Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 66

 

Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Б.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, Б.Аринуболдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунболд нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 1 дүгээр гудамж 2г тоотод байршилтай 18645312660251 нэгж талбарын дугаартай 190.85 м.кт талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 180 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Д.Хаш-Эрдэнээс хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээ тус тус  байгуулж авсан. Худалдаж авахдаа уг байшингийн зүүн ба баруун талын харалдаа газрууд нь манай өмчилсөн газар гэж ойлгож наймаа хийсэн юм.

Гэтэл тухайн газарт ах, дүү садан төрлүүд хамтдаа анх газрыг нь томоор аваад 2а, 2б, 2в, 2г гэсэн дөрвөн айлын байшин барьж тус тусдаа үл хөдлөх гэрчилгээ болон газрыг өмчилж авсан юм билээ. Тэгээд надад худалдсан Д.Хаш-Эрдэнэ, И.Даваадорж нар бодохдоо анзааралгүй орон сууцны харалдаа зүүн, баруун газруудаа манай газар гэж ойлгож яваад 10 гаран жил болсон гэж надад хэлсэн.

Надад зарсны дараа кадастрын зураг хартал 2г тоот 180 м.кв үл хөдлөх байшин буюу манай байшин нь гэрээсээ явган хүн гарах гарцгүй, гражнаас автомашин гарах газаргүйгээр байшингийн баруун талын газрыг хажуугийн хөрш айл буюу 2в тоотод Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дугаар захирамжаар Х.Батсүрэнд өмчлүүлсэн байна. Миний хувьд хөрш айлууд болон орон сууц худалдаж авсан хүмүүстэйгээ шүүхэд гомдол гаргах хүсэлгүй эвтэй байхыг хүсэж байна, нэгэнт үл хөдлөх хөрөнгө, байшин гараж барьсан байхад энэ газрыг анхнаасаа буруу өмчилсөн, айлын гарах гарц хааж буруу өмчилсөн байгууллага албан тушаалтан алдаагаа нэн даруй залруулж өгөхийг хүсч Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл гарган хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариуг албан бичгээр өгсөн.

Одоо манай гэр бүл гэртээ амьдрахад бидний эрх хаалттай ба хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Энэ баригдсан 4 айлын залгаа байшин нь Амины орон сууц мэт гадуураа нэгдсэн том хашаатай боловч газрын болон өмчлөлийн албан ёсны бичиг баримтаар бол гэр хорооллын хашаа байшингийн зориулалттай юм билээ. Одоогоор айлын газар дээгүүр дамжиж автомашинаа гражид хийгээд мөн айлуудын газар дээгүүр дамжин өнгөрч гэртээ орж байгаа боловч хууль зүйн дагуу албан ёсны гарцтай байж сэтгэл санаа тайван амьдарна хэзээ нэгэн өдөр өөрийн газартаа тухайн 4-н айл тусгаарлаж хашаа барьлаа гэхэд хүний газраар дамжих ч аргагүй болох байдал үүснэ.

Иймд манай орон сууц, гаражийн харалдаа 55 м.кв газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулж, нийтийн ашиглалтын замд хүрэх автомашины гаражийн орох гарах гарц, явган хүний гарц нээх нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 74 тоот захирамжийн Х.Батсүрэн нарт газар өмчлүүлсэн заалтын Х.Батсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар хороонд иргэн Дагвадорж овогтой Болормаад 375 м.кв, Хөхийсүрэн овогтой Батсүрэнд 360 м.кв, Ичинхорлоо овогтой Дагвадоржид 375 м.кв газрыг тус тус эзэмших эрх олгожээ.

Дээрх нэр бүхий 3 иргэний эзэмшил газарт 4 айл амины орон сууц барьсан тул иргэн И.Даваадорж, И.Дагвадорж, Х.Батсүрэн, Д.Болормаа нарт Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар 1125 м.кв газрыг хамтран эзэмшүүлсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын  2005 оны 74 дүгээр захирамжаар тус эзэмшил газрыг 4 хуваан тус тус өмчилсөн бөгөөд иргэн Х.Батсүрэн 235.6 м.кв газрыг өмчилж авсан байна.

Ийнхүү 4 иргэнд хуваан өмчлүүлэхдээ иргэн Даваадоржийн эзэмшил газрын гарцыг хааж өмчлүүлсэн байх тул иргэд хоорондоо орц гарцын асуудлаа тохирон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв тохиролцоонд хүрч орц гарцын асуудлыг шийдвэрлэвэл манай зүгээс газар өмчлөлийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Ариунболдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд 190 м.кв газрыг 5 сая төгрөгөөр худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын эрхийн гэрчилгээг авсан байдаг.

Үүнээс харахад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.Батсүрэн нь анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 1  дүгээр гудамжинд орших 360 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Ингээд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжаар иргэн И.Даваадорж, И.Дагвадорж, Х.Батсүрэн, Д.Болормаа нарт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 1 дүгээр гудамжинд орших 1125 м.кв газрыг хамтран эзэмшүүлсэн бөгөөд 2005 онд дээрх хамтран эзэмшигчид газраа 4 хуваан кадастрын зураг хийлгэн тус тусдаа, өөр өөрийн нэр дээр өмчлөн авахаар болсон байна. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 1 дүгээр гудамж, 2в тоотод орших 235.6 м.кв газрыг Х.Батсүрэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу өмчилж авсан болно. Нэхэмжлэгч Б.Ариунболд нь Даваадорж овогтой Хаш-Эрдэнээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон, 1 дүгээр гудамж, 2г тоотод орших 190.85 м.кв газрыг 5,000.000 төгрөгөөр, 180 м.кв үл хөдлөх хөрөнгийг 45,000.000 төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар тус гэрээнүүдийг үндэслэн дээрх газар болон, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Б.Ариунболд, Д.Хаш-Эрдэнэ нарын хоорондын газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах харилцаанд ямар ч хамааралгүй, уг харилцааны оролцогч биш Х.Батсүрэнгийн хууль ёсны эрхэд халдан эрх, үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Тэрээр уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахдаа үзэж, харж өөрийн хүслээрээ сонгон, одоо байгаа байдлаар нь худалдан авсан нь тодорхой. Мөн бичиг баримтыг шилжүүлэх, өөрийн нэр дээр кадастрын зураг гаргуулахад ч гэсэн худалдаж авч байгаа газар болоод үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ нь тодорхой байхад зөвшөөрөөд худалдан авсан байх атал шилжүүлэн авсныхаа дараа Нийслэлийн Засаг дарын 2005 оны 74 дүгээр захирамж нь эрх, ашгийг зөрчиж байна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Б.Ариунболдын эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Мөн Б.Ариунболд нь дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаас хойш буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "газар болон амины орон сууцны талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэж Д.Хаш-Эрдэнэд тодорхойлолт хүртэл бичиж өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч өөрийн худалдаж авсан газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхцөл байдлын талаар тодорхой мэдэж байсныг илтгэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн худалдан авсан газар болон үл хөдлөх хөрөнгөд ямар ч хамааралгүй хууль ёсны өмчлөгч Х.Батсүрэнгийн өмчлөх эрхийг цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус зохисгүй үйлдэл юм. Иймд иргэн Б.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан Б.Ариунболдын “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 74 дүгээр захирамжийн Х.Батсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ариунболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанчулуу нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу тайлбарлаж, зөвхөн гуравдагч этгээдэд ашигтай байдлаар нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Надад уг газрыг зарсны дараа кадастрын зураг хартал 2г тоот 180 м.кв үл хөдлөх байшин буюу манай байшин нь гэрээсээ явган хүн гарах гарцгүй, гражнаас автомашин гарах гарцгүйгээр байшингийн баруун талын газрыг хажуугийн хөрш айл буюу 2в тоотод буюу Х.Батсүрэнд өмчлүүлсэн байсан.

Давж заалдах шатны шүүх хурал болоход хэргийн материал үзээгүй зөвхөн хэргийн оролцогчдын гомдол тайлбарыг л шинжлэн судалсан, буруу тайлбарласан. Энэ газрыг И.Даваадорж нь Д.Хаш-Эрдэнэд бэлэглэсэн. Д.Хаш-Эрдэнээс би худалдах, худалдан авах гэрээ хийж авсан. Гэтэл зөвхөн И.Даваадоржоос худалдах, худалдан авах гэрээ хийж авсан мэт тайлбарласан.

Би хэдий худалдан авсан гуравдагч этгээд боловч 2005 оны Нийслэлийн Засаг даргын 74 дүгээр захирамжийн дагуу уг газрыг өмчлөлийн журмаар шилжүүлж авсан. Хууль эрх зүйн шинэ нөхцөл байдал үүссэн.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар танайд олгосон газар нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хууль зөрчөөд буруу олгогдсон байна. Уг зөрчилийг арилгах болно гэсэн утга бүхий агуулгатай тайлбарыг надад мэдэгдэж, удахгүй таньд албан бичгээр хариу өгнө гэж хэлсэн. Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд Нийслэлийн өмчийн Харилцааны газраас мэргэжилтэн оролцуулах хүсэлтэй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг нэг мөр хэрэглээгүй. хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаагүй, нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй тул гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар эзэмшил газрыг 4 хуваан иргэн Х.Батсүрэн 235.06 м.кв газрыг өмчилж авсан. Ингэхдээ И.Даваадоржийн эзэмшил газрын орц, гарцыг хаасан байх тул иргэд хоорондоо тохирон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв тохиролцвол манай зүгээс өмчлөлийн шийдвэрт өөрчлөл оруулах боломжтой” гэж зөвшөөрсөн тайлбар өгсөн нь Нийслэлийн Засаг даргын уг захирамж бусдын эрхийг ихээхэн хохироож, иргэдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн эрх зүйн акт болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү үйл явдлын эрх зүйн байдалд анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Б.Ариунболд нь “иргэн Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нартай уулзаж Баянзүрх дүүргийн 2-р хороо Цэргийн хотхоны 1-р гудамжны 2 тоотыг худалдаж авах талаар тохиролцсон. Кадастрын зургийг олон жилийн өмнө гээчихсэн юм гээд байхаар нь итгэсэн. Ингээд уг хувийн сууцыг газартай нь 180,000.000 төгрөгөөр дээрх хүмүүсээс худалдаж авсан ба Даваадорж, Хаш-Эрдэнэ нарын нөгөө байхгүй байна гээд байсан кадастрын зургийг хартал өмнөх машины зогсоол болох газар нь хажуу айлын 26 тоотын өмчлөлд байгаа болох нь тодорхой болсон. Ингээд Даваадорж, Хаш-Эрдэнэ нар луу утасдаж энэ газар чинь хүний газар байна шүү дээ. Чи яагаад худлаа хэлж зарсан юм бэ гэтэл санаа зоволтгүй би аавд хэлээд зохицуулан ямар ч асуудалгүй шийдээд өгнө гэсэн.

Сүүлд нь ингээд хэд хоног хараад огт чимээгүй болохоор нь лавлахад надад зарахдаа гээчихсэн гээд үзүүлэхгүй байсан кадастрын зураг нь 2005 онд Батсүрэн гэдэг хүнд газар өмчлүүлсэн захирамжтайгаа байхаар нь утсан дээрээ зургийг нь аваад энэ ямар учиртай юм бэ? Та хоёр 2005 онд энэ газраа аваад мэдсээр байж надад худлаа ярьсан юмуу гэтэл "наад бичиг чинь хаанаас гараад ирэв" гээд мэдэн будилаад байсан. Дараа нь хажуу айлын Дагвадорж, Батсүрэн гуай нартай уулзахад Даваадорж, Хаш-Эрдэнэ нарын надад зарахдаа энэ газар байшингийн талаар ярьсан бүгд худал болсон. Одоо бид гэр орондоо хаалгаараа орж чадахгүй болчихоод байна аа” гэсэн гомдол саналийг Нийслэлийн өмч харилцааны газар гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 тоот захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ноцтой зөрчиж гарсан байгаа нь дээрх үйл явдлаас тодорхой харагдаж байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамааралтай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Х.Батсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Б.Ариунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 1997 оны Б/183, 2002 оны 565, 2005 оны 74 дүгээр захирамжуудаас үзвэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхонд байрлалтай маргаж буй газрыг энэ хэргийн гуравдагч этгээд Х.Батсүрэн нь 1997 оноос эхлэн эзэмшиж, 2005 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу газраа өмчилж авчээ.

Харин нэхэмжлэгч Б.Ариунболд нь Д.Хаш-Эрдэнээс хувийн орон сууц болон газар худалдан авах гэрээний үндсэн газар болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авснаар 2015 оноос Х.Батсүрэнгийн хил, залгаа тухайн газрын өмчлөгч болсон байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчилж байгаа газар нь хил залгаа, амины орон сууцны хувьд тус тусдаа орц бүхий 4 айлын залгаа орон сууц бөгөөд эдгээр айлууд нь нийтээр орж гарах нэг хаалга бүхий нэгдсэн хашаатай байсан анхны байрлал нь Б.Ариунболд, Д.Хаш-Эрдэнэ нарыг худалдах худалдан авах гэрээ хийх үед өөрчлөгдөөгүй, мөн одоогийн байдлаар энэ хэвээр байгаа талаар  хэргийн оролцогчид маргаагүй болно. 

Нэхэмжлэгч нь зөвхөн “... бусдын газар дээгүүр дамжин өнгөрч байгаа, тусдаа автомашины болоод явган хүний орц, гарц гаргах шаардлагын үүднээс кадастрын зурагт өөрчлөлт оруулах нь зүйтэй ...” хэмээн тайлбарлаж, үүний тулд  Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн Х.Батсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг шаарджээ. 

Х.Батсүрэнд газар өмчлүүлсэн дээрх захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нь тухайн газрыг анх авахдаа хүлээн зөвшөөрч авсан атлаа хожим мэдсэн гэдгээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, өөрөөс нь өмнө бусдад үүссэн өмчлөх эрхийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгчийн орц гарцын зориулалт, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг ашиглах асуудал нь Газрын тухай хуулиар зохицуулагдахыг дурдах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол нь зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхтэй холбоотойгоос гадна өмгөөлөгчийн гомдолд дурдсан Д.Ариунболд нь Д.Хаш-Эрдэнэ, И.Даваадорж нараас газар болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах үед болсон үйл явдлын талаарх асуудал нь маргаж буй захиргааны акттай хамааралгүй, үүнийг хяналтын шатны шүүх дүгнэх шаардлагагүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                                   Л.АТАРЦЭЦЭГ