| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/06931/И |
| Дугаар | 192/ШШ2025/05123 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/05123
2025 06 13 192/ШШ2025/05123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-т холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд таксигаар зорчиж байхдаа таксины жолооч *******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг араас нь боож, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан. Уг хохирлыг тухайн үед ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган Эрүүгийн ******* дугаартай хэрэг үүсгэж, улмаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэл тогтоол үйлдэж, хохирлоо иргэний журмаар шийдүүлэх боломжтой гэсний дагуу ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. *******ыг эрэн сурвалжлуулах шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулсан. Ингээд ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* нь ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 96 дугаар байрны 15 тоотод оршин суудаг болохыг тогтоож өгсөн. Иймд *******аас 5,900,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний үүдэн шүднүүд маань уначихсан. Үүдний 4 шүд маань унаж гэмтэл хохирсон. Хуучин хиймэл шүдтэй байсан. Ерөнхийдөө миний 5 шүд унасан. Үүдний бас нэг шүд маань хөдөлгөөнд ороод байгаа. Би буйлаа өрөмдүүлж байгаад имплант шүд суулгуулах шаардлагатай байгаа. Түүний төлбөр болох 5,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний үүдний шүднүүд унаж гэмтэл хохирсон. Ерөнхийдөө миний 5 шүд унасан. Үүдний бас нэг шүд маань хөдөлгөөнд ороод байгаа. Би буйлаа өрөмдүүлж байгаад имплант шүд суулгуулахаас өөр боломжгүй байна. Түүний төлбөр болох 5,900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүд бол бүтэн булгаралтай байгаагүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд 2 шүд гэж хэлсэн. Тэгээд 4 шүд болсон. Сүүлдээ 6 шүд унасан гэж хэлсэн. Одоо 5 шүд унасан болчихлоо ойлгохоо болилоо. Эрүүл мэндэд нь хохирол учруулсныгаа хүлээн зөвшөөрч байна. Би 3,000,000 төгрөг л өгөх боломжтой, тохиръё гэсэн боловч нэмж сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж байх шиг байна. Надад бол 3,000,000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой гэв.
Иргэдийн төлөөлөгч С.Буянхишиг дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн 2 шүд унаснаас хойш 3 шүд унасан байна. Буруутай бол мөнгийг төлөх үүрэгтэй. Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ болох 4,600,000 төгрөгийг хариуцагч төлөх нь зүйтэй байх гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд:
- Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага /ХХ 1 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ 2 тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ 3 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/02222 дугаартай шийдвэр /ХХ 7-8 тал/, ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4115 дугаартай албан бичиг /ХХ 9 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.
-Хариуцагч талаас хариу тайлбар/хх 16 тал/-аас өөр нотлох баримт бүрдүүлэн өгөөгүй.
- Шүүхийн журмаар *******, *******, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 735 дугаартай албан бичиг, хавсралтууд болох ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх24-29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14045 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /ХХ 30-31 тал/, “Ароно” эмнэлгийн тодорхойлолт, шүдний рентген зураг /хх 32-33 тал/, “Ароно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, тодорхойлолт /ХХ 58-60 тал/, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт /ХХ 85-105 тал/ зэрэг нотлох баримтууд бүрдүүлсэн.
Иргэдийн төлөөлөгчөөс: иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хуудас зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түүний гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч ******* гэм буруутай үйлдлийн талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2,900,000 төгрөгийг төлөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* дүүргийн 5 дугаар хороо, Улсын гуравдугаар төв эмнэлгийн автобусны буудлын орчимд таксигаар зорчиж байхдаа таксины жолооч нэхэмжлэгч *******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг араас нь боож, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөсөн үйлдлийн улмаас *******ын биед эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруу нь тогтоогдсон.
Хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ын биед хоёр шүдний булгарал гэмтэл тогтоогдсон, тус гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарахаар Шүүх шинжилгээний Ерөнхий газрын хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14045 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хариуцагч *******ын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн гэм буруугаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй, харин гэм хорын хохирлоос 3,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх 2,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал гаргасан.
Иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм буруутай, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,600,000 төгрөгийг түүнээс гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргадаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор уруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэг хүлээнэ.
Иймээс нэхэмжлэгч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээд *******аас шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүд эрүү нүүрний “Ароно” эмнэлэгт үзүүлсэн байх ба түүний 31, 32 дугаар шүд мултарсан гээд имплант хийлгэх, яс нөхөх болон 33 дугаар булгарсан шүдэнд сувгийн эмчилгээ хийлгэхэд 5,845,000 төгрөг болох тухай 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тодорхойлолт гарган өгсөн байдаг.
Хариуцагч уг үнэлгээний талаар маргасан тул түүний хүсэлтээр “Ароно эмнэлэг” буюу “Ароно” ХХК-ийг шинжээчээр томилоход 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт тодорхойлолтдоо “31, 32 дугаар шүдний имплант хийлгэхэд тус бүр 2,000,000, шаардлагатай тохиолдолд яс нөхөхөд 500,000 төгрөг, мултарсан гэх 33 дугаар шүдний сувгийн эмчилгээ, чиглэх бэхэлгээ зэрэгцээ шүдэнд бариулж, 2 бүрээс хийхэд 1,300,000 төгрөг болно” гээд нийт 5,800,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарган ирүүлсэн байна.
Хариуцагч дээрх үнэлгээг эс зөвшөөрч маргасан тул шүүх ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг шүд, эрүү нүүрний 3-аас доошгүй эмнэлгүүдийг судлан дундаж үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон ба тус шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтээр дээрх эмчилгээ үйлчилгээг хийхэд имплант хийх дундаж үнэ 2,200,000 төгрөг, хуванцар хиймэл шүд хийхэд 100,000, рентген зураг авхуулахад 100,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөгийн зардал гарахыг тогтоосон байна. /ХХ-ийн 85-105 тал/
Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон 4,600,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул энэ хэмжээгээр хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 88,550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч *******аас 4,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 88,550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, зохигчид мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****