Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын

прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 1838002370113 дугаар хэргийг 2018

оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, И овогт Б-ийн Г, 1988 оны 5 дугаар

сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,

бага боловсролтой, барилгын өрлөгч мэргэжилтэй, Алтанманлай ХХК-д жолооч

ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дугаар

багийн 15-02 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын

шүүхийн 2006.03.09-ний 52 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн

181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол

биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн

дугаартай,

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Баясахуй” бүжгийн газрын гадаа иргэн

Г.Х-тай маргалдаж улмаар түүнийг зодож биед нь “хөнгөн” хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан

үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Баясахуй” бүжгийн

газрын гадаа иргэн Г.Х-ыг зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар

тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн

хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн түр ажиллуулж

байсан Баясахуй нэртэй бүжгийн газар дээрээ оройны 21 цагийн үед очсон. Би бүжгийн

заалруугаа орох гээд явж байхад 2 танихгүй залуу Т ахын байшин руу

шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь наанаа шээж болохгүй гэж хэлэхэд. Нэг залуу нь

энд шээдэг л юм байх гэж бодсон шдээ, танай жорлонг чинь олохгүй байна гэж хэлсэн.

Тэгээд би тэр залуутай энэ асуудлаас болж маргалдаад түүнийг барьж аваад нүдрүү нь

гараараа цохисон. Би Х-тай зодолдож байхад түүний найз гэх залуу болон манай

эхнэр хоёр салгасан. Би тэр залуугаас салаад эхнэртэйгээ хамт Т ахын

хашаа руу ороод байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн

36 дугаар хуудас/,

Хохирогч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 03

дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд “БУМНЗ” сэлбэгийн дэлгүүрийн ард

явуулдаг бүжгийн газарт очоод найз Т-ийг бүжгэнд хамт оръё. Хүрээд ир гэж

дуудсан. Т-ийг ирснээс хойш 2-3 бүжгийн ая явсан. Бид хоёр сууж л байсан. Би

засах гээд заалнаас ганцаараа гарсан. Гадаа жорлон харагдахгүй болохоор нь

жорлонгүй газар юм байх гэж бодоод хашаа руу бие засаад зогсож байтал үл таних нэг

залуу ирээд учир зүггүй нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй,

нүүрээ хамгаалах гэж хичээсэн боловч чадаагүй миний баруун нүд юу ч харахгүй байна.

Нүд маань бүрэн тагларсан. Хамраас их хэмжээний цус гоожсон. Би одоо эмнэлгийн

тусламж авахыг хүсэж байна. Тэр залуу согтуу байсан. Миний ажиллуулдаг газар та нар

ингэх болоогүй гээд дайраад байсан. Би энэ хүнийг огт танихгүй. Хуулийн дагуу

шалгуулах хүсэлтэй байна. Одоо ч хамрын цус тогтохгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн

59 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хосоо над руу

залгаад чи Буманзын бүжгийн газарт хүрээд ир гэж байсан ... би тухайн үед хажууд нь

суухад Хосоо мань чинь гараад бие засчхаад ирье гээд гарсан. Хосоо гараад удалгүй

байж байхад хүмүүс гадаа зодоон болоод байна гээд ярилцаад унасан. Тэгэхээр нь би

гадаа гарч харахад нэг танихгүй залуу Хосоог зүүн гараараа нүүр лүү нь цохиод байсан,

тэр үед би салгах гэж тэр залуугийн цохиж байгаа гарыг нь хорьсон боловч хүчирэхгүй

байсан. Найз Х-ийн нүүрийг харахад нэлэнхүйдээ цусаар будагдсан байхаар нь

шууд цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн... /хх-ийн 16-17

дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар

хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03

дугаар сарын 19-ний өдрийн 151 дугаартай: Г.Х-ын биед хамрын ясны хугарал,

таславчийн мурийлт, тархи дорхилт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт баруун

зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох

журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн

зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлахгүй Дээрх

гэмтэл нь хэрэг учрал босон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ... гэх

дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд

хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн

Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Баясахуй” бүжгийн газрын гадаа хохирогч

Г.Х-ыг хашаа руу шээж байхад нь зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол

учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл,

хэргийн үйл баримтын талаар хохирогч Г.Х, гэрч Б.Т нарын мэдүүлэг,

хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх

дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн

зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн

шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч

Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял

оногдуулав.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Хосбаярт

300.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ

байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 50

дугаар хуудас/,

Эрүүгийн 1838002370113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг

дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7,

36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б.Г-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Эрүүгийн 1838002370113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол

эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа

гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн

дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах

гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ЭРДЭНЭ-ОЧИР