Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

 

О.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;       

Прокурор: Ц.Цэрэндулам,

Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Д /цахимаар, зайнаас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: З.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч О.Б холбогдох 2319000080312 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагчийн биеийн байцаалт:

Б овогт О.Б, * тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч О.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мөнхдүүрэн захын урд талын зам дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед 56-46 ДГО улсын дугаартай Санота-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн “3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч О.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Б холбогдох эрүүгийн 2319000080312 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

 Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/Ш3/58 шүүгчийн захирамжийн зарим заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байна.

 

Учир нь яллагдагч О.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөнхдүүрэн” захын урд талын зам дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед 56-46 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд тухайн хэргийг нүдээр харсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх иргэн Г.Г, С.Х, С.Ц, Х.И нарыг 21-23 цагийн хооронд мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулж болох мөрдөн шалгах ажиллагаа юм.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж, уг эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаaг бие даан явуулах эрхтэй” гэж тус тус хуульчилж өгсөн.

 

Үүнээс дүгнэхэд хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч Г.Г, С.Х, С.Ц, Х.И нарын мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтад мэдээлэл буюу нотлох баримт гэж үзэж байна.

Иймд Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/Ш3/58 дугаартай шүүгчийн захирамжийн “үндэслэх” хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцлийг бичсэн.” гэв.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Прокурор шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөгч, прокурор хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл тус хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг бүрэн бодитой, тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоох зарчим, хуулиар тогтоосон эрх үүрэг, нотолгооны стандарт гээд Дээд шүүхийн тайлбарт заагаад өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг бүрэн хангаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Шүүгчийн захирамж үндэслэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл шөнийн цагаар байцаалт явуулж болохгүй.

Гэрч Г.Г, С.Х, С.Ц, Х.И нар нь Улаанбаатар хот руу явчихна. Тийм учраас тэр өдөр хойшлуулшгүйгээр байцаасан гэж байна. Хуульд шөнийн цагаар байцааж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр энэ байдлыг яалт ч үгүй хуулийн заалтыг зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөв явагдах ёстой. Тэгж байж л нотлох баримт болох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар “нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах” энэ шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжид заасан мөрдөгчийн магадалгаа хууль зөрчсөн. Үзлэг зөрүүтэй гэх мэт процессын маш их зөрчилтэй байхад прокурор шүүхэд хэргийг шилжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа асуудал бол зөрчлийн шинжтэй. Зам тээврийн осол гаргасан гэдэг асуудлын хувьд хоёр машин зөрж явсан гэж сая прокурор хэллээ. Замын голын цагаан зураасан дээр хохирогч унасан байсан гэж ярилаа. Өнөөдрийн байдлаар хэрэгтэй танилцаж байгаа явцаас харахад хэн нь хохирогчийг мөргөсөн талаар бүрэн тогтоож чадаагүй. Эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Мөрдөгч, прокурор хоёр хэрэгжүүлэх үүрэгтэй байхад хангалтгүй, үүргээ биелүүлээгүй байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрөл авахгүйгээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулах эрх хэмжээг заасан. Үүнтэй холбоотойгоор анх хэргийг шалгаж байсан Сумъяабазар мөрдөгч Говьсүмбэр аймагт явж байсан хэргийн гэрч нараас мэдүүлэг авахуулахаар Говьсүмбэр аймгийн мөрдөгчид даалгавар хүргүүлсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр даалгавраар тухайн гэрчүүдээс мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлгийг анхан шатны шүүхийн захирамжид юу гэж заасан бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шөнийн цагаар явуулсан байна гэдэг. Гэтэл уг ажиллагааг хойшлуулшгүй тохиолдлоор авч байгаа ажиллагааг шөнийн цагаар мэдүүлэг авч болохгүй гэсэн тохиолдол байхгүй байна. Хэрвээ шөнийн цагаар мэдүүлэг авч байгаа тохиолдол байх юм бол тухайн хэргийн гэрч нараас хүсэлт гаргаж байж 6 мэдүүлэг авна уу гэхээс хойшлуулшгүйгээр мэдүүлэг авч байгаа тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авч болохоор нөхцөл хуульд заагаад өгсөн байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх ялгаа заагтайгаар хандаж хэрэглэхгүйгээр ерөөсөө шөнийн цагаар мэдүүлэг авсан байна гэдгээр хуулийг зөрчсөн гэж захирамжид зааж өгсөн. Үүнийг үндэслэлгүй заагджээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Гэрч нар нөхцөл байдлыг тодорхой хараад энэ талаараа мэдүүлэг өгчихсөн учраас бодит байдал тогтоогдсон. Харин мөрдөгчийн магадалгаа хийгдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тусгай мэдлэг бүхий эзэмшсэн мөрдөгч шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргаж болно гэж заасан байгаа. Өмнө нь С мөрдөгч шалгаж байх хугацаандаа өөрөө магадалгаа гаргасан. Гэтэл мөрдөгч маань тусгай мэдлэгийг эзэмшсэн мөрдөгч биш байсан учраас мөрдөгчийн магадалгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гээд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаад дахин дүгнүүлье гэсэн хүсэлтийг прокурорын зүгээс хангаад тусгай мэдлэгийг эзэмшсэн Отгонтөгс байцаагчаар мөрдөгчийн магадалгаа гаргасан. Тэгэхээр Отгонтөгс мөрдөгчийн гаргасан магадалгаа хууль зөрчсөн байдал байхгүй. Отгонтөгс мөрдөгч тусгай мэдлэгийг эзэмшсэн гэдэг Сертификат хэрэгт авагдсан. Тусгай мэдлэгийн хүрээндээ л дүгнэлтийг гаргасан байдаг.

Нөгөө мөрдөгчөөр өөр мөрдөгчид шилжүүлээд, нэг бол С мөрдөгч хэргийг шалгаад байгаа ч юм шиг, Б дээр очоод дахиад О дээр очоод магадалгаа гаргаад байгаа нь, аль мөрдөгч нь шийдвэрлээд байгаа нь тодорхойлох боломжгүй байна. Мөрдөгч өөрөө хэргийг шалгаагүй хэр нь шууд дүгнэлт гаргаад байгаа нь хэрэгт ямар сонирхолтой дүгнэлт гаргачихваа. Үүнийг бол хэрэгт зайлшгүй тодруулах шаардлагатай байна гэж анхан шатны шүүхээс тайлбарыг хэлээд захирамждаа зааж өгсөн бол энэ дээр хууль зөрчсөн үндэслэл байхгүй юмаа гэж хэлэхээр байна. Мөн Б мөрдөгч хүлээлгэж өгөөд дараа нь С мөрдөгч дээр хэрэг дахиад очсон шалтгаан нь бол Б байцаагч өөрөө ахлах мөрдөн байцаагч байгаа. Ахлах мөрдөн байцаагчийн хэмжээнд уг хэргийг прокуророос шилжүүлж аваад анх мөрдөж байсан байцаагч С мөрдөн байцаагчид хэргийг шилжүүлээд мөрдөн байцаалтын болон хэрэг бүртгэлийн ажиллагаа дуусаад прокурорын шатанд шилжээд, шүүхэд шилжээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ ажиллагаа дээр детачилсан жижиг, жижиг ажиллагаанууд дээр хууль зөрчсөн үндэслэл гэдэг дээр хамруулж байгаа нь үндэслэлгүй байгаа учраас прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэж уг хэргийг анхан шатны шүүхээр буцаан хэлэлцүүлэх үндэслэлтэй байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсэх байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ц.Цэрэндуламын гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжтай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь:

1.“Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд,  нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн явуулах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

2.Хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мөнхдүүрэн захын урд талын 4 замын уулзварын эргэдэг хэсэгт хохирогч Ч.Ц нь үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа 56-46 ДГО улсын дугаартай “Соната 6” маркийн автомашинд мөргүүлсний улмаас биед нь зүүн бугалга ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, дагзны ясны цууралт, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэнгийн цууралт, духны шарх, дагзны цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

 

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас уг үйлдэлд холбогдуулан О.Б тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, мөрдөгчийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотолбол зохих байдлуудыг хангалттай, бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, шүүхээс дурдсан ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй “ гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснийг прокурор Ц.Ц эс зөвшөөрч “...хэрэгт Г.Г, С.Х, С.Ц, Х.И нараас мэдүүлэг авсан мөрдөгчийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй, эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байхад түүнийг шүүхээс үгүйсгэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл гаргасан.

 

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн.

 

Мөрдөгч нь өөрийн эрх хэмжээнд хамаарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 22.1, 25.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэгт нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, шалгасан байна.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...мөрдөгч үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгыг холбогдох байгууллагаас гаргуулах авах, харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох, тэдгээрийн байршил, холбогдсон цаг хугацаа, техник хэрэгсэл, төхөөрөмж болон хандалт зэрэг мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээллийн агуулгад хамаарахгүй бусад холбогдох байгууллагаас гаргуулах авах, харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарлах талаар холбогдох байгууллагад даалгах, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, хяналттай хүргэлт, хяналтын худалдан авалт, мөрдөн шалгах нууц туршилт, нууц ажиглалт, таньж олуулах ажиллагааг нууцаар хийхийг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж,

 

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж тус тус заажээ.

 

Мөрдөгчийн гэрчээс мэдүүлэг авах нь ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийх ажиллагаанд хамааралгүй буюу мөрдөгч бие даан хийх мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байх тул шүүгчийн захирамжид дурдагдсан гэрчийн мэдүүлгүүдийг заавал прокуророор хүчинтэйд тооцуулах шаардлагагүй юм.

 

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2,4 дүгээр заалтууд болох “ ... мөрдөгч ...хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ, ...прокурор ... хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэх зэрэг ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулах ажиллагаа байсан боловч мөрдөгч зөвшөөрөлгүйгээр явуулсны дараа хүчинтэйд тооцуулахаар прокурорт мөрдөгчөөс гаргах хүсэлт байх тул  хэргийн энэ нөхцөлд хамаарахгүй.

 

Хэрэгт иргэн Г.Г, С.Х, С.Ц, Х.И нараас гэрчийн мэдүүлэг авсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т заасныг зөрчөөгүй, тухайн зүйлд зааснаар шөнийн цагаар мэдүүлэг авах ажиллагаа нь хойшлуулшгүй тохиолдолд, эсхүл гэрчээр мэдүүлэг өгч байгаа этгээд шөнийн цагаар мэдүүлэг өгөхийг өөрөө зөвшөөрсөн байхыг шаардсан байна гэж ойлгох ба мөрдөгчөөс эдгээр хүмүүсээс мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байгаа эсэх, өмгөөлөгч оролцуулах эсэхийг тус тус эхэлж асуусан байгаа нь мэдүүлгийн тэмдэглэлүүдээс харагдаж байх тул эдгээр хүмүүсийг шөнийн цагаар мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний дагуу мөрдөгч мэдүүлэг авсан байна гэж үзнэ.

 

7.Харин дээрх иргэдээс гэрчийн мэдүүлэг авахдаа Говь-сүмбэр аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчөөр мэдүүлэг авахуулсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.14-д зааснаар бичгээр даалгавар явуулж хийх байсныг зөрчсөн байна.

 

Гэхдээ эдгээр мэдүүлгүүд нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, хэргийн нөхцөл байдлыг илтэд өөрчилсөн, зөрүүтэй байдлыг илэрхийлээгүй байх ба энэ талаар хэргийн оролцогч нарын зүгээс маргаагүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй.

 

Шүүх эдгээр мэдүүлгүүдийг хууль зөрчсөн гэж үзвэл үнэлэхгүйгээр бусад нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, техникийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэгт тус ус үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

8.Хэрэгт мөрдөгч Х.Б, Э.С, Ч, О гэсэн олон мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн ба прокурор Ц.Цэрэндулам 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр О.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах тухай тогтоол гаргаж, тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтуудаар мөрдөгч М.Отгонтөгсөд мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг даалгасны дагуу мөрдөгчөөс мөн өдөр гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд магадалгаа гаргаж хэргийн оролцогч нарт танилцуулсан /1хх 195-197/, хэргийн оролцогч нарын зүгээс санал хүсэлт гаргаагүй байна.

 

            Иймээс прокурор тогтоолдоо хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулах мөрдөгчөөр М.Отгонтөгсийг томилж, даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.10-д заасан прокурорын бүрэн эрхэд хамаарч байх тул мөрдөгч М.О 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс хийсэн мөрдөн шалгах ажиллагаанууд нь хууль ёсны гэж үзнэ.

 

            9.Мөрдөгч М.О гаргасан “Мөрдөгчийн магадалгаа” /1хх 195-196/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлд тус тус заасан “... тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч нь шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргаж болно” гэсэнд нийцсэн.

 

            Хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын саналд Улсын дээд шүүхээс хариу өгсөн албан бичигт “... зам тээврийн ослын хэрэгт техникийн шинжээчээр Цагдаагийн байгууллагын харьяа алба Тээврийн цагдаагийн албыг шинжээчээр томилохгүй,  харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасны дагуу Шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулж байх Цагдаагийн ерөнхий газрын саналыг Улсын дээд шүүх дэмжиж байгаа тухай албан бичиг /1хх 176-177/  хавсаргагдсан ба хуучнаар Тээврийн цагдаагийн алба хаагч нар ослын талаарх шинжээчийн дүгнэлт гаргахаа больсон тул мөрдөгч М.О нь Цагдаагийн ерөнхий газраас олгосон “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга тактик” сэдэвт мэргэшүүлэх сургалтад хамрагдаж  “Гэрчилгээ” /1хх 194/ авсан, мөрдөгч өөрийгөө зам тээврийн ослын гэмт хэргийн талаарх тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзэж магадалгаа гаргасныг прокурор нотлох баримтаар үнэлж, яллах дүгнэлтийн үндэслэл болгосныг шууд буруутгах боломжгүй юм.

 

            Уг магадалгааг хэргийн оролцогч нарт танилцуулсан /1хх 197/, тэдний зүгээс түүнийг зөвшөөрөхгүй талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

            10.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгч З.А хохирогч Ч.Ц биед зүүн шилбэний дээд хэсгийн үе дайрсан хугарал үүссэн байсныг шинжээчийн дүгнэлтэд дүгнээгүй тухай үндэслэл гаргаж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн нь үндэслэлгүй байна.

 

            Учир нь: Хохирогч Ч.Ц биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022.12.06-ны №9056 дугаартай өвчний түүхэд үндэслэн шинжилгээ хийсэн байх ба уг баримтад шилбэний хугарлын талаар тэмдэглэгдээгүй байх тул  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны 02/054 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 65-108/ үндэслэл бүхий бодитой гарсан гэж үзнэ.

 

            11.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1- заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            12.Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах үндэслэлээ 5 нөхцөл зүйлээр заасан байхад прокурор зөвхөн нэг нөхцөл буюу гэрчүүдийн мэдүүлэгтэй холбоотой асуудлаар эсэргүүцэл бичиж бусад нөхцөл байдлын талаар үндэслэл, тайлбар гаргаагүй нь ойлгомжгүй болсон тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/58 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол яллагдагч О.Батаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

А.САЙНТӨГС

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

 

       ШҮҮГЧИД                                  Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС