаардлага болон  хавтас хэрэгт цугларсан, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч И.Б , Ж.Б , С.Э нарын холбогдсон хэргийн бүх ажиллагааг хянахад прокурор Б.Сод-Эрдэнээс яллах дүгнэлт /6хх 40-51/-д шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэд тусгаагүй байх ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл прокуророос яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарыг яллаж байгаа гэмт хэргийн субъект буюу төсөв захирагч эсэх  тэдгээрийг төрийн өмч, төсвийн  хөрөнгийг зориулалтын бусаар хэрхэн яаж зарцуулж, хэдий хэмжээний хохирол учруулсан талаар тусгалгүй, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд зааснаар “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн субъект нь төсөв захирагч. Төсөв захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг ойлгох бөгөөд  “Төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг хэлэх бөгөөд төсөв захирагч нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хохирол учирснаар энэ гэмт хэрэг төгсөнө.   

3. Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй учир шүүгдэгч И.Б, Ж.Б, С.Э,Н.С нарт нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг анхаарч, дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба  эхний “Бодит бүртгэл аудит” ХХК-ийн дүгнэлт/2хх 156/-д эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагааны улмаас 135,230,566.39 төгрөгийн бодит хохирол учирсан гэж,  харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /4хх 119-123/-ээр Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь 2016-2019 онд байгууллагын бүртгэлд тусгаагүй нийт 108,267,515.07 төгрөгийн орлого олсон байна гэж тус тус дүгнэсэн бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад энэ талаарх үндэслэлийг тогтоолд зааж, дүгнэлт хийгээгүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба шинжээчийн дүгнэлтэд эдгээр нөхцөл байдлын талаар огт тусгагдаагүй буюу шүүгдэгч нарыг бүлэглэн 108,267,515.07 төгрөг буюу их хэмжээний хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнээгүй, харин шинжээчээс Захирагчийн ажлын албыг 108,267,515.07 төгрөгийг “орлого”олсон” гэж тодорхойлсон төдийгүй аж ахуйн нэгжүүдээс өгсөн “хандив”-ыг энэ мөнгөн дүнд оруулан тооцжээ. 

Хэргийг мөрдөн шалгах явцад шүүгдэгч нарын зүгээс энэхүү орлогыг зориулалтын бусаар зарцуулаагүй гэж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байх ба тэдгээр баримтууд шүүгдэгч нарын гэм буруутай гэж үзсэн үйлдэл эс үйлдэхүй болон хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай нотлох баримт эсэх талаар мөрдөгч, прокуророос анхааралгүй, баримтуудыг хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “...байгууллагын нярвын дансанд гүйлгээний утгыг тээврийн орлого, тодорхойгүй орлого, түрээсийн төлбөр, архи, хандив, Харбины зардал, кассын орлого”  гэж тусгагдсан мөнгөн дүн нь Замын-Үүд Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны буюу байгууллагын төсвийн хөрөнгөд хамаарах эсэх эсхүл төсвийн байгууллагын зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны орлого эсэхийг шалгаж, эргэлзээгүй тогтоох нь шүүхээс хэргийн бодит байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой буюу нотлох баримтын эргэлзээтэй байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон гэх үйлдэл, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг үндэслэлтэй, үнэн зөв, бодитой тогтоосны эцэст шүүхээс гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах” хойшлуулсан хугацаанд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээр дурдсан ажиллагааг хийхийг прокурорт даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/96  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨНГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА