Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х овогт Б.Ц-ийн,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие Б.Ц 1986-1988 онд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний бие тухайн өдөр зуслангийн нүүдэл хийх шалтгаанаар сумаас өөрийн биеэр ирж шүүх хуралдаанд оролцож амжихгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

1.1. Миний бие ...... онд төрсөн, .........настай. Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986-1988 онуудад мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Харин аймгийн архиваас цалингийн баримт шүүлгэхэд гарч ирсэн. Иймд миний Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Б, Х.Д нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Нийгмийн даатгалын байцаагч М.Б-н 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Б.Ц-н Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1-11, 1987 оны 1-12, 1988 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Б.Цээгийн малын тооны лавлагаа, Ц.Б иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Д-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 375 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, ХААТР-7 маягтууд, гэрч Ц., Х.Д нараас мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Цийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Цийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

3. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Б.Ц Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1-11, 1987 оны 1-12, 1988 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

 

Б.Ц ХААТР-1 маягтад Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд адуучин, 1986 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.

 

Б.Ц1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шинээр паспорт олгохдоо Увс аймгийн Хяргас сумын 2-р бригадад адуучин гэж бүртгэжээ.

 

3.1. Шүүхээс гэрч Ц.Б, Х.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Б Миний бие 1980-1992 онуудад Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Хөшөөт бригадад малчнаар байсан. Б.Ц нь 7 дугаар анги төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Миний санахаар 1986 оноос нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд малнаар ажилласан. Б.Ц аавынхаа хамт нэгдлийн бод мал маллаж байсан. Одоо ч Хяргас сумандаа хувиараа малаа маллан амьдарч байна. Тухайн үед нэгдлийн дарга С., Т.Лгэх хүмүүс байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Х.Д Би 1975-1992 оны хооронд Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчин буюу үхэр маллаж байсан. Б.Ц нь 1986 оноос нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд малнаар ажиллаж байсан юмаа. Улмаар цэргийн алба хааж ирээд хувиараа мал маллан амьдарсан. Одоо ч Хяргас сумандаа малаа маллан амьдарч байна. Түүний аав н.Балжин Хяргас нуур нэгдэлд адуу, үхэр маллаж байсан. Б.Ц ажилдаа маш сайн, ямар ч ажлыг голохгүй хийдэг, гарын үй дүйтэй хүн юмаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

4. Нэхэмжлэгч Б.Ц нь Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Б.Ц Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1-11, 1987 оны 1-12, 1988 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд адуучин, 1986 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, оны 10 дугаар сарын 06-ны өдөр шинээр паспорт авахдаа Увс аймгийн Хяргас сумын 2-р бригадад адуучин гэж бүртгүүлсэн ХААТР-7 маягт, гэрч Ц.Б, Х. нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

 

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Цийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Б.Ц-ийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.БОЛОР