Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0521

 

 

 

 

 

 

 

 

   2025         07           24                                    128/ШШ2025/0521   

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:/,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо,

Хариуцагч: Монголын хөрөнгийн бирж ХК /РД:/,

Гуравдагч этгээд: Ц ХХК /РД:/,

Маргааны төрөл: Төрийн өмчит компанийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосноор хуулийн этгээдийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлт, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгосон болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэртэй компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /цахим/, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Монголын хөрөнгийн бирж ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээд Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтын “... Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

1.2. Хийн ц ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах,

1.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын Г******* ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

1.4. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын Г******* ХХК-ийн хувьцаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаар тодорхойлогдсон эрх зүйн актуудаар шийдвэрлэгдсэн асуудлуудын талаар:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор 2015 оны дугаар тогтоолоор баталсан хувьчлах жагсаалтаас  Хийн ц ТӨХК-ийг хассан.

2.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтаар Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хийн ц ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг  бүртгэсэн,

2.4. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор тус хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Хийн ц ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэсэн” тогтоолыг хүчингүй болсонд тооцсон.

2.5. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар Хийн ц ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.1. Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Г******* ХХК нь Ц ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг Ц ХК-иас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авсан бөгөөд тус өдрөөс хойш Хийн ц ХК-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж ирсэн.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Хийн ц ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай" дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай" дугаар тогтоолоор Х ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосноор Хийн ц ХК-ийн хувьцааг 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Тус шийдвэрийн шууд үр дүнд буюу хувьчлалыг хүчингүйд тооцсоноор манай компани Ц ХК-д хувьцаа эзэмшиж буй хууль зүйн үйл баримтыг үгүйсгэн, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх бодит боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Улмаар дээрх хууль бус захиргааны актуудыг үндэслэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нөхцөлд буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Ц" ТӨХК-ийн дүрмийг батлах тухай" дугаар тогтоолын 1 дэх хэсгээр нэхэмжлэгчийн худалдан авсан Ц ХК-ийн нэмж гаргасан хувьцаатай холбоотой эрх бүхий субъектуудын шийдвэр, баримт бичгүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хувьцаагаар баталгаажсан өмчлөх эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн илт хууль бус захиргааны акт гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт холбогдох шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын дүгээр тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дугаар тогтоол нь Ц ХК-ийн хувьцаа эзэмшигч болох манай компанийн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан, хувьцаа эзэмшигчийн эрхийг дуусгавар болгох эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон байх бөгөөд нэгэнт Монгол Улсын Засгийн газрын дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүхээр хянуулах боломжгүй болсон тул Монгол Улсын Засгийн газрын дүгээр тогтоолын үйлчлэлийн хүрээнд гарч манай компанийн хувьцааны эрхийг шууд зөрчин, өмчийн эрхэд халдсан шийдвэрүүдтэй маргасан.

Манай компани уг захиргааны актуудаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох нь тодорхой байхад хариуцагчаас актыг мэдэгдээгүй бөгөөд хэрэгт ирүүлсэн нотлох баримтаас танилцсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий дугаар тогтоолын 1 дэх хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

- Маргаан бүхий акт нь илт хууль бус болох талаар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий" байгууллага юм. Тодруулбал, энэ нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчийн эрхийг бүхэлд нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьд төрийн эзэмшиж буй хувьд ногдох хэмжээнд эд хөрөнгийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Г******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцаа, түүгээр баталгаажсан эрхтэй холбоотой шийдвэрийг төрийн эзэмшлийг төлөөлж буй хувьцаа эзэмшигч дангаар захиргааны шийдвэр гаргах замаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Маргаан бүхий актыг батлахад буюу 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч нь Ц ХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхийг үгүйсгэх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл нөхцөл байдал үүсээгүй болно. Түүнчлэн дээрх байдлаар хувьцаа эзэмшигчийн эрхийг үгүйсгэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас холбогдох шийдвэрүүдийг гаргасан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно", Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.", 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.", Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна." гээд 5.1.3 дахь заалтад "төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө", 6 дугаар зүйлийн 6.1. "Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна" гэх зэргээр зааж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажиж хамгаалагдсан хувьцаагаар баталгаажсан өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Тус маргаан бүхий актын үндэслэх хэсэгт дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9, 62 дугаар зүйлийн 62.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт зэрэг зохицуулалтууд нь компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрүүдийг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигчийн "Ц" ХК-ийн хувьцаанд шууд хамаарах субьектив эрхийг хөндөх, үгүйсгэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй болохыг харуулж байна.

  • Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална", 26 дугаар зүйлийн 1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Ц ТӨХК-ийн дүрмийг батлах тухай дугаар тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг огт хэрэгжүүлээгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Ц төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг батлах тухай” дугаар тогтоолын 1 дэх хэсгийг илт хууль болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

3.1.2. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Г******* ХХК нь Ц ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авч, Хийн ц ХК-ийн хувьцааг хууль ёсоор эзэмшиж ирсэн. Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Хийн ц ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай" дүгээр тогтоолоор Х ХХК-ийн хувьчлалыг хүчингүй болгон хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтаас хассанаар Ц ХК-ийн хувьцааг хувийн компани эзэмших боломжгүй нөхцөл байдал үүслээ.

Улмаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ц ХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн  бодлого, зохицуулалтын газар бүртгэгдсэн болохыг burtgel.opendata.gov.mn сайтаас харлаа. Энэ нь Ц ХК-ийн хувьцаа эзэмшигч болох манай компанийн эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан, хувьцаа эзэмшигчийн эрхийг дуусгавар болгох эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон шинжтэй байх тул захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гаргасан.

- Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хийсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд.

Ц ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэх үйлдэл хийснээр нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар ноцтой зөрчигдлөө.

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хууль, Улсын Их Хурлын тогтоол зэрэг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг илтэд зөрчиж гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар Ц ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэх үйлдэл хийхдээ манай компанийн хувьцааны эрхийг дуусгавар болгосон.

Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.", 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана" гэх зэргээр хууль тогтоомжийн хүрээнд хамгаалагдсан өмчийн эрх, Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон.

- Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь хуулиар тогтоосон бүртгэлийн журам зөрчсөн тухайд.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар уг бүртгэлийг хийхдээ дараах байдлаар улсын бүртгэлийн холбогдох хууль, журмуудыг зөрчжээ.

1/ Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт болон хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг хууль ёсоор заавал бүрдүүлсэн байх шаардлагатай. Тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1.3-т заасан "үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл", 22.3.4.-т "Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ" гэж заасан. Бодит байдалд манай компанийн эзэмшиж байсан хувьцааны эрхийг дуусгавар болгох, шилжүүлэх хуульд заасан гэрээ хэлцэл, шийдвэр тогтоол баримт бичигт огтоос байхгүй нь илэрхий.

Гэтэл улсын бүртгэлийг хийхдээ холбогдох баримт бичиг хувийн хэргийн материалд үндэслэн шалгалгүйгээр (тухайлбал, дүрэмд өөрчлөлт оруулах гол эрх баримт бичиг болох хувьцаа эзэмшигчийн тогтоолыг улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны хувьцаа эзэмшигчид холбогдох журмын дагуу хуралдаж гаргасан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй) буюу "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "улсын бүртгэгч ... өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж, холбогдох хууль, журамд заасан шаардлага хангасан бол хүлээн авч" гэснийг зөрчин хүлээж авснаас гадна нөлөөлөлд автан хууль бус баримт бичгүүдэд үндэслэн бүртгэлийг хийсэн нь хуулиар тогтоосон улсын бүртгэл хөтлөх журам, улсын бүртгэлийн зарчим, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл болжээ.

2/ Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалт "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;", Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг тэр дундаа 18.1.1 дахь заалт "улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн заалтуудын хүрээнд улсын бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй. Гэтэл нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг дуусгавар болгох шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нөгөө хувьцаа эзэмшигчийг огт оролцуулаагүй, шийдвэр тогтоол гаргаагүй байхад хувьцаа эзэмшигчээс хасах бүртгэл хийсэн нь бүртгэлийн хууль тогтоомжийг илт зөрчсөн үйлдэл болжээ.

  • Захиргааны акт батлах журам, шаардлагыг зөрчсөн тухайд.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.", 4.2 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална" гээд 4.2.6 дахь заалтад "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг тусгасан.

Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэснийг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Хийн ц ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.1.3. Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" тогтоолоор Г******* ХХК-ийн хууль ёсны эзэмшил дэх Хийн ц ХК-ийн 6,000,000 ширхэг энгийн эрхийн хувьцаанд холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдлаа. Тодруулбал, нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" тогтоолын дагуу зөвшөөрөл авч санал болгосон Хийн ц ХК-ийн 6,000,000 ширхэг энгийн эрхийн хувьцааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тоот "Хувьцаа захиалах, худалдах, худалдан авах гэрээ"-ээр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Хийн ц ХК-аас худалдан авч эзэмшиж байсан. Гэтэл маргаан бүхий дугаар тогтоолоор дээр дурдсан "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" дугаар тогтоолыг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож улмаар биржээс хаслаа.

Энэ илт хууль бус үйл ажиллагааны талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Ньюс.мн // мэдээллийн сайтад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тавигдсан мэдээнээс анх олж мэдлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлийн дагуу ихэсгэж байна.

1/ Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухайд.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх, ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн." гэж Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийг хуульчилсан. Энэ хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд "Монгол Улсад үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах" бүрэн эрх олгогдож, уг эрхээ "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын дагуу хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалттай.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" тогтоолд дээрх үндэслэвэл зохих хууль тогтоомжийг бус, маргаан бүхий акт болох Монгол Улсын Засгийн газрын дүгээр тогтоолыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны дараах тогтоолуудыг хүчингүй болгосон үйл баримт нь манай компанийн эзэмшлийн Хийн ц ХК-ийн 6,000,000 ширхэг энгийн эрхийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан бодит үр дагаварт хүргэсэн билээ. Энэхүү захиргааны байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны дугаар "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" тогтоолоор Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн Хийн Ц ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг биржээр дамжуулан худалдан авсан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа, түүгээр гэрчлэгдэх эрхийг үгүйсгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд хохирол учруулаад байна.

2/ Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх зарчим зөрчигдөж, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" тогтоол нь хууль тогтоомжид нийцээгүй тухайд.

Уг тогтоолын эрх зүйн шууд үр дагавар нь Г******* ХХК-ийн эзэмшил дэх Хийн ц ХК-ийн хувьцааг өмчлөх эрхийг үгүйсгэж, биржээр дамжуулан хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцсон буюу байгуулагдсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх нөхцөлд хүргэлээ.

Маргаан бүхий дугаар тогтоолын үндэслэл нь Засгийн газрын дүгээр тогтоол байх бөгөөд мөн үүнийг үндэслэсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын , дугаар тогтоолыг үндэслэжээ. Гэтэл уг захиргааны акт нь манай компанийн эзэмшлийн Хийн ц ХК-ийн энгийн эрхийн 6,000,000 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан бодит үр дагавар бий болгосон бөгөөд энэ хүрээнд уг харилцааг нарийвчлан зохицуулсан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг үндсэн эрх зүйн актаар заавал хэрэглэж баримтлах учиртай. Тус журмын дагуу нийтэд санал болгон гаргахыг зөвшөөрсөн хорооны бүртгэлийг хүчингүй болгох тохиолдлыг 7.18 дахь хэсэгт, бүртгэлээс хасах тохиолдлыг 6.1 дэх хэсэгт тус тус маш тодорхой зохицуулсан. Гэтэл маргаан бүхий дугаар тогтоол нь эдгээр үндэслэлийн алинд ч хамаарахгүй байхаас гадна журмыг үндэслэх хэсэгтээ ч огт дурдаагүй байна.

Түүнчлэн маргаан бүхий дугаар тогтоолоор хүчингүй болгосон Санхүүгийн зохицуулах хорооны дугаар тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг баримтлан Хийн ц ХК-ийн нэмж гаргасан хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байдаг. Уг үнэт цаасыг бүртгэсэн хугацаанаас хойш Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны бүртгэлийн журамд заасан үнэт цаасыг бүртгэлээс хасах аливаа зөрчил илэрч байгаагүй болно.

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Гэтэл хуульд заасан дээрх чиг үүргээ умартан хөрөнгө оруулагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явууллаа. Үүгээр зогсохгүй энэхүү үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх", 4.2.5-д заасан "Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх" захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг шууд зөрчсөн хууль бус захиргааны акт юм. Нөгөөтээгүүр Санхүүгийн зохицуулах хороо эрх зүйн байдлын хувьд Засгийн газрын харьяа байгууллага бус Улсын Их Хурлын дэргэдэх тусгай чиг үүрэгтэй байгууллага болохыг тусгайлан анхаарах шаардлагатай.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны дугаар тогтоол нь хуульд заасан захиргааны байгууллагаас манай компанийн эзэмшлийн Хийн ц ХК-ийн 6,000,000 ширхэг энгийн эрхийн хувьцаанд холбогдох хууль тогтоомж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл болсон байна.

3/ Захиргааны акт батлах журам, шаардлагыг зөрчсөн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална",  4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг тусгасан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо болон биржээс эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх нэхэмжлэгчид уг захиргааны шийдвэрийн талаар мэдэгдэж, оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт заасан "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг зөрчиж, захиргааны акт гаргасан үйлдэл байна. Түүнчлэн Г******* ХХК нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргаан бүхий дугаар тогтоолтой танилцсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгчид албан ёсоор хүргүүлээгүй, мэдэгдээгүй нь нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалах хуульд заасан боломжийг хязгаарлаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хууль бус захиргааны актад холбогдох гомдлоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйл, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 12.3-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гаргасан. Хяналтын зөвлөлөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 12 тоотоор уг асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.   

3.1.4. Нэхэмжлэгч Монголын хөрөнгийн бирж ХК-д холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны маргаан бүхий дугаар тогтоол, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 06 дугаар сарын 07-ны өдрийн 9/2397 тоот үүрэг даалгаврыг тус тус үндэслэн үргэлжилсэн шинжтэй хууль бус захиргааны байгууллагын үйл ажиллагаа явуулж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тоот "Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай" тушаалаар Г******* ХХК-ийн хууль ёсны эзэмшил дэх Ц ХК-ийн 6,000,000 ширхэг энгийн эрхийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдэж, нэхэмжлэгч манай компанийн эзэмшил дэх хувьцаанд холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой дахин халдсан үйл ажиллагаа явуулсан билээ.

Биржийн уг захиргааны үйл ажиллагаа нь хууль бус байх тул Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Г******* ХХК-аас албан бичгийн дагуу гомдол гаргасан. Энэхүү илт хууль бус үйл ажиллагааны талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Ньюс.мн // мэдээллийн сайтад 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн мэдээнээс анх олж мэдсэн ба биржээс энэхүү тушаал, үйл ажиллагаатай холбоотой албан ёсны мэдэгдлийг уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах хүртэлх хугацаанд манай компанид албан ёсоор хүргүүлээгүй, мэдэгдээгүй, шийдвэрийг гардуулаагүй байдаг.

Бид өөрсдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан тоот хүргүүлж, гомдлоо гаргасан боловч хуульд заасан 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй байдаг.

Биржийн эрх зүйн байдал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус тодорхойлогдох бөгөөд үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагчид, үнэт цаас эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс үнэт цаасны арилжааг зохион байгуулах, хяналт тавих улмаар үнэт цаасны бүртгэл хийх чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлж буй этгээд юм. Энэхүү бүрэн эрх нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тус хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 9 тоот тогтоолоор батлагдсан Үнэт цаасны бүртгэлийн журам /маргаан бүхий харилцаанд хамаарах журам/-аар биржид олгогдсон байдаг.

Энэ хүрээнд бирж нь Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах бөгөөд үнэт цаасыг бүртгэлээс хасахдаа уг журмын 24 дүгээр зүйлийг баримталж хэрэгжүүлснээр уг харилцааны хүрээнд гарч буй захиргааны акт нь хууль ёсны байх шаардлага хангагдах юм.

Гэтэл Биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тоот "Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай" тушаал гаргаж, уг шийдвэрээр Ц ХК-ийн 2,757,388,203 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж, тус хувьцаат компанийн хувьцааг 119,452,690 ширхэг болгон бүртгэлд өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээр хувьцаа эзэмшигч манай компани уг шийдвэртэй танилцах, олж мэдэх нөхцөл бүрдсэн байдаг.

Биржээс уг шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь Засгийн газрын дүгээр тогтоол, мөн хууль бус болох нь тогтоогдож буй Санхүүгийн зохицуулах хорооны дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 9/2397 тоот үүрэг даалгаврыг тус тус үндэслэсэн нь үндэслэвэл зохих хууль тогтоомжийг үндэслээгүй буюу хууль тогтоомжид заасан хасах үндэслэл бүрдээгүй байхад үнэт цаасны бүртгэлээс хасаж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэг дэх Үнэт цаасны бүртгэлийн журмын ногдол ашгийг үнэт цаасны хэлбэрээр олгох бүлэгт хамаарах 18 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг буюу шийдвэрийн агуулгад огт хамааралгүй зохицуулалтыг үндэслэсэн нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан илт үндэслэлгүй хууль бус шийдвэр болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Г******* ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан Хийн Ц ХК-ийн биржээр арилжигдсан хувьцаа нь холбогдох хууль тогтоомж болон журмыг зөрчсөн аливаа үйл баримт, үндэслэл илрээгүй бөгөөд биржийн шийдвэр болон мэдэгдэлд үнэт цаасыг бүртгэлээс хасах хуульд заасан үндэслэлийг тусгаагүйгээр нотлогдож байна

Бирж нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан заасны дагуу хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч этгээдүүдэд чиглэсэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд юм. Энэ хүрээнд гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангах ёстой.

Биржийн Хийн ц ХК-ийн 2.76 тэрбум төгрөгийн энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан шийдвэр нь хөрөнгө оруулагч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, манай байгууллагын нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа, түүгээр гэрчлэгдэх эрхийг үгүйсгэж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд хохирол учруулсан хууль бус захиргааны байгууллагын шийдвэр болжээ.

Нөгөөтээгүүр нь Монголын хөрөнгийн бирж нь төрийн байгууллага болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт зааснаар "... албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" үүрэгтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн шийдвэр, даалгаврыг үндэслэн гаргасан шийдвэр нь хууль бус захиргааны акт болно.

  • Захиргааны акт батлах журам, шаардлагыг зөрчсөн тухайд.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг тусгасан. Гэтэл биржээс эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй манай байгууллагад уг захиргааны шийдвэрийн талаар мэдэгдэж, оролцоог хангалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэснийг зөрчиж, захиргааны акт гаргасан үйлдэл байна. Түүнчлэн Г******* ХХК нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргаан бүхий дугаар тогтоол болон биржийн уг үйлдэлтэй танилцсан бөгөөд биржээс мэдэгдлийг Г******* ХХК-д албан ёсоор хүргүүлээгүй, мэдэгдээгүй нь бидний хувьд өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалах хуульд заасан боломжийг хязгаарласан үйлдэл болсон.

Иймд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тоот “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2.1. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Г******* ХХК-иас гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Ц" ТӨХК-ийн дүрмийг батлах тухай дугаар тогтоолын 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь:

- Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол захиргааны шүүхээр сэргэх боломжгүй тухайд.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2-т "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын Хийн ц ТӨХК-ийг Б ХХК-д хувьчилсан тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Г******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр" гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү хувьчлалыг хүчингүй болгосон Монгол Улсын Засгийн газрын хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул тухайн үр дагаврын хувьд хувьчлалын өмнөх буюу төрийн өмчит хуулийн этгээд статустай хуулийн этгээд болно.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор гарсан төрийн өмчийн бодлогын шийдвэрийг хэрэгжүүлж Ц ТӨХК-ийн дүрмийг баталсан.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө" гэж заасны дагуу Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан эрхийн хүрээнд мөн хуулийн төрийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас компанийн дүрэм баталсан шийдвэр гаргасан. Хувьцаа эзэмшигчийн хурлын хувьд өмнөх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Энэхүү шийдвэр нь Компанийн тухай хуульд зааснаар зохицуулагдах иргэний эрх зүйн харилцаа болно.

Мөн Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын Хийн ц ТӨХК-ийг Б ХХК-д хувьчилсан тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул Хийн ц ТӨХК-ийн хувьцааг Б******* ХХК эзэмшсэн эзэмшил нь мөн хүчингүй болж Б ХХК /Х ХХК/-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байсан бүхий л шийдвэр хууль зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй болно. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтаар хэлбэржүүлсэн.

Нэхэмжлэгч нь Ц ХК-иас тус компанийн нэмж гаргасан хувьцааг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг худалдан авсан гэх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийн улмаас тус эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхэд ханджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан.

Тухайн тохиолдолд Ц ХК нь эрхийн зөрчил бүхий хувьцааг Г******* ХХК-д худалдсан байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д "Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гарган өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

- Захиргааны илт хууль бус акт биш болох тухайд

Компанийн тухайд хууль зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн гаргаж буй шийдвэр захиргааны шийдвэр, үйл ажиллагаа биш юм. Хэдийгээр хариуцагч нь захиргааны байгууллага боловч тухайн харилцаанд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т "Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно" гэж заасны дагуу иргэний эрх зүйн субъектийн хувьд тус харилцаанд оролцож байгаа юм. Иймд Ц ТӨХК-ийн дүрмийг баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын дугаар тогтоол нь захиргааны акт биш юм. Нэгэнт захиргааны акт биш тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинж яригдах боломжгүй юм.

Иймд Г******* ХХК-ийн гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Ц" ТӨХК-ийн дүрмийг батлах тухай дугаар тогтоолын 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.2.2. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өмгөөлөгч тайлбараа: “Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хүлээсэн үүрэг нь байгаа. Энэ хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.4-т заасны дагуу төрийн өмчит компанийн дүрмийг баталсан байдаг. 2015 оны Засгийн газрын дугаар тогтоолыг Монгол улсын Үндсэн хуулийн 45.2-т заасны дагуу хуульд нийцээгүй гэж үзэж 2022 оны дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Тиймээс 2015 оноос хойш гарсан бүх шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болох ёстой гэж үзэж хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон байгаа.  Нэхэмжлэгчийн хувьд илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа боловч илт хууль бус захиргааны актын аль шинж вэ гэдгийг тодорхой нэрлэн зааж өгөөгүй байна. Нийт 119 сая ширхэг нэг бүрийн үнэ 170 төгрөгийн үнэлгээтэй, нийтдээ тэрбум төгрөгийн хувьцааны асуудал байгаа. Энэ 119 сая ширхэг хувьцааг “Х” ХХК /өмнө “Б” ХХК нэртэй байсан/ эзэмшдэг байсан. Үүнээс 6 сая хувьцааг “Г*******” ХХК-д хаалттай хүрээнд худалдсан байсан. Засгийн газрын тогтоол гарснаар хувьцаа эзэмшигчдийн 2015 оноос хойших бүх шийдвэрүүд хүчингүй болж байгаа тул “Г*******” ХХК-д хувьцаа худалдсан шийдвэр мөн хүчингүй болно. Нэхэмжлэгчийн хувьд хувьцаа худалдаж авсан гэх 1,200,000,000 төгрөгийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардах эрхтэй. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх. Тэгэхээр энэ хуулийн зорилтын хүрээнд  нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломж байхгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дугаар тогтоолыг хүчингүй болгосноор үр дагавар нь шууд Засгийн газрын дүгээр тогтоолд тусна. Тэгэхээр өмнө Засгийн газрын дүгээр тогтоолтой холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдэхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж байгаа гол агуулга бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлсэн хэм хэмжээний акт, хувьчлалыг хүчингүй болгосон шийдвэр зөв эсэхэд маргаагүй. Компанийн тухай хуульд зааснаар мэдэгдээгүй байж шууд хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн гэж маргаж байгаа. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурал биш Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн өмчит компанийн дүрмийг батлах чиг үүргийнхээ хүрээнд гаргасан шийдвэр учир нэхэмжлэгчид мэдэгдэх шаардлагагүй. Компанийн тухай хуулийн 2.4-д “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж зааны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд дүрмийг батлах шийдвэр гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгч энэ зааг ялгааг анзаарахгүйгээр Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах ёстой гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийг хэрэглэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэх журамтай учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Ц ХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд: УБ-03 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн , 109 дүгээр дугаар тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоол, Ц ХК-ийн шинэчилсэн дүрэм, Ц ХК-ийн дүрэм, гэрчилгээг хүчингүйд тооцон зарлуулсан сонин.

Гол үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын , 109, тогтоолуудтай холбоотой байна. Засгийн газрын тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийн үр дагавар нь улсын бүртгэлд дүрмийн өөрчлөлт болон гүйцэтгэх удирдлагыг өөрчилснийг бүртгэснээр илэрч байгаа. Бүртгэл хийхдээ манайх холбогдох баримт бичгүүдийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын дүгээр тогтоолыг биелүүлж, хийгдсэн бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох бичиг баримтуудыг авсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Үнэт цаас гаргагч болох Ц ХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" дугаар тогтоолоор 2017 оны 240 дүгээр, 2018 оны дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон.

Дээрх тогтоолыг зөвхөн Ц ХК гэх бие даасан хуулийн этгээдтэй холбогдуулж, тухайн үнэт цаас гаргагчийн шийдвэр, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захиргааны актыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан буюу бусад этгээдэд чиглэсэн, эрх ашгийг хөндсөн шийдвэрийг гаргаагүй тул тус дугаар тогтоолтой ямар ч холбогдолгүй асуудлаар буюу хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхтэй холбоотой нэхэмжлэлийг Г******* ХХК-иас шүүхэд гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны дугаар тогтоолоо батлахдаа нэхэмжлэгч Г******* ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй буюу тухайлсан өмчлөх эрхийг хасах, хязгаарлахтай холбоотой ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй, эрх ашгийг хөндөөгүй.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны дугаартай "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" хүчингүй болсон тогтоолыг тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос батлахдаа Г******* ХХК-д нэр зааж үнэт цаас өмчлөх эрх эзэмшүүлсэн агуулгатайгаар баталж байгаагүй.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт гаргагчийн үнэт цаасны бүртгэлтэй холбоотой харилцаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах" гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс бусдаар хуулиар өөрт олгогдоогүй бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдэггүй ба үнэт цаас гаргагчийн гаргасан үнэт цаасны тухайлсан эзэмшигчтэй, өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэггүй.

Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 45, 46 дугаар зүйлд заасны дагуу үнэт цаасны өмчлөх эрхийн төвлөрсөн болон тухайлсан бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэрэгжүүлдэг. Монгол Улсад үнэт цаасны өмчлөх эрхийн төвлөрсөн бүртгэл, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг нэг хуулийн этгээд хэрэгжүүлэхээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зохицуулсан бөгөөд одоогоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК эрхэлж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох Г******* ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана", 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

3.5. Хариуцагч Монголын хөрөнгийн бирж ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Ц ХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай дүгээр тогтоолоор 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ын Хийн ц ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хассан.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн дугаартай тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 240 дугаартай "Үнэт цаасны бүртгэлд бүртгэх тухай" тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 9/2397 тоот үүрэг даалгавар ирүүлсэн ба тус үүрэг даалгаварт нэхэмжлэлд дурдсан хувьцааг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасаж, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхийг үүрэг болгосон байдаг

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 622, 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар Монголын хөрөнгийн бирж нь Хорооноос гаргасан шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй тул дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн үүрэг даалгаврыг тус тус үндэслэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Ц ХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/195 тоот тушаалаар өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмж гаргасан 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,751,388,203 ширхэг энгийн хувьцаа, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот тушаалаар хаалттай хүрээнд санал болгон гаргасан 100 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа буюу нийт 2,757,388,203 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасаж, тус хувьцаат компанийн хувьцааг 119,452,690 ширхэг болгон бүртгэлд өөрчлөлт оруулсан болно.

Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.19-д заасны дагуу үнэт цаасны зохицуулагч байгууллагын хувьд үнэт цаас бүртгэх, өөрчлөлт оруулах чиг үүрэгтэй байгууллага. Манай компанийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41 дүгээр зүйл заасны дагуу үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг тухайн тусгай зөвшөөрлийг хорооноос авдаг, хувийн эрх зүйн зохицуулалттай хуулийн этгээд. Манайх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу арилжаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад Улаанбаатар үнэт цаасны бирж, Чингис хаан үнэт цаасны бирж гээд яг ийм үйл ажиллагаатай хувийн эрх зүйн хуулийн этгээдүүд байгаа. Манайх бол захиргааны шийдвэр гаргадаг захиргааны байгууллага биш. Үүнтэй холбоотой өөр хэрэг дээр Улсын дээд шүүхээс “Монголын хөрөнгийн бирж” ХК нь хувийн эрх зүйн хуулийн этгээд байна, захиргааны байгууллага биш гэсэн шийдвэр гаргасан байгаа. Тэгэхээр бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын “Монголын хөрөнгийн бирж” ХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш үзэж байгаа.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээлийн маргаан таслах зөвлөл байдаг.  Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 3.2-т тухайн маргаан таслах зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргааныг тусгаж өгсөн байдаг. Журмын 3.2.2-т “үнэт цаасны төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцоо, арилжаа эрхлэх байгууллагын гаргасан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргаан” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч нь манай гүйцэтгэх захирлын дугаартай тушаалтай маргах гэж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хорооны дэргэдэх маргаан таслах зөвлөлд эхэлж хандах байсан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн. Тус хуулийн 109-2-т зааснаар тухайн үндэслэл нь шүүх хуралдааны үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гаргах үед манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6. Гуравдагч этгээд Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр "Үнэт цаасны бүртгэлд бүртгэх тухай" тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэх тухай" дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ц ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт заасаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон буюу нэхэмжлэгч Г******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны бүртгэлийг хүчингүй болгосон байна.

“Б” ХХК-тай байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т талуудын хүлээх хариуцлагын талаар зааж өгсөн байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн хүсэлт нь “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 1501-и/2015 дугаартай “худалдах, худалдан авах гэрээ”-г нэг талын үүргээ зөрчсөнөөс болж хүчингүй болгосон бөгөөд дээрх шийдвэрийн дагуу “Ц” ХК-ийн дүрэм, гэрчилгээ хүчингүй болсон болно” гэсэн агуулгатай байна.

Дээрхээс хараад үзэх юм бол “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны А/95 дугаар тушаалаар “Хөтлийн Цемент Шохой” ХК-ийн 119,452,690 ширхэг хувьцаа дээр нэмж 2 тэрбум 751,388,203 ширхэг хувьцаа нэмж бүртгүүлсэн. Нэмж бүртгүүлсэн хувьцаанаас 6 сая ширхэг хувьцааг худалдаж авсан байна.

Ц гэдэг хуулийн этгээдийн статусыг тодорхойлох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчилж, “Э******* Монгол” ХХК-ийн харьяа охин компани болох “Ц” ХХК болгосон. Нэхэмжлэгчийн эрх ашиг юу вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлүүлэх зорилго нь 6,000,000 ширхэг хувьцааны асуудал. Одоо энэ компанид ийм хэмжээний хувьцаа байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа маргааны объект байхгүй болсон.

Засгийн газрын дүгээр тогтоол гарч, тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс холбогдох төрийн байгууллагууд шийдвэрүүдээ гаргасан. Засгийн газрын тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолууд хүчин төгөлдөр байгаа учраас тухайн шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэлийг энэ хэрэгт хянах ойлголт байхгүй.  “Б” ХХК-ийн хувьчлах гэрээг хүчингүй болгосон. “Б” ХХК хувьчлалаар худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан. Хувьчлалаар худалдах, худалдан авах гэрээг цуцалснаар Иргэний хуульд заасны дагуу талууд өгсөн, авснаа буцаах харилцаа үүснэ. “Б”ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэйгээр энэ харилцаа үүсэж байгаа учраас нэхэмжлэгч учирсан хохирлоо иргэний журмаар шаардах эрхтэй. Энэ хохирол нь “Б” ХХК-ийн анхны эрхийг үүсгэж байгаа гэрээг зөрчсөнөөс үүссэн хохирол гэсэн үг. Тиймээс хохирлоо тооцож, гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдохгүй учир нэхэмжлэгч нь хохирлоо “Б” ХХК-иас шаардах эрхтэй харилцаа бий болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гээд хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг тус тус шаардаж байна.

Гэтэл Г******* ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг уг захиргааны хэргийн шүүхэд үүссэн нэхэмжлэлийн хувьд хөндөгдөөгүй буюу өөрт байхгүй хувьцааны эрхийг зөрчсөн байх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нотлогдсонгүй, нотлох хууль зүйн үндэслэл болоод баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдалтай байна. Өөрөөр хэлбэл зөрчигдсөн эрх нь сэргэхгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах боломжгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хуульд заасан журмаар цуглуулж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны дугаар тогтоолоор хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад Хийн ц ТӨХК-ийг баталж, Б******* ХХК /Х ХХК/ хувьчилж авсан.

1.2. Хийн Ц ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор Ц ХК-ийн зарласан боловч гаргаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас төлөөлөн удирдах зөвлөлд гүйлгээнд гаргахыг зөвшөөрч эрх олгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,413,996,261 ширхэг энгийн хувьцаанаас 6,000,000 ширхэг хувьцааг нэмж гарган хаалттай хүрээнд санал болгож, нэг бүр нь 170 төгрөг байхаар тогтоож, одоогийн хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлэхгүй байхаар шийдвэрлэж[1], мөн өдрийн дүгээр тогтоолоор хэлцлийн төслийг баталгаажуулж, хэлцэл хийх эрх олгож,   

Санхүүгийн зохицуулах хорооны  2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор дээрх хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч[2],

Хийн Ц ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн , дүгээр тогтоолоор эрх олгосноор тус компанийн эрх бүхий этгээдтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХХАГ-18/01 тоот гэрээгээр 6,000,000 ширхэг хувьцааг 1,026,936,000 төгрөгөөр Г******* ХХК худалдан авсан.[3]

1.3. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор “хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад Хийн ц ТӨХК-ийг баталсан” Засгийн газрын 2015 оны дугаар тогтоолын хэсгийг хасаж, Хийн ц ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд хувьчилсан Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хүчингүй болгохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж,

1.4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор Хийн ц ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьчлалыг хүчингүй болгож, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээж авч, 109 дүгээр тогтоолоор төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтаар Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “компанийн өрийг хувьцаагаар сольж, дүрмийг баталсан” ******* дугаар тогтоол,  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргаж, хувьцааны үнийг тогтоосон” дугаар тогтоол, “хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгосон” дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтаар Ц ТӨХК-ийн дүрмийг баталж, 3 дахь заалтаар төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувийн 119,452,690 ширхэг энгийн хувьцааг төрийн өмчид бүртгүүлэхээр шийдвэрлэсэн[4].

1.5. Ц ХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрх бүхий этгээдийн мэдүүлгээр[5] 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд орсон энэ өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж,

1.6. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “хаалттай хүрээнд санал болгосон /нэхэмжлэгч Г******* ХХК 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХХАГ-18/01 тоот гэрээгээр 1,026,936,000 төгрөгөөр худалдан 6,000,000 ширхэг хувьцааг/ үнэт цаасыг бүртгэсэн” тогтоолоо хүчингүй болсонд тооцож[6],

1.7. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан[7].

1.8. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар тогтоолоор энэ хэргийн гуравдагч этгээд "Ц" төрийн өмчит хувьцаат компанийг "Э******* Монгол" ХХК-ийн нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар шийдвэрлэж, төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Э******* Монгол" ХХК-ийг тогтоож, "Ц" төрийн өмчит хувьцаат компанийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллахыг "Э******* Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигчийн энэ өөрчлөлтийг улсын бүртгэлд 2024 оны 12 дугаар сарын 27-нд бүртгэсэн байдаг.

Хоёр. Үйл явдлын огнооны дарааллаар нэхэмжлэлийн шаардлага бүрд хамаарах захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэлийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар “хувьчлалыг хүчингүйд тооцож, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай”, 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар “компанийн дүрэм батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг шүүх “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан[8], улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг давж заалдах шатны шүүх “тогтоолын 1 дэх заалтын ... Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ... эдгээр тогтоолын дагуу тодорхой тооны хувьцаа худалдан авч эзэмших болсон нэхэмжлэгчид шууд чиглээгүй, нийтийн эрх зүйн акт биш гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэснээр “ ... дугаар тогтоолын 1 дэх заалтын энэ хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаар[9] хэргийг шийдвэрлэлээ.  

Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр тодорхойлсон, нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” хэмээн тайлбарлан маргах тул энэ хүрээнд дүгнэлт хийв.

2.1.1. Захиргааны актыг илт хууль гэж үзэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” нөхцөлд эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг илэрхий зөрчсөн, тухайлбал захиргааны актад огт эрх зүйн үндэслэл заагаагүй буюу хууль, тогтоомжийг огт баримтлаагүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэл баримталсан, эсхүл баримталсан хууль, тогтоомж нь хүчин төгөлдөр болоогүй, баримталсан хэм хэмжээ нь хуультай зөрчилдсөн байхыг ойлгохоор захиргааны эрх зүйн онол болон шүүхийн практикаар тогтсон.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9, 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсгийг баримталсан, эдгээр зохицуулалт нь хувьчлал хүчингүй болсон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргах эрхийг заасан байх тул хуульд үндэслэх зарчмыг илэрхий зөрчсөн гэх, тогтоолд огт эрх зүйн үндэслэл заагаагүй буюу хууль, тогтоомжийг огт баримтлаагүй гэх илт хууль бус болох үндэслэл тогтоогдсонгүй.  

Тогтоолд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримталсан ба энэ тогтоолоор Ц ТӨХК-ийн дүрмийг баталсан, компанийн дүрмийн 1.4-т “Ц хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна” хэмээн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болохыг заасан тул хариуцагч нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг арилгах талаар шийдвэр гаргах эрхтэй, мөн л хуульд үндэслэх зарчмыг зөрчөөгүй, баримталбал зохих хуулийг зөв хэрэглэсэн, өөрөөр хэлбэл илт хууль бус гэх “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэл тогтоогдсонгүй.

2.1.2. Тогтоолд мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор “Хийн ц ТӨХК-ийг Б ХХК-д хувьчилсан” 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх “төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх” чиг үүргийг хэрэгжүүлэгч Засгийн газрын агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоор Хийн ц ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Б******* ХХК-д давуу эрх олгон худалдсан хувьчлалыг хүчингүйд тооцож, улмаар 2015 оны 608 дугаар “төрийн эзэмшлийн хувьцааг худалдсан”, 617 дугаар “өмчлөх эрх олгосон” тогтоолууд, Б******* ХХК-тай байгуулсан 2015 оны 15/1й-2015 дугаартай гэрээг хүчингүй болгож, хувьчлалыг хүчингүй болгосонтой холбогдуулан компанийн удирдлагын эрх, хөрөнгийг төрийн өмчид буцаан авах үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн дүрмийг батлах, бүртгэл хийлгэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэс, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэстээ үүрэг болгосон байдаг.

Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтаар дээрх шийдвэрүүдийг үндэслэл болгон, өөрөөр хэлбэл хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгчийн илт хууль бус хэмээн маргаж буй “ ... Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас 6,000,000 ширхэг хувьцааг гүйлгээнд гаргаж, хувьцааны үнийг тогтоосон” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгосон” дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгосноор хууль зүйн үр дагаврын хувьд хуулийн этгээдийг төрийн өмчид буцаан авсан, төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал байх бөгөөд хуулиар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр эрх олгосноор төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэгч Засгийн газрын агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын энэ талаарх шийдвэрийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэлгүй юм.

2.1.3. “Хийн ц ТӨХК-ийг хувьчлах жагсаалтаас хассан” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10557 дугаар захирамжаар “тухайн захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1112 дугаар захирамжаар “захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дээрх 2022 оны дугаар “хувьчлалыг хүчингүйд тооцож, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авсан” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэлээр мөн хүлээн авахаас татгалзсан байх тул эдгээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шүүх энэ хэрэгт дүгнэх нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрнэ.  

2.1.4 Түүнчлэн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8127 дугаар захирамжаар “нэхэмжлэл гарган хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр” хүлээн авахаас татгалзсан тул тогтоолын “зарим хэсэгт холбогдуулсан илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэхэд уг тогтоолын хууль зүйн үндэслэлд бүхэлд нь дүгнэлт өгөх шаардлагагүй.   

2.1.5. Шүүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтын “Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн тул тус тогтоолын 1 дэх заалтын “Ц ТӨХК-ийн дүрмийг баталсан” хэсэгт хамаатуулан “хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд дүрмийг баталсан шийдвэр захиргааны акт биш” гэх хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тайлбар хэрэгт хамааралгүй байна.

2.1.6. Нэхэмжлэгч “Хийн Ц ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг биржээр дамжуулан худалдан авсан Г******* ХХК-ийн нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг энгийн хувьцаа, түүгээр гэрчлэгдэх эрхийг үгүйсгэсэн шийдвэрийг төрийн эзэмшлийг төлөөлж буй хувьцаа эзэмшигч дангаар захиргааны шийдвэр гаргах замаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй” гэж маргадаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор Хийн ц ТӨХК-ийг хувьчлах жагсаалтаас хасаж, хувьчлалыг хүчингүй болгохыг үүрэг болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьчлалыг хүчингүй болгосон, хувьчлалыг хүчингүй болгосноор компани 100 хувь төрийн өмчид буцаан бүртгэгдэж, хувьчилж авсан этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд гаргасан “нэмж хаалттай хувьцаа гаргах, түүнийг бүртгүүлэх” шийдвэрүүд хүчингүй болсон тул ийнхүү нэмж гаргасан нэг бүр нь 170 төгрөгийн үнэ бүхий 6,000,000 ширхэг хувьцааг иргэний эрх зүйн гэрээгээр 1,025,916,000 төгрөгөөр худалдан авсан компанийн хувьд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд хохирлоо гэрээний нөгөө талаас шаардах эрхтэй байна.

2.2. Хийн ц ХК-ийн шинэчилсэн дүрэм, хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийн тухайд.

Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөх чиг үүргийн хүрээнд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах эрхтэй этгээдийн мэдүүлгээр, мэдүүлэгт хавсаргах баримтын бүрдлийг хангуулан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, улсын бүртгэлийн хөтлөлт үнэн зөв байх зарчмыг хангуулах чиг үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн этгээдийн хувь эзэмшил буюу өмчлөгч хэн байх, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж буй хэрэг биш.

Засгийн газар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоолоор “Хийн ц ТӨХК-ийг хувьчлах жагсаалтаас хасаж, хувьчлах жагсаалт баталсан 2015 оны дугаар тогтоолоо хүчингүй болгосноор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх “төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх” чиг үүргийг хэрэгжүүлэгч Засгийн газрын агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 3 дугаар сарын 24, 29-ний өдрийн , 109, дугаар тогтоолоор Хийн ц ТӨХК-ийн хувьчлалыг хүчингүйд тооцож, төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, компанийн удирдлагын эрх, хөрөнгийг төрийн өмчид буцаан авах үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн дүрмийг батлах, бүртгэл хийлгэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтэс /Ц.Б*******/, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс /Д.Н*******/-т  үүрэг болгож, улмаар дүрмийг баталсан,

Компанийн дүрмийн 1.4-т “Ц хувьцаат компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна” хэмээн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болохыг заасан, дээрх дугаар тогтоолоор дүрэм батлуулах, хувьцааг төрийн эзэмшилд бүртгэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Б******* хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Ц ХК-ийн хуулийн этгээдийн хэлбэр, хувьцаа эзэмшигч, дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр УБ-03 маягтаар гаргасан мэдүүлэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар “дүрэм бүртгүүлэх” тухай албан бичиг,  түүгээр хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн , 109 дүгээр тогтоол, 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоол, Ц ХК-ийн шинэчилсэн дүрэм, “Ц ХК-ийн дүрэм, гэрчилгээг хүчингүйд тооцон зарлуулсан” өдөр тутмын сонин, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт зэргийг[10] хавсарган гаргасныг үндэслэн хийсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан улсын бүртгэлийн байгууллага “хуулийн этгээдийн ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”  гэх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх /22.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 22.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, 22.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 22.1.9.улсын бүртгэлийн гэрчилгээ./ баримт бичгийг бүрдүүлсэн, 22.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг ... улсын бүртгэлийн байгууллага ... бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж заасанд нийцсэн, уг бүртгэл нэхэмжлэгч Г******* ХХК-ийн эрхийг, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан бүртгэл хийлгэх дээрх хүсэлт, хавсаргасан нотлох баримт бичгүүдэд зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийг зөрчсөн гэх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтаар улсын бүртгэгч улсын бүртгэл хийхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэж улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн , дугаар тогтоол, 3 дугаар сарын 29-ний өдрийн А-1/560 тоот албан бичгээр ирүүлсэн “үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах” хүсэлтийн дагуу тус хорооны 2018 оны дугаар “хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэсэн” тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. 

Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар үнэт цаасны зах зээлд оролцогчийн үйл ажиллагааны чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан бүрэн эрхийг, тодруулбал үнэт цаас гаргагчийн үнэт цаасны бүртгэлтэй холбоотой харилцаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолд эрх олгосон дээрх хуулийн заалтуудыг баримталснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хийн ц ХК-ийг хувьчлах жагсаалтад баталсан шийдвэрийг хүчингүй болгосон” дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “хувьчлалыг хүчингүй болгосон, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авсан” дугаар тогтоол, дүрмийг баталж, ... Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас 6,000,000 ширхэг хувьцааг гүйлгээнд гаргаж, хувьцааны үнийг тогтоосон” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгосон” дүгээр тогтоолыг хүчингүй болгосон 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолыг шийдвэртээ үндэслэл болгож, үнэт цаас гаргагч компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А-1/560 тоот албан бичгээр ирүүлсэн “үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах” хүсэлтийн дагуу үнэт цаас гаргагч компанийн хаалттай хүрээнд санал болгон гаргасан үнэт цаасыг бүртгэсэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон байх тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчсөн агуулгагүй байна.  

Төрийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “компанийн өрийг хувьцаагаар сольж, дүрмийг баталсан” ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож, улмаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргаж, хувьцааны үнийг тогтоосон” дугаар тогтоол, “хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгосон” дүгээр тогтоолыг хүчингүй болгож, төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувийн 119,452,690 ширхэг энгийн хувьцааг төрийн өмчид бүртгүүлэхээр шийдвэрлэж, өөрөөр хэлбэл үнэт цаас гаргагч “компанийн өрийг хувьцаагаар солих, зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнэ тогтоох өмнөх шийдвэрүүдээ хүчингүй болгож, хувьцааг 100 хувь төрийн өмчид бүртгүүлэхээр шийдвэрлэсэн” байх тул эдгээр хүчингүй болсон шийдвэрийн үр дүнд үүссэн үр дагавар болох үнэт цаасыг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны дугаар тогтоолоор үнэт цаас гаргагч Ц ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэсэн нь нэр зааж үнэт цаас өмчлөх эрх эзэмшүүлсэн агуулгагүй тул 2022 оны дугаар тогтоолоор үнэт цаас бүртгэсэн тогтоолоо хүчингүй болгосон шийдвэр нь мөн л үнэт цаасыг худалдан авсан этгээдийн тухайлсан өмчлөх эрхэд халдах үр дагавар үүсгэхэд чиглэсэн агуулгагүй.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь үнэт цаас гаргагчийн үнэт цаасны бүртгэлтэй холбоотой харилцаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т заасан "Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд санал болгон арилжих дотоодын болон гадаадын үнэт цаас гаргагчийн үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах" бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь үнэт цаасны тухайлсан эзэмшигчийн хувьцааны бүртгэлийг хийгээгүй, өмчлөх эрхийг үүсгээгүй.

Г******* ХХК-ийн маргаж буй үнэт цаасны өмчлөх эрхийн төвлөрсөн болон тухайлсан бүртгэлийн хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулсны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны маргаанд хамаарах 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор үнэт цаасаар илэрхийлэгдэх эд хөрөнгийн эрхийн эзэмшигч, өмчлөгчийн талаар шийдвэр гаргаагүй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

2.4. Монголын хөрөнгийн биржид холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтаар хүлээн авахаас татгалзаж, Монголын хөрөнгийн биржид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хүн, хуулийн этгээдээс ... гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэдэг.

Захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болох 5.1.1 “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2 “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3 “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4 “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5 “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”-ыг ойлгоно” гэж заасанд нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон “Монголын хөрөнгийн бирж” ХК хамаарахгүй.

Учир нь хөрөнгийн биржийн эрх зүйн байдлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулсан бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “үнэт цаасны зах зээлд оролцогч” гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг”, 4.1.17-д  “зохицуулалттай этгээд” гэж энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 4.1.28-д “хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” ойлгох бөгөөд 24 дүгээр зүйлийн 24.1.11-д үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарахаар,   24.2-т “энэ үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхээр заасан тул “хөрөнгийн бирж” нь Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа хийх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр тухайн зах зээлд оролцож, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хувийн эрх зүйн хуулийн этгээд байна. Иймд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу захиргааны байгууллага” гэж үзэхгүй, түүний шийдвэр үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй. 

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь заалтаар тус компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй хэмээн тодорхойлсон. Хүсэлтэд дурдагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн захирамж тус компаниас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хурал, хурлаас гарсан дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд уг иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн гэж үзэхээргүй байна.

Хүсэлтэд хамаарах маргаан бүхий акт болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтын “Хөтлийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1838, 1839 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд мөн тухайн хариуцагчийн тухайн шийдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ийнхүү иргэний хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл нэг этгээдийн гаргасан 1 шийдвэрийг захиргааны болон иргэний хэргийн шүүхэд зэрэгцүүлэн өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж байгаа тохиолдолд тухайн иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхэд хандаж маргах нь, нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгч талын хүсэл зоригт хамаарах тул ийнхүү маргааны зүйлд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

Дөрөв. Нэхэмжлэгч Г******* ХХК 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг 10 дугаар сарын 01-ний өдөр төлснийг шүүх мөн өдрийн 3297 дугаар захирамжаар нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар төрийн сангийн данснаас 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 11 дүгээр зүйлийн 11.9, 62 дугаар зүйлийн 62.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4,

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Монголын хөрөнгийн бирж ХК-д холбогдох “Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар “Үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” тушаалын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Монголын хөрөнгийн биржид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолын 1 дэх заалтын “... Хийн ц ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Зарласан хувьцаанаас гүйлгээнд гаргах, хувьцааны үнийг тогтоох тухай” дугаар тогтоол, “Хэлцлийн төсөл баталгаажуулж, эрх олгох тухай” дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хийн ц ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

 

 

[1] Хэргийн 6 дугаар хавтсын 193-194 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 17 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 14, 20-24 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 61-65 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 59-84 дүгээр хуудас

[6] Хэргийн 6 дугаар хавтсын 160-187 дугаар хуудас

[7] Хэргийн 7 дугаар хавтсын 55-57 дугаар хуудас

[8] Хэргийн 8 дугаар хавтсын 90-94,104-111, 131-134 дүгээр хуудас

[9] Хэргийн 8 дугаар хавтсын 139-142, 177-181, 186-188 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 59-84 дүгээр хуудас