Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 124/2017/0001/З |
Дугаар | 221/МА2018/0076 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0076
2018 оны 01 сарын 25 өдөр Дугаар 221/МА2018/0076
Улаанбаатар хот
Л.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.Г-ийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд томилохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-т олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц давж заалдах гомдолдоо: “ ... Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс тус тус татан буугдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсанаар “Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн”-ий ажлын байр газрын бүтцээс хасагдаж, Өрхийн мэдээллийн сангийн судалгааны сангийн мэргэжилтэн гэх шинэ ажлын байр бий болсон.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан загвар, зааврыг үндэслэн шинээр боловсруулсан ажлын байрны тодорхойлолтоор Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэг нь өмнөх Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн”-ий ажлын байрны чиг үүргээс агуулга, зорилгоороо ялгаатай байдлаар тодорхойлогдсон тул тухайн ажлын байранд тавигдах мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага нь бүхэлдээ өөрчлөгдсөн болно.
Иймд бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан, цөөрсөн, чиг үүрэг нь нэгдсэн ажилтнуудаас тухайн ажлын байрны шаардлагыг мэргэжил, туршлага, чадварын хувьд хэн илүү хангаж байгааг нь томилох зарчим баримталж /Төрийн албаны тухай хуулийн 27.2.3/ төрийн албанд 13 жил ажилласан зохих дадлага туршлага, хуримталсан, судлаач мэргэжилтэй Ц.Б-г томилж, Л.Г-т ажилгүйдлийн тэтгэмж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг тус тус олгосон байтал шүүх ... тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг хэрэглэсэн нь тодорхойгүй байна.
... Нэхэмжлэгч Л.Г- нь өмнө нь нийгмийн халамжийн хэлтэст Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд байгаа Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байранд томилохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал ... нэхэмжлэгчийг чухам ямар ажлын байранд томилох нь тодорхой бус, ... нэршил өөрчлөгдсөний улмаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзсэн хэрнээ “тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь чухам ямар албан тушаалыг ойлгох нь тодорхой бус, үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Л.Г- нь Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх нотлох баримтыг цуглуулж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүй.
... Л.Г- нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй болохыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс нотолсон боловч шүүхээс уг албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Л.Г-ээс “Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар тогтоож, тусдаа үйл ажиллагаа явуулж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулсантай холбогдуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог батлахдаа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн 1 байхаар тогтоожээ.
Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэнд нэхэмжлэгч багтжээ.
Гэтэл хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн агуулгыг тусгаагүй боловч түүнийг төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчтай адилтган 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн, улмаар цаашид ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй нь бодит байдалд тухайн захиргааны актаар Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдаж төрийн албан хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд албан хаагч нараас шалгаруулж авах эрхийг эрх бүхий албан тушаалтанд олгосон, өөрөөр хэлбэл, аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж нийт албан хаагчдын орон тоог бууруулсан энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан орон тоондоо тохируулж төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж авах эрх хэмжээтэй байна.
Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжүүдийг маргаан бүхий захиргааны акт агуулаагүй, тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
Тиймээс анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулсан, хууль бус захиргааны акт гэж үзсэн нь буруу байна. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тухайн захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг шалгаж, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоох бус хүчингүй болгох боломжтой.
Төрийн байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 /Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно/, 26 дугаар зүйлийн 26.2 /Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ/-т заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн тухайд сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрийн үндэслэлийг судлах үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч урд нь Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байранд ажиллаж байхдаа аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний дэлгэрэнгүй судалгааг гаргаж, нөхцөл байдлын үнэлгээ хийх, нэгтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт хөдөлгөөн хийх, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдах орон нутгийн иргэдэд мэргэжлийн түвшинд эрхэлсэн ажилтай холбоотой төрийн бодлого шийдвэрийг сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх, тайлагнах ажил үүргийг гүйцэтгэж байсан бол шинээр өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны зорилго нь өрхийн мэдээллийн сангийн баазад суурилсан мэдээллүүдийг цуглуулах, ангилах, шинжилгээ судалгаа хийх, үнэлэх, дүгнэлт гаргаж, үр дүнг тооцох, цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүдэд зуучлан хэрэгжүүлж, үр нөлөөг тооцож ажиллах үүргийг буюу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй адил чиг үүргийг гүйцэтгэхээр байна.
Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний үндсэн зорилт мэдээллийн сан бүрдүүлэх, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа шаардлагатай этгээдийг хуулийн хүрээнд хамруулах, түүнд хамрагдах этгээдэд үйлчилгээг цаг хугацаанд нь чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэхтэй холбоотой үйл ажиллагаа байх бөгөөд өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний үндсэн чиг үүрэг нь хүнсний эрхийн бичгийн олголт, түүний хяналттай холбоотой үйл ажиллагаа байгаас үзвэл өмнөх ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг, хийх үйл ажиллагааны агуулга хэвээр үлдсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Харин гуравдагч этгээд Ц.Б-гийн ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн албаны даргын албан тушаалын орон тоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар хасагдсан бөгөөд түүний гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг нь дээр дурдсан маргаан бүхий албан тушаалын чиг үүрэгт тохирохгүй байна.
Иймд энэ талаар “Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэг өмнөх Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны чиг үүргээс агуулга, зоригоороо ялгаатай” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж шийдвэрлэх ёстой.
Гэтэл хариуцагч албан тушаалтан урд нь албаны даргаар ажиллаж байсан, орон тоо нь хасагдсан албан хаагчийг албан тушаал бууруулж, зөвхөн ажлын туршлагыг нь харгалзан томилж, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлж, тэтгэлэг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг тогтооно/-д нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байна.
Иймд энэ талаар “өмнөх Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг, агуулга, зорилгоороо ялгаатай байдлаар тодорхойлогдсон тул тухайн ажлын байранд тавигдах мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага бүхэлдээ өөрчлөгдсөн” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Мөн шүүх нэгэнт дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийг Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч албан тушаалтанд даалгасан нь зөв тул энэ талаар “нэхэмжлэгчийг томилох ямар албан тушаал нь тодорхой бус“ гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Л.Г 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоноос үзвэл түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч болон Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн баримт байхгүй гэх албан бичиг, тайлбарт үндэслэн урьд нэгэнт төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар “Л.Г- төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “47 дугаар зүйлийн 47.1.6” гэснийг хасч, “илт хууль бус болохыг тогтоож” гэснийг “хүчингүй болгож”, “томилохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад” даалгасугай” гэснийг “томилсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР