2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/04487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 19 191/ШШ2025/04487

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л ХХК /...давхарт оршин байх, РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МД ХК /....байранд оршин байх, РД:.../-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 249,335,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай Л" ХХК нь МД" ХК-тай 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай "Даатгалын гэрээ"-г байгуулсан. Гэрээний хугацаанд буюу 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр даатгалын тохиолдол үүсэж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч "МИ" ХХК буюу "ЭПК" ХХК-д "Л" ХХК-ийн төлөх хохирлын үнэлгээг эцэслэн тогтоосон.

Бид даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг тухай бүрд нь нэхэмжилсэн хэдий ч "МД" ХК болон "МЗХ"-оос үндэслэлгүйгээр татгалзсан хариу ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 165,500,000 төгрөгийн хохирлын төлбөрийг "МД" ХК-иас нэхэмжилж байна.

Л ХХК нь МИ" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан страйкер брэндийн ... гинжит өөрөө явагч, бутлагч автомашин ачааг ... боомтоос... боомтоор нэвтрүүлэн ... уурхайд хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан.

Бид ... боомтод гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хийж дуусган тээвэрлэгч байгууллагаар "О" ХХК-ийг сонгосон ба тус компанийн ... улсын дугаартай North Benz маркийн автомашины жолооч А.Г нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ачааг тээвэрлэх явцдаа ... 30 км зайд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж онхолдон ачаанд гэмтэл учруулсан байдаг. Ослын мэдээллийг авсан даруйд "МИ" ХХК болон "МД" ХК-д тус тус мэдэгдэж 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр талуудын төлөөлөгчид газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан зам тээврийн ослыг бүртгүүлж, даатгалын тохиолдлыг мэдээлсэн байдаг.

"МИ" ХХК-ийн бутлагч машины засвар, хохирлын төлбөрт нэхэмжилсэн нийт дүнгээс "Л" ХХК-иас нэхэмжлэх хохирлын дүнг тогтоох шүүх ажиллагаа нийт арав гаруй жил үргэлжилсэн бөгөөд даатгалын тохиолдол үүссэн үеэс "МД" ХК-д хандаж нөхөн төлбөрийг нэхэмжилсээр ирсэн хэдий ч тухайн хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэдгээ "МД" ХК-ийн зүгээс мэдэгдсэний дагуу бид хэрэг маргааныг иргэний хэргийн гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж дууссаны дараа нөхөн төлбөрийн дүнг олгох тухай хүсэлт гаргаж, холбогдох материалыг хүргүүлсэн.

Гэвч "МД" ХК шүүхийн шийдвэр болон даатгалын гэрээний утга агуулгыг өөрт ашигтайгаар санаатай мушгин гуйвуулж даатгуулагч талын үүрэгт хамааралгүй үндэслэлээр буруутган даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

"МЗХ"-нд энэ талаар гомдол гаргасан хэдий ч "МД" ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж буруу дүгнэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн болно.

Манай компанийн хүлээх хариуцлагыг гурван шатны шүүхийн шийдвэр гарч 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн ... дугаартай хяналтын шатны шүүхийн тогтоолоор тодорхойлсон ба ийнхүү тодорхойлохдоо манай компанийг тээвэрлэгч хэмээн тодорхойлсон байдаг. Тодруулбал "О" ХХК-ийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс үүдэн осол гарч, ачаа гэмтсэн нь тогтоогдсон ба энэ нь МИ" ХХК-ийн өмнө манай компанийн хүлээсэн ачааг бүрэн бүтэн хүргэх" үүргийн зөрчил болох учир манай компани Иргэний хуулийн 219.1, 380.1-т заасны дагуу хохирлыг төлөхөөр болсон.

Хяналтын шатны шүүхээс манай хариуцлагыг тогтоосон дүнг бид даатгалын нөхөн төлбөр шаардаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Ийнхүү манай компани ачааны өмчлөгчийн өмнө хариуцлага хүлээх нь тодорхой болсон байтал "О" ХХК-ийг тээвэрлэгч гэж үзэхгүй хэмээн маргах нь үндэслэлгүй юм. "Даатгалын гэрээ"-нд ачааг бусдаар тээвэрлүүлэхэд хариуцагчаас зөвшөөрөл авахаар тохироогүй.

Иймд даатгалын тохиолдол бий болоогүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараа "МД" ХК-д даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлт гаргасан боловч "МИ" ХК-ийн ачаанд үүссэн гэмтэл нь "Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүдсэн" гэсэн шалтаг хэлж даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй.

Бодит байдал дээр зам тээврийн осол, ачааны гэмтэл нь ачааны бэхэлгээнээс болж үүсээгүй гэдгийг гурван шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн прокурорын тогтоол зэрэгт маш тодорхой заасан байдаг. Иймээс, ачааны гэмтэл нь бэхэлгээнээс болж үүсээгүй нь тодорхой, ачааны гэмтэл Даатгалын гэрээний 14.4.9.11-т заасан нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдолд хамаарахгүй байх тул дээрх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Даатгалын гэрээний 14.4.9.25-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүсээгүй.

Иргэний хуулийн 433.1 болон Даатгалын тухай хуулийн 9.1.5-д зааснаар даатгалын баталгааг даатгуулагчид олгох нь даатгуулагчийн үүрэг юм. Хариуцагч нь ачааны талаарх мэдээллийг бүрэн авсан ч даатгалын баталгааг өгөөгүй. Иймд "МД ХК манай компанийг даатгалын баталгаа аваагүй гэж маргах эрхгүй.

Цаашилбал, Иргэний хуулийн 413.1, Даатгалын тухай хуулийн 10.1.1-т заасны дагуу даатгалын тохиолдолд бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 444.1-т хариуцлагын даатгалаар даатгагч даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийг хариуцах үүрэгтэй, Даатгалын тухай хуулийн 7.1, "Даатгалын гэрээ-ний 7.1-т даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу манай компани ачаа тээврийн хохиролд төлсөн 165,500,000 төгрөг буюу даатгалын нөхөн төлбөрийг "МД" ХК-иас гаргуулан авах эрхтэй.

Нэгэнт манай компани ачаа гэмтсэний улмаас учирсан хохиролд 165,500,000 төгрөгийг ачааны өмчлөгч "ЭПК" ХХК (шүүхийн шатанд МИ" ХХК-ийн эрх залгамжлагчаар оролцсон)-д шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн, тухайн ачаа гэмтсэн үйл баримт нь "Даатгалын гэрээ"-нд заасан даатгалын тохиолдол болох нь тогтоогдсон.

Түүнчлэн манай компани хариуцагчид цаг хугацаанд нь даатгалын хураамжийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Гэвч даатгалын тохиолд бий болж, бүх үйл баримт шүүхээр тогтоогдсон байхад нөхөн төлбөр авч чадахгүй байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч МД" ХК-иас даатгалын нөхөн төлбөрт нийт 165,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Хариуцагч МД" ХК-иас нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн гэрээний хариуцлага болох алдангид 82,750,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 985,450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 100,000 төгрөг, нийт 83,835,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1. Алдангийн хувьд: "МД" ХК-тай байгуулсан Даатгалын гэрээ-ний 7.1-т "даатгуулагч даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй", 11.1-т "даатгагч нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө" гэж тохирсон. Манай компани 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр "ЭПК" ХХК ("МИ" ХХК-ийн эрх залгамжлагч)-д гэрээний хариуцлага, ачаа тээвэрт учруулсан хохирол болох 165,500,000 төгрөгийг төлөхөөр болсон.

Гэтэл даатгагч нь тухайн даатгалын тохиолдол бий болсон хугацаанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 497 хоногийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй. Энэ хугацаанд нийт 386,442,500 төгрөгийн алданги бодогдсон. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй учир нийт тооцогдсон алдангиас 82,750,000 (наян хоёр сая, долоон зуун тавин мянга) төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт нэхэмжилж байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: "Даатгалын гэрээ-ний 14.4.6-т тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхөөр заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол тухайн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар гаргуулдаг "ЭПК" ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааны хяналтын шатны шүүхийн шийдвэрээр манай компаниас 985,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийн дагуу бид улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд Даатгалын гэрээний 14.4.6 болон 7.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн дүнг гаргуулан авахаар нэхэмжилж байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардлын хувьд: Иргэний хуулийн 444.1-т "Хариуцлагын даатгалаар даатгагч нь гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаас даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй" гэж заасан. "ЭПК" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан даруйд нөхөн төлбөрийг гаргуулахаар МД ХК-д хандсан. Гэтэл хариуцагч нөхөн төлбөр олгох хүсэлтэд үндэслэлгүйгээр татгалзсан. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа эхэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардал болох 100,000 төгрөгийг манай компаниас гаргуулсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасныг үндэслэн 83,835,450 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт нийт 249,335,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч МД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Л" ХХК-ийн нэхэмжлэлтэй "МД" ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй, даатгалын тохиолдол бий болоогүй тухайд: "МД ХК" нь "Л" ХХК-тай 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №... дугаартай даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээгээр хариуцагч МД ХК нь ачаа тээвэрлэгчийн тээж яваа ачаа бараанд тээвэрлэлтийн, галын, байгалийн, сантехникийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн, хулгай дээрмийн гэх үндсэн эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага буюу "Л" ХХК-ийн үйл ажиллагааны хариуцлагыг даатгасан.

Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Л ХХК нь "МИ" ХХК-тай Тээврийн зуучийн үйлчилгээний" гэрээ гэж нэрлэсэн тээвэрлэлтийн гэрээг байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь "МИ" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг ... боомтоос ... боомтоор нэвтрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхайд тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр хүргэх, МИ" ХХК нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Гэтэл "Л" ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг ...уурхай хүртэл тээвэрлэх үүргээ өөрөө гүйцэтгэх бус харин "О ХХК-аар гүйцэтгүүлэхээр тухайн компанитай аман гэрээ байгуулсан байдаг. Энэ тухайгаа Л ХХК нь "МИ" ХХК болон МД ХК-ийн хэн алинд огт мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байдаг.

Ийнхүү Л ХХК нь тээвэрлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр, даатгагчид мэдэгдэлгүй өөрийн үүргийг аман гэрээний дагуу О ХХК-аар гүйцэтгүүлэхээр дур мэдэн тохирсон дагуу "О ХХК-ийн жолооч А.Г нь Норд бенз маркийн ... тоот улсын дугаартай автомашинаар Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг ... уурхайд тээвэрлэн хүргэхээр тээвэрлэх явцдаа ... сумаас 30 км зайд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр онхолдож, гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрт хохирол учруулсан байдаг.

Энэ үйл баримт болон гэм буруугийн талаар ... аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоол зэрэгт тодорхой тусгагдсан, эдгээр шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд:

2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай даатгалын гэрээний дагуу "О ХХК-ийн үйл ажиллагаанаас үүсэх хариуцлагыг "МД" ХК даатгаагүй тул тус компанийн бусдад учруулсан хохирол, хүлээх хариуцлагыг даатгалын зүйл гэж үзэх үндэслэлгүй,

2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай даатгалын гэрээний 14.1.1, 14.3-т тээвэрлэгч гэж Л ХХК-ийг ойлгохоос гадна "Л ХХК-ийн санал болгосныг даатгагч зөвшөөрсөн тээвэрлэгчийг тээвэрлэгч гэж ойлгохоор заасан тул бидэнд мэдэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй О ХХК-ийг даатгалын гэрээнд заасан тээвэрлэгч гэж үзэх үндэслэлгүй,

"Л" ХХК нь ... аймгийн ... уурхай хүртэл тээвэрлэлт хийгээгүй, бусдаар тээвэрлүүлж байгааг бидэнд мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тул хариуцагч "МД" ХК-ийн зүгээс даатгалын зүйлд, даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учирсан даатгалын тохиолдол бий болоогүй үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тухайд: Дээр дурдсанчлан талуудын хооронд 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №... дугаартай даатгалын гэрээ, "Л ХХК нь "МИ" ХХК-тай "Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ, "Л ХХК нь "О ХХК- тай аман гэрээ байгуулсан гэдэгт хариуцагчийн зүгээс маргахгүй.

"О" ХХК-ийн жолооч А.Гын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зам тээврийн осолтой холбоотойгоор МИ" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан бөгөөд уг хохиролтой холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолуудаар эцэслэн шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч "Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн ... "О" ХХК-ийн жолооч А.Г осол гаргасан тул манайх хариуцахгүй, манай байгууллага гэмт хэрэг үйлдээгүй, манай байгууллагын гэм буруутайг тогтоогоогүй гэх тайлбар үндэслэлгүй, "МИ" ХХК болон "Л ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний улмаас хохирлыг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, хариуцагч Л" ХХК, нэхэмжлэгч "МИ" ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна" гэж дүгнэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолын 15 дах хэсэгт "... "О" ХХК-ийн жолооч А.Г зам тээврийн осол гаргасны улмаас Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт гэмтэл учирсан хэдий ч "Л ХХК нь "МИ" ХХК-тай байгуулсан гэрээ болон хуульд зааснаар уг техникийг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн, тогтоосон газар хүргэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй.

"Л" ХХК нь "О" ХХК-ийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ МИ" ХХК-д мэдэгдээгүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, бутлагч техникийг осолдож гэмтэхэд буруутай үйлдэл гаргасан тул гүйцэтгэсэн үүргийн үр дагавар буюу учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэх гомдлын энэ хэсгийг хангаж, үлдэх буюу учирсан хохирлын дүн үндэслэлгүй" гэж тус тус дүгнэсэн. Дээрхээс үзэхэд даатгуулагч нь тус ачааг тээвэрлүүлэхдээ хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ачаанд хохирол учирсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гомдлоор даатгуулагч нь өөрөө явагч бутлагч үйлдвэрийг ачихдаа талуудын хооронд байгуулсан Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2-т зааснаар "Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулах" үүргээ биелүүлээгүй бөгөөд үйлчлүүлэгчээс ачаа ачих зааварчилгаа аваагүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ачаа унаж гэмтсэн болох нь нотлогдож байна.

Энэ тохиолдол нь ч талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №... дугаартай даатгалын гэрээний 14.4.9 дэх хэсгээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар тохирсон нөхцөл болох 14.4.9.11-т "Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол гэмтэл"- д нөхөн төлбөр олгохгүй байх гэсэн заалтад хамаарч байгааг мөн энд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд даатгалын тохиолдол бий болоогүй, Л ХХК нь тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс буюу үйлчлүүлэгчээс ачаа ачих зааварчилгаа аваагүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй байдлыг хангаагүйн зэрэгцээ тээвэрлүүлэгч болон даатгагчид мэдэгдэлгүйгээр, дур мэдэн өөрийн үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр шилжүүлснээс өмчлөгчид хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул "МД ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг гаргуулах тухай "Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Л ХХК-ийн, "МД" ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна ...Нэхэмжлэгч "Л" ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай даатгалын гэрээний 14.5-д зааснаар дараах тусгай үүргийг хүлээсэн байдаг. "Л" ХХК нь даатгалын гэрээний 14.5.2-т зааснаар "Даатгуулагч нь ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд хамрагдахдаа тухайн тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой дараах зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулах" тусгай үүргийг хүлээсэн байна.

Даатгуулагч нь 14.5.2-т заасан тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой даатгалын баталгааг авахдаа 14.5.2.1-д зааснаар "Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр. 14.5.2.2-д "Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн дугаар, 14.5.2.3-д "Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт" заргийг даатгагчид мэдэгдэн тээвэрлэлт хийхээс өмнө даатгалын баталгааг авч баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгч "Л" ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "МИ" ХХК-тай "Тээврийн зуучийн үйлчилгээний" гэрээ гэж нэрлэсэн тээвэрлэлтийн гэрээг байгуулж, "МИ" ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсан гинжит өөрөө яваг бутлагч үйлдвэрийг ... боомтоос ... боомтоор нэвтрүүлэн ... уурхайд тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр хүргэх гэж байгааг болон уг гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Страйкер брэндийн ... маркийн гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг ... аймгийн ...сумаас Өмнөговь аймгийн ... уурхай тээвэрлэх үүргээ О" ХХК-аар гүйцэтгүүлэх гэж байгаа гэдгээ "МД ХК-д мэдэгдэж, даатгалын баталгааг авч баталгаажуулах тусгай үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.

Иймд "МД" ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг, мөн нөхөн төлбөр хугацаанд нь олгоогүйн алдангид 82,750,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 985,450 төгрөг, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардал болох 100,000 төгрөг, нийт 249,335,450 төгрөг гаргуулах тухай "Л" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 165,500,000 төгрөг, алданги 82,750,000, шүүхийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,450 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 100,000 төгрөг нийт 249,335,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх-ийн 111-112-р тал/

 

6. Хариуцагч МД ХК нь даатгалын тохиолдол бий болоогүй, даатгуулагч гэрээнд заасан тусгай үүргээ биелүүлээгүй, гэрээнд зааснаар тээвэр хийх жолоочийн талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

7. Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Л ХХК хариуцагч МД ХК нарын хооронд 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр... дугаар Даатгалын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон./хх-ийн 6-15-р тал/

 

7.2 Даатгалын гэрээний 3.1-д даатгалын нийт үнэлгээ 1,500,000 доллар, даатгалын нийт хураамж 15,000 доллар байх, 4.1-т гэрээний хугацаа 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 24 цаг хүртэл байх, 14.2-т даатгалын эрсдэл зэргийг тус тус тохиролцжээ.

 

7.3 Гэрээний хүчин төгөлдөр байдал болон даатгуулагчийн хураамж төлөх үүрэг биелүүлсэнд зохигч маргаангүй.

 

7.4 О ХХК-ийн жолооч А.Г нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Норд бенз маркийн ... тоот улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа ... аймгийн ... суманд онхолдож, осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн А.Год холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

7.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

 

ЭПК ХХК-ийн нэхэмжлэлтэй Л ХХК болон О ХХК нараас учирсан хохиролд 917,227,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01175 дугаар тогтоол хэрэгт авагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дараах үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 22-33-р тал/ Үүнд:

 

7.5.1 Нэхэмжлэгч МИ ХХК-ийг эрх залгамжлан авагч ЭПК ХХК-иар сольсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ЭПК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон талаар дүгнэжээ.

 

7.5.2 МИ ХХК, Л ХХК нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд тээвэрлэгч тал Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг ... аймгийн ... сумаас ... сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргэж өгөх, тээвэрлүүлэгч нь үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

7.5.3 Зохигчийн хооронд Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7.5.4 Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Л ХХК О ХХК-тай аман гэрээ байгуулж, О ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн ... улсын дугаартай, А.Г жолоочтой автомашинаар Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг ... аймгийн сумаас сумын нутагт байрлах Овоотын уурхайд хүргэхээр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

7.5.5 О ХХК-ийн жолооч А.Г ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаар ...тээвэрлэх явцдаа ... аймгийн... сумаас 30 келометрийн зайд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр онхолдож, Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг эвдсэн болох нь зохигчийн тайлбар, ... аймгийн прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоол, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

7.5.6 Нэхэмжлэгч тал гэрээний улмаас учирсан хохирлоо 2 хариуцагчаас тэнцүү шаардаж байгаа тул нэхэмжлэгч МИ ХХК-д учирсан хохирол 331,000,000 төгрөгийн 50 хувь болох 165,500,000 төгрөгийг Л ХХК хариуцан арилгах үүрэгтэй.

 

7.5.6 О ХХК-ийн жолооч А.Г зам тээврийн ослын улмаас Страйкер брендийн ... маркийн гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт эвдрэл гэмтэл учирсан хэдий ч Л ХХК нь МИ ХХК-тай байгуулсан гэрээ болон хуульд зааснаар уг техникийг эвдрэл гэмтэлгүй бүрэн, бүтэн, тогтоосон газар хүргэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тус тус дүгнэжээ.

 

8. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Даатгалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.6 дахь хэсэгт "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор тус тус тодорхойлсон.

 

Зохигчийн хооронд 2012.02.02-2023.02.01-ний хугацаагаар, Тээвэрлэгч тээж яваа ачаа, барааны өмчлөгч, эзэмшигчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг тээвэрлэлтийн үеийн, галын, байгалийн, сантехникийн, Зам тээврийн хөдөлгөөний үеийн, гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн, хулгай, дээрмийн зэрэг эрсдэлийг даатгах нөхцөлтэй даатгалын гэрээ байгуулагдсан.

 

Тус гэрээний хавсралт-1 хэсэгт Тээвэрлэх хөрөнгийн нэр: Бүх төрлийн бүтээгдэхүүн, Жолоочийн овог, нэр: Тухайн үед даатгалд мэдэгдэх болно, Үнэлгээ: 1,500,000.00 доллар, Даатгалын мэдээлэл: Нэг удаагийн тохиолдол: 1500000 ӨХХ: 1000, хувь:1 гэжээ./хх-ийн 15-р тал/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

 

8.1 Зохигч даатгалын тохиолдол бий болсон эсэх, гэрээгээр тохирсон нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн эсэхэд маргасан.

Даатгалын гэрээний 14.4.9-д Дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны 14.4.9.11-т Сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол, гэмтэл гэж заасан.

 

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 14.5.2-т Даатгуулагч нь ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд хамрагдахдаа тухайн тээвэрлэлт бүрд ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой дараах зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулна. Үүнд: 14.5.2.1-т Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр, 14.5.2.2-т Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар, 14.5.2.3-т Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт, 14.5.2.4-т ачааны серийн дугаар, 14.5.2.5-т бусад шаардлагатай мэдээлэл, 14.5.2.8-д Ачааны сав баглаа, боодол, бэхэлгээг сайтар хийх зэрэг тусгай үүргийг даатгуулагч хүлээхээр тусгасан байна.

 

Даатгуулагч буюу нэхэмжлэгч Л ХХК-ийг даатгалын гэрээнд заасан тусгай үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв. Тухайлбал гэрээнд зааснаар тээвэр хийх жолоочийн талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, сав баглаа боодол, ачааны бэхэлгээний шаардлага хангаагүйгээс үүссэн хохирол...гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаар гэрээнд заасан тусгай үүргээ биелүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Тус хэргийн материалд нотлох баримтын шаардлага хангасан 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтүүд авагдсан./хх-ийн 17-19, 217-218-р тал/

 

... аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шинжээчийн дүгнэлтэд хийгдсэн байх ба уг дүгнэлтэд ...тээврийн хэрэгсэл онхолдсон нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм стандартын шаардлагыг зөрчсөнөөс гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Бутлуурын хийцийн онцлог, механизм, бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгж эзлэхүүнд ногдох ачаалал, чирэгч автомашин дээр ачихад ачаатай өндөр /нийт/ нь Монгол улсын стандарт Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага MNS4598:2011-ийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс чирэгч автомашины тогтворжилт алдагдаж /хүндийн төв дээш шилжиж/ онхолдолд үүссэн гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Л ХХК-тай тээвэрлэлтийн аман гэрээний дагуу үүрэг гүйцэтгэж байсан О ХХК-ийн жолоочийн гаргасан дээрх осол нь ... ачих стандартын шаардлага хангаагүйгээс хүндийн жин алдагдан осол гарсан агуулгыг дүгнэсэн. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Л ХХК нь ачааг бүрэн, бүтэн, тогтоосон газарт хүргэх МИ" ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухай дүгнэсэн.

 

Даатгалын зүйл нь даатгуулагч Л ХХК-ийн өмчлөгчийн өмнө буюу МИ" ХХК-ийн өмнө хүлээсэн хариуцлага байх тул тээвэрлэгч буюу О ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг, тээвэрлэлт хийх явцад үүссэн хариуцлагыг хэлэлцэж буй маргааны хувьд даатгалын тохиолдол бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай Даатгалын гэрээний 14.1.1, 14.3-т зааснаар даатгагчид даатгуулагч нь О ХХК-иар тээвэрлэлт хийлгэх талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр /гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр/ нэхэмжлэгч Л ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн төлбөр болох 165,500,000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт, улсын тэмдэгтийн хураамжид гаргуулсан 985,450 төгрөгийг, мөн түүнээс улбаалсан алданги, зардал зэргийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,450+577,127 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХК-нд холбогдох нийт 249,335,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,562,577/985,450+577,127/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА