2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09 191/ШШ2025/05227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: БД ХК /...байрлах РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: К ХХК /... тоотод байрлах РД:.../-д холбогдох,

 

Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн 79,905,878 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ​Даатгуулагч "ЮЛМ ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо, мөндөр орсоны улмаас нийслэлийн .... тоот хаягт байрлах (цаашид "түрээсийн талбай" гэх) агуулахын дээвэр болон ханыг дагаж их хэмжээний ус орсноос хадгалагдаж байсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн (биологийн нэмэлт бүтээгдэхүүн)- үүд усанд норж, дахин ашиглагдах боломжгүйгээр даатгалын тохиолдол үүссэн талаар гомдол гаргасан болно.

Уг даатгалын тохиолдлыг судлан үзэхэд, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад "даатгалын зүйл нь үндсэн болон эргэлтийн хөрөнгө байна", мөн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад даатгалын эрсдэлд байгалийн эрсдэл-аадар бороо"-оос учирсан эрсдэл хамаарахаар харилцан тохиролцсон тул даатгагч БД" ХК нь даатгуулагч "ЮЛМ" ХХК-д нөхөн төлбөрийг олгон шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн, даатгуулагч "ЮЛМ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "К" ХХК-тай "Агуулах болон оффис түрээсийн гэрээ"-г 3 (гурван) жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд уг үйл явдал бий болсон.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад Түрээслүүлэгч дараах үүрэгтэй хэсгийн 5.2.2-д Ажлын байрны дээвэр хэвийн ... ... ажиллагааг болон түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах" мөн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8 дахь заалтад "Түрээслүүлэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Түрээслэгчийн барааны хадгалах горим алдагдсан ... тухайн бараа бүтээгдэхүүнийг Түрээслэгчийн импортын гаалийн үнээр, ... үнэлж хохирлыг Түрээслүүлэгч тал барагдуулах үүрэгтэй. Үүнд: в) түрээсийн талбайн дээврээс ус алдсан ...зэргээс үүдэн бараа бүтээгдэхүүн норсон" хэмээн түрээслэгч буюу ЮЛМ ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд учирсан хохирлыг түрээслүүлэгч "К" ХХК барагдуулахаар тохиролцжээ.

Мөн Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "АБ" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар "ЮЛМ ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд 67,418,069 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул нөхөн төлбөрт уг хохирол дээр даатгуулагчийн ажилчдын зардалд 9,892,220 төгрөгийг нэмж нийт 77,310,288 төгрөгийг (НӨАТ-ыг суутгасан) ЮЛМ ХХК-ийн Хаан банкны 5038033447 тоот данс руу, хохирол үнэлгээний "АБ" ХХК-ийн Хаан банкны ... дансруу 2,595,590 төгрөгийг (НӨАТ-ыг суутгасан) тус тус шилжүүлсэн болно.

Түүнчлэн БД" ХК нь Монгол улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн, "Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ"-г даатгуулагч "ЮЛМ ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулан, гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг нь шилжүүлэн авсан болно.

Иймд "К" ХХК-иас нийт 79,905,878 төгрөгийг гаргуулж БД ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 79,905,878 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Манай компанийн "ЮЛМ" ХХК-тай байгуулсан "Агуулах болон оффис түрээсийн гэрээ"-ний 5.2.8-т Түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хор хохирол бий болсон тохиолдолд Түрээслүүлэгч хохирлыг барагдуулах үүрэгтэй талаар зохицуулсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас манай компанийн агуулахын байранд ус нэвтэрсэн нь Манай компанийн буруутай үйл ажиллагаа биш юм.

Түүнчлэн Нэхэмжлэгч нь даатгуулагч "ЮЛМ" ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгохдоо "Байгалийн эрсдэл" учирсан гэж үзсэн тул манай компанийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан хэмээн шаардлага гаргах нь үндэслэлгүй байна. БД ХК нь даатгалын гэрээний 4.1.3 дахь хэсэгт заасан байгалийн эрсдэл үүссэн үндэслэлээр нөхөн төлбөрийг олгосон, хүний хүчин зүйлээс үл хамаарсан гэж тайлбарласан боловч К ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн нь логик алдаатай байна.

Даатгалын гэрээний 12.1.9 дэх хэсэгт зааснаар хамаарахгүй, нөгөө талаас Даатгалын гэрээний 11.9-д зааснаар нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгон тайлбарлаж байх боловч уг дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх нотлох баримтгүй байна. Өөрсдөө байгалийн эрсдэл гэж үзэж нөхөн төлбөрөө олгосон байна.

Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэхийг шалгах шаардлагатай. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүчтэй аадар бороо орсон. Тухайн үед агуулахын дээвэр бүрэн бүтэн байсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд гэж нөхцөлийг заасан. Гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзсэн бол бид тухайн үед нь маргах байсан. Бид тийм эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Бид ч байгалийн эрсдэл гэж үзэж байсан. Түрээслүүлэгчийн ямар буруутай үйл ажиллагаа байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч БД ХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн 79,905,878 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6.Хариуцагч К ХХК нь ямар буруутай үйл ажиллагааны улмаас ус алдсан гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч "ЮМ ХХК-д нөхөн төлбөр олгохдоо байгалийн эрсдэл учирсан үндэслэлээр олгосон, агуулахын дээврийн бүрэн бүтэн байдал алдагдсан талаарх нотлох баримтгүй, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүчтэй аадар бороо орсоны улмаас ус орсон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч БД ХК, "ЮМ ХХК нарын хооронд Хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон гэрч, зохигчийн мэдүүлгээр нотлогдсон. /1хх-ийн 8-8-27-р тал/

 

7.2 .... тоот хаягт байрлах К ХХК-ийн агуулахын дээвэр болон ханыг дагаж их хэмжээний ус орсоноос тус агуулахад хадгалагдаж байсан "ЮМ ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн (биологийн нэмэлт бүтээгдэхүүн) усанд норж, дахин ашиглагдах боломжгүйгээр даатгалын тохиолдол үүссэн байна.

 

7.3 Зохигч талууд 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо, мөндөр орсон, бараа бүтээгдэхүүн норсон, гэмтсэн үйл баримтад маргаагүй.

 

7.4 Нэхэмжлэгч БД ХК нь Хөрөнгийн даатгалын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1 "даатгалын зүйл нь үндсэн болон эргэлтийн хөрөнгө байна", 4 дүгээр зүйлийн 4.1.3 даатгалын эрсдэлд байгалийн эрсдэл-аадар бороо"-оос учирсан эрсдэл хамаарахаар харилцан тохиролцсон үндэслэлээр даатгуулагч "ЮМ" ХХК-д нөхөн төлбөрийг олгон шийдвэрлэсэн байна.

 

7.5 БД ХК нь даатгуулагч "ЮМ" ХХК-д эрүүл мэндийн бүтээгдэхүүний хохиролд 67,418,069 төгрөг, даатгуулагчийн ажилчдын зардалд 9,892,220 төгрөг, нийт 77,310,288 төгрөгийг, хохирол үнэлгээний "АБ" ХХК-нд 2,595,590 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн даалгавар, нөхөн төлбөр олгох тухай тушаал, хурлын тэмдэглэл, тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогджээ. /1хх-ийн 47-52-р тал/

 

7.6 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр К ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан, норж гэмтсэн бүтээгдэхүүний хохирлын үнэлгээ 67,418,069 төгрөг болох нь хэрэгт авагдсан АБ ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогдсон, уг үнэлгээнд зохигч маргаагүй. /1хх-ийн 33-47-р тал/

 

7.7 "ЮМ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "К" ХХК-тай "Агуулах болон оффис түрээсийн гэрээ"-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, тайлбараар тогтоогдсон./1хх-ийн 29-32-р тал/

 

8. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Даатгалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.6 дахь хэсэгт "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор тус тус тодорхойлсон.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч БД ХК болон "ЮМ ХХК нарын хооронд Даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээний үүргийн дагуу даатгагчаас нөхөн төлбөр олгосон байна.

 

Даатгагч БД ХК нь нөхөн төлбөр олгох үндэслэлийг даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 "даатгалын зүйл нь үндсэн болон эргэлтийн хөрөнгө байна", 4 дүгээр зүйлийн 4.1.3 даатгалын эрсдэлд байгалийн эрсдэл-аадар бороо"-оос учирсан эрсдэл хамаарахаар харилцан тохиролцсон үндэслэлээр олгосон гэж тайлбарладаг.

 

Талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний 4.1-т даатгалын зүйлийн дор дурдсан эрсдэлээс даатгана. Үүнд: Бараа материал болон тавилга эд хогшилын үндсэн эрсдэл: 4.1.3-т Байгалийн эрсдэл гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээнд тусгагджээ. /1хх-ийн 12-13-р тал/

 

9. Нэхэмжлэгч БД ХК нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, Даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.12 дахь заалт гэж тодорхойлсон.

 

9.1 Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зохицуулсан байна.

 

9.2 Зохигч 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр К ХХК-ийн агуулахад ус алдаж бүтээгдэхүүн гэмтэж, норсон үйл баримт хариуцагч К ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн эсэхэд, К ХХК болон "ЮМ ХХК нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр дээрх тохиолдолд хариуцагч К ХХК хариуцлага хүлээх эсэхэд маргаантай.

 

9.3 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ ...талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад Түрээслүүлэгч дараах үүрэгтэй гэсэн хэсгийн 5.2.2-д Ажлын байрны дээвэр хэвийн ...ажиллагааг болон түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах" 5 дугаар зүйлийн 5.2.8 дахь заалтад "Түрээслүүлэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Түрээслэгчийн барааны хадгалах горим алдагдсан ... тухайн бараа бүтээгдэхүүнийг Түрээслэгчийн импортын гаалийн үнээр, ... үнэлж хохирлыг Түрээслүүлэгч тал барагдуулах үүрэгтэй. Үүнд: в) түрээсийн талбайн дээврээс ус алдсан ...зэргээс үүдэн бараа бүтээгдэхүүн норсон" хэмээн түрээслэгч буюу ЮМ ХХК-ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд учирсан хохирлыг түрээслүүлэгч "К" ХХК барагдуулахаар тохиролцсон гэжээ.

 

9.4 "ЮМ ХХК, "К" ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн "Агуулах болон оффис түрээсийн гэрээ"-нд хариуцлагатай холбоотой дараах зохицуулалтыг тохиролцсон байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Түрээслүүлэгчийн үүргийг заасан байна. 5.2.2-т Ажлын байрны ...дээвэр...хэвийн ажиллагаа болон...хангах зэргээр түрээслэгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах 5.2.8-д Түрээслүүлэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түрээслэгчийн барааны горим алдагдсан, тоног төхөөрөмж эвдэрч гэмтсэн тохиолдолд энэ тухай үйлчлүүлэгч талд нэн даруй мэдэгдэж хоёр тал хамтран акт үйлдэн, тухайн бараа бүтээгдэхүүнийг Түрээслэгчийн импортын гаалийн үнээр, тоног төхөөрөмжийг дансан дээрх үлдэх өртгөөр үнэлж хохирлыг Түрээслүүлэгч тал барагдуулах үүрэгтэй. Үүнд: b) Түрээсийн талбайн дээврээс ус алдсан, дулааны шугам задарсан зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гэмтсэн гэжээ.

 

Хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн .... дүгээр тодорхойлолтод Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сарын 20-нд 15.0-21.0 мм дуу цахилгаантай усархаг аадар бороо, 9-10 мм голчтой мөндөр орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Улаанбаатар хотын Улаанбаатар, Хан-Уул өртөөдүүдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов гэж, тус газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтад ...2023 оны 08 сарын 02, 10, 16, 20-ны өдрүүдэд хүчтэй аадар бороо орсон байна...гэжээ. /1хх-ийн 248-249-р тал/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 даахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасанд үндэслэн үнэлэв.

 

Хэрэгт цугларсан баримтууд, тайлбараар зохигч 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний аадар бороо, мөндөр орсон үйл баримтад маргаангүй, харин уг байгалийн үзэгдлийн улмаас дээвэр нэвчиж ус алдсан эсэх эсхүл агуулахын дээврийн бүрэн бүтэн байдал, хийц ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй дутагдлаас үүссэн эсэх талаарх маргаангүй нотлосон баримт хэрэгт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр бүрдүүлсэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэрэглэгч үйлчилгээний газрын эксперт Л.Оюунбилэгийн гаргасан 0001626 тоот дүгнэлтэд дурдсан дээвэр, хийцийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэх хэсгийг Л.Оюунбилэгээс гэрчээр асууж тодруулсан.

 

Гэрч Л.Оюунбилэг нь ...барилгын бүтээц, хийц шалгах эрх байхгүй...дээврээс ус гоожсон нь илт байсан. Шинэвтэр байсан. Тэгэж дүгнэлтдээ оруулсан. Тэрнээс биш дээвэр хийц үзээгүй гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч К ХХК-ийн агуулахын дээврийн бүрэн, бүтэн байдалтай холбоотой гарсан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй тул шүүх үнэлэх боломжгүй./1хх-ийн 163-164-р тал/

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр "К" ХХК-иас нийт 79,905,878 төгрөг гаргуулах тухай БД ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч К ХХК-иас нөхөн төлбөрт шилжүүлсэн 79,905,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БД ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА