| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00013/И |
| Дугаар | 191/ШШ2025/04944 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/04944
2025 06 02 191/ШШ2025/04944
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, м.г /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... байрлах, от ХХК /РД: .../-д холбогдох,
Илүү цагийн хөлс 13,017,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...
Хариуцагчийн өмгөөлөгч ...
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч м.г (цаашид "Нэхэмжлэгч" гэх) нь от ХХК-тай Хөдөлмөрийн гэрээний байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор, нэхэмжлэгч нарын ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт ажиллах ажлын цаг 12 (арван хоёр) цаг байна.
Хөдөлмөрийн тухай хууль (цаашид, ХтХ гэх)-ийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан. ХтХ-ийн 92.3 дах хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1- д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мөн хуулийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж заасан. Эдгээр заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:
1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;
2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;
3. Ингээд ХтХ-ийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
4. Гэтэл ХтХ-ийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч ХтХ-ийн 92.4 дэх хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар ХтХ-ийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.
5. ХтХ-ийн 92.4 дэх хэсгийг Хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл Уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм.
Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг ХтХ-ийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо ХтХ-ийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 (7+1) цагаар тооцохыг тодорхой заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ажилтны илүү цагийн хөлс олгогдохгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:
9. Гомдол гаргагч нар ( нэхэмжлэгч м.г нь гомдлын хавсралтын 22 дах хэсэгт) нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "от"-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комисс нь 2024 оны 10 сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 10 сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан байдаг.
10. 2024 оны 11 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан;
11. СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2024 оны 11 сарын 08-ны өдөр болж, талууд (нэхэмжлэгч м.г нь 22 дах хэсэгт) эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж 2024 оны 12 сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэлийг гардаж авсан.
12. 2024 оны 12 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.С, Т.Ц, Д.Б Д.Х, Н.Т, Б.Б, Б.Э, Э.Э, Б.Э, м.г, Б.М, Э.Б, Ц.Х, Н.Б нарын нэхэмжлэлтэй "от" ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 12 сарын 19-ны өдрийн ... дугаартай захирамжаар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс захирамжид заасны дагуу нэхэмжлэлийн зөрчлийг арилгаж, ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч м.г нь 15,288,993 төгрөгийг илүү цагийн хөлсийг "от" ХХК-иас гаргуулахаар анх шаардсан боловч шүүх хуралдаанд 2024 оны 07 дугаар сард ажилласан цагийг 132 цаг гэж тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 2,271,701 төгрөгөөр багасгаж, 13,017,292 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлж байна гэв.
2.1 Хариуцагч "от" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х...нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу А.П...ын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлгүй тухайд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П... нь 2023 оны 3 дугаар сард 84 ажилтныг төлөөлөн илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг "от" ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу энэхүү гомдлын урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, 2023 оны 4 дүгээр сард 84 ажилтныг төлөөлөн А.П.. нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 50 ажилтны нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн ба зарим хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн бол зарим хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэхэмжлэгч м.г нь өмнө 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан 34 ажилтанд багтсан байсан ба эдгээр ажилтнуудын нэхэмжлэлд шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан болно. Энэхүү үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтад "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2023 онд илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад болон шүүхэд гаргаж байсан, шүүх хэрэг үүсгэхээс татгалзсан байхад тухайн үедээ дахин нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь одоо илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Хэрэв ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдөр нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эсхүл 2023 оны 3 дугаар сар гэж үзэхээр байна. Учир нь ажилтнууд 2022 оны 1 дүгээр сараас эхлэн уртын ээлжээр ажилласан ба мөн 2023 оны 3 дугаар сард энэ асуудлаар гомдол гаргаж байсан хэдий ч шүүх хэрэг үүсгэхээс татгалзахад дахин нэхэмжлэл гаргаагүй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Хоёр. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 2- ны өдөр батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Тус хуульд анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу уртын ээлжийг хуульчилсан бөгөөд уртын ээлжийг от ХХК 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжүүлсэн.
Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжийг хэрхэн нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх асуудалд нухацтай хандаж, уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний зохицуулалтыг холбогдох хууль тогтоомж, журамд бүрэн нийцүүлж хэрэгжүүлсэн. Үүнд:
1. Уртын ээлжийн горим буюу 14/14 ажил амралтын хуваарьт шилжсэнээр ажилтны хувьд ажлын жилд ажиллах хугацаа 25 хувиар багасаж, амрах хугацаа мөн адил хувиар ихсэж байгаа тул үндсэн цалингийн хэмжээ тэр хэмжээгээр буурахаар байсан.
Гэвч Компанийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа санхүүгийн байдлыг дордуулахгүй байх үүднээс үндсэн цалинг бууруулахгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Компанийн холбогдох журмын дагуу олгогдох уртын ээлжийн нэмэгдэл, зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл, хоол унааны хөнгөлөлт зэргийг хэвээр хадгалж байгаа ба нэмэлтээр уурхайн талбарт ирэх, буцах цагийн олговрыг олгох, шөнийн цагийн болон илүү цагийн нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бус дундаж цалин хөлсөөс тооцож уртын ээлжийн ажилтанд олгож байна.
2. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж заасныг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаарх тодруулгыг хөдөлмөрийн салбарын бодлогыг тодорхойлогч, шинэ хуулийн төслийг боловсруулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр албан бичгээр авсан. Тус албан бичгээр "Шинэ хуулийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтны амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно" гэсэн тодруулгыг Яамнаас өгсөн.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлан гаргасан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны сарын дундаж ажлын цаг 168 цаг байна" гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна гэдгийг зохицуулсан.
4. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" хэмээн хуульчилсан. Энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.
5.Уртын ээлжээр ажиллах болсонтой холбоотойгоор ажилтанд үзүүлэх цалин хөлсний нөлөөлөл харилцан адилгүй байгаа ба дийлэнх ажилтнуудын хувьд ажлын байрны онцлог, нөхцөл зэргээс хамааран гар дээр авах цалин хөлс нь буураагүй харин нэмэгдэх тохиолдлууд байна.
от ХХК нь нэхэмжлэгч м.гийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тогтоосон хугацаанд бүрэн олгож байгаа ба аливаа байдлаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэлийн дүнг хэрхэн тооцоолж гаргасан нь ойлгомжгүй байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны ... дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцоолсон гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд ажилласан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах талаар нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацааны цалин хөлсийг бүрэн тооцож олгосон болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр м.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гаргасан от ХХК-иас 20,986,117.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч м.г нь хариуцагч от ХХК-нд холбогдуулан илүү цагийн хөлс 15,288,993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаанд 2024 оны 7 дугаар сард ажилласан цагийг 132 цагаар тодорхойлж 2,271,701 төгрөгөөр багасгаж, 13,017,292 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч багасгасан шаардлагыг тусгайлан гардаж авч тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт, нэхэмжлэгч гомдол гаргах 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хэрэв нэхэмжлэгчийн тооцооллоор бодвол урьд 1 дахин нэмэгдүүлэн цалин олгосон учир 0,5 дахин хэмжээгээр цалинг тооцох нь зүйтэй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
6. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийв.
6.1 Нэхэмжлэгч м.г нь хариуцагч от ХХК-нд Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд ажиллаж, сард 1034 ам долларын/албан тушаалын зэрэглэл G4/ үндсэн цалинтай, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, ажлын байрны тодорхойлолт, ажил амралтын хуваарь өөрчлөх тухай тушаал зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 51-62-р тал/
6.2 Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу ажилтны нэг сард ажиллавал зохих дундаж цагийг нэхэмжлэгч 112/14х8/, хариуцагч 168/12х14/ цаг гэж үзэж, түүнээс хамаарч илүү гарах цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, нэмэгдэл хөлсийг олгохдоо нэхэмжлэгч 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулах, хариуцагч тал урьд 1,0 хувиар тооцон олгосон үндэслэлээр 0,5 хувиар тооцох нь зүйтэй гэж мэтгэлцсэн.
6.3 Хариуцагч тал татгалзлынхаа нэг үндэслэлийг ажилтныг 168 цаг ажиллуулж байгаа нь илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй, 14 хоногт ажиллаж, дараагийн 14 хоногт нөхөн амрааж байгаа, уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байхаар зохицуулсан, харин сард ажиллах 168 цагаас илүү гарсан цагт ногдох нэмэгдэл хөлсийг олгох зохицуулалтай гэж маргасан.
6.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт Ажил, амралтын цаг, түүний нэгдүгээр дэд бүлэгт Ажлын цагийн талаар зохицуулсан. Мөн хуулийн 92 дугар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах тухай шинэлэг зохицуулалтыг тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна, 92.8 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно гэж уртын ээлжээр ажиллуулах хөдөлмөрийн харилцааг хуульчилжээ.
Түүнчлэн мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж тус тус заасан нь ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байх тухай зохицуулалт байна.
Дээрх хуулийн шинэчилсэн зохицуулалтын дагуу ажилтан м.гтэй байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулж 14 хоног ажиллаад 14 хоног амрах тухай нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нотлогдсон./хх-ийн 57-р тал/
6.5 от ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 дугаар тушаалаар Цалин хөлсний журам-ыг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаар тушаалаар Ажлын цагийн тухай журам-ыг тус тус баталж, от ХХК болон от ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, отн Орон нутгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд 2025-2027 оны хамтын гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан тушаал, журам, гэрээгээр нотлогджээ. /хх-ийн 91104, 118-124-р тал/
6.6 Хөдөлмөрийн гэрээний 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно гэж заасан. Уг заалтын хүрээнд дараах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
от ХХК болон от ХХК-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, отн Орон нутгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд 2025-2027 оны Хамтын гэрээ-ний 4.3-т Ажилтны нэмэгдэл хөлсийг тооцоход хэрэглэх дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнийг тусгасан, 4.4-т Нэмэгдэл, нэмэгдэл хөлс: ...Ээлжээр болон уртын ээлжээр ажиллах ажилтны өдөрт 8 цагаас дээш (эсхүл хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч ердийн ажлын цагийг 1 цагаар богиносгоно) ажилласан илүү цагийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.6(нэг аравны зургаа) дахин нэмэгдүүлж олгоно. Уртын ээлжээр ажиллах ажилтны ростерын амрах хугацааг нөхөж амраасанд тооцохгүй гэж тохиролцжээ. /хх-ийн 118-124-р тал/
Дээрх 2025-2027 оны хамтын гэрээний 2.3-т Энэхүү хамтын гэрээ нь талууд гарын үсэг зурж, Хөдөлмөрийн тухай хуульд заасныг дагуу зохих эрх бүхий байгууллагад бүртгүүлж, хүчин төгөлдөр болсноор хэрэгжиж эхлэх бөгөөд 3 жилийн хугацаанд үйлчилнэ гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2024 оны 5, 6, 7 дугаар сард ажилласан илүү цагийн хөлс гаргуулахаар тодорхойлсон.
ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж,
ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2-т Албан тушаалын 1 болон түүнээс доош зэрэглэлтэй илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдэл хөлсийг цагийн хөлсөнд үндэслэн дараах байдлаар тооцож олгоно: 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно, 14.5.1-д уурхайн талбарт уртын ээлжээр ажилладаг ажилтнуудад уурхайн талбарт ажилласан өдрүүдэд сарын үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх уртын ээлжийн нэмэгдэл олгоно, 14.6.1-д Уртын ээлжээр ажиллаж буй уурхайн талбарын ажилтнуудын уртын ээлж эхлэх болон дуусахад ажилдаа ирэх, буцах хугацааг Ажлын цагийн журамд тодорхойлсны дагуу тооцно, 14.6.3-т Ажлын байранд хүргэх, буцаах хугацаанд ногдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэхүү хугацааг нь уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй гэж тус тус заажээ.
6.7 Нэхэмжлэгч м.гийн 2024 оны 5, 6, 7 дугаар саруудад ажилласан цагийн бүртгэл, тухайн саруудад олгосон цалин хөлсний мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаас үзвэл 2024 оны 5 дугаар сард 168 цаг, 6 дугаар сард 168 цаг, 7 дугаар сард 132 цаг ажилласан, түүнд тохирсон цалин хөлсийг авсан байна./хх-ийн 78-90-р тал/
Түүнчлэн эдгээр баримтуудаар нэхэмжлэгчид сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдсон.
6.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар ажил олгогч дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
Илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1,0 хувийг ажил олгогч олгосон гэж үзэж 1,5 дахин нэмэгдүүлж тооцох нь зүйтэй тул энэ талаарх хариуцагч талын татгалзлын үндэслэл үндэслэлтэй.
Ажилтны нэг цагийн ажлын хөлс 2024 оны 5 дугаар сард 95,474.67 төгрөг, 6 дугаар сард 44,470.393 төгрөг, 7 дугаар сард 42,066.764 төгрөг болох, цалин хөлсний хэмжээнд зохигч маргаангүй.
Илүү цагийн хөлсийг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.3-д заасны дагуу тооцоход 2024 оны 5 дугаар сард 2,673,277 төгрөг, 6 дугаар сард 1,245,160 төгрөг, 7 дугаар сард 420,660 төгрөг нийт 4,339,097 төгрөгийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч ажилтанд олгох нь зүйтэй.
6.9 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч м.гийн нэхэмжлэлийн шаардлагын 13,017,292 төгрөгөөс 4,339,097 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, үлдэх 8,678,195 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ гаргасан үндэслэлийг татгалзлын нэг үндэслэлээ болгожээ.
7.1 Хариуцагч нь ...от ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр от ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. от ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим мэдээллийг хүргэсэн гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан гэж тайлбарлаж тайлбарыг нотлох баримтаар албан бичиг, мэйлийн хуулбарыг гарган өгчээ.
7.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргах тухай зохицуулсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сард эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар мэдсэн, түүнээс хойш нэхэмжлэл гаргаагүй, хожим гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж, нэхэмжлэгч 2024 оны 5, 6, 7 дугаар саруудад ажилласан илүү цагийн хөлсийг шаардсан, сар бүртээ үр дагавар үүсгэж байдаг гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "от" ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, тус комиссоос 2024 оны 10 сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 109 дугаартай хурлын тэмдэглэл гаргасан, шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зөрчлийг арилгаж шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзнэ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх ба хариуцагч "от" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 84,376 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар от ХХК-иас илүү цагийн хөлс 4,339,097 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч м.гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,678,195 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч "от" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 84,376 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА