| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305000001492 |
| Дугаар | 2024/ДШМ/131 |
| Огноо | 2024-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Батмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/131
2024 01 23 2024/ДШМ/131
Л.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Л.З-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/899 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.З-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00000 1492 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Л-н З, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................... тоотод оршин суух хаягтай, /РД: ................/,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 906 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Л.З нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн баруун талд иргэн Э.Э-н үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” нэртэй рестораны гадна таксинд суух гэж байсан иргэн Н.С-н гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг нууцаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монген сургуулийн урд талын автобусны буудал орчимд хохирол М.Б-ы халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эрүүгийн 2305025331500, 2105010541746 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч нар нь эд зүйлээ буцаан авсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.З тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшин, дүгнэлт хийж, зарим гэмт хэргийг сайн дураараа илчлэн хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн улмаар бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгч, хэрэгт ээдрээ төвөгтэй байдлыг огт үүсгэж байгаагүй ба батлан даалтад байхдаа дахин гэмт хэрэгт холбогдоогүй болно.
Одоогоор ар гэрийн байдал хүнд нөхцөлд гэр бүлийнхэн маань амьдарч байгаа. Миний бие өмнө нь өөрийн бодлогогүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж дууссаны хойно нь улс эх орондоо шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, 2019 оноос улсад татвар төлөн “А с” ХХК-тай 6 караоке ажиллуулж, нэг хүний 50.000 төгрөгөөр цалинжуулж, нийт 44 хүнийг ажлын байраар ханган ажиллуулдаг байсан. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй явж, өөрийн алдаа дутагдлыг маш сайн ойлгон ухамсарлаж, хорих ял эдэлсний ард нийгэмд эзлэх байр суурийг олж, зөв хүн болж төлөвшин, нэгэн насны амьдралыг шударга зарчмаар ажиллаж амьдрах чин хүсэл эрмэлзлийг өөртөө бий болгосон. Хохирол төлсөн болон хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож, эдлэх ялыг бууруулж өгөхийг шүүхээс хүсэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Л.З-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Л.З нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд зарим хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Шүүгдэгч Л.З-н урьд ял шийтгэл эдэлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Л.З-д оногдуулсан ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хор хохиролд тохирсон байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Л.З-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Л.З нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” нэртэй сүлжээ дэлгүүрийн баруун талд иргэн Э.Э-н үүргэвчтэй цүнхнээс “Айфоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 3.800.000 төгрөгийн хохирол,
2023 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан гадас” нэртэй рестораны гадна таксинд суух гэж байсан иргэн Н.С-ын гар цүнхнээс “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1.150.000 төгрөгийн хохирол,
2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монген сургуулийн урд талын автобусны буудал орчимд хохирол М.Б-н халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 8 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Э-н “...Би машинаас буугаад өөрийн оршин суух Баянгол дүүргийн 33 дугаар хороо, 27 дугаар байрны чиглэлд зүүн гартаа сетка өндөг баруун гартаа тортой хүнсний бүтээгдэхүүн бариад явж байсан бөгөөд гэртээ орж ирээд өөрийн үүрч явсан жижиг цүнхэнд байсан гар утсаа шалгахад байхгүй байсан. ... Хяналтын камерт миний цүнхнээс авч байгаа нь тод харагдаж байсан би тэр хүнийг хараад танина. ...” /1 хх 73-74/,
хохирогч Н.С-н “...Би караокед үйлчлүүлчихээд гэртээ харих гээд тухайн байгууллагын гаднаас такси барих гээд зогсож байгаад гар утсаа алдсан. ... Караокены гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд намайг өөрийн найз Заяагийн хамт таксинд суух гээд зогсож байхад цагаан өнгийн цамц, цайвар жинсэн өмд, цагаан пүүзтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн миний гар цүнхэнд хийсэн байсан гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан. Би сайн харвал танина гэж бодож байна...” /1 хх 11-12/,
хохирогч М.Б-н “...Намайг Монген сургуулийн автобусны буудал руу очих гээд зам гараад явж байхад мөнгөлөг саарал өнгийн Харриер маркийн автомашин миний урдуур өнгөрөөд автобусны буудал дээр ирж зогссон. ... Удалгүй 37 номерын автобус ирээд тухайн автобусанд суусан. Автобус хөдлөхөд өөрийн куртикний гадна талын зүүн халаасанд айсан “Айфоне 8 плас” загварын гар утсыг авах гэсэн боловч байгаагүй. Тухайн автобусанд жолоочоос өөр ямар ч хүн байгаагүй. ... Хяналтын камерыг шүүж үзэхэд автобусны буудал дээр зогсож байсан мөнгөлөг саарал өнгийн Харриераас бууж ирсэн махлаг, бараан өнгийн хувцастай хүн ирээд намайг автобусанд сууж байх үед миний халааснаас авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. ...” /1 хх 158-160/ гэсэн мэдүүлгүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 28-30, 87-89, 187-189/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 34-42, 90-97/, эд зүйл буюу гар утсыг Л.З-с хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 43, 100, 165/, эд зүйл буюу гар утсыг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 44, 101, 166/, “Ашид Билгүүн” ХХК, “Дамно” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай үнэлгээний тайлан /1 хх 17-18, 79-84, 195-198/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.З-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3 хохирогчийн нийт 5.750.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.З-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Л.З-с “...ар гэрийн хүнд нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Л.З нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргээс харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Л.З нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/899 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР