| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00301/И |
| Дугаар | 103/ШШ2025/00461 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00461
2025 05 22 103/ШШ2025/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ****** дүгээр хороо, ******* ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Л. *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.******* нь 1980.02.01-ний өдрөөс 1980.07.05-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчин, 1980.07.05-ны өдрөөс 1985.12.12-ны өдөр хүртэл Баяндэлгэр сумын ******* бригадад малчин, 1985.12.12-ны өдрөөс 1986.06.15-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын үтрэмийн ажилтнаар, 1990.05.23-ны өдрөөс 1992.06.05-ны өдрийг хүртэл Багануур районы Худалдаа бэлтгэлийн удирдах газарт манаачаар ажиллаж байсан байдал болон 1991.07.01-ний өдөр нээсэн 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995.02.08-ний өдөр нээсэн 054111 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Багануур дүүргийн иргэн Л.******* миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрч тэтгэврээ тогтоолгох материалуудаа бүрдүүлж өгтөл миний бичиг баримтуудад зөрчил гарч Нийгмийн даатгалын байгууллагаас шууд тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж үзсэн. Учир нь миний бие анх 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар орж ажиллаж байгаад 1980.07.05-ны өдөр эмчилгээ тэжээлийн цэгээс ******* бригадынхаа малчнаар томилогдоод 5 жил гаран ажиллаад 1985.12.12-ны өдөр өөрийн нэгдлийнхээ үтрэмд ажилтнаар томилогдсон. Ингээд хэдэн сар ажиллаж байтал 1986.02.20-ны өдөр трактор комбайны курст сургахаар намайг Төв аймгийн Архуст суманд явуулсан. Трактор комбайны курсээ дөнгөж дуусгаад үнэмлэхээ ч авч амжаагүй байтал цэргийн албанд дуудаад 1986.06.15-ны өдөр цэрэгт татагдан явсан билээ. Курсийн үнэмлэх маань 1986.06.30-ны өдрөөр гарсныг дараа нь ар гэрийнхэн маань авсан байдаг.
Энэ тухай тэмдэглэгээ надад 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр тэмдэглэгдсэн байдаг боловч цэрэгт явсан үеийн тэмдэглэгээг буруу бичсэн, ажиллаж байсан үеийн цалин хөлсний тэмдэглэгээ хийгдээгүй шалтгаанаар ажилласан жилд оруулан тооцох боломжгүй байна гэсэн.
Мөн би цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Архустын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байгаад 1990 онд Багануурын районд шилжин ирж тухайн үеийн Худалдаа бэлтгэлийг Удирдах газар буюу бөөний бараа баазын манаачаар 1990 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс ажиллаж байгаад 1992 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Багануур дүүргийн 66 дугаар сургуульд манаач жижүүрээр 14 жил ажилласан юм. Гэтэл 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хөтөлж эхэлсэн миний 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр Багануур шилжинэ гээд ажлаас халагдсан он, сар, өдөр засвартай, Худалдаа бэлтгэлийг Удирдах газарт орсон гарсан тушаал байхгүй гэсэн шалтгаанаар ажилласан жилд оруулах боломжгүй гэсэн.
Мөн энэхүү 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг бичихдээ Лувсан овогтой ******* гэж сүүлийн "т" үсгийг нь орхин бичсэн. Үүнээс хойш 1995.02.08-ны өдөр олгосон 054111 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт мөн овог нэрийг бичихдээ Лувсан овогтой ******* гэж сүүлийн "т" үсгийг орхин бичсэн байсан. Ийм шалтгаанаар миний улсад олон жил ажилласан байдал маань орхигдох болсон тул миний бие доорх хүсэлтийг гаргаж байна. Лувсан овогтой ******* намайг 1980.02.01-ний өдрөөс 1980.07.05-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчин, 1980.07.05-ны өдрөөс 1985.12.12-ны өдөр хүртэл мөн Баяндэлгэр сумын ******* бригадын малчин, 1985.12.12-ны өдрөөс 1986.06.15-ны өдрийг хүртэл мөн Баяндэлгэр сумын үтрэмийн ажилтнаар, мөн 1990.05.23-ны өдрөөс 1992.06.05-ны өдрийг хүртэл Багануурын районы Худалдаа бэлтгэлийн Удирдах газарт манаачаар ажиллаж байсан болохыг, мөн Лувсан овогтой ******* миний улсад ажилласан байдлыг тогтоож буй баримт болох 1991.07.01-ний өдөр хөтөлж эхэлсэн 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995.02.08-ны өдөр хөтлөгдөж эхэлсэн 054111 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Лувсан овогтой ******* миний бие мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Миний нэр зөрүүтэй буюу ******* гэдгийг ******* гэж бичсэн учраас бичиг баримтын эзэмшигч мөн болохоо тогтоолгох шаардлага үүссэн. Мөн миний Багануур дүүргийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад гарсан тушаал байхгүй, Баяндэлгэр сум, ******* багийн Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт гарч ирээгүй, Бөөний бараа баазын манаачаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн он сарыг нь завсартай байна гэсэн. Би анх 1980 онд ажилд орж байсан. Энэ тогтоолгох гэж байгаа хугацаанд би тасралтгүй ажилласан. Эмчилгээ тэжээлийн цэгт өвдсөн хонь, ямаа малладаг байсан бөгөөд тухайн үед 6-7 хүн ажилладаг байсан. Харин 1980-1985 онд ******* бригадын малчин байхдаа дан эр хурга маллаж байсан, эр хурга 1 жил маллаад дараа жил нь авчирч тушаагаад дахиад эр хурга аваад явдаг байсан. Гэрч үхэр малладаг байсан гэж андуурсан байхаа. Олон жил өнгөрчээ. Би үтрэм дээр 1986 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Шүүхэд гаргасан хүсэлт дээрээ 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан гэж буруу бичсэн байна. ******* багийн малчнаар 1980 оны 7 дугаар сарын 05-ныг хүртэл ажилласан. Худалдаа бэлтгэлийн газар анх орохдоо манаачаар ороод ачигч, жолооч, ногоочноор бас ажиллаж байсан. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025.03.13-ны өдрийн 109 тоот тодорхойлолт, Үндэсний Төв архивын 2025.03.13-ны өдрийн 269, 270 тоот тодорхойлолтууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025.02.06-ны 82 тоот цалингийн түүвэр, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 12, 20, 49, 62, 80 дугаартай тушаалууд, 49-р тушаалын хавсралт, Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Архустын тэжээлийн аж ахуйн даргын 173 дугаар тушаал, Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Багануур дахь бөөний худалдааны газрын даргын 33 дугаар тушаал, тушаалын хавсралт, Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Архустын тэжээлийн аж ахуйн даргын 204 дугаар тушаал, Багануур дахь Худалдаа Хангамжийн Удирдах Газрын даргын 352 дугаар тушаал, 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 054111 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн. /хх-ийн 4-29-р хуудас/
Шүүхээс гэрч Б.*******, Д.******* нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм” гэжээ.
3.Хүсэлт гаргагч Л.******* нь 1965 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 60 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал бичигдээгүй, зарим нэг онууд бичилт хийгдсэн боловч засвартай, архиваас ажилд орсон тушаал эх хувиар гарсан боловч нэр зөрүүтэй, ажиллаж байх үеийн тушаалууд, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нэр нь ******* гэж тэмдэглэгдсэн шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
4.Хүсэлт гаргагч Л.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
5.Хүсэлт гаргагчийн ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд би нэр зөрүүтэй бичигдсэн, шаардлагатай баримтууд олдохгүй байгаа болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолтуудаар тогтоогдож байна.
6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
7. Хүсэлт гаргагч Л.******* нь 1980.02.01-ний өдрөөс 1980.07.05-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар, 1980.07.05-ны өдрөөс 1985.12.12-ны өдөр хүртэл Баяндэлгэр сумын ******* бригадад малчнаар, 1985.12.12-ны өдрөөс 1986.02.20-ны өдрийг хүртэл Баяндэлгэр сумын үтрэмийн ажилтнаар, 1990.05.23-ны өдрөөс 1992.06.05-ны өдрийг хүртэл Багануур районы Худалдаа бэлтгэлийн удирдах газарт манаач, ачигч, карын жолооч, ногоочноор ажиллаж байсан болох нь
7.1. Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,
7.2. 1982.05.20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт 1980.02.01-ний өдөр ******* багийн малчнаар авч ажиллуулав, нэгдлийн даргын 1980.02.26-ны өдрийн 20-р тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1980.06.23-ны өдөр ******* бригадын ЭТЦэгт малчны ажлаас халав, нэгдлийн даргын 1980.06.30-ны 73-р тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1980.07.05-ны өдөр ******* бригадын хоньчноор авч ажиллуулав, нэгдлийн даргын 1980.07.23-ны 59-р тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1985.11.27-ны өдөр ******* бригадын хоньчны ажлаас чөлөөлөв, нэгдлийн даргын 1985.12.03-ны 93-р тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1985.12.12-ны өдөр нэгдлийн үтрэмд ажилчнаар авч ажиллуулав, нэгдлийн даргын 1985.12.25-ны 80-р тушаалаар гэсэн байв,
-Мөн дэвтэрт 1986.02.20-ны өдөр трактор комбайн курст явах болсон учир үтрэмийн ажлаас чөлөөлөв, нэгдлийн даргын 1986.02.27-ны 12-р тушаалаар гэсэн байв ,
7.3. 1991.07.01-ний өдөр нээсэн овог Лувсан, нэр *******, төрсөн он 1965 гэсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт 1990.05.23-ны өдөр Худалдаа удирдах газарт манаачаар авч ажиллуулав, газрын даргын 1990.6.05-ны өдрийн 12-р тушаалаар гэсэн байв,
-мөн 1992.06.05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа учир үндсэн ажлаас чөлөөлөв, газрын даргын 1992.06.05-ны өдрийн 98-р тушаалаар гэсэн байв, /хх-ийн 10, 24-25-р хуудас/
7.4. Төв аймгийн төрийн архивын тасгийн 2025.02.06-ны өдрийн 82 дугаартай Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн малчин, үтрэмийн ажилтай Л.*******ийн цалингийн түүвэр, уг түүвэрт 1980 оны 1-8-р сар, 12 сар, 1981 оны 1-8 сар, 10-12 сар, 1982 оны 1-3-р сар, 1984 оны 6, 8, 12 сар, 1985 оны 10 , 12 сар, 1986 оны 1, 2 саруудад тус тус цалин бичигдсэн байв,
7.5. Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын ажилд авч ажиллуулах тухай 20 дугаартай тушаал, уг тушаалын 2-рт ******* бригадын ЭТЦ-ийн малчнаар Лувсан овогтой *******ийг 2-р сарын 1-нээс ажиллуулсугай гэсэн байв, /хх-ийн 23/
7.6. Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын малчнаар ажиллуулах тухай 49 дугаартай тушаал, уг тушаалын 1-рт хавсралтад дурдсан нэр бүхий малчид, ногоочдыг 1981 оны 1-р сарын 1-нээс эхлэн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн малчин, ногоочноор ажиллуулав гэсэн байв, хавсралтын 125-рт Л.******* гэсэн байв,
7.7. Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1985.12.12-ны өдрийн 80 дугаартай ажилд авах тухай тушаал, уг тушаалд ******* *******ийг 12-р сарын 1-нээс эхлэн үтрэмд ажилчнаар томилсугай гэсэн байв,
7.8. Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1986.03.13-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай 12 дугаартай тушаал, уг тушаалын 2-рт ....трактор комбайн курст орж суралцах болсон тул *******ийг 2-р сарын 9-нөөс үтрэмний ажилчнаас чөлөөлсүгэй гэсэн байв,
7.9. Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн-Баян, нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаал, уг тушаалд тус нэгдлийн ХХА-н үйлдвэрлэлд ажиллаж байгаад 7-р сард цэргийн албанд явсан ....Л.*******од ...АДХГүйцэтгэх захиргааны 1986 оны 10-р сарын 2-ны өдрийн 132 албан тоотыг үндэслэн ажлаас гэнэт халагдсаны мөнгийг зохих тогтоолд заасны дагуу нөхөн гаргаж өгөхийг нэгдлийн даргын зөвлөлийн санхүү /Наранхүү/-д даалгасугай гэсэн байв.
7.10. Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Архустын тэжээлийн аж ахуйн даргын 1990.12.30-ны өдрийн 204 дугаар тушаал, уг тушаалын 2-рт Лувсан овогтой *******ийг 5-р сарын 20-ноос үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байв,
7.11. Худалдаа бэлтгэлийн яамны харьяа Багануур дахь бөөний худалдааны газрын даргын 1990.03.21-ний өдрийн 33 дугаар тушаал, уг тушаалд Багануур дахь БХГ-ын гэрээт ангийн харуулыг Багануурын ХБУ-ын газрын мэдэлд шилжиж ирсэнтэй холбогдуулан харуулын албыг зохион байгуулахын тулд тушаах нь, уг тушаалын хавсралтын 15-рт Л.*******, харуулын алба гэсэн байв,
7.12. Багануур дахь Худалдаа хангамжийн удирдах газрын даргын ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 352 дугаар тушаал, уг тушаалын 1-рт Лувсан овогтой *******ийг 1991.11.12-ноор тасалбар болгон ачигч, карын жолоочийн ажлаас чөлөөлж түр ногоочноор томилсугай гэсэн байв,
7.13. Гэрч Б. шүүхэд өгсөн: “******* 1990 оны хавар Худалдаа бэлтгэлийн удирдах газарт харуулаар ажилд орж байсан, хэдэн онд ажлаасаа гарсныг нь би сайн мэдэхгүй байна. Би өөрөө *******той 1 жил орчим хамт ажиллаж байгаад одоогийн Хэрлэн худалдааны төв рүү шилжин ажилласан. Тухайн үед энэ худалдааны төв ямар нэршилтэй байсныг сайн санахгүй байна. Би *******той цуг ажиллаж байсан, гэхдээ 1 жил гаран хамт ажиллаад би өөр газар руу шилжин ажилласан. ******* Бөөний бараа баазад 1990 оны хавраас ажиллаж эхэлсэн гэдгийг гэрчилж байна. Хэдэн онд ажлаас гарсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
7.14. Гэрч Д.*******ын шүүхэд өгсөн: “Л.******* 1980 оноос 1986 оныг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадад үхэр хариулж байсан, түүнээс хойш хаана, ямар ажил хийж байсныг мэдэхгүй, би ******* ахтай 1974 онд гэр бүл болж байсан, ах нь мөн манай бригадад сувай үхэр хариулдаг байсан. Манай хадам ээж бас саальчин байсан, гэр бүлээрээ л энэ нэгдэлд ажиллаж байсан. ******* бид 2 Төв аймгийн Баяндэлгэр сумын ******* бригадад хамт ажиллаж байсан, 1980 оноос 1986 оныг хүртэл ******* үхэрчнээр ажиллаж байсныг гэрчилж байна, тухайн үеийн сумын даргаар анх Бавуу гэж дарга байгаад дараа Лодой гэж болоод, дараа Намжиг дарга байж байгаад ардчилал гараад нэгдэл байхгүй болсон доо. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх” мэдүүлэг зэрэг болно.
8. Хүсэлт гаргагч ******* ******* нь 1965 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, дээрх тушаалуудад бичигдсэн Л.******* нь хүсэлт гаргагч Л.******* мөн бөгөөд нэрийг бичихдээ “т” үсгийг орхигдуулан бичсэнээс шалтгаалан эргэлзээтэй байдал үүссэн болох нь иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байх тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
9.Хүсэлт гаргагч 1980.07.05-ны өдрөөс эмчилгээний тэжээлийн цэгийн малчнаас, 1985.12.12-ны өдрөөс ******* багийн малчнаас тус тус чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт 1980.06.23-ны өдрөөс эмчилгээ тэжээлийн малчнаас, 1985.11.27-ны өдөр ******* багийн малчнаас тус тус чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байна.
Гэвч хүсэлт гаргагч нь 1980 оны 06, 07 сард, 1985 оны 12 сард малчнаар ажиллаж цалин олгогдсон талаар Төв аймгийн архивын тасгийн 2025.02.06-ны өдрийн 82 дугаартай цалингийн түүвэрт тусгагдсан байх тул түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг үнэлж ажлаас чөлөөлөгдсөн хугацааг тогтоосон болно.
10. Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хэрэгт ач холбогдолтой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ыг 1980.02.01-ны өдрөөс 1980.07.05-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн ******* бригадын Эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар, 1980.07.05-ны өдрөөс 1985.12.12-ны өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн ******* бригадын малчнаар, 1985.12.12-ны өдрөөс 1986.02.20-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн үтрэмийн ажилтнаар, мөн 1990.05.23-ны өдрөөс 1992.06.05-ны өдрийг хүртэл Багануурын районы Худалдаа бэлтгэлийн Удирдах газарт манаач, ачигч, карын жолооч, ногоочноор ажиллаж байсан болохыг, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 408797 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995.02.08-ны өдөр нээсэн 054111 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт ******* ******* мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА