Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0538

 

 

 

 

 

 

 

 

   2025         08           05                                    128/ШШ2025/0538   

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Ц*******ын Э /РД:/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х овогт Дийн Н /РД:/,

Гуравдагч этгээд: Б овогт Дгийн Д /РД:/,

Маргааны төрөл: Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, Б.Г, гуравдагч этгээд Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргаанд хамаарах эрх зүйн актуудаар шийдвэрлэгдсэн асуудлууд.

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар иргэдэд газар ашиглах эрхийн үнэмлэх олгосны дотор тус дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм тоот хаягт газар ашиглах эрх олгосон,

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Д.Над 223 м.кв, Д.Дд 700 м.кв газрыг Баяндөхөм а, б тоот хаягаар эзэмшүүлснийг Ц.Э маргаж, тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаартай шийдвэрээр нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар Ц.Эын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2.4. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр захирамжийг хэвээр үлдээж, Ц.Эын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Ц.Э миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 12 гудамжны 4 тоот газрыг ашиглах эрхтэй болж уг газартаа амьдарч байгаад уг газраас нүүж Чингэлтэй дүүрэгт ээжийн хамт амьдрах болсон билээ.

Миний газар ашиглах эрх хүчинтэй байсан учир газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын дугаар бүхий газар ашиглах эрх баталгаажиж бүртгэгдсэн байдаг.

Гэтэл миний ашиглах эрхтэй газар дээр давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар иргэн Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлснийг миний бие хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Гэтэл захиргааны байгууллагаас дээрх хугацаанд Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлээгүй тул тэдгээрт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсэг хүчингүй болсон гэж үзэхээр байна.

Миний өөрийн ашиглах эрхтэй газрын асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиход Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар иргэн миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэж, уг захирамжийн хуулбар хувийг авсан билээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрийг дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг шүүхийн шийдвэрт дурдсан Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг дахин шийдвэрлэж гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

Дээрх захирамжаар миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй бөгөөд миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан билээ.

Нийслэлийн Засаг даргын газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02-07/1788 дугаар албан бичгээр миний гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн иргэн Ц.Эад хүргүүлснийг эс зөвшөөрч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Уг дүгнэлтэд миний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон мэдэгдлийг надад 2022 онд 2 удаа шуудангаар хүргүүлсэн гэж дурдсан боловч надад огт ийм мэдэгдэл ирж байгаагүй байхад сонсох ажиллагаа хийсэн байна гэж үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм.

Иймд хууль зөрчсөн, иргэн миний газар ашиглах эрхийг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Эаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Маргаан бүхий дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4.1.2, 37.1, 41.1, 41.3, 41.5, 42 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 49.3.1 дэх заалтуудыг үндэслэж Ц.Эын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Уг захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Ц.Эаас нөхцөл байдлыг тодруулах, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. Захирамжид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар захирамжийг үндэслэж гээд бичсэн байна. Энэ нь захирамж биш шийдвэр байх ёстой.

Ц.Э нь 2001 оноос маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б*******ийн 1-12-ын 04 тоот газрыг төрсөн эгч Ц.Хаас шилжүүлж авч, ашиглаж байсан. 2001 оноос хойш амьдарч, уг газарт хашаа байшингаа барьж байсан. Гэтэл уг газрыг 2019 онд 358 дугаартай захирамжаар Д.Дд 700 м.кв, Д.Над 223 м.кв-аар эзэмшүүлсэн байна. Эзэмшүүлсэн газрын давхцалтай холбоотой асуудлыг өмнө захиргааны хэргийн шүүх шийдчихсэн. Шүүхээр шийдсэн үед ямар нөхцөл байдал илэрсэн вэ? гэхээр, Д.Д, Д.Н нар өөр этгээдээс газар худалдаж авсан гээд, худалдаж авсан 500 м.кв газраас баталгаажуулахдаа Ц.Эын ашиглаж байсан хажуугийн газрыг оролцуулж нийт 923 м.кв газрыг баталгаажуулсан нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар Д.Д, Д.Н нар 500 м.кв газар худалдаж авсан хүмүүс. н.Дгээс авсан 500 м.кв газрыг н.Н*******ын нэр дээр баталгаажуулж, н.Н******* нь н.Дгээс худалдаж авсан байшингийн газрыг шилжүүлэх өргөдөл дагуу газрыг хэмжээг том болгож байгаад, хажуу талын Ц.Эын 932 м.кв газрыг нэмээд 700 м.кв, 232 м.кв аар хоёр хувааж өгсөн нь шударга ёс, тэгш байдалд нийцэхгүй байна. Гэтэл үндэслэлгүйгээр Ц.Эын ашиглаж байсан газрыг оролцуулж, 2 хашаа болгож, талбайгаа томсгож, 2019 оны захирамжаар баталгуулж, эзэмшээд, Ц.Эыг газар ашиглах эрхэд хандсан нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдаан Д.Д, Д.Н нар 500 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлснээ тайлбарлаж чаддаггүй. 500 м.кв-аар газраа эзэмшиж, баталгаажуулж авсан энэ газрын маргаан үүсэхгүй байсан. Тэгээд захиргааны хэргийн шүүхээс Д.Д, Д.Н нарт газар олгохдоо, газар шилжүүлэхээ, газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ, баталгаажуулахдаа өмнө нь мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Ц.Эын газар ашиглах эрхийг шийдээгүй байна. 2019 онд газрын кадастрын мэдээллийн санд шинэчилсэн бүртгэлд Ц.Эын газар ашиглах эрх нь бүртгэгдэж, орчихсон байдаг. Миний дээрх ярьсан зүйлс 2022 оны шүүхийн шийдвэрээр  тогтоогдсон байдаг.  Нэгэнт шүүхээр тогтоогдсон зүйлтэй холбоотой дахин маргаж, хэлэлцэх шаардлага байхгүй. Гагцхүү нэхэмжлэгчийн газартай давхцалтай эсэх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ?, өмнөх газар ашиглах эрхийг кадастрын нэгдсэн мэдээллийн санд оруулж, бодит байдалд энэ 3 хүн давхцалгүй газар ашиглах эрхтэй байсан. Гэтэл гуравдагч этгээд нарын худалдаж авсан 500м.кв газрыг баталгаажуулахдаа нэхэмжлэгчийн газрыг оруулж баталгаажуулснаас болж энэ маргаан үүссэн байгаа. Тус тусад нь эзэмшүүлэх боломжтой нөхцөл байдлыг тогтоох агуулгаар  145 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар 6 сарын хугацаанд шинээр акт гаргах ёстой байсан. Гэтэл захиргааны байгууллагаас 6 сарын хугацаанд шинээр акт гаргаагүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр захирамж гаргасан. Захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, гуравдагч этгээд нарын эзэмшиж байгаа газар нь баталгаажуулалтад орохдоо худалдаж авсан газрын хэмжээ нь хүсэлтийн агуулгаас давж шилжүүлсэн нөхцөл байдал зэргийг захиргааны байгууллага тогтоогоогүй. Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтэд 2 удаа сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан, сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсныг сонсох ажиллагаа хийсэнд тооцно гэх байдлаар дурдаж байна. Тэгэхээр 523 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн акт байх ёстой. Тиймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0145 дугаар шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргасан нөхцөл байдал үүсэж байна. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар гарсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар гарсан захиргааны акт гэж үзэхгүй. Тэгэхээр 2019 онд гуравдагч нар газар ашиглах эрх олгосон 358 дугаар захирамж хүчингүй болсон гэж үзнэ. Захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа учраас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.” гэв.  

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Ц.Эын газар ашиглах эрх 2018 онд кадастрын мэдээллийн санд 900 м.кв-аар орчихсон байсан. Д.Д гуай Ц.Эаас “газраа зарах уу” гэж асуусан гэж байгаа. Ц.Э “зарахгүй” гэсэн. Тэрний дараагаар удалгүй Эын газрыг оруулаад газрын гэрчилгээ гаргаад авчихсан байсан. Тэгээд үндэслэлийг нь харахаар “газар ашиглагч Ц.Э нь ирээгүй, олдохгүй” гэж тэмдэглэсэн байна. Газар ашиглагч Ц.Э олдохгүй байгаа бол цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж болно шүү дээ. Цагдаагийн байгууллагын “Ц.Э олдохгүй байна” гэсэн тодорхойлолт нь байна уу?. Мөн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрх хүчингүй болсон гэж байгаа. хэзээ хүчингүй болсон вэ?. Ц.Эын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захирамжийг үндэслээгүй. Мөн газрын албанаас уг газрын ашиглах эрхийг төлөөлөх эрх зүйн акт өгөөгүй учраас бид газрын төлбөр төлнө гэж ойлгоогүй. Хуульд иргэн бүр газрыг нэг удаа үнэгүй эзэмшинэ гэдгээр ойлгоод явж байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд манай газар орсон юм уу, орсон бол хэзээ ямар шийдвэрээр орсон вэ?, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байж газар эзэмших эрх олгох журамтай. Тухайн газрын эрхийг хүчингүй болгосон, дуудлага худалдаа зарласан Засаг даргын захирамж гарсан уу?. Кадастрын мэдээллийн санд Ц.Эын газар ашиглах эрхийг газрын алба өөрсдөө бүртгэсэн биз дээ, бидэнд бүртгэх эрх байхгүй. Тэрний дагуу бид Ц.Эыг газар ашиглах эрх хүчинтэй гэж явж байсан. Мөн энэ газрыг хариуцаж ажиллаж байсан 4 байцаагч Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, ял авсан шүү дээ. Үүнд тайлбар байна уу?. Хэрэв газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж байгаа бол 2001 оноос хойших бүр төлбөрөө төлөхөд бэлэн байна. Бидэнд актаа гараад өгчих, тэгээд нөхөн төлөлт хийнэ.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Эад 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгосон. Энэхүү хугацаа дууссаны дараа Ц.Эаас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг сургуулах тухай хүсэлт огт гаргаж байгаагүй. Манай мэдээллийн сан /вэб/-д хүсэлт гаргаж байсан эсэх нь регистрийн дугаараар нь хайж үзэхэд гарч ирнэ. Мэдээллийн сангаас шүүж үзэхэд Ц.Э нь газар ашиглах эрхээ сунгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Мөн газар дээрээ ямар ч ашиглалт байхгүй, газрын төлбөр төлөөгүй. Газрын төлбөрийн системээс мөн шүүж үзэхэд төлбөр төлж байгаагүй, тооцоо нийлсэн тухай акт үйлдээгүй. Сонгох ажиллагааны хувьд манайхаас газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа мэдэгдлээ “Монгол шуудан” ХК-иар явуулсан. Тухайн үед газрыг хариуцаж байсан газар зохион байгуулагчаас Ц.Эын 99199775 утасны дугаар луу нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14:54 минутад залгасан байдаг. Мөн “Монгол шуудан”-аар явуулсан шуудан буцаагдаж ирсэн байдаг. Шуудангийн буцаагдаж ирсэн шалтгаан нь “хаяг дээр байхгүй” гэсэн тэмдэглэгээтэй ирсэн байдаг. Өөрсдийнх нь өргөдөл дээрээ бичсэн хаяг болох Чингэлтэй дүүрэг, 3-хороо, 2 дугаар дөчин байрны ******* хаяг руу нь мэдэгдэл болон хүчингүй болгосон захирамжийг явуулахад “хаяг дээр байхгүй”, “хүлээн авахаас татгалзсан” гэсэн тэмдэглэгээтэй ирсэн.

Хуучин мэдээллийн санд Ц.Эын нэр дээр зөвхөн мэдээллийн сангийн зураг байсан. Захирамж, газар эзэмших тухай хүсэлт, эзэмшлийн гэрчилгээ, эзэмшүүлсэн захирамж байхгүй байсан. Зөвхөн нэгж талбарын дугаартай мэдээллийн сангийн зураг бүртгэлтэй байсан гэдгээр л шүүхэд маргаж байгаа. Мэдээллийн сангийн программ шинэлэгдэх үед хугацаа дууссан, шинэчилж бүртгүүлээгүй, эзэмших эрх баталгаажуулаагүй газрын бүртгэл шинэ программд бүртгэгдээгүй буюу устгагдсан байгаа.” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Ц.Эад тус дүүргийн 20 дугаар хороо, Б*******ийн 04 тоотод газар ашиглах эрхийг 5 жилээр олгож шийдвэрлэсэн байдаг. Иргэн Ц.Эын 2001 оноос хойш газрын төлбөр төлсөн баримт авагдаагүй, системээс шүүж үзэхэд газрын төлбөр төлж байсан талаарх мэдээлэл гарч ирэхгүй байна. Сонсох ажиллагаа удаа дараа хийж байсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.2-т сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх хэлбэрүүдийг зааж өгсөн байдаг. Хавтаст хэрэгт шуудангаар болон цахим хэлбэрээр хүргүүлсэн баримт нь авагдсан байгаа.  Шүүхийн 2022 оны 145 дугаар шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа газар эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байна. Ц.Э нь анхнаасаа газар ашиглах эрхтэй байсан, эзэмших эрхтэй байгаагүй. Мөн 2001 онд 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн хугацаа 2006 онд дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй.” гэв.

3.6. Гуравдагч этгээд Д.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Э нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Б*******ийн 04 тоот газарт холбогдуулж нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний 145 дугаар шийдвэрээр 6 сарын хугацаатайгаар захиргааны шинэ акт гаргахаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн газар ашиглах тухай дугаар захирамжаар Ц.Эад маргаан бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулсан байдаг. Тус захирамжийн 2 дахь хэсэгт “газрыг зориулалтын дагуу ашиглах, хашаагаа цэвэр үзэмжтэй байлгахыг газар ашиглагч иргэдэд үүрэг болгосугай” гэж зааж өгсөн байдаг. Ц.Э нь тус захирамжид заасан үүргээ биелүүлээгүй, тухайн газартаа амьдарч байгаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газрыг ашиглах гэрээ байгуулаагүй, эрх эдэлж, үүрэг хүлээж байгаагүй. Газрын тухай хуульд заасан “...газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх..” гэж заасныг огт хэрэгжүүлээгүй. Тиймээс газар ашиглах хүчин төгөлдөр эрх үүсээгүй гэж үзэж байна. Мөн газар ашиглах  хүсэл зориг нь байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн газрын албанаас тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан Ц.Б*******ид 2002 оны 298 дугаар захирамжаар эзэмшүүлж, Газрын тухай хуулийн 27.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх бүх төрлийн хэлцлийг заавал нотариатаар батлуулна гэж заасны дагуу хууль ёсоор шилжүүлж авсан байдаг. Ц.Эад 2001 онд газар ашиглуулах эрх олгосны дараа буюу 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хууль батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр Монгол улсын иргэдэд газар ашиглуулах хуулийн зохицуулалт байхгүй болж зөвхөн эзэмшүүлэх, өмчлүүлэхээр зохицуулсан байдаг. Түүнээс хойш Монгол улсын иргэнд газар ашиглуулах тухай захирамж, шийдвэр гараагүй. Газраа зориулалтын дагуу эзэмшиж байсан иргэдийг дүүргийн газрын албаны зохион байгуулагч нар хяналт тавьсны үндсэнд газар эзэмшүүлэх захирамжаар газар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог болсон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2001 оны захирамжаар газар ашиглах эрх олгосон гэж маргадаг боловч 2002 оноос хойш газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн газар эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэгчид 2001 оны дугаар захирамжаар газар ашиглах эрх олгосон гэж маргадаг боловч Газрын тухай хууль батлагдсанаас хойш одоог хүртэл газар эзэмшүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, газар эзэмших гэрээ, гэрчилгээ хуульд заасны дагуу эзэмших эрх үүсээгүй.  Иргэн Д.Н, Д.Д нар нь нэгж талбар бүхий хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг 2019 онд авсан боловч 2005 оноос хойш өдийг хүртэл уг газрыг ил тодоор шударгаар эзэмшиж, газрын төлбөрөө төлж, тогны төлбөр, хогны мөнгө зэргийг тогтмол төлдөг байсан.  Нэхэмжлэгч нэг ч удаа газрын төлбөр, хогны мөнгийг төлж байгаагүй, тухайн газарт огт амьдарч байгаагүй болно. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” заасан байдаг. Гэвч Ц.Э нь 2001 оноос хойш ашиглаж байгаа гэх боловч үйл баримтаар тогтогдохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн байдаг. Маргаан бүхий газрыг 2002 оны 298 дугаар захирамжаар ирсэн Ц.Б*******ид эзэмшүүлж, эзэмших эрхийг гэрчилгээ олгосноос хойш иргэн Д.Д шилжүүлэн авч, Д.Дгээс гуравдагч этгээд нар хууль ёсны дагуу шилжүүлж авсан байхад 2020, 2025 онуудад “миний ашиглаж байсан газрыг давхцуулж газар олгосон” гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. 2002 онд тухайн газрын Ц.Б*******ид захирамжаар эзэмшүүлснийг мэдэж байсан. Гуравдагч этгээд нар тухайн газарт хашаа барьж, байшин барьж амьдарч байхад нэг ч удаа маргаан үүсгэж уулзаагүй. Дүүргийн газрын алба болон дээд шатны байгууллагад хандаж байгаагүй. 2001 онд газар ашиглах эрхтэй байсан, 2019 онд газрын албатай очиж уулзахад бусдад шилжүүлснийг мэдсэн гэх байдлаар нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргаж маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.  Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тогтоолоор газар эзэмшүүлэх дарааллыг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ журмын дагуу иргэн Ц.Э нь ямар ч идэвхтэй үйлдэл гаргаж байсан удаагүй. Тухайн газар дээр байгаа хашааг гуравдагч этгээд нар 2005 оноос хойш 2 удаа модоор сольж барьж, шавар байшин барьж амьдарч ирсэн. 2005 оноос хойш би ээж Д.Д болон дүү нарын хамт амьдарсан байдаг. Гэвч нэхэмжлэгч Ц.Э энэ хугацаанд нэг ч удаа ирж маргаан үүсгэж байгаагүй. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0207/1791 дугаартай шийдвэрээр иргэн Ц.Эаас гаргасан гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр нөхцөл байдлыг тогтоож, дахин шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлсэн гэснийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 523 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтэд “Ц.Э нь 2001 оноос хойш газрын төлбөр төлж байсан баримт байхгүй, Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.3, 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэж Ц.Эын гаргасан гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгов” гэж шийдвэрлэсэн. Иргэн Ц.Э нь тухайн газартай холбоотой эрх ашиг нь хөндөгдсөн талаар нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа боловч иргэнд ямар нэгэн байдлаар газар эзэмших эрх үүсээгүй, уг газартай холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж байгаа холбоотой үйл баримт байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 54.1.3, 54.1.5. 54.1.6, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүх дүгнэлт өгөх эрх зүйн асуудал нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрт заагдсан ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага хуульд нийцүүлэн хийсэн эсэх, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар Ц.Эын маргаанд хамаарах Баяндөхөм 17 дугаар гудамжны 04 тоот хаягтай газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсоор хамгаалагдах ашиг сонирхолд хууль бусаар халдсан эсэхэд чиглэхээр байна. Учир нь,  

Нэхэмжлэгч Ц.Эаас дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар Д.Д, Д.Н нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосныг хүчингүй болгуулахаар маргаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дор дурдсан үйл баримтууд нэгэнт дүгнэгдсэн, тодруулбал, дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Эад Баяндөхөмийн тоот хаягт газар ашиглах эрх олгосон, мөн хаягт орших газрыг ашиглах эрхийг 2002 оны 298 дугаар захирамжаар Ц.Б*******ид олгож, газар ашиглах эрхийн 4837 тоот гэрчилгээ, 2004 онд эзэмших эрхийн 20-605 тоот гэрчилгээ олгосон, 2005 оны 10 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Б*******оос Д.Дд шилжүүлсэн, 2019 оны дугаар захирамжаар Д.Дд б хаягт 700 м.кв, Д.Над а хаягт 223 м.кв газар эзэмшүүлсэн нь Ц.Эад ашиглах эрх олгосон тоот хаягтай газартай бүхэлдээ давхцалтай, Ц.Эын нэр дээр 2006 онд нэгж талбарын 18659312******* дугаарт 1623 м.кв газар 2001 оны дугаар захирамжийг үндэслэн бүртгэгдсэн, үүний 922 м.кв газар нэгж талбарын дугаарт 2014 онд бүртгэгдсэн, 2020 оны 9 дүгээр сард уг газар 2 хуваагдан нэгж талбарын 1332******* дугаартайгаар Д.Нын нэр дээр  222 м.кв хэмжээгээр, 1332******* дугаартайгаар Д.Дгийн нэр дээр 700 м.кв хэмжээгээр тус тус бүртгэгдсэн, 1623 м.кв газар газраас байшин байрлаж буй 700 м.кв  газрыг Д.Н******* 2019 онд өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн, уг хашааг нийтэд нь Д.Н*******, Д.Д, Д.Н нар Д.Дгээс худалдан авсан гэх боловч 922 м.кв газар нь мэдээллийн санд Ц.Эын нэр дээр бүртгэлтэй, Ц.Б*******оос Д.Дд шилжүүлсэн газрын хэмжээ газар эзэмших эрх  шилжүүлэх гэрээнд 700 м.кв, гэрчилгээнд 500 м.кв, Ц.Эад газар эзэмших эрх олгосон захирамж байхгүй зэргийг шүүх дүгнэж шийдвэрлэсэн тул шүүх дээрх асуудлаар дүгнэлт хийх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэнд нийцэхгүй.

 Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрээр “дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжаар Д.Д, Д.Н нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ Ц.Эын ашиглах эрхтэй газартай давхардуулан олгосон” хэмээх Ц.Эын нэхэмжлэлээр “хүчингүй болгуулах” шаардлагыг шийдвэрлэхдээ “гуравдагч этгээд Д.Д, Д.Н нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхэд нэхэмжлэгч Ц.Эын газар ашиглах эрх хүчинтэй байсан эсэх, мөн ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай” хэмээн захиргааны байгууллагаас тогтоовол зохих нөхцөл байдлыг зааж, маргаантай асуудалд дахин шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаа тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн Д.Д, Д.Н нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн.

Тус шүүхийн шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжийг гаргаж, уг захирамжаар “Ц.Эын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 17-04 тоот газрыг ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн”-ийг шүүх дараах үндэслэлээр зөв гэж үзлээ.

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, ...” гэж зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шүүхийн шийдвэрт тусгагдсан ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад буюу тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч Ц.Эын газар ашиглах эрх нь хүчинтэй байх шаардлага хангаагүй, ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, газрын гэрчилгээ байхгүй, дүүргийн газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулагдаагүй, газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газрын төлбөр төлөгдөөгүй зэргээс газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр байдлыг хангаагүй нөхцөл байдлыг тогтоосон байна.

Энэ нь шүүхийн дээрх шийдвэрт заагдсан тогтоовол зохих нөхцөл байдлын хүрээнээс хэтрээгүй байна.

Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэрт дурдсанаар дүүргийн Засаг даргын 2001 оны дугаар захирамжаар Ц.Эад Баяндөхөмийн тоот хаягт газар ашиглах эрх олгосон ч Газрын тухай хууль /2002 оны шинэчилсэн найруулга/-ийн дагуу тухайн газарт эзэмших эрхээ баталгаажуулаагүй буюу газар эзэмших эрх аваагүй, гэрээ байгуулаагүй, энэ талаар хүсэлтээ гаргаж байгаагүй нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан шаардлагыг хангуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.8, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан газар ашиглах эрх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гэх ойлголтод Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эрх олгох ойлголт хамаарахгүй, нөгөөтээгүүр Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг гаргасан хүсэлтийнх нь дагуу, тодорхой журмын хүрээнд эрх бүхий Засаг даргын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаатайгаар, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3-т зааснаар эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулж, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг хийх  тул нэхэмжлэгч Ц.Эын хувьд маргаанд хамаарах газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргаагүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, гэрээ байгуулаагүй, түүнчлэн энэ хугацаанд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газрын төлбөр огт төлөөгүй нөхцөлд түүнийг тухайн газрыг газар ашиглах эрхтэй гэж үзэх боломжгүй.

Газрын кадастрын мэдээллийн санд түүний газар эзэмших эрх бүртгэлгүй, мэдээллийн сан шинэчлэгдэхээс өмнө 2001 оны захирамжийг үндэслэн хийгдсэн бүртгэл хэвээр байсан нь түүнийг уг газрыг эзэмших эрхийг тодорхойлохгүй.

Иймд гуравдагч этгээдүүдийн хүсэлтийн дагуу газрыг эзэмших эрх олгосон шийдвэр газар эзэмшүүлэхэд тавигдах Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх” шаардлагыг хангаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах, улмаар уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.  

2. Захиргааны аль ч байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгож, сонсох ажиллагаа хийх шаардлага Захиргааны ерөнхий хуулиар тавигддаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын буюу шийдвэрийн үндэслэлийн талаар тайлбар, санал гаргах боломж олгож, ийнхүү тайлбар, түүнд хамаарах баримтыг гаргах боломжит хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлэхээр хуульчилсан. Уг шаардлагыг хангаж гаргасан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

Газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16/287 тоотоор нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягаар баталгаат шуудан хүргүүлсэн боловч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шууданг “хүлээн авахаас татгалзсан”, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шууданг “хаягт газар ийм хүн байхгүй” гэх шалтгаанаар хүлээж аваагүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн магадлагаагаар тогтоогдож байна. Мэдэгдэл шуудангаар хүргэгдсэн “Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 12-р байр *******” хаягийн үнэн зөвийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, энэ хаяг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд мөн дурдагдсан буюу хаягийг алдаатай бичсэн, буруу хаягаар хүргүүлсэн гэх захиргааны байгууллагын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч байгууллага сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангийн байгууллагаар хүргүүлснээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа хийх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

3. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/07-1788 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлж, нэхэмжлэгчээс тус дүгнэлтийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

4. Түүнчлэн шүүхийн дээрх шийдвэрт заагдсан ажиллагааг хийж, дахин шинээр гаргасан актыг хүчингүй болгуулахаар маргасан байх тул тухайн маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй.  

5. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Э тухайн маргаантай газрын хувьд 2001 оны захирамжаар ашиглах эрх авсан байсан ч эрхээ “тодорхой хугацаа, нөхцөл, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмших”  хуулийн үндсэн шаардлагад нийцүүлж хэрэгжүүлээгүй, түүнд тухайн газрыг эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй байх тул хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг тогтоож тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, журмыг заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв биш ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.    

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамж хууль  ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА