Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0558

 

 

 

 

 

 

 

 

   2025          08           18                                   128/ШШ2025/0558   

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:/,

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Б ” ХХК /РД:/,  

Маргааны төрөл: Тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн мэдэгдэл, тендерийг оролцогчийн гомдлоор хянаж хариу өгсөн Сангийн яамны шийдвэр, хянах явцад Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төсвийг буцаан татах хугацаа болсон үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар, улмаар нэхэмжлэгч гэрээ байгуулахыг даалгуулахаар, гуравдагч этгээд тендерийг дахин үнэлэхийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, Л.И, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Төрийн худалдах авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Э.Б, гуравдагч этгээдийн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 4 дэх хэсгийг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “гомдол хянасан тухай” албан бичгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгох,

1.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 06 дугаартай зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгох,

1.3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг хүчингүй болгож, дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг захиалагчид даалгах.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:  

2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах

2.2.  Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох,

2.3. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 2.1, 2.2 дахь хэсгийн Д.Б*******, Р.Э******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

2.4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах,

2.5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг,  мөн өдрийн ******* тоот Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон  мэдэгдлийг тус тус хүчингүй болгох,

2.6. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгох,

2.7. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3895 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг хүчингүй болгох.

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

3.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас дугаартай XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ , сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалт зарлаж, нэхэмжлэгч “Б*******” ХХК, гуравдагч этгээд “Б ” ХХК болон нэр бүхий нийт 8 компани оролцож,

3.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар тендерийг үнэлж, Хангилцаг ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, бусад оролцогчдын тендерээс татгалзаж, зөвлөмж хүргүүлсэн,

3.3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн, тухайлбал Хангилцаг ХХК-д А-1/1545 тоотоор гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Б******* ХХК-д А-1/1541 тоотоор үнийн саналаар 2-т эрэмбэлэгдэж тендерт шалгараагүй мэдэгдэл, Б ХХК-д чадавхын шаардлага хангаагүй тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн.

3.4. Тендерт оролцогч Б ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон” шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан,

3.5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар тендерийг дахин үнэлж, Б******* ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, бусад оролцогчдын тендерээс татгалзаж, зөвлөмж хүргүүлсэн,

3.6. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн, тухайлбал ******* тоот албан бичгээр "гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг Б******* ХХК-д, А-1/2796 тоот албан бичгээр “чадавхын шаардлага хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзсан” мэдэгдлийг Хангилцаг ХХК-д, ******* тоот албан бичгээр “дахин үнэлгээ хийгээд чадавын шаардлага хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзсан 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” мэдэгдлийг Б ХХК-д өгсөн.   

3.7. Тендерт оролцогч Хангилцаг ХХК, Б ХХК Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/4864 тоот албан бичгээр тендерт оролцогч Хангилцаг ХХК-ийн гомдлоор хянахаар тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/4998 тоот албан бичгээр Б ХХК-ийн гомдлоор хянаж байгааг мэдэгдсэн,

3.8. Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр Б ХХК-ийн гомдлоор хянаад “Б******* ХХК-ийн тендерт зарим мэдээллийг цахим системээс нягтлах”-ыг мэдэгдэж, мөн 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр Хангилцаг ХХК-ийн гомдлоор хянасан тухай хариу өгсөн.

3.9. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцээд тендерийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, зөвлөмж /тэмдэглэл/ хүргүүлсэн

3.10. Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 06 дугаар сарын 06-ний өдөр тендерт оролцогч нарт, тухайлбал А-1/3892 тоот албан бичгээр Б******* ХХК-д, А-1/3895 тоот албан бичгээр Б ХХК-д, А-1/3894 тоот албан бичгээр Хангилцаг ХХК-д тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон мэдэгдэл хүргүүлсэн.

Дөрөв. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн анх гаргасан болон нэмэгдүүлсэн шаардлагуудын үндэслэлдээ: “Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ , сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтад оролцож тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тул Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот "гэрээ байгуулах эрх олгох тухай" шийдвэр ирүүлсэн.

Гэтэл худалдан авах ажиллагааны цахим систем дээр оролцогч Сангийн яаманд гомдол гаргасан тул дээрх шийдвэрийг түдгэлзүүлсэн төлөвтэй байсны эцэст гомдол үндэслэлтэй төлөвт шилжсэн байсан.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Төсөл арга хэмжээний тухай" албан бичгээр “... тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж тендер шалгаруулалтын үнэлгээг нягтлан үзэж дахин хийхийг мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална, 13.1.1. “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2. “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж заасныг үндэслэн тухайн төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож байгааг мэдэгдье” гэжээ.

Манай компанийг шалгаруулсан шийдвэрт ямар компани ямар үндэслэл бүхий гомдол гаргасныг Сангийн яам үндэслэлтэй гэж үзсэнийг мэдэх боломжгүй байсан бөгөөд хүсэлт гаргаж Сангийн яамны шийдвэрийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуулбарлаж авсан.

Сангийн яамны шийдвэрээс үзвэл тендер оролцогч Б ХХК Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хянан үзээд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр гаргасан гомдол үндэслэлгүй байна гэсэн боловч "Бат компект ХХК-иас санал болгосон ажилтнууд нь одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл, арга хэмжээнд санал болгосон ажилтнуудтай давхацсан эсэхийг цахим системээс нягтлан үзэж, журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу" хэмээн буцаасан байна.

Сангийн яамны тус шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөө бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.8-д "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ" гэж заасан.

Гэтэл Б ХХК-ийн гаргасан гомдлын бүх үндэслэлийг үндэслэлгүй байна хэмээн шийдвэрлэсэн атлаа "харин Б******* ХХК-иас санал болгосон ажилтнууд нь одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл, арга хэмжээнд санал болгосон ажилтнуудтай давхацсан эсэхийг цахим системээс нягтлан үзэж, журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу" хэмээн гомдолд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь дээрх хуульд нийцээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60.1-д "Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно" гэж заасан.

Гэтэл Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр гаргасан шийдвэрийг бидэнд мэдэгдэж гардуулж нэхэмжлэл гаргах хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот "Төсөл арга хэмжээний тухай" албан бичиг гаргаж тухайн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 82.2-т "Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ, 82.2.1. гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж заасныг зөрчсөн” байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 1.1. “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" гэж заасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.23. "худалдан авах ажиллагаа" гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийг хүчингүй болговол Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот "гэрээ байгуулах эрх олгох тухай" шийдвэр хэвээр үлдэж худалдан авах ажиллагаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсонд тооцогдож манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой юм.

Иймд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичиг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны "Төсөл арга хэмжээний тухай" А-1/3892 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож, дугаартай ХХV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ/, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж өгнө үү.

Хариуцагч Сангийн яамнаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгүүдээр манай компанийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот "гэрээ байгуулах эрх олгох тухай" мэдэгдлийг тус тус хүчингүй болгоогүй гэж хариу тайлбар гаргадаг.

Хэрэв Сангийн яамны шийдвэр эрх зүйн үр дагаваргүй гэж үзвэл манай компанийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөмж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүчинтэй хэвээр үлдэж тухайн шийдвэрээр тендер шалгаруулалт дууссан.

Гэтэл тендерийн үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тэмдэглэл /зөвлөмж/-өөр нэгэнт шалгаруулалт явуулж дууссан тендерийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-д хамааруулан тус төсөл арга хэмжээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот "Гомдол хянасан тухай" албан бичгийн 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

4.2. Гуравдагч этгээд “Б ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч анх гаргасан болон нэмэгдүүлсэн бие даасан шаардлагуудын үндэслэлдээ: “Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тендерт үнэлгээ хийгээд мөн өдрийн А-1/1544 албан бичгээр манай компанид шалгуур хангаагүй талаар мэдэгдэл өгсөн бөгөөд энэ шийдвэр нэхэмжлэгчид шууд хууль зүйн үр дагавар авчирсан буюу манай компанийн тендерийг илт буруу үнэлж, хууль бусааp үндэслэлгүйгээр татгалзсан байна.

Энэхүү Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа нь шүүхэд маргаж байгаа тендерийн анхны үнэлгээ хийсэн шийдвэр бөгөөд энэ албан бичгээр /захиргааны актаар/ манай компанийг анхны тендер шалгаруулалтаас хасаж, үүнийгээ үндэслэн манай компанийн тендерт дахин үнэлгээ хийхээс татгалзсан байгаа тул энэ нь нэхэмжлэгчид шууд эрх зүйн үр дагавар авчирсан захиргааны шийдвэр юм.

Уг албан бичиг /захиргааны акт/-ийн улмаас нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэх анхдагч эрх буюу ирүүлсэн тендерээ үнэн зөв үнэлүүлэх, шударгаap өрсөлдөх эрхийг зөрчсөн учраас энэхүү албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулахгүй бол нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй үр дагавартай байгаа ба нэхэмжлэлдээ актыг эс зөвшөөрсөн агуулгаа бүрэн тодорхойлсон байгаа.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гарсан мэдэгдэл нь дээр дурдсанаар шинэ буюу өөр үр дагавар үүсгэж байна.

Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тендерт үнэлгээ хийгээд мөн өдрийн А-1/1544 албан бичгээр манай тендерээс татгалзсан талаар мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн аваад, эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан тоотоор "Гомдол хянасан тухай" хариу өгөхдөө Үнэлгээний хорооны гаргасан "манай компанийн ажиллах боловсон хүчний чадавхад илт худал үнэлгээ гарган инженер Д.Б*******г ус хангамжийн инженер биш барилгын инженер гэж, тус компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч бөгөөд компанидаа бүх насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн ажилтан Р.Э*******г Б ХХК-д ажилладаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй" гэж дүгнэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байсан боловч уг тендерт дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн байсан.

Иймд Сангийн яамны даалгасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерт дахин үнэлгээний шатанд энэ хууль бус дүгнэлт засагдах юм байна, зарим тодруулга хийж, нотлох баримтыг шалгах юм байна гэж ойлголт, итгэлийг манай компанид төрүүлээд, дахин шийдвэр гаргахыг хүлээлгэсэн.

Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендерт дахин үнэлгээ хийхдээ инженер Д.Б*******, ажилтан Р.Э******* нарын баримтыг дахин шалгаагүй, нягтлаагүй, манай компанийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын анхны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд төөрөгдүүлж хүлээлгэчхээд, дахин үнэлгээнд оруулахгүй "...Сангийн яам Д.Б*******, ажилтан Р.Э******* нартай холбоотой асуудлыг хэвээр үлдээсэн" гэж тайлбарлан, манай тендерийг дахин үнэлгээнд оруулаагүй, татгалзаж, дахин үнэлгээ хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Ингэж манай компанийг илтэд төөрөгдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргуулахгүй байж байгаад хуурч мэхлэх замаар шийдвэр гаргаж байгаа нь манай компани шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан, хохиролтой байна.

Манай компанийн инженер Д.Б******* нь ШУТИС-ыг ус хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд түүний диплом нь ХУР системээс үнэт цаасаар хэвлэхэд энэ мэргэжлээрээ бүртгэгдсэн талаарх баримтыг тендерт гаргаж өгсөн байгаа юм.

Төрийн үйл ажиллагааны нэг хэлбэр болох, иргэнд холбогдох мэдээллийг бүртгэж, шаардлагатай этгээдийг мэдээллээр хангаж байдаг ХУР системээс авсан, төрийн үнэт цаасаар баталгаажин хэвлэгдсэн дипломын хуулбарыг Сангийн яам болоод Төрийн худалдан авах ажиллагааны газар яагаад нотлох баримт биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тендерийн дахин үнэлгээг хийхэд энэ талаарх тайлбарласан байхад Төрийн худалдан авах ажиллагааны газар үнэлгээ хийхдээ дахин шалгаагүй, манай компанийн тендерийг дахин үнэлгээнд оруулаагүй илтэд нэг галд үйлчилж байна.

Мөн түүнчлэн Тендерийн үнэлгээний хороо нь компанийн үүсгэн байгуулагч Р.Э*******г тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн байхад шимтгэл төлөөгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт өгсөн бөгөөд энэ асуудлыг Тендерийн үнэлгээний хороо нь дахин үнэлгээний шатандаа зөвтгөх юм байна гэж хүлээсэн.

Р.Э******* нь энэ компанийг үүсгэн байгуулж, тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн, дээр нь компанийн 300 гаруй ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа хүн өөрийнхөө "нийгмийн даатгалын шимтгэлийг" төлөх асуудлыг шийдвэрлэхгүй байх огт боломжгүй тодорхой асуудал байсан.

Энэ талаар Тендерийн үнэлгээний хороонд тайлбар гаргасаар байхад, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн Үнэлгээний хороо анхны болон дараагийн дахин үнэлгээ хийхдээ манай компаниас тодруулга, нэмж нийгмийн даатгалын байгууллагаас лавлагаа гаргуулж авах ёстой байхад ийм ажиллагаа явуулаагүй мөртлөө илт үндэслэлгүйгээр ийм дүгнэлт хийж байгаа нь хууль бус юм.

Сангийн яам болон Тендерийн Үнэлгээний хороо ямар баримтад үндэслэж Р.Э*******г шимтгэл төлөгч биш үзсэн нь тодорхой биш бөгөөд зөвхөн нэг компанийг ялагчаар гаргахын тулд ийм илтэд үндэслэлгүй дүгнэлт гаргаж манай компанийг шударгаар тендерээ үнэлүүлэх эрхийг зөрчиж байна.

Тендерийн Үнэлгээний хороо нь тендерт дахин үнэлгээ хийхдээ манай компанийн гомдол, ирүүлсэн тендерийн талаар Сангийн яам шалгаад шийдвэрлэсэн гэж үзээд манай компанийн тендерийн материалыг үнэлгээнд оруулаагүй шууд хасаад, дахин үнэлгээ хийгээд Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийг шалгарсанд тооцсон шийдвэрийг гаргасан байгаа нь энэ хоёр байгууллага зориуд манай компанийг төөрөгдүүлэн ийм хууль бус ажиллагаа явуулсан.

Манай компанийн тендерт ямар үнэлгээ хийсэн талаар тодруулахад Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр "... Сангийн яам танай тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн тул тендерийг дахин үнэлгээнд оруулахгүй" гэж тайлбарласан байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь манай ирүүлсэн тендерийг "дахин нягталж" дахин үнэлгээ хийх гэж байгаа гэж ойлгуулаад, одоо болохоор "Сангийн яамны шийдвэр гарчихсан" гэж тайлбарлаж байгаа нь илт хуйвалдаан гэж үзэхээр байгаа юм.

Сангийн яамны гаргасан шийдвэр хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэдгийг бид Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээс ойлгосон учир, уг албан бичгийн улмаас одоо эрхээ зөрчигдсөн гэж үзэж хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна.

Энэхүү захиргааны үйлдэл, албан бичгийг /шийдвэрийг/ хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгоогүй тохиолдолд гуравдагч этгээдийн эрх бүрэн сэргэхгүй юм.

Шүүгч захирамждаа "Сангийн яаманд гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянасан тухай албан бичиг нь ямар байдлаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн гомдол хянасан тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын үндсэн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар тодруулж ирүүл" гэжээ.

Сангийн яам нь манай гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн юм шиг атлаа дээрх тендер шалгаруулалттай холбоотой манай компанийн гаргасан гомдлыг хянахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, манай компаниас тайлбар, нотлох баримт гаргуулаагүй атлаа нэг талыг барьж шийдвэр гаргасан нь одоо Төрийн худалдан авах ажиллагааны газар нь манай компанийн тендерийг дахин үнэлгээнд оруулахаас татгалзах үндэслэл нь болсон хууль зүйн үр дагавар үүсгээд байгаа тул тус яамны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан.

Өөрөөр хэлбэл, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг албан бичиг нь Тендерийн үнэлгээний хорооноос "манай компанийн тендерт дахин үнэлгээ" хийлгэхгүй байх үр дагавар үүсгэсэн болох нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр тогтоогдоно.

Тендерийн үнэлгээний хороо нь "... Сангийн яам танай компанийн тендерийг "шаардлага хангаагүй" гэж давхар тогтоосон учраас дахин үнэлгээнд оруулахгүй" гэж татгалзаж байгаа нь уг Тендерийн үнэлгээний хорооны шинэ үндэслэл болсон буюу тендерийг дахин үнэлгээнд оруулахаас татгалзах үндэслэлийг үүсгэж байгаа тул уг албан бичгүүдийг хүчингүй болгоогүй тохиолдолд гуравдагч этгээдийн эрх бүрэн сэргэхгүй гэж үзэж байгаа болно.

Дараах шаардлагыг гаргаж байна. 1/ Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр албан бичгээр гарсан мэдэгдэл, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар албан бичгээр гарсан мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох; /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/

2/ Төрийн худалдан авах ажиллагааны газрын "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ” /, сум/ тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан Б ХХК-ийн тендерт дахин үнэлгээ хийхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, тус компанийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийхийг даалгах; /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4/

3/ Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/

4/ Захиалагч тендерийн ялагч гэх Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах; /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/

5/ Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн ялагч гэх Б******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон буюу шинэ эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргасан болохыг сая олж мэдлээ. Иймд:

а/Төрийн худалдан авах ажиллагааны газрын Б******* ХХК-д "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ" /, сум/ тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А- 1/2764 дугаартай албан бичиг /шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

б/Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3895 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар бие даасан шаардлагаа нэмэгдүүлж байна.

Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй нэгэн адил бөгөөд эдгээр тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон эрх бүрэн сэргэх болно.

Мөн үндэслэлд, төрийн худалдан авах ажиллагааны газар нь манай компанид 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3895 дугаар мэдэгдлээрээ тендерийг үргэлжлүүлэхгүй болохыг мэдэгдсэн талаар мэдэгдэхдээ төрийн хэмнэлтийн хуулийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгах ёстой байсан, энэ хугацааны дотор худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсвийн хэмнэлтэд тооцох ёстой учраас ийнхүү үргэлжлүүлэхгүй гэжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь өөрийн буруутай бөгөөд илэрхий хууль бус ажиллагааны улмаас тендер шалгаруулалтыг зохих журмаар явуулаагүй, зориудаар зохион байгуулалттайгаар тендерийг хойшлуулах, манай компанийн тендерт үнэлгээ хийхээс татгалзах зэрэг ажиллагааг явуулсан” гэв.

4.3. Хариуцагч Сангийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “1/ Б******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор.

Тус тендер шалгаруулалтад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Б******* ХХК-ийн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох шаардлага хангаагүй талаар Б ХХК, Хангилцаг ХХК-иас тус тус гомдол гаргасан бөгөөд Б ХХК-ийн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох захиргааны хэм хэмжээний актын хүрээнд тус яам шийдвэрлэсэн тул гомдолд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хуульд нийцэхгүй гэх үндэслэлээр тус яамны ******* тоот албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

а/ Б ХХК-ийн гомдлын 7 дугаар үндэслэлийн хүрээнд хянан үзэж, Б******* ХХК-ийн санал болгож буй ажилтнууд одоо хэрэгжүүлж буй төслийн ажилтнуудтай давхцаж буй эсэхийг цахим системээс нягталж үзэх гэж заасан нь гомдлын хүрээнд хамаарч байх тул гомдолд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

б/ Тус яам 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй, харин захиалагчийг Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ." гэж заасныг хэрэгжүүлэх гэж шийдвэрлэсэн байхад тус яамны шийдвэрээс хамаарч нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд Б******* ХХК-аас гаргасан Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

в/ Б******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25/254 дугаартай албан бичигт дурдсан Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот шийдвэрийн 5-д заасан хэсгийг хүчингүй болгуулах болон тус яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгийн 4-т заасан хэсгийг хүчингүй болгох гэж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэхээр заасны дагуу Хангилцаг ХХК-иас гаргасан гомдлыг Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр хянан шийдвэрлэсэн. Хангилцаг ХХК-ийн гаргасан гомдлын 5 дугаар үндэслэлийн дагуу хянан үзэхэд Б******* ХХК-ийн түншлэлийн гишүүн Алтайн үндэс констракшн ХХК-ийн санал болгосон 7658УБ дугаартай авто ачигч, 1556УБП дугаартай өөрөө буулгагч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4-т "Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д чадавхын болон туршлагын шаардлагын 40-өөс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна." гэж зааснаар нийт авто тээврийн хэрэгслийн 25 хувь болох 2.7 хувь байх шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэхийг Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ." гэж заасныг хэрэгжүүлэх гэж шийдвэрлэсэн байхад тус яамны шийдвэрээс хамаарч нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй.

2/ Б ХХК-иас гаргасан бие даасан шаардлагатай холбоотойгоор.

Б ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/80 тоот албан бичгээр өөрийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг болон захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Хангилцаг ХХК-ийн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох шаардлагад нийцэхгүй гэж, Б ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 25/110 тоот албан бичгээр өөрийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг болон захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасны дагуу уг хууль болон холбогдох захиргааны хэм хэмжээний актын хүрээнд тус яам шийдвэрлэсэн тул тус яамны дээрх албан бичгүүд хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгох бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

а/ Б ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрт холбогдуулан тус компаниас 3 үндэслэлээр гомдол гаргаснаас гомдлын 1 нь үндэслэлтэй (******* тоотын 1 дэх хэсэг), 2 нь үндэслэлгүй (******* тоотын 2 дахь хэсэг) гэж хянан үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.2-т "Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй." гэж, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5-д "Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно." гэж зааснаар цахим системээр санал болгосон ажилтны дээд боловсролын диплом, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) дэх мэдээллийг үндэслэхээр зохицуулсан. Иймд Сангийн яамны ******* тоот албан бичгийн 2 дахь хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

б/ Б ХХК-иас 2 дахь удаа гаргасан гомдлын 1-7 дугаар үндэслэл нь Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийн тендерт холбоотой бөгөөд 8 дугаар үндэслэлд Б ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шийдвэрт дахин гомдол гаргасан. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгийн 1-4 дэх хэсэгт нь Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийн тендерт холбогдох бөгөөд Б ХХК-ийн тендерээс татгалзсан асуудлаар дахин гаргасан гомдлыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана." гэж заасны дагуу гомдлыг буцаасан байх тул Сангийн яамны ******* тоот албан бичгээс хамаарч гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул бие даасан шаардлага үндэслэлгүй.

Иймд Б ХХК-иас гаргасан Сангийн яаманд холбогдох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.4. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо, тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад агуулгын хувьд ижил хариу тайлбар шүүхэд ирүүлсэн, уг тайлбарт: “Тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тендер шалгаруулалтыг зарласан.

Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарлаж, Монополын эсрэг газарт сонирхогч этгээдээс гомдол гаргасантай холбогдуулан тус газраас тендер шалгаруулалтыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түдгэлзүүлж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тендерийн баримт бичгийг хянасан тухай мэдэгдсэний дагуу Барилгын хөгжлийн төвөөс тодруулга аван тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, нээлтийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 10 минутад хийсэн бөгөөд тендер шалгаруулалтад нийт 8 компани оролцсон. Эдгээр компаниудаас ирүүлсэн үнийн санал, тендерийн баталгааг цахим системээс татаж, нээлтийн тэмдэглэл хөтлөн дараах байдлаар баталгаажуулсан. Үүнд:

Д/д

Тендерт оролцогчийн нэр

Тендерийн үнийн санал /төгрөг/

Тендерийн үнийн хөнгөлөлт

Тендерийн баталгаа ирүүлсэн эсэх

1

Комфорт-Импэкс ХХК

20,979,223,230

-

Ирүүлсэн.

 

2

Б ХХК

19,919,000,000

-

Ирүүлсэн.

3

Б******* ХХК

19,844,828,291

-

Ирүүлсэн.

4

Сайнконстракшн ХХК

20,695,206,679

-

Ирүүлсэн.

5

Тэргүүн-Инвест ХХК

20,363,783,545

-

Ирүүлсэн.

6

ГЦЦЭ ХХК

20,979,772,691

-

Ирүүлсэн.

7

Эс энд Эй трейд ХХК

19,588,888,999

-

Ирүүлсэн.

8

Хангилцаг ХХК

18,855,594,568

-

Ирүүлсэн.

 

Үнэлгээний хороо уг төсөл арга, хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу оролцогч нарт мэдэгдлийг албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн.

Тендерт оролцогч Б ХХК нь гэрээ байгуулах эрх олгосон Хангилцаг ХХК-ийн ирүүлсэн тендер тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангахгүй байгаа тухай Сангийн яаманд холбогдох гомдлыг гаргасан.

Сангийн яам Б ХХК-ийн гомдлоор тендерийг хянан үзээд “Б ХХК-ийн тендерт ус хангамж ариутгах татуургын инженерт санал болгосон Д.Б******* нь барилгын инженер мэргэжилтэй байгаа нь ус хангамж ариутгах татуургын инженер 1 байх, ус хангамж ариутгах татуургын инженер мэргэжилтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзсэн, холбоо дохиолол, мэдээллийн инженерт санал болгосон Р.Э*******ыг үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 3 сарын мэдээллийг тендер нээсэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шалгахад "хоосон" гэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтод үндэслэн ТШЗ 19.2-ын 1-д "в) Оролцогчийн үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай" гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр  үндэслэлтэй” гэж үзсэн. 

Сангийн яам Б ХХК-ийн гомдлоор Хангилцаг ХХК-ийн тендерийг хянан үзэж, “оролцогч Хангилцаг ХХК-ийн цахилгааны инженерт санал болгосон Б.Отгонбаярын цахилгааны инженерийн мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэйг нотлох баримт ирүүлээгүй, Ц.Элбэгзаяагийн бакалаврын диплом хэмжилзүй автоматжуулалтын зөвлөх инженерийн 11-272 дугаартай батламж ирүүлсэн нь мэргэшсэн зэрэгтэй цахилгааны инженер байх шаардлагад нийцэхгүй” байна гэж үзээд дахин үнэлгээ хийхийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн.

Үнэлгээний хороо дахин 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдан Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон ба Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/4864 тоот, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/4998 тоот албан бичгээр тус тус Хангилцаг ХХК болон Б ХХК гомдол гарсан тухай мэдэгдэж, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр “Б******* ХХК-ийн санал болгосон ажилтнууд нь одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл, арга хэмжээнд санал болгосон ажилтнуудтай давхацсан эсэхийг цахим системээс нягталж үзэхийг” мэдэгдсэн. Сангийн яам мөн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр “тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 2-т заасан 11 тээврийн хэрэгслээс түншлэлийн гишүүн Алтайн үндэс констракшн ХХК-иас 7658УБ дугаартай авто ачигч, 1556УБП дугаартай өөрөө буулгагчийг санал болгосон байгаа нь нийт авто тээврийн хэрэгслийн 25 хувиас дээш байх шаардлагад нийцэх эсэхийг нягталж үзэхийг” мэдэгдсэн.

Үнэлгээний хороо Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-д "төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" журмыг баримтална, 13.1.2-т "энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох" мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "энэ хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж тус тус заасантай холбогдуулан тухайн төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож байгааг оролцогч нарт албан бичгээр нэгэн зэрэг хүргүүлсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тухайн төсөл, арга хэмжээг 2025 онд санхүүжүүлэх боломжгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1.худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэсний дагуу гэрээ байгуулах эрх олгох боломжгүй бөгөөд гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд санхүүжилт байхгүй тул гэрээ байгуулах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хуульд заасан журмаар хэрэгт бичгээр болон цахимаар авагдсан нотлох баримтуудаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтад  нэхэмжлэгч Б******* ХХК, гуравдагч этгээд Б ХХК, бусад нэр бүхий  нийт 8 компани оролцож, Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 04 дүгээр сарын 21, 05 дугаар сарын 19-нд 2 удаа үнэлгээ хийсэн, эхний үнэлгээгээр Хангилцаг ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, нэхэмжлэгч Б******* ХХК-ийн тендер үнийн саналаар 2-т эрэмбэлэгдэж шалгараагүй, гуравдагч этгээд Б ХХК-ийн тендер “чадавхын шаардлага хангаагүй”-ээс татгалзсан,

Б ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр “Б ХХК-ийн тендер чадавхын шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэн ч Хангилцаг ХХК-ийн тендер шаардлага хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй болсон гэж үзээд гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгаснаар Тендерийн үнэлгээний хороо 05 дугаар сарын 19-нд дахин үнэлгээ хийж Б******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, Б ХХК-ийн тендер “чадавхын шаардлага хангаагүй” хэмээн тендерээс татгалзсан өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн,    

Тендерт оролцогч Хангилцаг ХХК, Б ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр Б ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл хэвээр, түүнд гаргасан гомдлын агуулга хэвээр байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар өмнө хянаад хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдол гэж үзээд хянан үзээгүй,  

Сангийн яам Б ХХК-ийн гомдлоор хянахдаа “Б******* ХХК-ийн тендерт инженер техникийн ажилтнуудын зарим мэдээллийг цахим системээс нягтлах”, Хангилцаг ХХК-ийн гомдлоор хянахдаа “Б******* ХХК-ийн тендерт машин механизмын зарим мэдээллийг цахим системээс нягтлах”-ыг мэдэгдсэн, тэдгээрийн гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүйн дээр тендер шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгоогүй,

Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар “Б******* ХХК-ийн тендерт инженер техникийн ажилтнуудын болон машин механизмын зарим мэдээллийг цахим системээс нягтлах асуудлыг хэлэлцсэн хэдий ч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар 05 дугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж чадаагүй тухайн төсөл арга хэмжээний санхүүжилтийг 13.1.2-т төсвийн хэмнэлтэд тооцохоор /2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн/ зааснаар 2025 онд санхүүжилтгүй болж байгаа тухайн төсөл арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн, улмаар Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тендерт оролцогч нарт, тухайлбал А-1/3892 тоот албан бичгээр Б******* ХХК-д, А-1/3895 тоот албан бичгээр Б ХХК-д тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Б******* ХХК Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 1) Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 4 дэх хэсгийг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “гомдол хянасан тухай” албан бичгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгох, 2) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 06 дугаартай зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгох, 3) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг хүчингүй болгож, дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг захиалагчид даалгах хэмээн,

гуравдагч этгээд Б ХХК мөн дээрх хариуцагч нарт холбогдуулан бие даасан шаардлагаа 1) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, 2)  Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох, 3) Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 2.1, 2.2 дахь хэсгийн Д.Б*******, Р.Э******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, 4) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, 5) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг,  мөн өдрийн ******* тоот Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон  мэдэгдлийг тус тус хүчингүй болгох, 6) Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгох, 7) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3895 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг хүчингүй болгох хэмээн тодорхойлсон хүрээнд хэргийг хэлэлцэв.

3. Хэргийн оролцогчийг тодорхойлсон талаар. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4347 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б******* ХХК-иас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 4 дэх хэсгийг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг хүчингүй болгож, дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь өөрт холбогдуулан эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэсэн, тендерт оролцогч Б ХХК болон Хангилцаг ХХК-ийн эрх, ашиг сонирхолд эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглээгүй буюу энэ нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд тэдгээр оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэж, нөгөөтээгүүр Б ХХК болон Хангилцаг ХХК нь тэдгээрийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр, гомдлыг нь хянасан Сангийн яамны шийдвэртэй нэхэмжлэл гаргах замаар маргах эрхтэй гэж үзээд тэдгээр оролцогчийг шүүхийн санаачилгаар гуравдагч этгээдээр оролцуулах шаардлага үүсээгүй гэж үзсэн ба Б ХХК болон Хангилцаг ХХК энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргах эрхийг уг захирамж хязгаарлахгүйг зааж өгсөн.

Улмаар шүүх эдгээр тендерт оролцогчдод шүүхийн санаачилгаар гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж үзсэн захирамжийг танилцуулж[1], гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргах эсэхийг тодруулсан бөгөөд Б ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасныг энэ хэрэгт бие даасан шаардлагаар нэгтгэж шийдвэрлэсэн бөгөөд, Хангилцаг ХХК-иас хүсэлт, нэхэмжлэл гаргаагүйг[2] дурдах нь зүйтэй.

4. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлууд, талуудын тайлбарыг үнэлээд маргаанд хамаарах эрх зүйн акт бүрийн үндэслэлээр дүгнэж, дараах үндэслэлээр гуравдагч этгээд Б ХХК-ийн бие даасан шаардлагаас нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдэх шаардлагууд болон Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар Б ХХК-ийн тендерээс “чадавхын шаардлага хангаагүй” гэж татгалзаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/1544 тоот албан бичгээр Б ХХК-д тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байхад тус компанийн гомдлоор Сангийн яам хянаад 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн дүгнэлттэй маргалгүйгээр Үнэлгээний хороо 5 дугаар сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийсний дараагаар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул “1) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, 2)  Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Сангийн яам гомдлоор нь хянаад 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр тендерийг дахин үнэлэхийг захиалагчид даалгасан, түүний дагуу Үнэлгээний хороо 5 дугаар сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийсэн байхад “дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэл гаргаж буй нь, нэгэнт хийгдсэн дахин үнэлгээг дахин хийлгүүлэхээр шаардаж буй нь ойлгомжгүй, түүний хүсэл зориг нэхэмжлэлийн агуулга уялдахгүй байгааг дурдав.

4.2. Дээр дүгнэсэнчлэн гуравдагч этгээд Б ХХК-ийн тендерээс инженер техникийн ажилтны чадавхын шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан, тодруулбал “ус хангамж ариутгах татуургын инженер”-т санал болгосон Д.Б******* төрийн мэдээлэл солилцооны системд “барилгын инженер” мэргэжилтэй бүртгэгдсэн, “холбоо дохиолол, мэдээллийн инженер”-т санал болгосон Р.Э******* нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тус компанид ажилладаг болох нь тогтоогдоогүй, энэ нь үндэслэлтэй болохыг, эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэсэн нь зөв болохыг Сангийн яам хянаж 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичигтээ 2.1, 2.2-т тусгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй." гэж, Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан "Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5-д "Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно." гэж зааснаар цахим системээр санал болгосон ажилтны дээд боловсролын диплом, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) дэх дундын мэдээллийн сангаас шалгасныг үндэслэлтэй гэж үзнэ.

Б ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр, үндэслэл хэвээр байсан тул Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр уг үндэслэлийг дахин хянахгүй талаар хариу өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана." гэж заасанд нийцсэн байна.

Иймд гуравдагч этгээд Б ХХК-ийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 2.1, 2.2 дахь хэсгийн Д.Б*******, Р.Э******* нарт холбогдох хэсгийг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгох, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг  хүчингүй болгох бие даасан шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4.3. Нэхэмжлэгч Б******* ХХК Алтайн үндэс констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 25/02 дугаартай гэрээгээр  Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаартай XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендерийн ажлыг түншлэлээр хамтран гүйцэтгэхээр тохиролцсон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.19-д заасан түншлэлээр тендер ирүүлсэн оролцогч бөгөөд гэрээгээр түншлэлийн талуудыг төлөөлөх эрхийг Б******* ХХК-д олгож, Алтайн үндэс констракшн ХХК-иас Б******* ХХК-д түншлэлийг төлөөлж тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул Б******* ХХК  мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй.

4.4. Сангийн яам 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр Б ХХК-ийн гомдлоор хянаж, 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр  Хангилцаг ХХК-ийн гомдлоор хянаж хариу өгсөн нь доорх байдлаар эрх хэмжээний хүрээнд, хууль, журмын зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.

4.4.1. Сангийн яам 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр Б ХХК-иас 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гомдлоор Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийн тендерийг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг хянаж, гомдол үндэслэлтэй эсэх, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд доорх дүгнэлтийг хийсэн байх тул нэхэмжлэгчийн “Б ХХК-ийн гомдлын бүх үндэслэлийг үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа гомдолд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж, “санал болгосон ажилтнууд нь одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл арга хэмжээнд санал болгосон ажилтнуудтай давхцаж буй эсэхийг тендерийн цахим системээс нягтлан үзэхийг, журмын 5.9-ийг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн” нь хуулийн 59.8-д “цахим систем дэх тендерийн баримтад үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэнд нийцээгүй” гэх гомдол үндэслэлгүй. Тодруулбал Сангийн яам 5 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичигтээ,

1/ түншлэлийн ирүүлсэн тендер хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байх шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул “тендерийн хүчинтэй хугацаа дууссан” гэх гомдол үндэслэлгүй гэж,

2/ түншлэлээс санал болгосон ерөнхий инженер С.Чулуунхуяг, Х.Цэрэнбат, инженер С.Эрхэмбаяр, Д.Ууганбаяр нар усан хангамж, ариутгах татуургын инженер байх, зөвлөх зэрэгтэй байх, хөдөлмөрийн гэрээтэй байх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул “инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн шалгуур хангахгүй” гэх гомдол үндэслэлгүй гэж,

3/ түншлэлээс дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулахаар ирүүлсэн ч тендерийн Үнэлгээний хороо аль ч тендерт давуу эрх тооцоогүйг тэмдэглэлдээ тусгасан тул “тендерийн үнийн дотоодын бараанаас бусад хэсгийг ялгаж тооцоолоогүй, бусадтай байгуулсан гэрээний үнэ тендерийн материалын үнээс зөрүүтэй” гэх гомдол үндэслэлгүй гэж,

4/ Б******* ХХК-иас ирүүлсэн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл, түншлэлээс ирүүлсэн тэдгээрийн хооронд байгуулсан 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 25/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд “Б******* ХХК-ийн 26 ажилтнаас уг төсөлд 12 хүн ажиллана” гэж тооцоолол хийж гомдолд дурдсан асуудал үндэслэлгүй” гэж хариу өгсөн байх тул “гомдолд дурдаагүй асуудлаар хянасан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.  

Харин Б******* ХХК-ийн санал болгосон ажилтнууд нь одоо хэрэгжүүлж байгаа 4 төсөл арга хэмжээнд санал болгосон ажилтнуудтай давхцаж буй эсэхийг тендерийн цахим системээс нягтлан үзэхийг, журмын 5.9-ийг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн нь дээрх гомдлын хүрээнд хамаарахын сацуу тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 4-т “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэсэн шаардлагыг хангасан эсэхийг цахим системээс нягтлах нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д "Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэх”-ээр журамласны хүрээнд байна. Түүнчлэн  гомдолд дурдсан тодорхой шаардлагыг нягталж журмын заалтыг хангуулах нь тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон, дахин үнэлгээ хийхийг даалгасан агуулгагүй, ийм үр дагавар үүсгэхгүй юм.

4.4.2. Сангийн яам 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр  Хангилцаг ХХК-ийн 05 дугаар сарын 27-ны өдрийн гомдлоор хянаж хариу өгсөн нь мөн л гомдлын хүрээнд, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.8-д “цахим систем дэх тендерийн баримтад үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэнд нийцжээ.

4.5. Ийнхүү Сангийн яам тендерээс татгалзсан, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэртэй маргасан тендерт оролцогчийн гомдлоор тендер шалгаруулалтыг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон гомдол хянан шийдвэрлэх хугацаанд болон тендерийн хүчинтэй хугацаанд багтсан, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд байх тул энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тогтоосон “төсөл арга хэмжээний санхүүжилтийг татаж, төсвийн хэмнэлтэд тооцох” нөхцөл бүрдүүлэхэд хууль бусаар хүргэсэн явдал биш тул хэдийгээр хянасан гомдол нь үндэслэлгүй байсан ч гомдол хянан шийдвэрлэсэн хугацаанаас өмнүүр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг дуусгасан гэж үзэж тасалбар болгох үндэслэл болохгүй.  

Иймд нэхэмжлэлийн Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 4 дэх хэсгийг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “гомдол хянасан тухай” албан бичгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4.6. Сангийн яам Б ХХК-ийн гомдлоор хянаж 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгээр, Хангилцаг ХХК-ийн гомдлоор хянаж 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариу өгсөн байхад тендерт оролцогчдын гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлсэн энэ хугацааг захиалагч төрийн захиргааны байгууллага үл хэрэгсэн 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ байгуулах мэдэгдлээр шууд гэрээ байгуулах боломжгүй тул Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан "төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” хугацаанд амжаагүй, 13.1.2-т заасан "энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох" нөхцөл бүрдсэн үндэслэлээр буюу санхүүжилтгүй болсон шалтгаанаар тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь буруу биш байна.

4.6.1. Тендер шалгаруулалтын үнэлгээг хийж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Сангийн яам 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаснаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо 05 дугаар сарын 19-ний өдөр оролцогчдын тендерийг дахин үнэлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах эрх олгож, бусад оролцогчдын тендерээс татгалзсан зөвлөмж хүргүүлж, 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгосон, тендерээс татгалзсан мэдэгдлийг Төрийн худалдан авах ажиллагааны газар оролцогчдод хүргүүлснээр оролцогчид хуулиар тогтоосон хугацааны дотор гомдол гаргаж, Сангийн яам хуулиар тогтоосон ажлын 10 өдрийн хугацаанд багтаан хянаж гомдолд 05 дугаар сарын 30, 06 дугаар сарын 05-ны өдөр хариу өгсөн байх тул санхүүжилтгүй болгоход хүргэсэн гэж хариуцагч нарыг буруутгах боломжгүй.

4.6.2. Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар Сангийн яамны гомдол хянасан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот албан бичгийн 4 дэх хэсэгт, 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хэлэлцэхээр танилцуулсан ч тендерийг хүчингүй болгосон тул хэлэлцээгүй бөгөөд цахим системээр нягталсан баримтыг шүүхэд ирүүлснээс үзвэл төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх мэдээллээр тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 4-т “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэсэн шаардлагыг гэрээ байгуулах эрх авсан Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэл хангаагүй, тодруулбал XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ , сум/ төсөл, арга хэмжээ”-нд  Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлийн санал болгосон инженер техникийн 9 ажилтны 7 ажилтан буюу барилгын инженерт санал болгосон Г.Оюун-Эрдэнэ, ус хангамж, ариутгах татуургын инженерт санал болгосон Х.Цэрэнбат, С.Эрхэмбаяр, халаалт, агаар сэлгэлтийн инженерт санал болгосон Л.Ням-Осор, цахилгааны инженерт санал болгосон Б.Одболд, холбоо, дохиоллын инженерт санал болгосон М.Даваасүрэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд санал болгосон Д.Цэрэндаш нар нь 2024 онд гэрээ байгуулсан 2026 оны 10 дугаар сард дуусах график төлөвлөгөөтэй “Гэр хорооллын инженерийн хангамж, шугам сүлжээ /, Зуунмод, 6 дугаар баг/” төсөл арга хэмжээнд мөн уг ажлын байранд ажиллаж байгаа нь тогтоогдож байна.

Ийнхүү тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 4-т “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана” гэсэн шаардлагыг гэрээ байгуулах эрх авсан Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэл хангаагүй болох нь цахим систем дэх мэдээллээр тодорхой байхад гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй.

4.6.3. Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан боловч 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны дүнд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын XXV.1.3 "Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ , сум/ төсөл, арга хэмжээ”-ний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцож, төсөвт төвлөрүүлсэн байна.

4.6.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэх хэсгийн агуулгад шүүх бодитоор биелэгдэх боломжтой шийдвэр гаргах агуулга багтана.

4.6.5. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах” ойлголтод мөн санхүүжүүлэх төсөвт багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулах агуулга яригдах тул батлагдсан санхүүжүүлэх төсөвтэй тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах боломжтой.

4.6.6. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор санхүүжилтийг нь төсвийн хэмнэлтэд тооцож, төсөвт төвлөрүүлсэн төсөл арга хэмжээний хувьд чадавхын шаардлагыг хангаагүй оролцогчтой гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах нь төрийн худалдан авах ажиллагааны өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 06 дугаартай зөвлөмж /тэмдэглэл/-ийг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг тус тус хүчингүй болгож, дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээг нэхэмжлэгч Б******* ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            5. Хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4347 дугаар захирамжийн захирамжлах нь хэсгийн 2 дахь заалтын үйлчлэл дуусгавар болохыг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг тус тус баримтлан гуравдагч этгээд Б ХХК-ийн бие даасан шаардлагаас “1) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, 2)  Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагаар Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б******* ХХК-ийн Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “1) Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 4 дэх хэсгийг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “гомдол хянасан тухай” албан бичгийн 5 дахь хэсгийг, 2) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 06 дугаартай зөвлөмж /тэмдэглэл/-ийг, 3) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3892 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг тус тус хүчингүй болгож, дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний гэрээг нэхэмжлэгч Б******* ХХК-тай байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд Б ХХК-ийн Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “1) Сангийн яамны 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийн 2.1, 2.2 дахь хэсгийн Д.Б*******, Р.Э******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, 2) Төрийн худалдан авах ажиллагааны газрын дугаартай XXV.1.3 “Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ /, сум/ төсөл, арга хэмжээ”-ний тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлын Б ХХК-ийн тендерээс татгалзсан зөвлөмж /тэмдэглэл/-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгах, 3) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот Б ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг,  мөн өдрийн ******* тоот Б******* ХХК, Алтайн үндэс констракшн ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон  мэдэгдлийг, 4) Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг, 5) Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А-1/3895 тоот “Тендерийг хүчингүй болгосон” албан бичгийг тус тус хүчингүй болгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтсын 207 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 210 дугаар хуудас