| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0084/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/88 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хохирогч Т.Б-
Шүүгдэгч О.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.А-т холбогдох эрүүгийн 1838001120082 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.А-,
Шүүгдэгч О.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Т.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Т.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Т.Б-гийн: “...Ингээд Амгалангийн хажууд зогсож байтал зүс таних Анхаа гэдэг залуу ирээд эндээс зайлчихдаа гэхээр нь ахын дүү айлгадаг хүнээ айлга, энд бид нар хүнтэй уулзаад зогсож байна гэхэд Анхаа шууд миний куртикний захаар хоолойг боогоод нүүр рүү мөргөөд намайг газар унагаасан. Намайг газар унасан байхад Анхаа миний дээрээс дэвсэж өшиглөхөд Амгалан ирээд салгасан. Миний үүдэн дээд болон доод шүд хөдөлсөн байгаад буйлнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/,
Гэрч Ч.А-йн: “...Т.Б- бид 2 тухайн өдөр Улаанбаатар хот руу явах байсан ба хот руу явчих ганц хүн байна уу гэж хүн тээврийн товчоо орсон юм. Товчооны арын замын ард очиж зогссон ба зүс таних залуу хүрч ирээд Т.Б- рүү хандаад яваач, зайлаач гээд маргалдах байдалтай болсон. Т.Б- ч нэг их юм дуугараагүй. Т.Б-г яваач, зайлаач гээд байсан залуу хүрч ирээд Т.Б-гийн хувцасны энгэрээс заамдаж аваад нүүр рүү нь мөргөөд гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохиж авсан. Би салгасан. Т.Б-гийн ам хамраас нь цус гарсан байна. Үүдэн шүд нь хөдөлгөөн орсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч П.Т-йн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амбулторийн үзлэгт ажилласан юм. Т.Б- гэдэг зауу ирж үзүүлсэн. Уг залуу ярихдаа бусдад зодуулсан гэж байсан ба биед нь үзлэг хийхэд өөрөө толгой өвднө, эргэнэ, шилэн хүзүү хөшиж байна гэсэн зовиуртай байсан. Т.Б-гийн уруулын дотор тал нь язарсан шархтай байсан. Өөр илэрхий ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 83 дугаартай:
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч О.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838001120082 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Б- нь эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ