Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ316

 

    2024           3              13                                         2024/ДШМ316

 

Б.От холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.От холбогдох 2108005121117 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн хойд талд хаалга, гишгүүр гаргахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04, Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрах орчин шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БДЗ 1.112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартын холбогдох заалтуудыг хангаж ажиллаагүйн улмаас ахмад настай С.Т 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шатны гишгүүрээс унаж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 3 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 6.534.393 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх Б.О “...өмчлөгч буюу захиалагч зураг төсөл гаргуулах үүргээ биелүүлээгүй” гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн.

Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн гэм буруутайд тооцсон үндэслэлүүдийн хооронд асар их зөрүү гарч, яллаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэв. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6-д заасан зөрчил юм.

Анхан шатны шүүх хурал дээр Б.О захиалагч яллагаа, мэтгэлцээн явагдаагүй юм. Октябрийг захиалагч гэсэн нэг ч нотлох баримт хавтас хэрэгт байхгүй, хэний ч амнаас энэ үг гараагүй юм. Энэхүү үндэслэлдээ шинжээч Г.Дын мэдүүлгийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Гэтэл шинжээч Г.Д нь “Драгон” үйлчилгээний төвийн барилгын хойд хаалганы шат нь Олон нийт иргэний барилга /БНбД 31-03-03/ 11-ийн 3.64, 3.66 заалт, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага “MNS 6055:2009 стандартын хавсралт Е-ийн төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй, зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Дүгнэлт нь зураг, төсөв буюу төлөвлөлттэй холбоотой гарсан бөгөөд хурал дээр энэ тухай мэдүүлсэн. Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30 01 04, Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрах орчин шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БДЗ 1.112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орой зай, орчин “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартыг зураг төсөл зохиоход мөрдөнө, мөн Олон нийт иргэний барилга /БНбД 31-03-03/-ийн оршилд энэхүү норм, дүрмийг олон нийтийн барилгын зураг төсөл зохиоход дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд тухайн сдандарт, нормыг өмчлөгч, эзэмшигч зохиодоггүй, үйл ажиллагаандаа мөрдөхгүй учраас тэрээр зөрчсөн байх боломжгүй тул прокурорын яллагаа бодит болон хуулийн үндэслэлгүй байна. Зураг, төсөв, төлөвлөлтийн шаардлагыг өмчлөгч, эзэмшигчид зориудаар холбох хуулийн боломжгүй юм.

Харин прокурорын ялласан дээр дурдсан зөрчлийг Б.О гаргасан эсэх, гаргах боломжтой эсэх, хаалга, шатыг хэн, хэзээ гаргасан эсэх талаар прокурор өмгөөлөгчийн хооронд мэтгэлцээн явагдаж нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхөд шат, хаалганы зураг, төсөв, төлөвлөлт байгаагүй. Өмгөөлөгчийн дүгнэлт хийсэн зураг, төсөв төлөвлөлтөө үзүүлээч гэсэн асуултад шинжээч байхгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлт бодит үндэслэлгүйг нотолсон юм.

Энэ бүх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтын хүрээнд явагдсан юм.

Бодит байдал дээр Б.О яллах үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний акт буюу Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30 01 04 /Хот тосгоны төлөвлөлт барилгажил/, Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрах орчин шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БДЗ 1.112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орой зай, орчин “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 /Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин /стандартын холбогдох заалтууд нь зураг, төсөв зохиогчид үүрэг болгосон хэм хэмжээ бөгөөд өмчлөгч, эзэмшигч, захиалагчийн үйл ажиллагаандаа мөрдөгдөхгүй учраас зөрчих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү стандартыг үндэслэн өмчлөгч, захиалагчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж яллах, шийтгэх хуулийн үндэслэлгүй байна.

Б.О нь хаалга, шатны өмчлөгч, захиалагч биш юм. Энэ асуудлаар анхан шатны шүүх хурал дээр талуудын хооронд мэтгэлцээн болоогүй. Б.О нь “Д.Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм.

Хавтас хэрэгт болон шүүх хурал дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.

1. Хаалга, шатыг 2017 онд тухайн үед барилгыг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан Б хийлгэсэн нь өөрийнх нь болон гэрч Г.Соёл-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нарын мэдүүлгээр маргаангүй тогтоогдсон. Гэтэл шүүх “Б.О ... зохих зөвшөөрөлтэй зураг төслийн компанид хандаагүй, зөвлөгөө зөвлөмж аваагүй, албан ёсны зураг төсөв гаргаагүй, мэргэжлийн бус хүмүүсээр стандарт бүс шат, хаалга гаргасан байна” гэж илэрхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүх хурлаар хэлэлцсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.О яллаж байвал хууль, журам хамаагүй гэсэн прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хандлага, хүсэл зорилгод хэт хөтлөгдсөн. Шүүх Б.О буруутгахдаа “Бг удирдлагын зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор барилгын үндсэн бүтэц болох ханыг цоолж хаалга, шат гаргах эрхтэй гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь бодит үндэслэлгүй байна.

а/ Б нь өөрөө шат, хаалга гаргасан гэдэгтээ маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Тэрээр түрээслэгч бөгөөд “Д.Х” ХХК-ийн ажилтан биш. Б.О удирдлагад ажилладаггүй.

б/ Бд барилгыг түрээслэгч буюу эзэмшигчийн хувьд эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэргүйгээр барилгад хаалга, шат гаргах эрх хууль, хэм хэмжээний актаар олгогдоогүй.

в/ Октябрийн зүгээс Бд хаалга гаргах зөвшөөрөл өгөөгүй нь тогтоогдсон.

2. Б.О нь 2017 онд хаалга гаргасан хугацаанд хүүхэд төрүүлсэн, нялх хүүхдээ асарч, ажил үүргээ гүйцэтгээгүй гэртээ байжээ.

3. Барилгажилтын норм ба дүрэм БНбД 300104, Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрах орчин шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БДЗ 1.112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орой зай, орчин “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартаар өмчлөгч, эзэмшигчид ямар нэг үүрэг ногдоогүй.

4. Хавтас хэрэгт шатны зураг, төсөв авагдаагүй. Өөрөөр хэлбэл, прокурорын болон зураг, төсөв, төлөвлөлт нь стандарт зөрчсөн гэсэн дүгнэлт бодит үндэслэлгүй, хууль хэрэглээний хувьд Б.О буруутгах боломжгүй нь шүүх хурлын шинэчилсэн байцаалтаар бүрэн тогтоогдсон.

5. Б хаалга, шат гаргахдаа Б.О зөвшөөрөл авсан гэсэн мэдүүлгийнхээ нотолгоо болгон гаргаж өгсөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны 369 тоот бичиг /Д.Х ХХК нь СХД-ийн ОБГ-аас ирсэн албан шаардлагын дагуу хүнсний захын ард аваарын хаалга гаргах шаардлагатай болсон тул ажлыг дэмжиж өгнө үү буюу нотлох баримт нь онцгой байдлын албанаас /2017 оны 5 дугаар сарын 03-ны Гал түймрийн улсын байцаагчийн мэдэгдэх хуудас/ шаардлагын дагуу аваарын хаалга, шат гарга гэсэн шаардлагыг биелүүлэхээр хороо, СӨХ-нд хандсан хүсэлт байгаа бөгөөд хаалга гаргах зөвшөөрөл биш байна. Бичиг нь үйлчлүүлэгч буюу нийтэд үйлчлэх зориулалт бүхий шат, хаалга гаргахтай холбоогүй байна. Шүүх Бгийн “та түрээсийн улсуудаас авсан мөнгөөрөө шат болон хаалгыг хийлгэчих, түрээсийн мөнгөнөөс нь хасаад бодно, та наанаа хаалга л гаргаадах гэх зүйл хэлсэн” гэсэн мэдүүлгийг иш татжээ. Б нь энэхүү мэдүүлгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Б нь “Д.Х” ХХК-тай 2013 оноос хойш түрээсийн гэрээгээр 2000 м2 худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий байрыг эзэмшдэг бөгөөд түрээсийн төлбөрийн мөнгөн гүйлгээ, тооцоогоор хаалга гаргасантай холбоотой мөнгө суутган тооцсон гэх баримт байхгүй. Энэ тухай баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөд шүүх хурал дээр эргүүлж тойруулж харсан болж байгаад хүлээж авалгүй буцаасан. Шүүх Бгийн мэдүүлгийг үнэн гэж үзэхдээ бусад нотлох баримтууд, ялангуяа үгүйсгэсэн нотлох баримтуудтай харьцуулалт хийгээгүй, түүнийг зөв гэсэн үндэслэлээ тогтоолдоо бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэсэн зөрчил гаргасан.

6. Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Б.О прокурорт хандаж намайг зураг, төсвийн стандарт зөрчсөн гэж яллаж байгааг үнэхээр ойлгохгүй байгаа тул үндэслэлээ тайлбарлаж өгөхийг Үндсэн хуулиар олгогдсон эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмын дагуу хүссэн боловч прокурор тодорхой тайлбар өгөөгүй. Гэтэл шүүхийн тогтоолд Б.О “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага” гэж 3 жилийн хорих ял шийтгэхдээ хүндрүүлэн үзжээ. Шүүх хурал дээр прокурор, өмгөөлөгч нарын хооронд Барилгажилтын норм ба дүрэм БНбД 300104, Хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрах орчин шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БДЗ 1.112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орой зай, орчин “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартыг хэрэглэх эсэх асуудлаар мэтгэлцээн явагдсан. Энэ нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээх эсэхтэй огт хамаагүй, хууль хэрэглээний хувьд мэргэжлийн маргаан явагдсан юм. Шүүгдэгч учраа олохгүй байж байгаад шүүх хурал завсарласан юм. Хуулиар шүүхэд хүнийг прокурорын яллаагүй, шүүх хурал дээр яригдаагүй, мэтгэлцээгүй, шинжлэн судлагдаагүй үндэслэлээр гэм буруутайд тооцож, хүндрүүлж ял шийтгэх эрх хуулиар олгогдоогүй. Өмгөөлөгчийг нь олон юм ярилаа гэж үйлчлүүлэгчийг нь буруутгах нь шүүгч хүний хувьд хамгийн зохисгүй үйлдлүүдийн нэг юм.

7. Шүүх хурал дээр хохирогчийн шатнаас унасан нь шатнаас болсон эсэхтэй холбоотой мэтгэлцээн болоогүй. Прокурор, өмгөөлөгчийн хооронд хууль хэрэглээтэй холбоотой мэтгэлцээн явагдсан юм. Хууль хэрэглээний маргаанаа шийдвэрлэснээр шатыг хэн гаргасан, тухайн шатнаас болж унасан эсэх дээр дүгнэлт хийх боломжтой болно гэж үзэж байна.

8. Шүүхийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” бичигдээгүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн хуулийн ноцтой зөрчил юм.

Хэрэг хянан шийдвэрлэсэн бусад нөхцөл байдлуудын талаар:

Б.От холбогдуулсан хэрэг 2023 оны ... сард шүүхэд шилжүүлэхэд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцаасан юм.

Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны захирамжийн заалтуудыг прокурор бүрэн хэрэгжүүлээгүй. Гэтэл шүүх хэргийг хүлээн авч, хавтас хэрэгт байхгүй, яллаагүй, шүүх хурал дээр мэтгэлцээгүй асуудлаар Б.О гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна.

Иймд Б.О гэм буруутайд тооцож ял шийтгэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний 2024/ШЦТ/64 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03 нормыг олон нийтийн барилга, төсөл зохиоход дагаж мөрддөг гэж өмгөөлөгч маань тайлбарласан. Үүгээр намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Бд хаалга гаргах талаар үүрэг даалгавар огт өгөөгүй. Надаас хаалга гаргах талаар асуухад нь би аавтайгаа утсаар яриад дулаан алдах, хулгай орох гэсэн эрсдэлтэй гэж үзээд хаалга гаргахыг нь зөвшөөрөөгүй. Хаалга гаргах үед миний том хүүхэд 2 настай, бага хүүхэд маань 2 сартай байсан. Хаалга гаргасныг тухайн үед мэдээгүй. Бгийн мэдүүлэгт “надаас зөвшөөрөл авсан, түрээслэгч нараас мөнгөө авч болно” гэсэн гэж дурдагдсан нь ор үндэслэлгүй, худлаа мэдүүлэг” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл шүүгдэгч талаас давж заалдах гомдол гаргасан байна. Энэ хэрэг 2021 онд гарсан. Тэр өглөө удахгүй буцаад ирнэ гээд гарсан аав маань хэзээ ч буцаж орж ирээгүй. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч буруугаа хүлээдэггүй. Түрээслэгч эмэгтэйд бүх буруугаа чихдэг. Би 2018 он хүртэл тэр газар амьдарсан. Энэ газар хойноо хаалгатай байсан, 2 талдаа ээлжлээд хаалга гаргадаг байсан. Энэ байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг гарсан. Тухайн шат стандарт бус гэдэг нь Барилга хөгжлийн газрын дүгнэлтээр тогтоогдсон. Ядаж хажуу хананд нь бариул тогтоосон бол миний эцгийн амь нас хохирохгүй байсан. Энэ хэрэг гарснаас болоод бидний амьдрал маш хэцүү байсан. Ээж маань сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О нь 2016 оны 9 дүгээр сард “Д.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Хаалгыг 2017 оны 8 дугаар сард гаргасан. Шүүгдэгч 2014 онд, 2016 оны 5 дугаар сард тус тус хүүхэд төрүүлсэн. Мөн түрээслэгч Бтай 2017 оны 6 дугаар сард түрээсийн гэрээ байгуулсан байдаг тул давж заалдах гомдолд дурдагдсан тухайн цаг хугацаанд ажиллаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Ажлаа хийж байсан нь тогтоогдсон. Б тухайн барилгын хэсгээс түрээсэлж байх хугацаанд “Д.Х” ХХК-д Онцгой байдлын газраас аваарын гарц байхгүй талаар мэдэгдэл ирүүлсэн байдаг. Шүүгдэгч анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрөө хаалга гаргахыг санаачилсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хаалга гаргах талаар Бд хэлж тэрээр хаалга гаргасан. Б өөрийн дураар, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хаалга гаргах боломжгүй. Шүүгдэгч нь хуульд зааснаар захиалагч бөгөөд хаалга гаргах захиалгыг хууль ёсны дагуу, зохих зөвшөөрөлтэй зураг төслийн компаниар гаргуулж, үүнийхээ дагуу стандартад нийцсэн хаалга гаргах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүй Б гэх хүнд даатгаж орхисноос энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч стандартуудын талаар давж заалдах гомдолдоо дурджээ. Хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд стандартуудыг тодорхой зааж өгсөн бөгөөд захиргааны хэм хэмжээний актуудыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь “Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн захирлаар ажиллаж, тухайн хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх хэмжээнийхээ хүрээнд  2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн хойд талд хаалга гаргаж, улмаар шат хийхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-03*/11/-ийн 3.64, 3.66 заалт, “Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04, “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 зэргээр тогтоосон стандартыг хангаж ажиллаагүйн улмаас буюу ахмад настай С.Т 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн хойд талд хаалганы шатаар өгсөж алхаж явсан шатны гишгүүрийн хэмжээ стандарт бус буюу шатны гишгүүр хоорондын зай өндөр, гишгүүрийн зай нарийн байснаас тэнцвэр алдахад түшиж барих бариулгүй байснаас шатнаас унах явцад толгойндоо гэмтэл авч амь насыг нь хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аы “...Т.Б надруу залгаад “аав шатнаас унаад гэмтлийн эмнэлэг рүү түргэн тусламжийн машинаар аваад явсан байна” гэж хэлсэн. ...мэс заслын хагалгаанд орж ирээд сэхээн амьдруулах тасагт байж байгаад нас барсан гэж хэлсэн. ...” /1хх 29/,

гэрч Т.Бы “...манай орцны жижүүр хаалга нүдээд “танай аав байна уу” гэхээр нь гараад явсан талаар хэлсэн. Тэгтэл жижүүр “нэг хүн Драгоны хүнсний дэлгүүрийн шатаар дээш гарах үедээ унасан байна, СӨХ-ны камерт бичигдсэн байна, 103 ирээд аваад явсан” гэж хэлсэн. Тэр үед би гэрээсээ гараад СӨХ-ны камерын бичлэгийг үзэх үед манай аав хуучин Драгоны хойд хаалгаар орох гээд шатаар дээш алхах үед хөл нь нугарч хойшоогоо дагз хэсгээрээ газар унаж байгаа камерын бичлэг байсан. ...” /1хх 31/,

гэрч А.Мын “...уг дуудлагыг хүлээн аваад 5 минутын дараа дуудлага мэдээлэлд очиход Драгон худалдааны төвийн хойд хаалганы 3-4 гишгүүртэй шатны дэргэд 70-75 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. ...би газар унасан хүний биеийн байдлыг үнэлэхэд маш хүнд байсан тул цагдааг хүлээхгүйгээр уг хүний даралтыг үзээд, шарх сорвийг нь үзэхэд дагзандаа их хэмжээний хаван хавдартай, зулгарсан шинэ ил шархтай, хүүхэн харааны гэрлийн урвал байхгүй, юм ярьж чадахгүй, гар нь хөдөлж байсан. Ингээд жолоочийн хамтаар уг хүнийг орон дээр өргөж байршуулаад машинд оруулаад хүчилтөрөгч хамраар нь өгөөд биеийн байдал, даралтыг нь дахин үзэж үнэлээд гэмтлийн эмнэлгийн амилахуйн өрөөнд зөөвөрлөж оруулаад хүлээн авах тасгийн эмчид хүлээлгэн өгсөн. ...” /1хх 37, 166/

гэрч Д.Бгийн “...Гурвалжингийн барилгын захын гадна хөлсөөр ажилладаг 2 хүнээр 2 хоногт хийж гүйцэтгэсэн. ... Тухайн үед инженер Баярцэнгэл хаалга гаргах газрыг зааж өгсөн бөгөөд миний хувьд ямар нэг байгууллагаас хаалга гаргах зөвшөөрөл аваагүй, компани өөрөө зөвшөөрөл авчихсан учраас л намайг хаалга гарга гэсний дагуу л би гаргасан. Хэрэв тухайн үедээ уг шатыг болохгүй байна гэж хэлсэн бол би өөрчилж хэдэн удаа ч байсан засаж болох байсан. Надад ийм зүйл ярьж байгаагүй. “Д.Х”-ийн гүйцэтгэх захирал Б.О надад амаар энд хаалга гарга гэж зөвшөөрөл өгсөн, ...тухайн үед Б.Од хаалга болон шат гаргахад хөрөнгө мөнгө хэрэгтэй байна гэж шаардлага тавихад Б.О нь “та түрээсийн улсуудаас авсан мөнгөөрөө шат болон хаалгыг хийлгэчих, таны түрээсийн мөнгөнөөс хасаад бодъё, та наанаа хаалга л гаргаадах” гэх зүйл хэлсэн. ... Б.О нь Онцгой байдлаас мэдэгдэл бичиг ирчихлээ, та ороод ирээч гээд Драгон төвийн 7 давхарт байрлах өөрийн өрөөнд дуудаж уулзсан байдаг. Онцгой байдлын мэдэгдэл хуудас Б.О захиралд ирдэг байсан. ...надад дур мэдэн хүний өмчийн хана, цонхыг эвдээд байх эрх үүрэг байхгүй бөгөөд ямар ч тохиолдолд дээд шатны хүнд мэдэгдэх нь энгийн асуудал. ...” /1хх 101-102, 3хх 52-54/,

шинжээч Г.Дийн “...MNS 6055:2009 стандартын хавсралт Е-д шатны марш буюу гишгүүрийн өргөн 300мм, өндөр 150мм /300*150мм/ байхаар заасан байхад тус барилгын шатны марш буюу 1 дүгээр гишгүүр 391*240мм, 2 дугаар гишгүүр 337*210мм, 3 дугаар гишгүүр 281*230мм, 4 дүгээр гишгүүр 239-220, 5 дугаар гишгүүр 919*240мм /амрах тавцангийн хамт/ хэмжээтэй байгаа нь стандарт бус цутгамал шат байгаа нь тогтоогдсон. ...” /1хх 118-119/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 448 дугаартай “С.Тын цогцосны шинжилгээгээр зүүн зулай, чамархай яс, гавлын суурийн дунд хонхорын шугаман хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, хатуу хальсны урагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины хоёр талын дух, чамархайн дэлбэнгийн няцрал, зүүн зулайн, чамархайн хуйхны дотор талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл үхэлд хүргэжээ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...амь хохирогч судас хатуурах өвчтэй байжээ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” /1хх 53-56/,

Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “...тухайн хэрэг болох үед шат бариулгүй, хойд хаалганы шат 5 гишгүүртэй, шатны гишгүүрийн хэмжээ нь: доороосоо 1 дүгээр гишгүүр 391*240мм, 2 дугаар гишгүүр 337*210мм, 3 дугаар гишгүүр 281*230мм, 4 дүгээр гишгүүр 239-220, 5 дугаар гишгүүр 919*240мм /амрах тавцангийн хамт/ хэмжээтэй байна. ...Тус “Драгон” үйлчилгээний төвийн барилгын хойд хаалганы шат нь “Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-03*/11/-ийн 3.64, 3.66 заалт, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагын тооцсон орон зай, орчин. Үндсэн шаардлага” MNS 6055:2009 стандартын хавсралт Е-гийн төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй, зөрчсөн байна” /1хх 115-117/,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн МИ-21-4734/2022/01 дугаартай “...Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн хойд талд гаргасан шат нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм БД 31-112-11, Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин Үндсэн шаардлага MNS 6055:2009 стандартын холбогдох заалтуудыг хангахгүй байна.” /2хх 16-18/ гэсэн дүгнэлтүүд,

хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 5-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 10-14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-20/, өвчний түүх /1хх 64-72/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 91-94/, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн RD/17/109, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн RD/17/108, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн RD/17/107, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн RD/18/108, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн RD/18/109, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн RD/109/071 дугаартай “худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ”-нүүд /1хх 128-133, 135-137, 138-14, 143-146, 147-150/, Сонгинохайран дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл /1хх 202-203/, хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /2хх 65-126/, Д.Х ХХК-ийн “2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1369 дугаартай” албан бичиг /3хх 57/, “Ариун энэрэл” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /3хх 72-75/, “Бадрах” СӨХ-ны албан бичиг /3хх 89-97/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Окбярийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.О “Д.Х” ХХК-ийн үйлчилгээний төвийн хойд талд хаалга гаргаж, улмаар шат хийхдээ Монгол Улсад стандарт тогтоосон хууль, дүрмийн  холбогдох заалтуудыг хангаж ажиллаагүйн улмаас ахмад настай С.Т шатны гишгүүрээс унаж, амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “...стандарт, нормыг өмчлөгч, эзэмшигч зохиодоггүй, үйл ажиллагаандаа мөрдөхгүй учраас тэрээр зөрчсөн байх боломжгүй, ...шүүхийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” бичигдээгүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн хуулийн ноцтой зөрчил, ...хавтас хэрэгт байхгүй, яллаагүй, шүүх хурал дээр мэтгэлцээгүй асуудлаар Б.О гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. ...Иймд Б.О гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилжээ.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэхээр байна.

“Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-03/11/-ийн 3.64, 3.66 заалт, “Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04, “Үндсэн шаардлага” MNS 6055:2009 зэргээр тогтоосон стандарт хангаагүй шатнаас унаж гэмтэл авсны улмаас амь нас хохирсон нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын мэргэшсэн инженер, шинжээч нарын тус тус гаргасан дүгнэлтүүд, гэрч, шинжээч нарын өгсөн харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэдийгээр хохирогч С.Т нь өндөр настай боловч түүний эрүүл мэнд гэнэт муудсан, эрүүл мэндийн байдлаас болж өөрөө шатнаас унасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд амь хохирогчийн өгсөж алхаж явсан шатны гишгүүрийн хэмжээ стандарт бус буюу шатны гишгүүр хоорондын зай өндөр, гишгүүрийн зай нарийн байснаас тэнцвэр алдахад түшиж барих бариулгүй байснаас шатнаас унах явцад толгойндоо гэмтэл авч амь насаа алдсан гэж үзэхээр байна.

“Д.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О хувьд тус үйлчилгээний төвийн хойд талд хаалга гаргаж, улмаар шат хийхдээ уг төвөөр үйлчлүүлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрээр мэргэжлийн хүмүүсээр зураг төсөл гаргуулалгүйгээр “худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ”-гээр уг объектийг түрээслэн ажиллууж буй Д.Байгаалмаад даалгаж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу холбогдох стандартын заалтуудыг хангаж ажиллаагүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй нь хохирогч С.Т шатнаас унаж, амь насаа алдсан үйл баримттай гэм буруугийн бодит хамааралтай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР