Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00043

 

*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00220/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 293 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 1996 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн гуанзанд үйлчлэгчээр ажилд орж 2000 онд үйлдвэрийн гуанз түрээслэгдсэнээр ажлаас чөлөөлөгдсөн. 2003 онд тус үйлдвэрийн төмөр бэлтгэх цехэд үйлчлэгчээр ажилд орж 2019 оны 09 дүгээр сарын 19-ийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж байсан. *******-ний ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/1024 тоот тушаалаар ажлаас халагдсан юм. Миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 10 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

Хариуцагчийн гомдлоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим уг хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00799 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 2.914.392 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ажилд эргэн орсон өдөр болох 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 1 жил 20 хоног ажилгүй, цалин хөлсгүй хохирсон болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11.190.000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Амгалан овогтой ******* нь *******-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11.190.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн санхүүгийн бүртгэл болон Төмөр бэлтгэх цехийн цагийн балансад нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27 хүртэл хугацаанд нэхэмжлэгч ******* нь ажил үүрэг гүйцэтгэсэн тухай бүртгэл байхгүй тул хариуцагчийн зүгээс дээрх хугацааны цалин хөлс олгох үүрэг хүлээхгүй.

Иймд иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 10.163.200 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1.026.800 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 177.561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 293 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь *******-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11.190.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан хугацаанд тус компанид ажиллаж байгаагүй талаар хангалттай нотлох баримт шүүхэд гарган өгч энэ тухай шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч тал нь ... дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11.190.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно. гэж үндэслэлгүй дүгнэлт хийн нэхэмжлэгчид 10.163.200 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор олгох шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

2. Хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Гомдлыг 2020 оны 03 дугаар сарын 24-нд улсын дээд шүүх хүлээн авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 001/тт2020/00897 дугаартай дээд шүүхийн танхимын тэргүүний Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах захирамж гарсан байдаг.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь ... улсын дээд шүүхэд хянагдсан хугацаа буюу 2020.04.19-2020.13.09-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа улсын дээд шүүхэд хуулийн хугацаа хэтрүүлж хэрэг шийдвэрлэсэн хугацаа буюу дээд шүүхийн албажуулах захирамж гарах хүртэлх хугацааны олговрыг хариуцахгүй гэж маргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.2-т Гомдол хүлээн авсан шүүх...хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ 173.5-т Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ талаар тогтоол гаргана 173.6-д Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана 174.1-т Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ

Дээрх зохицуулалтай холбоотой анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс гаргасан тайлбарыг шүүх авч хэлэлцэлгүй орхин хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж тодорхой заасан байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Тухайлбал: Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гомдолд дурдсан асуудлуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч ******* хариуцагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11.190.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны шатанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүх хуульд заасан хугацааны дотор хэргийг шийдвэрлээгүй тул тус шүүхэд хянагдсан хугацааны олговрыг, нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралттай байсан учир түүний нийгмийн даатгалд бичигдсэн цалин хөлснөөс тооцож олговор нэхэмжилж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт авагдсан нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн, Улсын Дээд Шүүхийн албажуулах захирамж гарах хүртэлх хугацааны олговрыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан 3 шатны шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч ******* ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч *******ий ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д заасныг баримтлан тодорхойлсон нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй, зөв тодорхойлсон гэж үзнэ.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                             ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                                                Л.АМАРСАНАА