Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

 

 

 

 

      

 

 

      2024            02           19                                       2024/ДШМ/13

 

 

 

Э.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Х ,

шүүгдэгч Э.О ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, шүүгч Ж.Байгалмаа,  Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О , шүүгдэгчийн өмгөөлөгч З.А , Ж.Х гаргасан гомдлыг үндэслэн Э.О холбогдох эрүүгийн 2319000000261 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б овогт Э.О, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.О  нь согтуугаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн төв асрын дэргэд Д.Х зүй бус, хууль бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж түүний хэвлий, баруун бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал, баруун бугалгын a.brachialis, n.medianus судасны тасрал, баруун бугалгын урагдал шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч: “...Хохирогч өдөөн турхирч түрүүлж цохисон учраас яллагдагч тийм үйлдэл хийхэд хүргэсэн, мэс хэрэглэж хүний биед хохирол учруулсан гэм буруутай.” гэж дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх: ...Шүүгдэгч Б овогт Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж, хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.О ыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай 10 хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О аас 675.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй, иш хэсэгтээ 3 хадаас бүхий тавтай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Э.О  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...миний бие өөрийнхөө гэм буруу үйлдэлд маш их, чин санаанаасаа гэмшиж байна, би хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, уучлалт гуйж, харилцан ойлголцсон,  хохирогч намайг утсаар яриад байж байхад гэнэт араас хүрч ирээд зодолдъё гээд араас зуурч, намайг боогоод, би боолттойгоо амьсгал боогдоод газар унасан, боолтоос нь гарах гээд би нэлээн ноцолдсон боловч хохирогч миний дээр суусан байсан болохоор яаж ч чадахгүй, дэмий л ийш тийшээ өнхөрч байгаад нэг мэдэхэд л Хишигтөгөлдөрийг гэмтээсэн байсан. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг,  ар гэртээ ажил хөдөлмөр хийж, амьдрал ахуйгаа залгуулж, амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Манай ар гэрийн амьдрал ахуй ч хүнд хэцүү нөхцөлд орж үлдэж байгаа учир  харгалзан үзэхийг хүсэж байсан, хэргийг хянан үзэж надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Э.О ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хохирогчийн биеийн эрүүл мэнд эмчлэгдэж эдгэрсэн, хохирогчийн зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаагүй, хохирогчтой харилцан ойлголцож уучлалт гуйж, өөрийн гэм буруугаа ойлгож гэмшдэг гэх мэт нөхцөл байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг, Э.О  хохирогчтой маргалдаж муудах санаа сэдэлт зорилгогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Э.О  нь Хишигтөгөлдөрийн бие махбодын эрхшээлд автан боолтод орсноор тэрхэн зуур сэтгэл санааны гэнэтийн цочролд автсанаар хохирогчийг хутгалсан байхыг ч үгүйсгэх аргагүй, ...Э.О  нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэсэн үндэслэлүүдээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна, хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг нотлон тогтоосон бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад зөв нотолж чадсангүй гэж үзэж байна. ...Э.О  нь уг гэмт хэрэг үйлдэх болсон урьдач нөхцөл буюу хохирогчтой урьдын хувийн таарамжгүй харьцааны явцад бий болсон асуудлаас болж хоорондоо маргалдан зодолдож улмаар шүүгдэгч гутлынхаа түрийнд байсан хутгыг авч хохирогчийн хэвлий болон баруун гарт хутгалсан идэвхтэй хохирогч руу чиглэсэн үйлдлийг гаргасан байна гэж дүгнэсэн. Гэтэл Э.О  нь тухайн үед хохирогчтой хувийн таарамжгүй харьцаа үүсгээгүй бөгөөд гагцхүү хохирогч Д.Хишигтөгөлдөр хамт байсан хүмүүстэйгээ таарамжгүй харьцаа үүсгэж байсныг гэрч Н.Баянмөнхийн ...Хишигтөгөлдөр Оюунбадралыг үзье, зодолдъё гээд байсан. Оюунбадрал зодолдохгүй гээд байсан, гэрч Баярмагнайгийн ...тэгснээ Баянмөнх лүү агсраад хоёулаа үзье, зодолдъё гээд байснаа Оюунбадрал луу агсраад би таныг л зодчихвол сумын атаман болох гээд байна гээд муудалцаад гайгүй болсон гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Тухайн нөхцөл байдалд шүүгдэгчийн санаа сэтгэлийн хэвийн байдал алдагдаж цочролд орсон эсэхийг нотлох баримтыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоох бөгөөд Э.О ын үйлдэл нь санаатай хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна уу аль эсвэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна уу гэдэгт эргэлзээ үүсвэл ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой юм. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

9. Прокурор Б.Дашням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгчийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж хэргийн зүйчлэл дээр маргаж оролцдог. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хоромхон зуурын сэтгэл хөдлөл алдагдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь тухайн үйлдсэн үйлдлээ бүрэн санадаг. Ингэснээр сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэсэн үндэслэлийг тогтоодоггүй. Хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүссэн. Хохирогчийн зүй бус буруутай үйлдэл байсан. Шүүгдэгч түүний эсрэг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж хүнд хохирлыг санаатай учруулсан байдаг. Шүүгдэгчийн сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх үндэслэл нь тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Энэ зүйлд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулна. Гэтэл шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэдэг байдлаар хандаж байгаа. Энэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл биш. Хэдийгээр шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч шүүгдэгчийн өмгөөлөгч нар нэгдмэл байр суурьтай оролцох  ёстой. Гэтэл хоёр өөр байр суурьтай оролцож байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл биш гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан. Тийм учраас хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Э.О ыг согтуугаар буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн төв асрын дэргэд Д.Х зүй бус, хууль бус үйлдлийн улмаас түүнтэй маргалдаж улмаар түүний хэвлий, баруун бугалга хэсэгт хутгаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, сэмжний урагдал, баруун бугалгын судасны тасрал, баруун бугалгын урагдал шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 /тав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, Э.О ын үйлдэл нь санаатай хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна уу аль эсвэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна уу гэдэгт эргэлзээ үүсвэл ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

            2. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.О ын гэм бурууг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн хохирогч Д.Х /хх-17-18, 89/, гэрч  Т.Б /хх-20/, Н.Б /хх-22/, Б /хх-23/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт /хх-29-30/, шинжээчийн мэдүүлэг /хх-86-87/, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг /хх-98/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-53/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-13/, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-54/ зэрэг нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолсон байх ба хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгчийн санаатай, гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоож, шүүгдэгч Э.О ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх ба хэргийг зөв зүйлчилж, хуулийг зөв тайлбарласан байна.

Шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Э.О ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

3.Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч шүүгдэгч согтуугаар гэмт хэргийг санаатай үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх буюу “...хохирогч намайг боогоод, би боолттойгоо амьсгал боогдоод газар унасан, боолтоос гарах гээд би нэлээн ноцолдсон боловч хохирогч миний дээр суусан байсан болохоор яаж ч чадахгүй, дэмий л ийш тийш өнхөрч байгаад нэг мэдэхэд л Д.Х гэмтээсэн байсан” гэж хохирогчийг өөрт нь хүч хэрэглэснээс гэмтэл учруулсан” гэж маргаж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгчийн энэхүү мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх буюу  гэрч Т.Б, Н.Б, Б нарын өгсөн “...шүүгдэгч босож ирээд хохирогчийн хэвлий хэсэгт нэг удаа, гар луу нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл хэрэг болсон тухайн цаг хугацаанд шүүгдэгчээс хохирогчийг хутгалах үед түүний зүгээс түүнд хүч хэрэглээгүй, хүч хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийг сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон гэж үзэх үндэслэлгүй.

Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл шаардлага нь шүүгдэгчид өөрт нь хүч хэрэглэсэн буюу шүүгдэгч бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн эсхүл хохирогчийн зүгээс хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг ойлгоно.

Тухайн болж өнгөрсөн үйл явдал, үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хохирогч, шүүгдэгч  нарын хооронд маргаан үүсэж, хохирогчоос шүүгдэгчийг цохисон хэдий ч түүнд боолт хийгээгүй, боогоогүй, түүнийг цохисны дараа шүүгдэгч Э.О  босож ирээд хохирогчийг 2 удаа хутгалсан үйл баримт болж өнгөрчээ.

Тиймээс хохирогчийн зүгээс шүүгдэгч Э.О ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах хэмжээнд хүргэх хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэхгүй бөгөөд  хэргийг үгүйсгэх нөхцөл байдалгүй буюу шүүгдэгчийг гарцаагүй байдалд хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэхгүй. 

4. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч Н.Т “.....шүүгдэгчийг гэм буруутай.” гэсэн саналыг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн нь                                                                                                                                                                                                                                                                                                                                                               хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О , шүүгдэгчийн өмгөөлөгч З.А , Ж.Х  нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.О ын цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА