| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2021/00216/И |
| Дугаар | 209/МА2021/00045 |
| Огноо | 2021-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2021/00045
Б.Өлзийсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2021/00216/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Батцэцэгт холбогдох
5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн
2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нар /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...манай нөхөр Б.Өлзийсайхан нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Батцэцэгт 5,0 сая төгрөг зээлдүүлж, Н.Батцэцэгийн дансанд нь хийсэн байгаа. Тухайн үед зээлдүүлсэн 5,0 сая төгрөгөө Н.Батцэцэгээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Зээлсэн хүн нь Н.Батцэцэг шүү дээ. Би ногоо тарьдаг, өнгөрсөн жил шатсан тул мөнгөгүй болчхоод байна, энэ жил ногоо хураалт хийхэд мөнгө хэрэгтэй байгаа тул 5,0 сая төгрөг зээлээч гэж хэлсэн учир зээлдүүлсэн.
Мөнгө зээлсэн хүнээсээ нэхнэ, энэ хүний өмнөөс Б.Түмэннаст хариуцъя гэсэн ч хариуцуулах боломж байхгүй. Бидний зүгээс Н.Батцэцэгээс мөнгөө өгөхийг олон удаа шаардаж, очиж уулзаж байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Б.Түмэннаст гэж өөрийнхөө нагац эгчтэй хамтран хувиараа алт олборлосон байдаг.
Энэ хүмүүсийн хооронд өглөг, авлага байсан бөгөөд хариуцагч Н.Батцэцэг нь Б.Түмэннасттай найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Түмэннаст нь Дарханд орж ирэхдээ хувийн бичиг баримт, виза картаа орхиод ирсэн тул Н.Батцэцэгийн дансаар нэхэмжлэгч Б.Өлзийсайханаас авах ёстой байсан 33,0 сая төгрөгийн 5,0 сая төгрөгийг авсан байдаг.
Н.Батцэцэг нь нэхэмжлэгчийн эгч Б.Түмэннастыг таньдаг, найз нөхдийн холбоотой учир ийм зүйл болно гэж бодолгүй 5,0 сая төгрөгийг дансаар нь шилжүүлж авахыг зөвшөөрч, АТМ-ээс 2,5 сая төгрөг авч өөрт бэлэн байсан 2,5 сая төгрөгийг нэмж Б.Түмэннастад 5,0 төгрөг өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь эгчдээ өгөх ёстой байсан мөнгөө өгснийгөө Н.Батцэцэгт зээл өгсөн тул одоо гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Батцэцэгт үнэхээр мөнгө зээлдүүлсэн юм уу гэхэд данс руу нь шилжүүлэг хийсэн гүйлгээний утга дээр зээл гэж бичээгүй байгаагаас 5,0 сая төгрөг Н.Батцэцэгт зээл биш эгч Б.Түмэннастад өгөх ёстой байсан мөнгөө өгсөн гэж харагдаж байна. Н.Батцэцэгийн хувьд Дархан-Уул аймгийн Орхон суманд төрж өссөн бөгөөд эхийн хамт ногоо тарьдаг аж ахуйч хүн бөгөөд тухайн үед ногоо хураалт эхэлсэн байсан тул ногоо хураалтын ажилчдын цалинг бэлнээр нь биедээ авч явсан байдаг. Өөрт байсан мөнгө дээр АТМ-ээс мөнгө авч Б.Түмэннастад мөнгийг өгсөн байдаг.
Н.Батцэцэг нь Б.Өлзийсайхантай зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд орж 5,0 сая төгрөг аваагүй, нэхэмжлэгчийн эгч нь Н.Батцэцэгийн дансаар авах ёстой байсан мөнгөө авсан юм. Хэдийгээр 5,0 сая төгрөгийг өөрийн дансаар оруулж эгчид нь өгсөн байхад Н.Батцэцэгээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Хэрэв үнэхээр мөнгөө буцааж авах ёстой гэж үзэж байгаа бол энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Б.Түмэннастыг хариуцагчаар татуулах хүсэлтийг бидний зүгээс гаргасан боловч хэнийг хариуцагч хэмээн үзэх эрх нь нэхэмжлэгчид байгаа учир шүүх хүсэлтийг хангаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал хариуцагчийн татгалзал нотлогдож байгаа бөгөөд Н.Батцэцэгт олгосон зээл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Батцэцэгээс 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийсайханд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.21-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоогоогүй, зээлийн гэрээний эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
1. "...үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Өлзийсайхан, Н.Батцэцэг нарын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. гэж дүгнэжээ. Гэтэл гэрч Б.Түмэннастын мэдүүлгээр тус 5.000.000 төгрөг нь нагац дүү Б.Өлзийсайхан надаас зээлж авсан мөнгөө өгөх үед хөдөөнөөс орж ирсэн бичиг баримтгүй байсан тул найз Н.Батцэцэгийн дансаар авч Н.Батцэцэгээс бэлнээр 5.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай мэдүүлсэн байдаг. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, асуулт хариултын явцад нэхэмжлэгч талаас Б.Өлзийсайхан, Б.Түмэннаст нарын дунд мөнгөний тооцоо байсан тухай үйл баримт тогтоогддог бөгөөд энэ нь дээрх 5.000.000 төгрөг нь тус тооцооных нь нэг хэсэг байсан болох, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх нөхцөл байдал үүссэн боловч шүүх тус гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 онд Б.Өлзийсайхан бид 2 орон сууц авахаар мөнгөө цуглуулж байсан, банкны зээлд хамрагдаж байр авсан гэх тайлбаруудыг шүүхэд гаргадаг бөгөөд энэ нь тус хүмүүс Н.Батцэцэгт бодит байдал дээр, хүүгүй мөнгө зээлэх нөхцөл боломжгүй байсныг мөн илтгэнэ.
Мөн тус 5.000.000 төгрөг Н.Батцэцэгийн дансанд шилжин орсон хугацаатай ойролцоо 2.000.000 төгрөг гэрч Б.Түмэннастын данс руу шилжүүлсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогддог бөгөөд гэрчийн мэдүүлгээр Б.Өлзийсайханд мөнгө зээлж өгч тусалдагт нь гэрч Б.Түмэннастын нөхөр дургүй, уурлаж загнадаг тул их хэмжээний мөнгө орж ирвэл баригдана гэж айж Н.Батцэцэгийн дансаар 5.000.000 төгрөгийн шилжүүлж аваад, өөрийн дансаар авсан 2.000.000 төгрөгийг нөхөртөө Б.Өлзийсайхан тусалж дэмжиж байсанд баярлалаа үрээ |морь| аваарай гэж дээрх мөнгийг бэлэглэлээ гэж тайлбарлаж байсан гэх мэдүүлгээс үзэхэд Н.Батцэцэг өөрийн найз Б.Түмэннастад түүний хүсэлтийн дагуу зөвхөн дансаа ашиглуулсан болох нь нотлогдож, тогтоогдож байна.
Н.Батцэцэгийн дансанд орж ирсэн 5.000.000 төгрөг нь тус өдөртөө зарлагадаж гарсан байдаг нь мөн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болохыг харуулж байна.
Гэтэл анхан шатны шүүх хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг бүрэн дүүрэн судалж, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй зөвхөн Н.Батцэцэгийн дансаар мөнгө орж ирсэн гэх нөхцөл байдал баримтад тулгуурлан талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ амаар байгуулагдаж тус гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй болжээ.
Хариуцагчийн зүгээс Б.Өлзийсайханы данснаас өөрийнх нь данс руу 5.000.000 төгрөг орж ирсэн асуудал дээр маргаагүй, гагцхүү тус мөнгийг өөрөө хүсэж, зээлж, захиран зарцуулаагүй, түүний нагац эгч Б.Түмэннастын хүсэлтээр дансаараа дамжуулан авч өгсөн, тус болсон гэж буюу Б.Өлзийсайхантай зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргадаг.
Аливаа гэрээ, хэцэл байгуулагдсан эсэхийг шалгахын тулд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг шалгаж тогтоох нь нэн чухал юм. Манай тохиолдолд хариуцагч Н.Батцэцэгт Б.Өлзийсайханд хандаж зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан болох нь огт тогтоогдоогүй, шүүх ч энэ асуудлыг орхигдуулсан. Харин хариуцагчийн татгалзлаа нотлохоор хамтран хариуцагчаар Б.Түмэннастын оролцуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны мэтгэлцээн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон үйл баримтаас нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, гэрч Б.Түмэннаст 2-ийн хооронд мөнгөний өглөг авлагын тооцоо байсан болох нь тогтоогдсон байдаг. Нэгэнт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл хариуцагч Н.Батцэцэгт байсан болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд зөвхөн дансны хуулгаар үндэслэж талуудын хооронд Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
2. "... Хариуцагч Н.Батцэцэг нь Б.Түмэннаст гэх хүнд зээлийн гэрээний зүйл болох 5.000.000 өгсөн эсэх асуудал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний зүйлийг хэрхэн захиран зарцуулсан нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнээд хариуцагч Н.Батцэцэгээс тус мөнгийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Энэхүү дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг огт ойлгоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Өлзийсайхантай огт зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй буюу тэдний хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй. Зөвхөн найз Б.Түмэннастдаа түүний хүсэлтийн дагуу дансаа ашиглуулж мөнгийг гаргаж, хүлээлгэж өгсөн гэж маргадаг. Гэтэл шүүх зохигчдын хооронд гэрээний эрх зүйн харилцаа бодитоор үүссэн эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй атлаа, хариуцагчийн татгалзлыг гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй холбон тайлбарлаж дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Үүргээс чөлөөлөгдөх тухай асуудал нь нэгэнт үүссэн үүргийн харилцаан дээр яригдахаас биш огт үүрэг үүсээгүй тохиолдолд үүргээс чөлөөлөгдөх тухай хууль зүйн ойлголт байхгүй юм.
Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь авч үзвэл зохигчдын Хаан банкны депозит дансны хуулгыг л үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд гэрч Б.Түмэннастын хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, зохигчдын шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбар зэргийг бүрэн дүүрэн үнэлж хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд нийцүүлж үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нь хариуцагч Н.Батцэцэгт аман гэрээгээр 1 сарын хугацаатай зээлдүүлсэн 5.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Н.Батцэцэг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Өлзийсайханаас 5.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч Б.Түмэннастад дамжуулан өгсөн, тухайн мөнгийг Б.Түмэннаст миний дансаар дамжуулж авсан тул 5.000.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Б.Өлзийсайхан, Н.Батцэцэг нарын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзээд хариуцагч Н.Батцэцэгээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.
Хариуцагч Н.Батцэцэг ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дансаар нэхэмжлэгч Б.Өлзийсайханаас 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд мөнгө шилжүүлэгч Б.Өлзийсайханы нагац эгч Б.Түмэннастын гуйснаар тэрхүү 5.000.000 төгрөгийг өөрийн дансаар авч, тэр өдөрт нь түүнд шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт гэрчээр оролцсон Б.Түмэннастын шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, дансны зарлагын баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд хариуцагч Н.Батцэцэг нь нэхэмжлэгч Б.Өлзийсайхантай аливаа эрх зүйн харилцаанд оролцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байна гэж үзнэ.
Анхан шатны шүүх маргааны зүйлийг юу болохыг анхаарч авч үзээгүйгээс нотлох баримтыг бодитоор үнэлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ..., шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагч Н.Батцэцэгийн татгалзал нь гэрч Б.Түмэннастын мэдүүлгээр нотлогдож байна.
Харин шүүх гэрч Б.Түмэннастын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд гэрч Б.Түмэннаст, нэхэмжлэгч Б.Өлзийсайхан нар нь садан төрлийн холбоотой, хамтран ажиллах болон бусад байдлаар эрх зүйн харилцаанд оролцож байсан тухай мэдүүлгийг шүүхэд болон шүүх хуралдаанд мэдүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэн болон няцаасан ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Анхан шатны шүүх Хаан банк дахь дансны мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн талуудын хооронд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа бодитоор үүссэн эсэхийг эргэлзээгүй тогтоогоогүй атлаа хариуцагчийн татгалзлыг гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй холбон тайлбарлаж ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэсэн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Өлзийсайханы хариуцагч Н.Батцэцэгт холбогдуулан гаргасан 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Л.АМАРСАНАА