| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/04786/И |
| Дугаар | 191/ШШ2025/05226 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/05226
2025 06 09 191/ШШ2025/05226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: АДСА ХХК /... тоот хаягт оршин байх, РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч 1: АМ ХХК /... тоотод оршин байх, РД:.../,
Хариуцагч 2: Б овогт Б.Э /...тоотод оршин суух, РД:.../,
Хариуцагч 3: Б овогт С.Б /... тоотод оршин суух, РД:.../ нарт холбогдох,
АМ ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө Бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр шилжсэн .... талбай бүхий, ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э,
Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б,
Хариуцагч С.Бын өмгөөлөгч: А.Т
Хариуцагч АМ ХХК-ийн өмгөөлөгч: Л.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нар оролцов.
Хариуцагч Б.Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АДСА ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай компани нь "АМ" ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ... тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 6700 м.куб хэмжээтэй 1,100,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг өөрийн барьж буй барилгуудад нийлүүлэн авахаар тохиролцсон.
Гэрээний 5.2.1-д дээрх бетон зуурмагийн төлбөрт 220,000,000 төгрөгт тооцож, Ланд круйзер 200 маркийн автомашин, 5.2.2-т "ХУД-ийн 4 дүгээр хороо, ... Байрлалтай 226 м.кв талбай бүхий сингл хаусыг 880,000,000 төгрөгт тооцож, шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээ байгуулагдмагц автомашиныг шилжүүлж өгсөн бөгөөд бетон нийлүүлэлт бүрэн хийгдээгүй.
Талуудын хооронд 1,000,000,000 төгрөгийн гэрээ хийгдээд, бодитоор 330,000,000 төгрөгийн бетоныг нийлүүлж чадсан. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор 1,100,000,000 төгрөгийн 6700 м3 бетон нийлүүлэх ёстой байсан. АМ ХХК дээрх хэмжээндээ хүлээлгэж өгч чадаагүй. Гэрээгээр тохирсон чанарын буюу эд хөрөнгийн тоо хэмжээндээ хүрээгүй учраас худалдан, худалдан авах гэрээг цуцлах эрх АДСА ХХК үүссэн. Иргэний хуулийн 256.1.1-д заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой холбогдуулж, гэрээ цуцлах журам үйлчилнэ. Цуцалсны үр дагавар нь харилцан өгсөн, авснаа буцаах тул 880,000,000 төгрөгийн 230 м.кв хаусын хэмжээнд бетон бэлтгэн нийлүүлэлт хийгээгүй тул буцаан шаардсан. 880,000,000 төгрөгт тооцож өгсөн хаусныхаа гэрчилгээг авъя гэтэл хаусыг бусдад шилжүүлсэн байсныг хожим мэдсэн.
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар "АМ" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.Эт 30,000,000 төгрөгөөр, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх худалдах худалдан авах гэрээгээр Б.Э нь иргэн Б.Эт 30,000,000 төгрөгөөр, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх Бэлэглэлийн гэрээгээр Б.Э нь иргэн С.Бт тус тус шилжүүлсэн байна.
"АМ" ХХК-ийн захирал А.Гын хүсэлтийн дагуу "АДСА" ХХК-ийн захирал Э.В нь тус объекттой холбоотой эрхүүд /худалдах, бэлэглэх, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах гэх мэт/-ийг нэхэмжлэгчийн өмнөөс эдлэх бүрэн эрхийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал А.Гт 2019.10.14-ний өдрийн итгэмжлэлийг 3 сарын хугацаатай олгосон. Тус итгэмжлэлийн дагуу итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл дээрх хөрөнгөтэй холбоотой эрхийг нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь эдлэх эрхтэй байсан.
Гэтэл итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Этай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2- т "төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно" гэж, 67.2.6-т "бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан гэж заасан. Гэтэл итгэмжлэлд заасан хугацаа дууссанаар А.Гын төлөөлөх эрх дуусгавар болсон байтал тэрээр Б.Этай гэрээ байгуулсан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан "...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн" шинжид хамаарч байх тул А.Г, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Дээрх гэрээгээр шилжсэн ... үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан Б.Э тус хөрөнгөө 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б.Эт худалдсан. Харин Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр С.Бт ... тоот үл хөдлөх хөрөнгийг бэлэглэжээ. Б.Э нь нас барсан хэдий ч тус хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагаврыг бий болгож байдаг.
Бэлэглэлийн гэрээг үнэ төлбөргүй авсан. Хариуцагч С.Бын хувьд шударга өмчлөгч зөвхөн хууль ёсны хөрөнгийн хувьд л яригдана. Бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүй байгуулчхаад эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж ярих эрх байхгүй. Тухайн эд хөрөнгийг шилжүүлэхдээ гэрээ нь хүчин төгөлдөр байхын тулд 2 гол нөхцөлийг шаарддаг. Эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байх. Анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгийг хүлээж авсан юм.
А.Г, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 сарын 10- ний өдрийн Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээнд үндэслэж, цаашид байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийнх 56 дугаар зүйлийн 56.1.10-д "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэж заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Иймд Б.Э, Б.Э нарын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Б.Э Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... байрлах, 1644 тоот 226 м.кв, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг "АДСА" ХХК-д гаргуулж өгнө үү гэв.
2.1 Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэгдүгээрт, Б.Э болон С.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ" нь бусад гэрээнээс тусдаа бие даасан гэрээ болох тухай:
Хариуцагч С.Бын хувьд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг Буяндалай овогтой Эрдэнэчимэгтэй байгуулсан. Энэхүү гэрээгээр бэлэглэгч нь Улсын бүртгэлийн ... дугаартай, ... талбайтай аялал жуулчлалын зориулалт бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, 1644 тоот үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн. Бэлэглэх үндэслэл нь бэлэглэгчийн нөхрийнх нь төрсөн дүү юм. Тус бэлэглэлийн гэрээний үндэс дээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Энэ баримт нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь бодит байдлаар, албан ёсны дагуу хариуцагч С.Б мөн гэдгийг нотолж буй баримт юм. Гэтэл нэхэмжлэгч "АДСА" ХХК-ийн хувьд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэж маргаж буй нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.7-д Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэж ямар хэлцлийг ойлгох талаар тусгасан.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хэлэх юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй гэж тодорхой тайлбарласан.
Хоёрдугаарт хариуцагч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч болсон. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 тус тус зааснаар шударгаар хөрөнгийг олж авсан. Б.Э болон С.Б нар нь шударгаар өмчлөгч болсон. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг бүртгүүлнэ", мөн энэхүү хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаж байгаагаар өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан үйлдэл байхгүй. Иймээс хариуцагч С.Б нь хууль ёсны дагуу өмчлөх эрхийг олж авсан шударга өмчлөгч гэж үзэж байна.
Гуравдугаарт нэхэмжлэгч АДСА ХХК нь хариуцагч С.Бтай гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй тул тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулахаар маргах эрхтэй этгээд биш. Энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчимд харшилна. Гэрээнээс татгалзсан боловч тухайн эд хөрөнгийг хүлээн авсан тал нь маргаан бүхий хөрөнгийг бусдад худалдсан нөхцөлд тухайн хөрөнгийн үнэлгээгээр тооцож мөнгөөр шаардах тухай Иргэний хуульд заасан байна. Иймд нэхэмжлэгч нь шударга өмчлөгч болох хариуцагч С.Баас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардаж буй нь үндэслэлгүй. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцагч АМ" ХХК-иас тухайн хөрөнгийн үнийг мөнгөн хэлбэрээр шаардах зохицуулалтыг хуульд тусгасан.
Хариуцагч АМ ХХК-ийн хувьд тус үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Эт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалджээ. Гэтэл энэхүү явдлыг тайлбарлахдаа түр хугацаанд бусдад шилжүүлсэн" гэж тайлбарладаг. Түр шилжүүлэх эсхүл өмчлөх эрхийг шилжүүлэх гэдэг эрх зүйн үр дагаврыг хариуцагч АМ ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Г бүрэн мэдэх боломжтой байсан. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Эын нэр дээр шилжүүлэн өгсөн баримт нь хэрэгт авагдсан. Иймээс тус үйл явдлаас хойш хэн ч харсан хариуцагч Б.Э нь хууль ёсны өмчлөгч болсон.
Маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй өмчлөгчийг хууль ёсны гэж итгэж гэрээ байгуулсан хэнийг ч буруутгах боломжгүй. Учир нь жинхэнэ өмчлөгч биш гэж маргах үндэслэл байхгүй тул хариуцагч Б.Э нь Б.Этай, Б.Э нь С.Бтай гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхүүдийг олж авсан байна. АДСА ХХК-ийн үндэслэл нь 3 сарын хугацаатай итгэмжлэл өгчхөөд байхад 1 сар илүү хэтрүүлээд итгэмжлэл дууссаны дараагаар улсын бүртгэлд шилжүүлэг хийгдсэн байна гэж маргадаг. Улсын бүртгэлээс ирсэн баримтад итгэмжлэл дээр 4 сар гэдгийг үзгээр засаад, нотариатын дардас дарагдсан байна. Нэхэмжлэгчийн талаас нотариатын үйлдэл дээр маргасан зүйл байдаггүй.
Иймд хариуцагч С.Б нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан учраас нэхэмжлэгч АДСА" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.2 Хариуцагч АМ ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АДСА ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулдаг. Гэрээгээр бартераар буюу маргаан бүхий орон сууцын 880,000,000 төгрөгөөр үнэлдэг. Талуудын хооронд тодорхой гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ажлууд хийгдээд явж байдаг. Гэрээний дагуу бетон, зуурмаг нийлүүлээд нийтдээ нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын зүгээс 2 гэрээ байгуулагдсан. Эхний гэрээн дээр АМ ХХК-ийн зүгээс үүргээ 100 хувь гүйцэтгээд, тохиролцсон эд зүйлээ өгөлцөж, авалцсан, маргаангүй.
Дараагийн гэрээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний асуудал яригддаг. Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өдрийн бетон зуурмаг худалдан, худалдан авах гэрээнээс татгалзаж гэж тайлбарласан. Энэ асуудлыг АМ ХХК-ийн зүгээс гэрээнээс татгалзахыг зөвшөөрөөд 2025 оны 02 дугаар сард талууд тооцоогоо нийлж дүгнэсэн гэдэг. Гэрээнээс татгалзах асуудлыг өмнө нь талууд ярилцаад шийдвэрлэчихсэн байсан. Гэрээнээс татгалзаж байгаатай холбоотой талуудын өглөг, авлага хэдэн төгрөг вэ? гэдэг дээр тооцоо нийлж чадахгүй явж байсаар өнөөдрийн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн тооцоо нийлсэн актыг талуудын зүгээс үйлдсэн ийм л зүйл байна.
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг дэмжиж байна. Б.Эт тодорхой барилгын бараа материал нийлүүлэх, худалдах тодорхой хөрөнгө оруулалтыг буцааж АДСА ХХК-ийн орон сууцанд бетон зуурмагийн хөрөнгө оруулалтыг босгох зорилгоор үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж авсан юм байна. Б.Эт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түр шилжүүлсэн. Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авчхаад огт сураггүй алга болчихсон. Нэг ч төгрөг төлөөгүй, хариу төлөлт төлөөгүй. Үүнийг залилан мэхэлсэн гэж АМ ХХК-ийн үздэг. 2021 онд Цагдаагийн ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн 01 дүгээр хэлтэст Б.Эт холбогдуулж гомдол гаргахад талуудын хооронд худалдан, худалдах гэрээ байгуулагдсан байна, иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн байдаг.
АМ ХХК-ийн захирал Г хугацаа нь дууссан итгэмжлэлээр Б.Э руу шилжүүлсэн гэдэг нь тогтоогдож байгаа хэдий ч Б.Эыг шударга эзэмшигч, шударга өмчлөгч гэж үзэхгүй байна. Залилан мэхэлж авсан, ямар нэгэн хариу төлбөр төлөөгүй. Өнөөдрийн байдлаар орон сууцын гэрчилгээг шилжүүлж авсан боловч бодитоор эзэмшиж ашигласан зүйл байхгүй. Хариуцагч нарын хэн аль нь үл хөдлөх хаусыг ямар нэгэн байдлаар бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа зүйл огт байдаггүй. Гэрчилгээ шилжилтийн асуудал байдаг боловч бодитоор эд хөрөнгийг эзэмшиж ашигласан зүйлүүд байдаггүй учраас шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Тус компанийн өөрийн хөрөнгөөр барьсан төслийн нэг учраас зүй ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч АДСА ХХК гэж үзэж байна гэв.
2.3 Хариуцагч Б.Э шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч АДСА ХХК нь хариуцагч АМ ХХК, Б.Э, С.Б нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:
- АМ ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзаж,
- 2020.02.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ
- 2020.04.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ
- 2021.12.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр шилжсэн ... тоот хаягт байрлах, 226 м.кв хэмжээ бүхий, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргажээ.
5.1. Хариуцагч АМ ХХК нь шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч оролцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж Бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс талууд татгалзсан, Б.Эт түр хугацаагаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, улмаар цаашид хөрөнгийг шилжүүлсэн, Б.Эаас АМ ХХК-д төлсөн төлбөргүй, зохигчийн хооронд хийгдсэн итгэмжлэлд 3 сарын хугацааг тохирсон, өөрөөр дахиж үйлдээгүй гэх тайлбарыг гаргаж байна.
5.2 Хариуцагч Б.Эыг шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, Б.Эт шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан, хариуцагч 2023 оны 12 дүгээр сарын 26-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Шүүх хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, хариуцагч Б.Э хүлээн авсан боловч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5.3 Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...бэлэглэлийн гэрээ бие даасан тусдаа гэрээ, маргаан бүхий хөрөнгийн шударга өмчлөгч, итгэмжлэлд нотариатчийн тэмдэг дарагдаж хугацааны хувьд засвар оруулсан, зохигч хуулийн этгээдүүд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний зүйлийг буцаан шилжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй гэж мэтгэлцэж байна.
6. Нэхэмжлэгч нь хариуцагч АМ ХХК-иас албан бичиг болон Бетон зуурмаг нийлүүлэх гэрээг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан/1хх-ийн 189-191-р тал/, хариуцагч захирамжид заасан гэрээг шүүхэд ирүүлж, албан бичгийг ирүүлээгүй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд уг албан бичгийг гаргуулах шаардлагагүй, тус хүсэлтээс татгалзаж байгаа талаар тайлбарласан болохыг дурдав.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэн шүүх дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч АДСА ХХК болон хариуцагч АМ ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрээний талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон.
7.2 Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээр АМ ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэрээний тусгай нөхцөл хэсэгт зааснаар 6700 м3 тоо хэмжээ бүхий бетон зуурмаг нийлүүлэх, АДСА ХХК нь төлбөрийг 100 хувь бартераар төлөх нөхцөлөөр гэрээ байгуулагдсан байна.
7.3 Гэрээний 5.1-т гэрээний нийт үнэ 1,100,000,000 төгрөг байна. 5.2-т Гэрээний төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцсон болно. Бартерийн зүйлд үл хөдлөх хөрөнгө болон автомашин байна. Үүнд:
1.2017 онд үйлдвэрлэгдсэн ... улсын дугаартай, Монгол улсанд 2018 онд орж ирсэн, хар өнгийн тоёото Ланд круйзер-200 маркийн автомашиныг 220,000,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нийлүүлэгч талд хүлээлгэн өгнө.
2. .. талбай бүхий дотор засал хийгдээгүй Сингл хаусыг 880,000,000 төгрөгт тооцож 2019 оны 09 дүгээр сард хүлээлгэж өгнө гэж тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдсон.
7.4 Нэхэмжлэгч АДСА ХХК, хариуцагч АМ ХХК нар нь дээрх гэрээний дагуу 6700 м3 тоо хэмжээ бүхий бетон зуурмаг нийлүүлэхээс 330,000,000 төгрөгийн бетоныг нийлүүлж, автомашиныг үнэд тооцон шилжүүлж өгсөн, үлдэх бетон зуурмаг нийлүүлэгдээгүй шалтгаанаар талууд уг гэрээнээс татгалзаж, 880,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг харилцан буцаах харилцаанд маргаангүй нэг байр суурьтай байна.
АДСА ХХК-иас Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа талаар АМ ХХК-нд 2020.06.06-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан тухай баримт хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 16-р тал/
Гэрээний талууд санал нэгдэж Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-нээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан хууль зүйн үр дагавар үүссэн.
7.5 Нэхэмжлэгч АДСА ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн газарт гаргасан 2019.03.21-ний өдрийн хүсэлтийн дагуу, маргаан бүхий эд хөрөнгө болох ... тоот хаягт байршилтай, 226 м2 талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч АДСА ХХК бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон болох нь хүсэлт, түүнтэй холбоотой баримтууд, гэрчилгээ зэргээр нотлогдсон. /1хх-ийн 70-105-р тал/
7.6 АДСА ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.В, АМ ХХК-ийн гүйцэтгэх захирал /тухайн цаг үед/ А.Г тус тус бүртгэлтэй байсан талаар зохигч маргаагүй, хэрэгт тус тус хуулийн этгээдийн гэрчилгээ авагдсан./1хх-ийн 6-7, 124-125, 2хх-ийн 16-р тал/
7.7 Дээрх хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага болох Э.Воос А.Гт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг, 3 сарын хугацаагаар олгосон байна. /1хх-ийн 15-р тал/
Хариуцагч С.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд уг итгэмжлэлийн 3 сар гэх хугацааг 4 сар болгож гараар засвар оруулсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч, хариуцагч хуулийн этгээдүүд уг итгэмжлэлийн хугацааг 3 сар гэж тодорхойлж, түүнд аливаа өөрчлөлтийг гүйцэтгэх удирдлагуудын зүгээс оруулаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх итгэмжлэлийн засваргүй хувийг үнэлэх нь зүйтэй гэж үзэв. /1хх-ийн 15-р тал, 122-р тал/
7.8 Дээрх итгэмжлэлд үндэслэн "АМ" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г/АДСА ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Вийг төлөөлж/ болон Б.Э нарын хооронд 2020.02.10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Б.Эт шилжиж, 2020.02.10-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжин бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, гэрчилгээ, баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 114-131-р тал/
7.9 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нд гэрээний үнийг 30,000,000 гэж тодорхойлсон боловч талуудын хооронд төлбөр хийгдээгүй гэх тайлбарыг гаргадаг, уг үйл баримтад зохигч маргаагүй.
7.10 Нэхэмжлэгч АДСА ХХК нь Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах үед гэрээний нөгөө тал "АМ" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г нь итгэмжлэлээр олгогдсон 3 сарын хугацаа нь дууссан байхад Б.Эт шилжүүлэн өгч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэжээ.
7.11 Хэрэгт авагдсан гэрээ, итгэмжлэл, зохигчийн тайлбар, бусад баримтуудаас дүгнэн үзэхэд Э.Воос А.Гт олгосон итгэмжлэлийн хугацаа олгосон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дууссан, 2020.02.10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед А.Г нь төлөөлөх эрхгүй этгээд байсан байна.
Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт төлөөлөл дуусгавар болох үндэслэлийг, мөн зүйлийн 67.2.6 дахь хэсэгт "Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан тохиолдолд төлөөлөл дуусгавар болохоор зохицуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дхь хэсэгт заасан үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул А.Г, Б.Э нарын хооронд хийгдсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ.
7.12 Улмаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Б.Эаас Б.Эт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ-ний дагуу шилжин бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 132-140-р тал/
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Эын нэр дээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон, Б.Э шилжиж 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ олгогдсон байна. /1хх-ийн 139-140-р тал/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.9 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл нь мөн зүйлийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж зааснаар мөн адил хүчин төгөлдөр байх тул 2020.04.09-ний өдөр Б.Э, Б.Э нарын хооронд хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Уг гэрээний харилцаанд оролцогч хариуцагч Б.Э нь шүүхэд хариу тайлбар гаргах, татгалзсан тохиолдолд татгалзлыг нотлох баримтыг гарган өгөх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, харин Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан үйл баримтад зохигч маргаангүй байна.
7.13 Б.Э/талийгаач/-ээс хариуцагч С.Бт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр маргаан бүхий хөрөнгийг бэлэглэсэн үйл баримт гэрээ, тайлбараар тогтоогдсон. /1хх-ийн 141-150-р тал/
Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх болсон үндэслэлийг гэрээний 3.1-т Өөрийн нөхрийн төрсөн дүү гэж тусгасан байна. /1хх-ийн 146-р тал/
Б.Эт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2020.04.09-ний өдөр олгогдсон. /1хх-ийн 140-р тал/
2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Э нь Б.Бад итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлд үндэслэн С.Бтай Б.Б Бэлэглэлийн гэрээ-г байгуулж, түүнд Б.Б гарын үсэг зурсан./1хх-ийн 144-147-р тал/
Б.Э, С.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулах тухайн цаг үед бэлэглэгч Б.Э нь нас барсан байсан, харин түүний нас барахаас өмнө 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бад олгосон итгэмжлэлийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг С.Бт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Бэлэг хүлээн авагч С.Бын төрсөн ахын эхнэр нь бэлэглэгч Б.Э байх ба түүнийг гэрээ байгуулахаас өмнө 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан үйл баримтыг мэдсэн байх боломжтой.
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь мөн адил Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.9 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл нь мөн зүйлийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон тохиолдолд төлөөлөл дуусгавар болох учиртай. Төлөөлөл дуусгавар болсон цаг хугацаанд Б.Бад олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч С.Бт маргаан бүхий хөрөнгө шилжсэн байна.
7.14 Хариуцагч С.Бт .. тоот хаягт байрлах, 226 м.кв хэмжээ бүхий, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үүссэн болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
Харин маргаан бүхий хөрөнгийн эзэмшил, ашиглалт бодит байдалд хариуцагч нарын хэнд ч шилжээгүй, хөрөнгө нэхэмжлэгч АДСА ХХК-ийн эзэмшилд байгаа талаар зохигч тайлбарласан.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө хэд хэдэн этгээдэд дамжин шилжин бүртгэгдсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хуульд нийцээгүй байх тул хариуцагч С.Быг шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.
С.Бт хөрөнгө шилжих үед хөрөнгийг бэлэглэсэн Б.Э нь нас барсан, тухайн гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан тул хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний дагуу хөрөнгийг хууль ёсоор өмчилсөн гэж үзэх үндэслэлгүй.
С.Бын хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмчийн хэлцэл хийгдсэн, өмчлөх эрх үүссэн.
Гэвч түүний урьд хийгдсэн үүргийн хэлцлүүд нь Иргэний хуульд нийцээгүй тул түүнийг шударга өмчлөгч гэж үзэх боломжгүй.
8. Шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дагуу хариуцагч АМ ХХК-д шилжүүлсэн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Г/АДСА ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Вийг төлөөлж/, Б.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Э/түүнийг төлөөлж Б.Б/ С.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,
АДСА ХХК, АМ ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзсаны үр дагавар, гэрээний зүйл Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам/17080/ гудамж, 1644 тоот хаягт байрлах, 226 м.кв талбай бүхий, ... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч АДСА ХХК-д шилжүүлэхийг хариуцагч АМ ХХК болон С.Б нарт даалгаж шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,831,800 /1,657,950+4,557,950+307,950+307,950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас мөн дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Г/АДСА ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Вийг төлөөлж/, Б.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.28-ны өдөр Б.Э /түүнийг төлөөлж Б.Б/ С.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож,
АДСА ХХК, АМ ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ээс татгалзсаны үр дагавар, гэрээний зүйл ... тоот хаягт байрлах, 226 м.кв талбай бүхий, ... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч АДСА ХХК-д шилжүүлэхийг хариуцагч АМ ХХК болон С.Б нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,831,800 /1,657,950+4,557,950+307,950+307,950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас мөн дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА