Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01302

 

“Хэмжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05214 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1526 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Батмөнхөд холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 1 620 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн хохиролд 1 864 640 төгрөг болон хөргөгч, шарах тогоог тус тус гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэмжил” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр П.Батмөнхтэй ажлын байр түрээслэх 242 дугаартай гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг нэг сарын 800 000 төгрөгөөр тохирсон ба П.Батмөнх нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээгээ цуцалж, түрээсийн байрнаас гарсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс үлдэгдэл 280 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөр 800 000 төгрөг, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 800 000 төгрөг, нийт 1 880 000 төгрөгийн төлбөр төлөөгүй. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн барьцаанд авсан 800 000 төгрөгийг төлөгдөөгүй төлбөрөөс хассан. Түрээсийн гэрээнд зааснаар түрээслэгч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Алдангийг хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож, 540 000 төгрөг болж байгаа, нийт 1 620 000 төгрөгийг хариуцагч П.Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 9, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөрийг төлөхийг үгүйсгэхгүй. Бид төлөх ёстой, гэхдээ хохиролгүйгээр төлөх ёстой. Нэхэмжлэгч тал байнга биднийг хохироодог байсан. Энэ үйл ажиллагаа тусгай шалтгаантай байсан. Шалтгааныхаа дагуу бид мөнгөө төлөөгүй гарсан. Уг шалтгаанаа шүүхэд тодорхойлох цаг нь ирсэн. Энэ мөчийг ирнэ гэдгийг мэдэж байсан. Бид хохиролтой учир сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 800 000 төгрөг барьцаа болгож өгсөн. Энэ мөнгө эзэндээ байсан бол 8 сарын хугацаанд өсөж нэмэгдэх байсан.11 дүгээр сард 4 хоногийн мөнгө илүү бичсэн. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарлаа гэж хэлсэн. Хэлсэн өдрөөс тооцох ёстой. Их цэвэрлэгээ хийгээгүй бол 3-нд гарах байсан. Ашиг сонирхлын үүднээс илүү бичсэн түрээсийн гэрээг 2015 оны 09 сард хийсэн.Тос задлагч давс өгнө гээд мөнгө авсан, давсаа өгөөгүй. Давсаа өгөөд слесарь ажиллуулсан бол асуудал гарахгүй, бид хохирохгүй байсан.Гэрээнд шаардлага гарвал түрээслэгч нарт урьдчилан бичгээр мэдэгдэнэ гэж 1 дүгээр хэсэгт заасан байна. Бидэнд наадмаар амрах талаар мэдэгдээгүй. Наадмаар 3 хоног ба энэ 3 хоногийн мөнгийг аваагүй гэсэн байна. 7 сарын 10-ны орой хаагаад бид 07 сарын 17-нд ажилдаа орсон.00 болон усны хоолой бөглөрөөгүй гэж байна. Тухайн үед тос задалдаг давс өгнө гэж 18 000 төгрөг авсан, давсаа өгөөгүй. Дараа нь удаагүй бөглөрч 10-аад түрээслэгчид бүгд 3 хоног ажиллах боломжгүй зогссон.Хэд хоноод тосны шүүр тавина гэж 160 000 төгрөг нэхэж аваад тавих гэж бас л гурав хоног зогсоосон.Эд бүгд бидний буруу биш. Үл хөдлөх хөрөнгөндөө бидний мөнгөөр тосны шүүлтүүр авч тавина гэдэг байж боломгүй зүйл. 160 000 төгрөгөө авна. Танайх гал тогоо, шанага болон бүх зүйлийг байр савныхаа хамт түгжээд явсан болохоор 7 сарын 11-нд бидэнд хаанаас байр олдох билээ. Түрээсээ бүтэн төлсөн учраас хохирлоо бүтэн барагдуулж авна. Өдөр тутмын орлогоо гаргуулж авна. Би гэрээний дагуу алдагдал төлөх ёстой юм бол “Хэмжил” ХХК нь гэрээний дагуу миний алдагдлыг төлөх ёстой.Манай зүгээс илүү нэхэмжилсэн зөрүү 20 000 төгрөг, 11 сард 4 хоногийн илүү төлсөн түрээсийн төлбөр 106 640 төгрөг, тос задалдаг давсны үнэ 18 000 төгрөг, тосны шүүрний үнэ 160 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 6 хоног сул зогссоны улмаас олох байсан орлого 780 000 төгрөг, бохир усны хоолой бөглөрч 6 хоног сул зогссоны улмаас олох байсан орлого 780 000 төгрөг, нийт 1 864 640 төгрөг болон барьцаанд авч үлдсэн 400 000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, 200 000 төгрөгийн үнэ бүхий шарах шүүгээ зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Тос задалдаг давсны мөнгө 18 000 авсан. Цэвэрлэгээний мөнгийг өдөрт 1000 төгрөгөөр тооцон авч цэвэрлэгчийн цалин дээр нэмж олгодог. Павилоны цэвэрлэгээг хийхгүй удахаар шавьж маш их гарч ирдэг. Иймээс цэвэрлэгээний мөнгө авсан.Тос задлах шүүрний мөнгө 160 000 төгрөг авч, даруй уг төхөөрөмжийг байрлуулсан. 20 000 төгрөгийн хувьд бичилт нь буруу байгаа юм. Эцсийн тооцоолол нь 20 000 төгрөгийг хасаж тооцож байгаа. 11 сард 4 хоногийн илүү мөнгө авсан гэж байна, илүү мөнгө авсан асуудал байхгүй түүнийг нотолсон баримт байхгүй.Баярын үеэр 6 хоног биш 3 хоног амарсан. Гэрээг хүчээр тулгаж шаардаж хийсэн зүйл байхгүй. 6 хоног амарсан байсан бол бусад түрээслэгч нар ч асуудал ярих байх гэвч тийм зүйл огт болоогүй. 400 000 төгрөгийн хөргөгч, 200 000 төгрөгийн шарах тогоо барьцаанд авахыг хариуцагч өөрөө зөвшөөрсөн, барьцаанд байгаа эд хөрөнгийг авч болно. Түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлчихвөл хөргөгч, тогоог өгч болно, авах эсэх нь хариуцагч талын асуудал юм гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05214 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч П.Батмөнхөөс 1 620 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-нд олгож, 1 864 640 төгрөг болон хөргөгч, шарах тогоо гаргуулах тухай хариуцагч П.Батмөнхийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 384 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Батмөнхөөс 41 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1526 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 41 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу нотлох баримт болох ажлын байрны түрээсийн гэрээг хариуцагч нь гэрээнд зааснаар Монгол Улсын хуулийн этгээд Хос худалдааны төв түүнийг төлөөлж менежер Ц.Алтанцэцэгтэй байгуулсан байдаг. Нэхэмжлэгч гэдэг нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээд юм. Гэтэл нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-ийн ямар хууль ёсны эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажлын байрны түрээсийн гэрээний дагуу “Хэмжил” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 1 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэдгийг тогтоож, нотолж буй нь гэрээгээр тогтоогдохгүй байна.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг тодруулалгүй нэхэмжлэгч болоод хариуцагчийн хооронд ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардаж буй үндэслэлийг тодруулсны эцэст гэрээний талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байна гэж үзэх үндэслэлгүй байна. Аливаа эрх зүйн харилцаанд оролцогч хуулийн этгээд нь холбогдох хуульд зааснаар эрх бүхий бүхий албан тушаалтан буюу итгэмжпэлгүй төлөөлөх эрхтэй этгээд гарын үсгээ зурж хуулийн этгээдийн тамга тэмдэг дарснаар гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, улмаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан зохицуулалттай нийцэхгүй бөгөөд оролцогчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна....Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус” гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан. Гэтэл шүүх түрээсийн гэрээ байгуулах дээрхи журмыг зөрчөөгүй хэмээн үзэж үр дагаврыг нь тодорхойлохдоо уг гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх явдал юм.Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. Харин хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Хэмжил” ХХК нь хариуцагч П.Батмөнхөд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алданги зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрсөн боловч өөрийн төлөх төлбөрт хариу тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь “Хос” худалдааны төвийн 04 тоот павильоныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 9 сарын хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсөд сар бүр 800 000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний шинжтэй байх ба энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Түрээслэгч хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Түрээсийн гэрээний харилцааны түрээслүүлэгч нь “Хос” худалдааны төв байх ба уг худалдааны төвийг нэхэмжлэгч “Хэмжил” ХХК өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаагүй, хариуцагч П.Батмөнх нь шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар болгон гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “2015 оны 4 дүгээр сарын 08-нд “Хэмжил” ХХК-ийн захирал Д.Майдартай ус, гэрэл, үйлчилгээ бүрэн байр түрээслэхээр тохиролцон, гэрээ хийж” үйл ажиллагаа явуулсан гэж зааснаас гадна түрээсийн төлбөрийг тогтмол “Хэмжил” ХХК-д тушааж байсан баримт хэрэгт авагджээ. “Хэмжил” ХХК-ийг түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй этгээд гэж үзсэн хариуцагчийн гомдлын үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргааны зүйл болоогүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгджээ.

Зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг байх тул үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй байх ба энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.  

Нөгөө талаар, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлага гэрээний зүйлийн ашиглалтыг үгүйсгэхгүй тул гэрээний зүйлийг ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, үүрэг зөрчигдсөн байдал, түрээсийн төлбөрийн тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт болон эрх зүйн асуудлаар зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, гэрээ цуцлагдахад хүргэсэн гэм буруутай тал өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй, мөн түрээсийн гэрээний зүйл биш эд хөрөнгийг гэрээний дагуу шаардах үндэслэлгүй, түрээслүүлэгч түрээслэгчийн эд хөрөнгийг саатуулан бариагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв боловч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтад хамаарч байгааг анхаараагүй нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар  хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Тухайлбал, тос задлах шүүрний үнэд төлсөн 160 000 төгрөг, өөрийн хөргөгч, шарах тогоо зэргийг буцаан авах тухай сөрөг шаардлагыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад эдгээр  шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1526 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05214 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227.1 дэх хэсэгт” гэснийг “227.1., 497 дугаар зүйлийн 497.1.1.-д” гэж, “1 864 640 төгрөг болон хөргөгч, шарах тогтоо гаргуулах тухай хариуцагч П.Батмөнхийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “П.Батмөнхийн сөрөг нэхэмжлэлээс хөргөгч, шарах тогоо, тос задлах шүүрийн үнэ 160 000 төгрөгийг нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-иас гаргуулан хариуцагч П.Батмөнхөд олгож, 1 704 640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Хэмжил” ХХК-иас 12 159 төгрөг гаргуулж, хариуцагч П.Батмөнхөд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 41 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН