| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0060/З |
| Дугаар | 128/ШШ2025/0276 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г.
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А.
Гуравдагч этгээд: Б.Н.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А.
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 0000 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч улсын байцаагч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Л.Л гудамж 00 дугаар байрны зоорины давхарт байрлах 0 тоот хаягт байршилтай 23 м.кв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч Б.Ц 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ү-000000 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.
1.2. Гуравдагч этгээд Б.Н-аас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 2023 оны 02 дугаар сараас миний зогсоолтой давхардуулж орц, гарцыг хааж 6 тоот зогсоолд гэрчилгээ олгосноор тус 6 тоотын эзэмшигч Б.Ц-тэй маргаан үүсэж эхэлсэн. ...миний эзэмшлийн зогсоолын орц, гарцыг яаралтай чөлөөлж өгнө үү гэх гомдлыг гаргасан.
1.3. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Н.А гуравдагч этгээд Б.Н-ийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийсэн.
1.4. Уг хяналт шалгалтын дүнд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаар дугаар дүгнэлтээр ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэж, мөн зүйлийн 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэж заасны дагуу Б.Ц-гийн өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамжны 00 дугаар байрны зоорины давхрын 06 тоот, 23 м авто зогсоолыг иргэн Б.Н*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Л.Лааганы гудамжны 00 дугаар байрны зоорины давхрын 07 тоот, 23 м авто зогсоолын талбайтай таллаж давхардуулан бүртгэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдож тул Б.Ц-гийн өмчлөлд бүртгэсэн 06 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
1.5. Нэхэмжлэгч Б.Ц нь уг дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан ба хариуг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/12925 тоот албан бичгээр ... хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 0000 дугаар дүгнэлтийг хянахад улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд таны хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье. Хэрэв уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж өгсөн.
1.6. Ингэснээр иргэн Б.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А-гийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 0000 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0447 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...нэхэмжлэгч Б.Ц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй ЧД-ийн 0-р хороо, 0-р хороолол, Лааганы гудамж 00-р байрны зоорины давхарт байрлах 06 тоот хаягт байршилтай, 23 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийн дээрх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Ха... ХХК нь Чингэлтэй дүүргийн 0-р хороо, 0-р хороололд 10 давхар, 52 айлын орон сууцыг 2009 онд барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал, Ха... ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 459 тоот шийдвэрээр олгогдсон 0 дугаар хороолол, 0-р хорооны нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорины давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхрын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 47/2009 дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгч, орон сууц захиалгын гэрээний дагуу иргэдэд худалдан борлуулсан. Энэ захиалгын дагуу 2010 онд 57-0 тоот байрыг худалдан авч байсан бөгөөд 2010 оноос хойш 15 жил амьдарч байна. Амьдралын нөхцөлөө сайжруулахаар 2022 оны 12 сард 57-00 тоотыг зарна гэсний дагуу 6 тоот зогсоолын хамт 250.000.000 /байр-220.000.000 зогсоол-30.000.000/ төгрөгөөр худалдан авахаар тохирч банкны зээлээр авахаар хөөцөлдөж эхэлсэн.
Банкны тооцооллоор дээд хэмжээ 175.800.000 төгрөгийн зээл гарахаар болж үлдэгдэл 72.000.000 төгрөгийг Ц.О-гийн нөхөр Л.Ган-ын 5009000000 /хаан банк/ дансанд хийж, 2023 оны 1 сард банкны зээл бүтэж байрыг зогсоолын хамт авсан. Зээл бүтсэний дараа 2023 оны 1 сард зогсоолын гэрчилгээг албан ёсоор өөрийн нэр дээр гаргуулан авсан. Энэ байранд 15 жил амьдрах хугацаанд 06 тоот зогсоол анхнаасаа 2009 оноос хойш машин байнга тавьж ашиглагдаж байсан зогсоол. Дээрх барилга байгууламжийг нийт 13 авто машины зогсоолтойгоор төлөвлөж, худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц худалдаж авсан иргэдэд зогсоолыг худалдан борлуулж, гэрээний төлбөрөө бүрэн төлж барагдуулсны дараагаар зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн оршин суугчийн нэр дээр гаргуулан өгч байсан. Хуваалтын дагуу хийгдсэн 13 зогсоолоос 11 зогсоолыг оршин суугч нар худалдан авсан байсан бөгөөд энэ 11 зогсоолд миний худалдан авсан 6тоот зогсоол номер дарааллын дагуу олгогдсон албан ёсны зогсоол байсан.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар холбогдох хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 1 дугаар сард гаргасан бөгөөд тус хүсэлтэд төрийн байгууллагаас баталсан журмын дагуу бүрдүүлэх баримтууд буюу төлбөрийн баримт, гэрчилгээ гаргуулах албан бичиг, захиалгын гэрээ, улсын комиссын акт, захиалагчдын нэрсийн жагсаалт, план зураг, фото зураг гэх мэт шаардлагатай баримтуудыг хавсаргасан. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагын холбогдох мэргэжилтэн хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэн холбогдох бүртгэлийг хийж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчид олгосон Ү-2202000000 дугаарт бүртгэлтэй ЧД-ийн 0-р хороо, 0-р хороолол, Лааганы гудамж 00-р байрны зоорины давхарт байрлах 6 тоот хаягт байршилтай, 23 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Б.Н-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220500000 дугаарт бүртгэлтэй, 7 тоот 23 м.кв талбайтай авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй давхардуулан бүртгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан хэдий ч дээрх дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Ха... ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 459 тоот шийдвэрээр олгогдсон 0 дугаар хороолол, 0-р хорооны нутаг дэвсгэр дэх газарт доороо үйлчилгээ бүхий 3470 м.кв талбайтай 52 айлын орон сууц, зоорийн давхартаа 299 м.кв талбайтай 13 машины зогсоол, 1 давхрын 345 м.кв талбайтай 3 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг барьж, Улсын комиссын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 47/2000 дугаартай актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн, анхнаасаа зоорины давхрын төлөвлөлт нь 13 авто зогсоолоор төлөвлөсөн нь барилгын зураг төсөл болон холбогдох бусад баримтуудаар нотлогдож байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч нь холбогдох хүсэлт баримтуудаа бүрдүүлэн өгч, 6 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон. Уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй, авто зогсоолын ямар нэгэн давхцал байхгүй, нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу төрийн байгууллагаас шаардсан нотлох баримт, хүсэлт гаргасны үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн авто зогсоол дээр өөрийнх нь эзгүйд 7 тоот зогсоолын өмчлөгч иргэн Б.Н нь 2023 оны 1 сараас 2 сарын хооронд бусдын авто машиныг 06 тоот зогсоол дээр 1 сарын хугацаатай түрээсэлчхээд нэхэмжлэгчийн зогсоол дээр автомашин байршуулсан асуудлаас болж авто зогсоолын маргаан үүссэн. Маргаан дундуур 8 тоот зогсоолын өмчлөгч Г.О орж ирж хэл амаар доромжилж чамайг өдөр бүр дарамталж амьдруулна, оролдож эхэлнэ, чиний зогсоолыг цуцлуулна харж байгаарай гэж сүрдүүлж байсан. Ингээд хоорондоо зохицоод асуудалгүй байхад хөндлөнгөөс нөлөөлсөн гэж бодож байгаа. түрээсэлсэн гэх хүн машинаа холдуулснаас хойш манайх машинаа асуудалгүй тавьж эхэлсэн. Ингээд Б.Н******* нь улсын бүртгэлийн байгууллагад хандаж гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгосон. Уг шийдвэртэй холбоотойгоор тухайн шийдвэрийг гарга, бүрэн дээд шатны байгууллагад гомдол гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн бүртгэлтэй холбоотойгоор холбогдох баримтуудад үндэслэн хяналт шалгалтын ажиллагаа явуулахгүйгээр буцаасанд гомдолтой байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-оос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...00 дугаар байр 2009 онд ашиглалтад орсон. 2009 онд ашиглалтад ороход 2 давхарт 6 тоот байрыг худалдаж аваад амьдарсан. 2023 онд 6 давхарт байр, зогсоолын хамт зарна гээд худалдаж авсан. Хуулийн дагуу улсын бүртгэлийн газарт өгөөд эхнэрийн нэр дээр гэрчилгээг гаргаж авсан.
Миний худалдаж авсан зогсоол энэ хүний зогсоол анх байдаг байсан зогсоол байгаа. 2013, 2015, 2017 онд зогсоол түрээсэлж байсан. Тийм зохион байгуулалттай зогсоол байсан. Худалдаж авсны дараагаас орц, гарц хааж байна гэсэн гомдол гаргасан. Нөхцөл байдлыг мэдэж байсан. 2016 онд зогсоолын нэг ахад захиж байгаад худалдаж авсан. Н.Гэ ах тухайн үед тайлбарлаж өгөхөд зогсоолтой болж байвал хамаагүй гээд худалдаж авсан. Өмнөх эзэмшигч Ц.О-тай 2 машинаа тавьдаг байж байгаад намайг 2023 оны 12 дугаар сард банкаар хөөцөөлдөөд 01 дүгээр сард бүтээд машинаа тавих гэхэд гэнэт тавиулахгүй, энд зогсоол байхгүй гэсэн байдал гаргасан. Түүнээс хойш маргаан үүссэн. Гэхдээ урд нь тавьж тээг болж байгаагүй. Зуны улиралд зогсоолд тавьдаггүй хөдөө ажилд явдаг. Өвлийн хэдэн сар тавьдаг. Хууль, журмын дагуу худалдаж авсан. Урд нь машин тавьдаггүй байсан газар гэнэт хааж тавьсан гэж байгааг гайхаж байна гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Иргэн Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гаргасан гомдол тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А надад цохогдсон байдаг. Гомдлыг хүлээн авч дурдсан асуудлаар миний бие Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг, Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тодорхойлж, оролцогч тогтоож сонсох ажиллагаагаар тайлбар мэдээллийг гаргуулан авч, холбогдох төрийн байгууллагаас батлагдсан ажлын зургийн хуулбарыг авч, зогсоолуудыг бүртгэсэн тухай бүртгэлийн мэдээллийн санд байгаа нотлох баримтууд дээр ажиллаж, маргаан бүхий зогсоол дээр Чингэлтэй дүүргийн хяналтын улсын байцаагч, улсын бүртгэгч нартай биечлэн очиж үзлэг хийж ажилласан. Хяналт шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн улсын бүртгэгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдээс тайлбар мэдээлэл авах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйгээс болж авто зогсоолууд талбайн хувьд давхардал үүсэж бүртгэгдсэн, нөгөө талаар Архивын ерөнхий газраас ирүүлсэн анхны ажлын зургаас (анхны ажлын зураг 11 зогсоолтойгоор зурагдсан байв) илүү гаргаж 12 дахь зогсоолыг 06 тоот зогсоолоор бүртгэсэн, мөн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлтээр Б.Ц-гийн зогсоол нь Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага MNS5342/2007 стандартын зогсоолын 4.7-д заасан заалтыг зөрчсөн тул Ү2202030000 дугаар бүртгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 3.... дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
3.2. Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Иргэн Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тус гомдол Н.А надад цохогдож ирсэн. Гомдолд дурдсан агуулгыг судлаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын хүрээгээр оролцогч нарыг тодорхойлоод, оролцогч нараас тайлбар мэдүүлгээ аваад, гомдолд дурдсан байрлал бүхий зогсоолд Чингэлтэй дүүргийн хяналтын улсын байцаагч болон улсын бүртгэгч, байрны СӨХ, өмчлөгчийн нөхөр Н.Г-д болон 7, 8 дугаар тоот зогсоолын өмчлөгч Г.Онарыг байлцуулаад үзлэг хийсэн. Үзлэгээр 6 тоот зогсоол 7 тоот зогсоолоо хааж байрласан, м.кв-ыг давхардуулаад бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар Архивын ерөнхий газраас албан бичгээр тодруулахад тухайн зогсоол нь 11 зогсоолтойгоор зурагдсан байсан ажлын зураг ирүүлсэн. Нөхцөл байдалд 13 зогсоол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд байр барьсан өмчлөгч Н.Э гэдэг хүн 13 дах тоот зогсоолыг бүртгүүлээд хажуудаа Н.Г-ын эхнэрийн нэр дээр бүртгүүлсэн 6 тоот зогсоол байсан. Аль, аль нь нийтийн эзэмшлийн талбай болон арын зогсоолуудын орж, гарах хөдөлгөөний хязгаарласан м.кв-н хувьд давхардуулаад бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4 болон 4.1.5-д заасан зарчимд нийцүүлэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Гуравдагч этгээд Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Н миний бие Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, Лааганы гудамж, ...-р байрны 7 тоот хаягт байршилтай Ү-220201...... дугаартай, 23м2 талбайтай авто зогсоолыг 2016 оны 3-р сард худалдан авсан. Анх худалдан авахдаа Чингэлтэй дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлаж асуухад миний 7 тоот зогсоолтой давхардсан зогсоол байгаагүй. 6 гэсэн тоо авто зогсоолын ханан дээр бичигдсэн байдаг болохоос намайг худалдан авч байхад 6-н тоот гэх зогсоол улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөр хэн нэгний нэр дээр гараагүй, өмчлөгчгүй байсан тул ханан дээрх 6 гэсэн тоонд ач холбогдол өгөөгүй. Ханан дээр бичсэн тооноос илүү улсын бүртгэлийн мэдээ, баримт, миний эхэлж худалдан авсан хугацаа нь гол зүйл гэж бодож ирсэн. Тухайн үед 6 тоот зогсоолын гэх О-гийн дүү хүүхэн машинаа байгалийн зүгээр зүүн талд буюу миний ард тавьдаг байсан. Энэ байрыг барьсан Ч.Э-г таньдаг байсан тул хэл ам гаргаад яах вэ гээд 6 тоотын гэх О-ийн дүүтэй нь машинаа наана цаанаа тавьж байсан. О нь манай авто зогсоолд хууль ёсоор ямар ч талбай өмчилж байгаагүй байдаг.
Гэтэл 2024 оны 1-р сард нэхэмжлэгч Б.Ц нь анхны бүртгэлээр 6 тоот зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан хуулийн дагуу өмчлөгч болсныг 2023 оны 2-р сард мэдсэнээс хойш би өөрийн өмчлөлийн 23 м.кв талбайгаа хамгаалж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтэст, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст гомдол гарган өөрийн өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэн хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хамгаалсан. Б.Ц-г гэрчилгээг анхны бүртгэлээр өмчлөн авсан гээд гэрчилгээгээ надад үзүүлснээс хойш л би 6 тоот зогсоол минийхтэй давхардсан гэдгийг мэдсэн ба түүнээс хойш холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсаар ирлээ.
Мөн мэргэжлийн хэмжилтийн байгууллага болох Б.... ХХК-д хүсэлт гарган хэмжүүлэхэд 20.75 м.кв байгаа буюу 23 м.кв талбайдаа ч хүрдэггүй. Миний 7 тоот зогсоолын хэсэг буюу байгалийн зүгээр байрны зүүн хойд талын хэсэгт 20.75 м.кв талбайтай байхад дахин 23 м.кв талбай буюу нийт 43.75 м.кв талбай байх ямар ч боломжгүй, тийм зай талбай ч байхгүй. 6 тоот зогсоолыг давхардуулан бүртгэж орох гарах гарцыг хаасан нь авто зогсоолын стандартыг зөрчсөн байна гэсэн Онцгой байдлын хэлтсийн гаргасан дүгнэлтийг мөн анхааралдаа аваасай гэж хүсэж байна. 6 тоот зогсоол нь миний 7 тоот зогсоолтой давхардсан гэдгийг шалгаж тогтоосон хариуцагчийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээд миний өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2009 онд тухайн байрыг худалдаж авсан. Тэгэхэд зогсоолгүй байсан. 2016 онд зогсоолыг худалдаж авахад давхар зогсдог гэдгийг Н.Б-д хэлж байсан. Яагаад давхар зогсдог юм, бичиг баримт нь байгаа юм уу гэж тухайн үед асуухад Н.О мэдэж байгаа гэдэг. Тэр үед би амьдарч байгаагүй. 2022 онд амьдрахад төвөгтэй байсан. Давхацсан асуудалтай баймааргүй байна, энэ асуудлыг шийдүүлмээр байна гээд тухайн үед Н.О-тай муудалцаад машин хааж тавьж миний ажлыг 3 хоног алдагдуулсан. Хэрүүл маргаантай үед Н.Г авсан. Хэрүүл маргаантайг мэдсээр байж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан. Тэрнээс хойш гомдол саналаа хэлээд төрийн байгууллагын үе шатыг дамжаад явсан. Албан ёсны Б.... ХХК-аар хэмжилтийг хийлгэхэд 20.7 м.кв гэж гарсан. Гэрчилгээнд 23 м.кв гэсэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч иргэн Б.Ц нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ...-р хороо, ....-р хороолол Лааганы гудамж .... дугаар байр зоорины давхрын 6 тоот хаягт байршилтай 23.м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, эрх бүхий байгууллагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22020....... дугаарт бүртгэсэн талаарх 0010....... дугаар гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгожээ.
7. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон иргэн Б.Н-ын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл, хүсэлтийн дагуу хариуцагч улсын ахлах байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж,
8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай ...... дугаар дүгнэлтийг гаргахдаа дараах баримтуудыг цуглуулан дүгнэжээ.
8.1. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагт Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч М.М, улсын бүртгэгч М.О нарын байлцуулан 06 тоот зогсоолын өмчлөгч Б.Ц-гийн нөхөр Н.Г, СӨХ-ийн дарга Ч.Ц, 08 тоот авто зогсоолын өмчлөгч Г.О нартай тус байрны авто зогсоол дээр очиж нөхцөл байдалтай танилцаж үзлэг хийсэн.
8.2. Улаанбаатар хот, ЧД-ийн ...-р хороо, ...-р хорооллын Лааганы гудамж, .....-р байрны B1 давхрын 07 тоот авто зогсоолын хэмжилтийн зургийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б..... ХХК-аас 2 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг боловсруулж, баталгаажуулав. Уг хэмжилтийг хийхдээ MNS 6058:2009 Монгол Улсын Стандартын аргачлалын 5.1-т заасан бэлтгэлийг хангаж, засал хийгдсэн гадна гадаргуу дээр газраас хэмжилтийн цэгүүдийн 2 удаагийн дунджаар авч хийсэн болно. Хэмжилтэд тус барилгын авто зогсоолын талбайн хэмжээ, авто машин зогсоолоос хөдлөх чиг, гарцаар гарах хүртэлх зам чөлөөтэй байхыг хангах чигийг тусгав. Нийт нийлбэр талбай нь 20.75 м.кв болохыг хэмжилтээр тодорхойлж холбогдох зургийг хавсаргасан ба энэ баримтыг цуглуулсан.
8.3. Авто зогсоолын 06 тоот зогсоолын өмчлөгч Б.Ц-гийн нөхөр Н.Г гуравдагч этгээдээс гаргасан гомдлын дагуу ирүүлсэн хариу тайлбар, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр утсаар сонсох ажиллагаа явуулсан.
8.4. Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/8.... дүгээр албан бичгээр тус барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт, албан ёсны хаяг, барилга, архитектурын ажлын зураг болон өөрчлөлтийн зургаас зоорины давхрын байгуулалтын зургийг гаргуулан авсан.
8.5. Хяналт шалгалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч М.О-ийн ...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ц-ийн гаргасан мэдүүлэгт түүнтэй байгуулсан захиалгын гэрээ, тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан комиссын акт, Х ХХК-ийн албан хүсэлт эд хөрөнгийн план фото зураг зэрэг баримтыг шалгаад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 29 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.7-г тус тус зөрчөөгүй гэж үзэж иргэн Б.Ц-ийн өмчлөлд Ү-2202........ дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон гэх тайлбар авагдсан.
8.6. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 021/03 дугаар дүгнэлт гарсныг цуглуулсан.
9. Дээрх нотлох баримт бичиг, иргэнээс ирүүлсэн өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгтгэн шалгаж, хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасны дагуу Б.Ц-гийн өмчлөлд бүртгэсэн 06 тоот зогсоол нь Б.Н-ын өмчлөлийн 07 тоот зогсоолын талбайд автомашины орох гарах хөдөлгөөнийг хааж, талбайн хэмжээг таллан давхардуулж бүртгэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэж, Б.Ц-гийн өмчлөлд бүртгэсэн 06 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугласан, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/157 дугаар албан бичгээр 16 хуудас баримт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 27.10/74 дүгээр албан бичгээр иргэн Б.Ц-гийн 6 дугаартай авто зогсоол нь Авто зогсоолын ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын зогсоолын ангилал 4.7-д заасан Зогсоолын эгнээний хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй нэвтрэх замтай байна. Эгнээний хоорондын хөдөлгөөнийг хааж автомашин байрлуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэх 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 021/03 дугаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, уг дүгнэлтийг мэдэгдэж хүргүүлсэнтэй холбоотой 7 хуудас баримт зэргийг хариуцагч эрх бүхий улсын байцаагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд цугласан дээрх баримт материалтай харьцуулан үнэлж үзэхэд, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...-р хороолол, Лааганы гудамж, ....-р байр анх 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан, 2007 онд хийж гүйцэтгэсэн барилга архитектурын ажлын зурагт 15 ширхэг зогсоол сан узель, дулааны өрөө нь зоорины давхрын хойд хэсэгт голлосон байдлаар, 2008 онд хийж гүйцэтгэсэн барилга архитектурын өөрчлөлтийн зургаар 11 ширхэг авто зогсоол, сан узель, дулааны өрөө нь зоорины давхрын баруун хойд хэсэгт байхаар зурагдсан, хариуцагчаас хийсэн үзлэгээр гуравдагч этгээдийн B1 давхрын 07 тоот авто зогсоол нь ертөнцийн зүгээр зүүн хойд булангийн ханан талдаа 08 тоот зогсоолын зэрэгцээ байрлалтай, аль аль нь баруун эсхүл зүүн тийшээ авто машиныг харуулан байрлуулж зогсохоор байрлалтай, нэхэмжлэгчийн 06 тоот авто зогсоол нь 07 тоот зогсоолын баруун талд, авто машины орж гарах зорчих хөдөлгөөнийг хааж, авто машиныг баруун эсхүл зүүн тийшээ харуулан байрлуулж зогсохоор байрлалтай гэсэн нь эдгээр зогсоолууд нь тус тусдаа давхцалгүйгээр 23 м.кв байх боломжгүй, нэхэмжлэгчид 06 тоот зогсоолыг 23 м.кв хэмжээгээр олгох үндэслэлгүй, гуравдагч этгээдийн орж гарах хөдөлгөөнийг хаасан болохыг маргаан бүхий дүгнэлтээр зөв тогтоосон гэж үзэхээр байна.
11. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3896 дугаар дүгнэлтээр, нэхэмжлэгчийн 06 тоот авто зогсоолын бүртгэлийг хөтөлсөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг, 3.1.7. эх нотлох баримт бичиг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг, 4 дүгээр зүйлийн 4.1.4. үнэн зөв, бодитой, ... биелүүлэх шинжтэй байх, 4.1.5. нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасныг, 3.1.5. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг, 4 дүгээр зүйлийн 4.5. эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг Засгийн газар батална, 4.6. эрхийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгч хөтөлнө, 6 дугаар зүйлийн 6.1. Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна, 10 дугаар зүйлийн 10.6.1. өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг, 10.6.5. барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг гэж заасныг,
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.2. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 5 дугаар зүйлийн 5.1. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасныг зөрчсөн болохыг тогтоосон шууд нотлох баримт байна.
12. Энэ утгаараа улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ...ахлах байцаагч, ...хэрэгжүүлнэ, 18.7. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна, 18.7.1. хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж зааснаар хариуцагч улсын ахлах байцаагчаас хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хүчингүй болгож дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7, 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Цэцэгмаагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Анхбаярт холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3896 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН