Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0487

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч  С.Энх-Эрдэнэ, шүүгдэгч О.Г  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт Боржигон овогт О Г холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706031500248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О Г,  19  оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Таван толгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод   оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УА

       

Холбогдсон хэргийн талаар:

         О.Г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо Т тоот хашааны гадна хохирогч Л.Б онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  О.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл алга байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.   

     Шүүгдэгч О.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шөнө цагийг нь сайн санахгүй байна 20.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотоос хотын төвд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан өөрийн ээж  эргэх санаатай гэрээс гараад хашааны хаалгаа түгжээд зогсож байтал манай гудамжинд байдаг зүс таних Б согтуу ирээд муу банди чи надад нэг шил архи авч өг гээд заамдаж аваад намайг мөргөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би уурандаа шууд зөрүүлээд баруун гараараа Б нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Дараа нь цээж хэсэг рүү нь бас баруун зүүн гараараа цохисон чинь Б газар унахаар нь босгож ирээд гэрлүүгээ авч орсон. Тэгээд хувцас хунарых нь шороог цэвэрлээд гэрээсээ гаргасан гэжээ. /хх-ийн 16/                

          Хохирогч Л.Б мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16.00 цагийн орчимд би гэртээ ганцаараа байж байгаад гараад Гачууртын автобусны эцсийн буудал дээр байдаг дэлгүүрлүү орсон. Дэлгүүр явах замд Г гэдэг /хальсан гэдэг хочтой/  орчим настай зүс таних залуу өөрийнхөө гэрийн хаалгаар гарч ирж байгаатай таарсан. Бид хоёр мэндлээд зөрөөд явах гэтэл Г архины мөнгө байна уу гэсэн би тэгэхээр нь 1000 төгрөг л байна гэж хэлээд явж байтал араас дал мөр лүү цохих янзтай түлхтэл би урагшаагаа 2 гараараа газар тулаад унасан.  Би газар уначихаад чи яаж байгаа юм бэ гээд газарт унасан нүдний шилээ тэмтрээд хайсан. Би шилгүй бол юм хардаггүй юм. Би шилээ тэмтрээд хайгаад олохгүй байж байтал Г миний шилэн хүзүү хэсгээс татаж чирээд хашааныхаа үүдэнд авч ирсэн. Тэгээд миний цээжин хэсэг рүү өшиглөсөн. Дахиад өшиглөх гэхээр нь би хаасан гэтэл намайг алнаа гээд хашаа руугаа чирч оруулсан. Тэр үед би амьсаглаж чадахгүй байсан. Би тэр үед ах нь үхэх гээд байна амьсгалж чадахгүй байна гэхэд чамайг алчихсан ч яадаг юм хутгалж ч чадна шүү гээд байсан. Гэхдээ хутга гаргаж ирээгүй. Тэднийд хүн байгаагүй.  Намайг гэрт нь байхад мөр лүү 3-4 удаа цохисон. Тэгээд би ах нь ингээд харьчихья ямар ч асуудал байхгүй гэхэд надад усны савтай сүү өгсөн. Тэгээд би гэртээ иртэл ээж намайг яасан их уддаг юм бэ санаа зовоод гэсэн. Тэгэхээрнь би Г гэдэг хүнд зодуулаад гэж хэлсэн. Удалгүй би амьсаглаж чадахгүй болсон. Тэгээд түргэн дуудсан. Түргэн яасан юм бэ гэхээр нь би хүнд зодуулсан гэж хэлсэн. Гэтэл бид нар очлоо цагдаад мэдэгд гэсэн. Тухайн үед Г халамцуу байсан. Би өндөр настай ээжийгээ асардаг юм. Одоо өөрийн ахыг ажлаас нь гаргаад харуулж байгаа гэжээ. /хх-н 9-14/   

          О.Г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед авсан мэдүүлэг:Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б бид хоёр маргалдаад би цохисон нь үнэн. Би Б цохиж авсаныхаа дараа гэртээ оруулаад хувцас хунарыг нь цэвэрлээд гэрлүү нь явуулсан гэжээ.  / хх-н 15-17 /        

          Гэрч Л.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байхад манай ээж Л над руу залгаад Б хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ээжийн гэрт ирсэн. Миний төрсөн дүү болох Б нүүр ам нь хавдсан хөдөлж чадахгүй байж байсан. Тэгээд тэр хоёр сая түргэн ирж үзээд хавирга нь хугарсан байна дотуур гэмтэлтэй  байна гэж хэллээ гэхээр нь би Гачууртын цагдаагийн хэсэг дээр очиж бүртгүүлсэн. Баатарсайхан 2 хоног гэртээ босож чадахгүй хэвтсэн гэжээ./ хх-н 18-19/

          Гэрч О.У  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх эхээсээ 8-уулаа юм. Г ах бол манай том ах юм. Зан байдлын хувьд даруу төлөв, хүнд тусархаг хүн байгаа юм. Манай ах Таван толгойд том тэрэг барьдаг юм. Сар ажиллаад 14 хоног амардаг юм. Зодооны талаар би мэдэхгүй гэжээ./ хх-н 20-21/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 24-25/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  13222  тоот шинжилгээ  Дүгнэлтэд:

            1.Л.Б биед цээжний зүүн талд 6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний гадна булан, баруун хацар, тохойд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ.  /хх-ийн 26/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 27-28/

          Шинжээч эмч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Иргэн Л.Б биед учирсан цээжний зүүн талд 6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний гадна булан, баруун хацарт учирсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл учирсан иргэн 6-10 хавирга хугарсан болон явах хөдөлгөөн хийхэд нөлөөлөхгүй уг гэмтлүүд шинэ гэмтэл байсан  гэжээ. / 29/

          Хохирогч Л.Б  гаргаж өгсөн хохирлын баримт 198.650  төгрөг /хх-н 31/, О.Г 195.000 төгрөг хохирогч Л.Б хүлээлгэн өгсөн баримт /хх-н 32/, Л.Б хувийн баримтууд /хх-н 33-39/

           О.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 46/

           О.Г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-45/

    О.Г   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/,зэрэг болно.          

          О.Г 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 01-04 тоот хашааны гадна хохирогч Л.Б тааралдаад муу банди чи надад нэг шил архи авч өг гэж хэлсэн  асуудлаас болж маргалдан түүнийг түлхэж унаган газар унасан хойно нь цээж рүү нь өшиглөсөнөөс

эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Л.Б биед цээжний зүүн талд 6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний гадна булан, баруун хацар, тохойд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн  13222  тоот дүгнэлт. / хх-ийн 26/

          Хохирогч Л.Б мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … Ганаа архины мөнгө байна уу гэсэн би тэгэхээр нь 1000 төгрөг л байна гэж хэлээд явж байтал араас дал мөр лүү цохих янзтай түлхтэл би урагшаагаа 2 гараараа газар тулаад унасан.  Би газар уначихаад чи яаж байгаа юм бэ гээд газарт унасан нүдний шилээ тэмтрээд хайсан. Би шилгүй бол юм хардаггүй юм. Би шилээ тэмтрээд хайгаад олохгүй байж байтал Ганаа миний шилэн хүзүү хэсгээс татаж чирээд хашааныхаа үүдэнд авч ирсэн. Тэгээд миний цээжин хэсэг рүү өшиглөсөн. Дахиад өшиглөх гэхээр нь би хаасан гэтэл намайг алнаа гээд хашаа руугаа чирч оруулсан. Тэр үед би амьсаглаж чадахгүй байсан. Би тэр үед ах нь үхэх гээд байна амьсгалж чадахгүй байна гэхэд чамайг алчихсан ч яадаг юм хутгалж ч чадна шүү гээд байсан. Гэхдээ хутга гаргаж ирээгүй. Тэднийд хүн байгаагүй.  Намайг гэрт нь байхад мөр лүү 3-4 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 9-14/   

          Гэрч Л.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … манай ээж Л над руу залгаад Б хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ээжийн гэрт ирсэн. Миний төрсөн дүү болох Баатарсайханы нүүр ам нь хавдсан хөдөлж чадахгүй байж байсан. Тэгээд тэр хоёр сая түргэн ирж үзээд хавирга нь хугарсан байна дотуур гэмтэлтэй  байна гэж хэллээ гэхээр нь би Гачууртын цагдаагийн хэсэг дээр очиж бүртгүүлсэн. Баатарсайхан 2 хоног гэртээ босож чадахгүй хэвтсэн гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/

     Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн… Б согтуу ирээд муу банди чи надад нэг шил архи авч өг гээд заамдаж аваад намайг мөргөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би уурандаа шууд зөрүүлээд баруун гараараа Баатарсайханы нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Дараа нь цээж хэсэг рүү нь бас баруун зүүн гараараа цохисон чинь Б газар унахаар нь босгож ирээд гэрлүүгээ авч орсон. Тэгээд хувцас хунарых нь шороог цэвэрлээд гэрээсээ гаргасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/    зэрэг болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

   О.Г Л.Б өөрөөс нь архины мөнгө нэхлээ гэсэн шалтгаанаар зодож олон тооны хавирга хугалан цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний гадна булан, баруун хацар, тохойд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба О.Г холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна. Иймд О.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол  санаатай учруулсан  гэмт хэргийг  онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.     

            Хохирогч Л.Б эмчилгээний зардалд нийт 600.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч О.Г 195.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл мөнгийг төлөхөө илэрхийлсэн байна.   

          О.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт О Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол  санаатай учруулсан  гэмт хэргийг  онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар  О.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Г оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  О.Г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 7.Хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Г  авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН