| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2025/00078/И |
| Дугаар | 191/ШШ2025/04486 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/04486
2025 05 19 191/ШШ2025/04486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:... тоот хаягт байрлах, ӨГ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт байрлах ЭЭДК ХХК /РД:...-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 53,947,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ӨГ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай компани "ЭЭДК" ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот Хабул 2 орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч нь захиалагчийн ... орон сууцны барилгын загвар зураг, дэвсгэр зураг хийлгэх, ерөнхий төлөвлөгөө, өндөржилт катограмм, барилга архитектур, барилга бүтээц, дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, дотор 2 гэрэлтүүлэг зэрэг ажлын зураг төсөл боловсруулах, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулах, зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь 96,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр .. тоот ... орон сууцны барилгын гадна инженерийн шугамын зураг төсөл боловсруулах гэрээгээр манай компани тус барилгын гадна цэвэр усан хангамжийн ажлын зураг, гадна ариутгах татуургын ажлын зураг, гадна цахилгаан, гадна гэрэлтүүлгийн ажлын зураг, гадна холбооны шугамын ажлын зураг төслийг боловсруулах, захиалагч талаас 20,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээн хамтран ажилласан бөгөөд тус гэрээнүүдийн дагуу манай зүгээс зохих ёсоор үүргээ биелүүлсэн.
Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төрийн эрх бүхий 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...... тоот Мэргэжлийн хяналтын байцаагчийн барилгын эх загвар зураг хянасан тухай дүгнэлт, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн барилгын ажлын зураг хянасан тухай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэргийг гаргуулан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зураг хүлээлцсэн акт үйлдэн захиалагч тал бүрэн хүлээн авсан байдаг.
Гэтэл хариуцагч тал гэрээгээр заасан төлбөрөө төлөөгүй өнөөдрийн хүртэл манай компанийг хохироосон байна. Манай компанийн зүгээс гэрээнүүдийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд төлөхгүй байсаар байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн дагуу захиалагч талд алданги тооцсон бөгөөд нийт алданги 58 сая төгрөг давсан байна.
Иймд Талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,964,980 төгрөг, алданги 7,982,490 төгрөг нийт 23,947,470 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн .. тоот ... орон сууцны барилгын гадна инженерийн шугамын зураг төсөл боловсруулах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргаж өгч манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "...... тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,946,980 төгрөг, алданги 7,982,490..... тоот гэрээний үүрэгт 20,000,000 сая төгрөг, алданги 10,000,000 сая төгрөг нийт 30,000,000 сая төгрөгийг гаргуулах..." буюу нийт 53,947,470 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шаарджээ.
1.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ "...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэргийг гаргуулан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зураг хүлээлцэх акт үйлдэн захиалагч талд бүрэн хүлээн авсан байдаг..." гэжээ. Бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч тал нь магадлалын нэгдсэн дүгнэлтийг манай талд хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч талтай байгуулсан ... тоот гэрээний 3.2 дахь хэсэгт "...зураг төсөл, түүнтэй холбоотой баримт бичгийг гэрээт хугацаанд нь боловсруулж захиалагчид хүлээлгэж өгнө..." гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч тал нь өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба энэ тухай манай зүгээс зураг төслөө бүрэн хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч манай талд магадлалын нэгдсэн дүгнэлтийг одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байдаг. Хэрэв нэхэмжлэгч нь зураг төслөө тухайн цаг үед нь бүрэн хүлээлгэж өгсөн байсан бол манайх төлбөрөө цаг тухайд нь төлөх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байж манайхаас алданги нэхэх нь байж боломжгүй асуудал болно. Иймд манай зүгээс тухайн гэрээний алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгч талын гаргасан барилга бүтээцийн зургийн А блокийн 1-8 дугаар давхрын хучилтын хэвний байгуулалт гэх хэсэгт гаргасан шаахтны гурван нүхний зургийг буруу гаргасан буюу үүнээс үүдэн 1-9 дүгээр давхрын нийт 27 шаахтны нүхний хэмжээг зургийн дагуу гүйцэтгэсэн боловч цэвэр бохир, дулааны сангийн шугам болон агааржуулах салхивчны босоо шугамуудыг зургийн дагуу хийхэд нүхэнд багтахгүй нөхцөл байдал үүссэн. Дээрх алдааг манай байгууллагын зүгээс өөрсдийн хөрөнгөөр дахин засаж сэтлэх, нүхний хэмжээг томсгох ажлыг хийлгэсэн болно. Үүнд манай компани шаахтны нүхийг дахин томруулж засварлахад нийт 2,700,000 төгрөгийн зардал гарсан болно. Үүнийг бид үндсэн гэрээний төлбөрт төлөх 35,946,980 төгрөгөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна.
3. Мөн барилгын явцад манай компанийн зүгээс зургийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах захиалга, хүсэлтийг нэхэмжлэгч талд гаргасан боловч одоог хүртэл бидэнд өөрчлөлтийн зургийг гаргаж хүлээлгэж өгөөгүй болно. Цаашид барилга бүрэн дуусах хүртэл хугацаанд зурагт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд нэхэмжлэгч дээрх үйлдэл, эс үйлдлийг гаргавал бидний ажилд цаг хугацааны хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Энэ нь бидний тавьсан зургийн өөрчлөлтийг гаргаж өгөөгүй зургийн үндсэн баталгаажуулалт болох барилгын зургийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүлээлгэж өгөөгүйгээс харагдаж байна.
4. Манай байгууллагын зүгээс шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авах үед нэхэмжлэгч талын гүйцэтгэх захирал Ц.Бтэй /.../ утсаар хариуцагч талын гүйцэтгэх захирал Ч.Б /.../ холбогдож эвлэрэх, төлбөр барагдуулах талаар уулзаж харилцан тохиролцох тухай санал тавьсан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй болно.
Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаас ... тоот ажил гүйцэтгэх гэрээ болон .. тоот ... орон сууцны барилгын гадна инженерийн шугамын ажил гүйцэтгэх хоёр гэрээний алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ӨГ ХХК нь хариуцагч ЭЭДК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 53,947,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.1 Нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а/ .... орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн үүрэгт 15,964,980 төгрөг, алданги 7,982,490 төгрөг нийт 23,947,470 төгрөг,
б/ Зураг төсөл боловсруулах гэрээ-ний үндсэн үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулна гэжээ.
6. Хариуцагч "ЭЭДК" ХХК-ийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх гэрээний эрх зүйн харилцаанд маргаагүй, гэрээ тус бүрийн үндсэн үүрэг нийт 35,964,980 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 17,982,490 төгрөгийг нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа учир алдангийг төлөхгүй гэж маргасан.
7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч ӨГ ХХК, хариуцагч "ЭЭДК" ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот Ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр .. тоот ...орон сууцны барилгын гадна инженерийн шугамын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчийн маргаангүй тайлбараар нотлогдсон. /хх-ийн 8-20-р тал/
7.2 Талууд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ӨГ ХХК нь захиалагчийн ...Орон сууцны барилгын загвар зураг, дэвсгэр зураг хийлгэх, ерөнхий төлөвлөгөө, өндөржилт катограмм, барилга архитектур, барилга бүтээц, дотор халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, холбоо дохиолол, хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг зэрэг ажлын зураг төсөл боловсруулах, зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулах, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу хариуцагч "ЭЭДК" ХХК нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, графикийн дагуу төлөхөөр тус тус тохиролцож, гэрээний үнийг 96,000,000 төгрөгөөр тохиролцжээ.
7.3 Дээрх гэрээний дагуу хариуцагч 96,000,000 төгрөг төлөх үүргээс 15,964,980 төгрөг төлөөгүй харин үлдэх хэсгийн үүргийг гүйцэтгэсэн үйл баримтад зохигч маргаагүй.
7.5 Дээрх гэрээний үүргийн 20,000,000 төгрөгийг хариуцагч "ЭЭДК" ХХК нь төлөөгүйд болон нэхэмжлэлийн шаардлагын уг дүнг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
8. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талууд гэрээний харилцаанд маргаагүй.
8.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар гэрээний талуудын хүлээх үүрэг тодорхойлогдоно.
Захиалагч буюу хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдэл 35,964,980 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй. /15,964,980+10,000,000 төгрөг/
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 351.1.2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан тул хөлс төлөх үүрэгтэй.
8.2 Зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги шаардах эрхтэй эсэхэд маргаантай.
Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар тохирсон хугацаанд алданги төлөх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй үндэслэлээр алданги шаардсан, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн магадлалын нэгдсэн дүгнэлт-ийг захиалагч талд хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр алданги төлөхөөс татгалзсан.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...... тоот Мэргэжлийн хяналтын байцаагчийн барилгын эх загвар зураг хянасан тухай дүгнэлт, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн барилгын ажлын зураг хянасан тухай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэргийг гаргуулан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зураг хүлээлцсэн акт үйлдэн захиалагч тал бүрэн хүлээн авсан гэж тайлбарлаж, баримтыг хэрэгт гарган өгсөн байна./хх-ийн 21-21-р тал/
Талууд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зураг, төсөл хүлээлцэх акт үйлдэн ажлын үр дүнг хүлээлцсэнд маргаагүй. Хэн аль нь шүүхэд уг баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтын 10 дугаарт хүлээн аваагүй тэмдэглэгээтэй, хариуцагч талаас гаргасан баримтын 9 дугаарт хүлээн аваагүй тэмдэглэгээтэй, уг бичвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч тэмдэглэсэн, 10 дугаарыг 9 дүгээр мөрөнд андууран тэмдэглэсэн гэж хариуцагч тал тайлбарласан.
Улмаар хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Зураг, төсөл хүлээлцэх акт-д дурдсан Магадлалын нэгдсэн дүгнэлт баримтыг эх хувиар нэхэмжлэгч тал хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч уг баримтыг тодруулан, өгөөгүй тохиолдолд хариуцагч талд гарган өгөх боломжтой гэж тус тус тайлбарлаж байна. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүх хариуцагч үндсэн гэрээний харилцаа болон, гэрээний үндсэн үүрэг болох хөлс төлөх харилцаанд маргаагүй учир алдангийг төлөхөөс татгалзсан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул алдангийн харилцааг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 4.4-т төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Талууд ... тоот гэрээний хугацааг 2023.12.31-ний өдөр болгон сунгасан байх тул 2023.12.31-2024.11.30 хүртэл, 2 дахь гэрээний тухайд ажлын үр дүнг хүлээлцсэн 2023.06.22-2024.11.30 хугацаагаар тус тус алдангийг тооцож, хуульд заасан 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭДК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 427,688 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ӨГ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ЭЭДК ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт 35,964,980 төгрөг, алданги 17,982,490 төгрөг, нийт 53,947,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ӨГ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлИЙН 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭДК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 427,688 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ӨГ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА