| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 182/2024/02030/И |
| Дугаар | 191/ШШ2025/04900 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/04900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Гомбодашийнхан овогт ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/,
Хариуцагч: ,, тоотод оршин суух, гийн ******* /рд:/ нарт холбогдох
Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагч Д.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагч нарын өмгөөлөгч Т. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.*******, түүний нөхөр Б.******* нартай гэр бүлийн найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2018 онд Д.*******, Б.******* нар нь ...өөрсдийн ******* ХХК-иар *******-тай гэрээ байгуулж хөдөлгүүрийн фильтер /тосны шүүр/ нийлүүлэхээр болчихлоо, өөрсдийн хөрөнгөөр бараагаа авах тул өмнө нь мөнгө хэрэгтэй байна, Эрдэнэт үйлдвэрт нэг нугалж нийлүүлнэ. Яаралтай мөнгө зээлээч бараагаа нийлүүлээд хүүтэй нь буцаагаад өгье гэсэн бөгөөд *******-тай байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ харуулсан.
Т.******* миний бие болон манай гэр бүл Д.*******, Б.******* нарыг багагүй таньдаг байсан болохоор итгэж найдан банк ус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс гэх мэт боломжтой бүхий л байдлаар мөнгө зээлж 2018 онд 20,500,000 төгрөгийг анх 2 сарын хугацаатай зээлсэн. Түүнээс хойш тухайн Эрдэнэт үйлдвэрт ТӨҮГ-д бараа нийлүүлсэн эсэх нь тодорхойгүй болж тухайн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөөгүй.
Энэ мэтчилэн энэ тэндээс ...тендер авах гээд байна. Энийг авчихвал нөгөө зээлсэн мөнгөтэйгөө цуг буцаагаад өгье. Одоо яг баталгаатай. Дараагийн гэрээ байгуулж байна, бараа татах мөнгө зээлээч, гаалийн мөнгө олж өгөөч гэж мөнгө зээлсээр хамгийн эцсийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хийж нийт надаас зээлсэн өр төлбөр болон өмнө зээлсэн өр төлбөрийн хүү, алданги зэрэг хуримтлагдан 435,000,000 төгрөг болохыг хоёр талаас тооцоо нийлж, тухайн гэрээний хавсралт-1, 2-р дэлгэрэнгүй байдлаар баталгаажуулсан. Тухайн гэрээгээр зээлийн өр төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гурав хуваан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.
Дээрх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нээс хойш хариуцагч нар нь нийт 127,300,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоо үндсэн төлбөр 307,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэвч Т.******* миний бие дээрх өр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж, уулзаж, холбогдож үзсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй, төлөх талаар идэвхи санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Д.*******, ******* ХХК нараас зээлийн өр төлбөр 307,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх бидний зүгээс ******* ХХК-иараа *******-тай 'Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хөдөлгүүрийн тосны шүүр, ган хуудас төмөр, галд тэсвэртэй тоосгууд нийлүүлэхээр болсон бөгөөд тэрхүү гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа материалуудыг нийлүүлж тооцоо нийлсний дараа төлбөрийг бүрэн төлөхөөр заасан байсан. Бидэнд гаалийн албан татвар төлөх, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлууд шаардагдсан тул амьдардаг байрны маань танил, дээд давхрын айл болох нэхэмжлэгч Т.******* болон түүний нөхөр Ц. нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болсон.
Ийнхүү 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан ба ийнхүү бидэнд уг мөнгийг зээлэхдээ амаар ярилцаж тохиролцсоны дагуу өгсөн бөгөөд бичгээр огт гэрээ байгуулаагүй болно. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бидэнд зээлдүүлсэн мөнгийг Т.******* нь бусдаас зээлж авсан байсан, та нарын төлсөн төлбөр үндсэн зээлээс биш хүүнд л яваад байгаа учир тэр хүмүүстээ үзүүлж зээлээ буцааж төлөх хугацааг сунгах хэрэгтэй байна гэж тайлбарлаж тоот зээлийн гэрээнд бичигдсэн зээлийг зурах шаардлагатай байна гэж зуруулсны эцэст 2021.03.26-ны огноотой Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г бэлтгэн ирж тус гэрээг албажуулах шаардлагатай байна өөр зориулалтаар ашиглахгүй гээд гарын үсэг зурж тамга дарахыг шаардсаны дагуу бидний зүгээс өөр зүйлд ашиглахгүй гэх амлалтыг нь авсны үндсэн дээр гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж өгсөн.
Үүнийг нотлох баримт нь уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл артай зээлийн гэрээнүүдийг үндэслэн тооцооллыг хийсэн байх боловч уг гэрээнүүдэд ******* ХХК-ийн захирлын гарын үсэг болон тамга дарагдаагүй, мөнгө зээлдүүлсэн цаг хугацаатай таарахгүй байгаагаас харж болно.
Бидний зүгээс дээрх *******-иас гэрээний дагуу мөнгө орж ирэхгүй байснаас шалтгаалан харилцан тохиролцсоны дагуу мөнгөө богино хугацаанд буцаан өгч чадаагүй асуудал байгаа боловч боломжийнхоо хэрээр бага багаар, увуулж цувуулан өгсөөр байсан ба 2018 онд 2,300000 төгрөгийг дансаар, 2019 онд 13,130,000 төгрөгийг дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 онд 50,900,000 төгрөгийг дансаар, 61,500,000 төгрөгийг бэлнээр, 2021 онд 18,800,000 төгрөг дансаар, 77,200,000 төгрөгийг бэлнээр, 2022 онд 15,980,000 төгрөгийг дансаар, 45,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 онд 8,650,000 төгрөг дансаар, нийт 298,460,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн өгсөн байна.
Мөн бидний хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хамтран ажиллах байдлаар үр шим, ашгаас хувь өгөхөөр ярилцсан зүйл огт байхгүй байхад ямар шалтгаанаар мөнгө зээлснийхээ төлөө ашиг орлогоосоо хувь өгөх ёстой гэж үзэж, уг гэрээнд тусгасан нь ойлгомжгүй байна гэв.
3. Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжпэгчээс бидний хооронд байгуулсан 2021.03.26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г үндэслэн 307,620,000 төгрөгийг биднээс нэхэмжилж байх ба уг гэрээ нь 2 талын хүсэлт зоригийг илэрхийлээгүй, бодит байдалд нийцэхгүй, бичгээр гэрээ байгуулж, өндөр хүүтэй мөнгө авсан мэтээр дүр үзүүлэх замаар байгуулсан хууль бус хэлцэл тул түүнийг үндэслэл болгон төлбөр нэхэмжпэх эрхгүй, боломжгүй юм. Учир нь хариуцагч бидний зүгээс нэхэмжлэгч Т.******* болон түүний нөхөр Ц. нараас 2018-2019 оны хооронд нийт 126,500,000 төгрөгийг зээлж авч байсан ба 2018-2023 оны хооронд нийт 298,460,000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн.
Анх бидний зүгээс зээл авах болсон үндэслэл нь ******* ХХК-иараа *******-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хөдөлгүүрийн тосны шүүр, ган хуудас төмөр, галд тэсвэртэй тоосгууд нийлүүлэхээр болсон бөгөөд тэрхүү гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа материалуудыг нийлүүлж тооцоо нийлсний дараа төлбөрийг бүрэн төлөхөөр заасан ба бидэнд гаалийн албан татвар төлөх, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлууд шаардагдсан тул амьдардаг байрны маань танил, дээд давхрын айл болох нэхэмжпэгч Т.******* болон түүний нөхөр Ц. нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болсон.
Ийнхүү 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан ба ийнхүү бидэнд уг мөнгийг зээлэхдээ амаар ярилцаж тохиролцсоны дагуу өгсөн бөгөөд бичгээр огт гэрээ байгуулаагүй болно.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2021.03.26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ болон уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл дугаартай зээлийн гэрээнүүдийг бүгдийг нь нэг өдөр бэлтгэн ирж, нөхрийн бие өвдсөн эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй байна, мөн бусдаас зээл авсан мөнгөө буцаан төлж чадахгүй байгаа тул надаас авлагатай гэж үзүүлж, хугацаа авах шаарлагатай байна гэж гуйсан тул бидний зүгээс тус болох үүднээс өөр зүйлд ашиглахгүй гэдэг лалтыг нь авсны үндсэн дээр, бүгдийг нь нэг өдөр бөөнд нь, зөвхөн Д.******* гарын үсэг зурж өгсөн.
Гэтэл ийнхүү биднийг хуурч мэхлэн дээрх дүр үзүүлсэн хэлцэлд гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэн төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба ******* ХХК-ийн захирал бодитоор аваагүй мөнгөө зээлж авсан агуулгатай гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан боловч тус болох үүднээс тооцоо нийлэх гэрээг хүлээн зөвшөөрсөн мэтээр гарын үсэг зурсан.
Нэхэмжлэгчийн зүгээс өөр зүйлд ашиглахгүй зөвхөн зээлдэгч нарт үзүүлж хугацаа авах шаардлагатай байна гэсэн тул бидний зүгээс Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г үзэж танилцаагүй, түүн дээрх үнийн дүнг засварлах, тооцооллыг шалгаж тулгаж ч үзээгүй ба 2018 оноос хойш мөнгө зээлж, буцаан төлж ирсэн тул түүнд итгэж, аваагүй, тооцооллыг нь шалгаж хараагүй хэлцлийг зөвшөөрсөн мэтээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн юм.
Гэтэл 2021.03.26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний хавсралтад Зээлийн гэрээ гэх жагсаалтыг үйлдэж, огт байгуулагдаагүй, огт аваагүй мөнгө дүнгүүдийг хаанаас, юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй баримтыг үйлдэж гарын үсэг зуруулсан байна.
Мөн гэрээний хавсралтад ашиг, шимтгэл, үр ашиг зэрэг бидний хооронд бичгээр ч, амаар ч ярилцаж тохиролцож байгаагүй, ойлгомжгүй зүйлүүдэд тодорхой мөнгөн дүнгүүдийг тооцож оруулан өр төлбөр үүсгэж, 3-33 сарын хугацаанд, 3-20 хүртэл хувиар хүү тооцохоор оруулсан зэрэг нь хууль зөрчиж байна. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжуулэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж тус тус заасныг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл бидний хооронд анх 2018, 2019 онд бичгээр гэрээ байгуулалгүйгээр мөнгө зээлдүүлж, амаар зээлийн гэрээ байгуулагдсан тул ийнхүү олон сараар, дээрх дүн бүхий хүү тооцож авах эрх нэхэмжпэгчид үүсээгүй байх ба уг Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь аман хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа бичгэн хэлбэрээр байгуулсан мэтээр мөн зарим огт ярилцаж тохиролцоогүй зүйлсийг тохиролцсон мэтээр дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймээс 2021.03.26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байх тул ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бий болсон өр төлбөрийг хариуцагч бидний зүгээс төлж барагдуулах ёсгүй, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.
Түүнчлэн хариуцагч бидний хувьд анх нэхэмжлэгчтэй амаар ярилцаж тохиролцон мөнгө зээлж, буцааж тодорхой хувиар төлбөр нэмж төлөхөөр ярьсны дагуу нийт 126,500,000 төгрөгийн зээл авч, буцаагаад одоогийн байдлаар 298,460,000 төгрөгийг төлсөн байх ба бидний зүгээс ямар ч үндэслэлгүйгээр, нэхэмжлэгчийн худал үгэнд хууртаж, илүү 171,960,000 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн төлбөрөө буцаан шаардаж байна.
Дээр дурдсанчлан бидний зүгээс нэхэмжлэгчтэй анх амаар ярилцаж тохиролцон зээлсэн мөнгийг богино хугацаанд буцааж төлөх, тодорхой хувиар өсгөж өгөхөөр болсон тул нийт зээлсэн төлбөр болох 126,500,000 төгрөг дээр нэмж илүү төлсөн төлбөрийн 50 хувийг үлдээж, түүнтэй маргахгүй, харин үлдэх 85,980,000 төгрөгийг буцаан шаардаж байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч бид 3 хамтран гарын үсэг зурж байгуулсан, зээлийн гэрээ хаана ч байхгүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр өндөр хувиар хүү тооцох болон ашиг, шимтгэл, үр ашиг гэх зүйлсийг тооцох байдлаар гэрээг шинээр байгуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, бидний хохироож байна.
Бидний хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хамтран ажиллах байдлаар үр шим, ашгаас хувь өгөхөөр ярилцсан тохирсон зүйл огт байхгүй байхад ямар шалтгаанаар мөнгө зээлснийхээ төлөө ашиг орлогоосоо хувь өгөх ёстой гэж үзэж, уг гэрээнд тусгасан нь ойлгомжгүй байна. Иймд 2021.03.26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******аас гаргуулан бидэнд олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэг талаас иргэн Т.*******, нөгөө талаас иргэн Д.*******, ******* ХХК нар нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г талуудын хооронд үүссэн өр төлбөрийг гэрээ байгуулах үеийн цаг хугацаагаар тасалбар болгон, нийт үнийн дүнг 435,000,000 төгрөг байхаар баталгаажуулан тус төлбөрийг гэрээний 1.2-т заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчилэн, хуваан төлж барагдуулах үндсэн нөхцөлтэйгээр байгуулсан. Дээр дурсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хурээнд гэрээ чөлөөтэй байгуулах, туунийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний нөхцлийг харилцан тохиролцон тодорхойлж, түүний үр дүнд бий болох үр дагаврыг ухамсарлаж, хүлээн эөвшөөрч өөрсдийн гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан, өөрсдийн биеэр нотариат дээр гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн байдал нь хэлцэлд тавигдах хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа бөгөөд эдэгээрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Мөн гэрээний хавралт 1, 2-оор талуудын хооронд үүссэн байсан өр төлбөрийг үнийн дүн, хүү төлөх хугацаа, сард тооцогдож байгаа хүүгийн төлбөр, хариуцагч талаас төлсөн дүн, нийт үлдэгдэл төлбөрийг баталгаажуулан нийт үнийн дүнг тодорхойлсон ба хариуцагч нь гэрээний хавсралтаар баталгаажуулсан 13 удаагийн зээлийн гэрээнүүдийг компанийн гарын үсэг зурагдаагүй гэх бодит байдалд нийцэхгүй тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь үндэслэлгүй болох нь хариуцагч 2 этгээд хоёул тус гэрээнүүдэд гэрээ тус бүрийг байгуулах үед мөн л хүлээн зөвшөөрч, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан, хуулийн шаардлага хангасан байдлаар байгуулж байснаар тодорхой нотлогдоно.
Нэхэмжпэгч талын зүгээс хариуцагч нар нь шүүхэд хандахаас өмнө өр төлбөрийг хүлээн зөвшөөрч үүнийгээ ч бичгэн хэлбэрт оруулан баталгаажуулан зохих төлөлтүүдийг хийж байсан атлаа шүүхэд маргаан үүсэхэд өмгөөлөгчөөс зөвлөгөө аван гэрээ байгуулах үеийн хүсэл зоригоо үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаад маш их гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч нар нь Төлбөр тооцоо нийлэх гэрээний хаесралтад дурдсаны дагуу Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас зарласан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тендерт тэнцсэн, тендерийн дагуу хийгдэх худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэгдэх бүтээгдэхүүний захиалгыг өөрсдийн санхүүжилтээр хийдэг, гэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учраас гуравдагч этгээдээс хамаагүй мөнгө зээлээд өгөөч, мэдээж ББСБ, хувь хүн дурын хүнд хүүгүй мөнгийг зээлдүүлж, ашиглуулахгүйг ойлгож байгаа, мөнгө олдож байвал хэдэн хувийн хүүтэй ч байсан хамаагүй хүүг нь төлнө. Бид банкнаас зээлтэй байгаа мөн компани дээрээ зээл авчихвал тендерт оролцож чадахгүй учраас бусдаас мөнгө зээлж өгөөч гэдэг хүсэл зоригийг илэрхийлж байсан.
Т.******* нь ч гэрээний хавсралтад дурдсан Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээнүүдийг харуулж, гэрээ хийгдсэн гэдэг итгэл үнэмшлийг Д.*******, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* нар нь төрүүлсэн учраас тухайн үедээ өөрөө дөнгөж төрсөн нялх биетэй, өөрийн гэсэн орлогогүй байсан атлаа хариуцагч нарт итгэн өөрийн ойр дотны найз нөхөд, өөрийн хувийн эд хөрөнгүүд болох автомашин, утасны дугаар зэргийг барьцаалан ББСБ, барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалан ззэл авсан өдрөө хариуцагч нарт шууд шилжүүлэн өгч байсан. Мөн Т.******* нь хариуцагч нарт өгсөн зээлүүд нь бусад этгээдээс дамжин зээлэгдсэн, үүний үр дүнд хүү тооцогдож байгаа гэдгийг маш тодорхой мэдэж байсан. Гэтэл 2019 оноос хойш шүүхэд хандах хүртэл бүтэн 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч Т.*******т худал итгэл үнэмшил төрүүлсэн, бусдаас мөнгө зээлүүлж авах үедээ тухайн үед хэлж ярьж байсан шигээ богино хугацаанд зээлийн төлбөр, хүүг буцаан төлсөн байсан бол өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхгүй байсан.
Хариуцагч нар нь Эрдэнэт үйлдвэрээс гэрээний дагуу орж ирсэн мөнгөө өөрсдөө тухайн үед шууд авч хувьдаа болон эргэлтэд оруулах байдлаар ашиглаж, ашиг орлого олчихоод бидэнд тайлбарлахдаа гэрээ хэрэгжих боломжгүй болчихлоо, ийм учраас дараагийн ажлын тендерийг авч өмнөх алдагдлаа нөхөхийн тулд ажил гүйцэтгэх мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас өмнө зээлсэн мөнгөө олж авах үүднээс, хэлсэн ярьсан нь бүтчих байх гэсэн итгэлээр энэ олон удаагийн зээлүүдийг нэхэмжлэгч бусад этгээдээс зээлэн авч өгсөн.
Харин хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэрийг барьж, түүнд эрсдэл хариуцлагыг үүрүүлэн өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны эх үүсвэрийг гаргуулж авчихаад өөрсдөө ямар ч зээлийн ер төлбөргүй тайван сайхан амьдарч байгаа атлаа бусдаас зээлж авсан мөнгөнөөс нэг ч төгрөгийг нь хувьдаа ашиглаагүй, еөрсдөд нь шууд шилжүүлж байсан, энэ хугацаанд өөрийн үр хүүхэддээ ч анхааралгүй, зээлээс зээлийн хооронд зээлийн өр төлбөрт баригдан, хэрхэн зээл төлөх үү гэсэн асуудал дунд цаг хугацааг өнгөрөөж, өр төлбөрийн асуудлаас үүдэж байнгын сэтгэл санааны дарамт шахалтад орж нөхөр нь хүртэл элэгний хорт хавдар тусч, яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Энэхүү үүсээд байгаа санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан амь нас нь дээсэн дөрөөн дээр хагалгаанд орох мөнгө төгрөггүй, зөвхөн хугацаа авч торгоох эмчилгээг л хийлгэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.
Энгийн өөрсдийн амьдралаа аваад явдаг байсан жирийн нэгэн гэр бүлийн амьдралыг 6 жилийн хугацаанд ямар хэмжээний хүнд нөхцөл байдалд оруулчихаад байгаагаа Д.*******, Юкайс саплай ХХК нар өөрдсийн нүдэн дээр тод харж, мэдэрч байгаа. Энд тайлбарлагдаж байгаа бүх нөхцөл байдал хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар нэмэлт тайлбаргүйгээр нотлогдоно.
Нэхэмжпэгчийн хувьд эдгээр хүнд нөхцөл байдлыг туулсан байхад хариуцагч нарын зугээс нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөөр ажлаа аль дээр гүйцэтгээд гэрээ байгуулсан тухай бүртээ гүйцэтгэлийн санхүүжилт болох 790,000,000 төгрөгийн төлбөрийг авч, хувьдаа ашиглаж, ашиг орлого олчихоод эцэстээ өөрсдийнх нь үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө хүнээр гаргуулж, бусад этгээдийн өмнө өр төлбөртэй үлдээчихээд шүүхэд зээлийн гэрээ байгуулаагүй, хүүгүй байсан зэрэг ёс зүйгүй тайлбар өгч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-г нэхэмжлэлд
тусгана гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг гаргаж буй холбогдох хууль зүйн болоод үйл баримтын үндэслэлийг тодорхойлох, хэргийн нөгөө тал болоод шүүх бүрэлдэхүүнд ойлгомжтой байдлаар тайлбарлах үүргийг хүлээнэ. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд түүний үр дагавар нь тус хэлцэлтэй шууд хамааралтай буюу түүний үр дагавар болон тодорхойлогдох буюу Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр талууд өмнө үүссэн өр төлбөрийн асуудлыг л харилцан тохиролцон баталгаажуулан, тохирсон өр төлбөрийг төлөх хугацаа, журмыг тогтоосон. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар буцаан шаардаж буй 85,980,300 төгрөг нь хэрхэн тооцогдож байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус болгох гэрээтэй ямар хамааралтай ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бодит үндэслэлтэй гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ, хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнүүд, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, Тэнүүн капитад ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, Х., Н. нартай байгуулсан зээлийн гэрээ, Тайгын булаг трейд ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, Сайн ломбардтай байгуулсан зээлийн гэрээ, ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, ******* ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, Ө.*******тай байгуулсан зээлийн гэрээ, Ц.*******той байгуулсан зээлийн гэрээ, ******* ХХК-ийн албан бичгүүд, ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээ, барьцааны гэрээнүүд, дансны хуулга, төлбөрийн баримт, орлогын мэдүүлгийн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа,
5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, худалдах-худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ХХК болон Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нартай 2018 оноос хойш нийт 13 удаагийн зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлж байсан. Эдгээр зээлийн гэрээний төлбөрийг төлөхгүй байсан тул 2021 онд тооцоо нийлж, нийт зээлийн гэрээний төлөх үүргийг 435,000,000 төгрөг болохыг тогтоосон. Уг төлбөрөөс хариуцагч нар 127,300,000 төгрөгийг төлж, үлдэх 307,000,000 төгрөгийг төлөөгүй байгааг гаргуулна гэж,
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бид Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж ажиллахын тулд нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Нэхэмжлэгчээс нийт 126,500,000 төгрөг зээлж авсаныг 298,460,000 төгрөг болгож төлж барагдуулсан. Зээлийн гэрээнүүд болон тооцоо нийлэх баримтад нэхэмжлэгч өдөр бүр гэрт ирж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Уг баримтыг дүр үзүүлж, мөн хууль зөрчиж байгуулсан. Зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 85,980,000 төгрөгийг гаргуулна гэж тус тус тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч ******* ХХК, Д.******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 435,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байна. /1-р хх-5-6/
Уг тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний төлбөрийн тооцооллыг хавсралт-1, хавсралт-2 гэх баримтад тусгаснаар гаргасан байна.
Дээрх тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулах болсон үндэслэлийг тэдгээрийн хооронд өмнө үүссэн зээлийн гэрээний үүргийг нэгтгэж гаргасан гэж нэхэмжлэгчээс тайлбарласан. Тодруулбал, талуудын хооронд
- 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 20,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 04 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 16,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 05 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 31,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 06 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 6,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 9 дүгээр сарын 05-ны 09 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 8,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 17,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2,000,000 төгрөгийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 850,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,
- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 2,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг хариуцагч нар тус тус хүлээсэн байна. /2-р хх-50-75/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 1-13 тоот зээлийн гэрээнүүдэд зээлдэгч Д.*******, ******* ХХК-ийн захирал Б.******* гэж тус бүр гарын үсэг зурж, компанийн тамга дарсан. Мөн уг зээлийн гэрээнүүдэд мөнгө хүлээн авсан Б.*******, Д.******* гэж тус бүр гарын үсгээ зурсан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний агуулгыг өөрөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* ХХК, Д.******* нар нь зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тэд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо зээлийн гэрээнд тодорхой тусгаж гарын үсгээ зурсан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Хариуцагч нар зээлийн гэрээнд дарамт үзүүлж, итгэл төрүүлэн гарын үсэг зуруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хариуцагч нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба тэд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эсэх, гэрээнд гарын үсэг зураг эсэх нь тэдгээрийн хүсэл зоригийн асуудал байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Иймд зээлийн гэрээнүүдийн үүргийг хариуцагч ******* ХХК, Д.******* нар хүлээнэ.
Хариуцагч ******* ХХК, Д.******* нар нэхэмжлэгч Т.*******аас мөнгөн хөрөнгийг зээлж авч байсан үйл баримтад маргаагүй, харин нийт 126,500,000 төгрөгийг зээлж авсаныг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
5.1 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн үүргийг талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь,
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талууд 01-13 тоот гэрээнүүдийн хугацаа дуусах бүрт сунгаж байгаагүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй болохоо хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан. Зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй атлаа тооцоо нийлсэн баримтын хавсралт-1-т гэрээнд тохирсон хугацаанаас илүү хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссанаас хойш зээлийн хүү тооцож шаардсан нь үндэслэлгүй.
Мөн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний хавсралт-2-т *******-тай байгуулсан гэрээний дагуу хийгдсэн ажлын үр ашгийн тооцооны төлбөрт 254,077,420 төгрөг гаргуулахаар тусгасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс уг үр ашгийн тооцооны мөнгөн хөрөнгийг гаргуулах тухай үндэслэлээ ...би бусдаас зээл авч авсан зээлийн мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн байсан. Хариуцагч нар зээлийн төлбөрөө буруутай үйлдлийн улмаас бусдад хүүгийн төлбөр төлж хохирсон. Иймд хариуцагч нарын Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс олсон ашгаас гаргуулна гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс олсон ашгаас гаргуулах тухай тохиролцоо байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгөн хөрөнгө зээлдүүлэхдээ уг мөнгөн хөрөнгийг ямар хөрөнгийн эх үүсвэрээс олж зээлдүүлэх эсэх нь түүний эрхийн асуудал байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан бусдад зээлийн хүү төлж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй.
5.2 Хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг тооцвол:
- 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 01 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 20,500,000 төгрөг, 12 сарын хүү 9,840,000 төгрөг, нийт 30,340,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 15,170,000 төгрөг, нийт 45,510,000 төгрөг,
- 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 02 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 7,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг,
- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 15,000,000 төгрөг, 3 сарын хүү 1,800,000 төгрөг, нийт 16,800,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 8,400,000 төгрөг, нийт 25,200,000 төгрөг,
- 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 04 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 16,000,000 төгрөг, 12 сарын хүү 7,296,000 төгрөг, нийт 23,296,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 11,648,000 төгрөг, нийт 34,944,000 төгрөг,
- 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 05 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 31,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 13,020,000 төгрөг, нийт 44,020,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 22,010,000 төгрөг,,
- 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 06 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 6,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 2,880,000 төгрөг, нийт 8,880,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 4,440,000 төгрөг, нийт 13,320,000 төгрөг,
- 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 07 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 1,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 540,000 төгрөг, нийт 1,540,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 770,000 төгрөг, нийт 2,310,000 төгрөг,
- 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 08 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 5,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 6,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 5,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөг,
- 2019 оны 9 дүгээр сарын 05-ны 09 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 8,500,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 2,040,000 төгрөг, нйт 10,540,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 5,270,000 төгрөг, нийт 15,810,000 төгрөг,
- 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 35,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 63,000,000 төгрөг, нийт 98,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 49,000,000 төгрөг, нийт 147,000,000 төгрөг,
- 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 17,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 9,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөг,
- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 850,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 459,000 төгрөг, нийт 1,309,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 654,500 төгрөг, нийт 1,963,500 төгрөг,
- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 2,000,000 төгрөг, 12 сарын хугацааны хүү 2,400,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн алданги 2,200,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг
Нийт 01-13 тоот зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг нэмж нэгтгэвэл 414,187,000 төгрөгийг хариуцагч нар гүйцэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг нийт зээлийн гэрээний үүрэгт 127,300,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, маргах боловч нэхэмжлэгчээс 1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр талд авагдсан төлбөрийн задаргааны баримтад нийт 212,490,000 төгрөг төлсөн болохыг өөрөө бичиж гаргасан байна.
Иймд хариуцагч нарын нийт гүйцэтгэвэл зохих 414,187,000 төгрөгөөс гүйцэтгэсэн 212,490,000 төгрөгийг хасч тооцвол үлдэх 201,697,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нараас 201,697,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 106,003,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч нараас гаргасан 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас 212,490,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,220,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,696,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,920,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, Д.******* нараас 201,697,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 106,003,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч нараас гаргасан 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,696,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,920,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,220,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ