Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00048

 

*******ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00035/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хүсэлт гаргагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, өмгөөлөгч Б.Содболд /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Би Дарханы Хонгорын сангийн аж ахуйд авто засварчнаар 1983 оноос 1987 оны 09 дүгээр сар хүртэл, Дархан Геологи хайгуулын экспедицид дээж угаагчаар 1987 оны 09 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл тус тус ажиллаж байсан. Уг ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү.

Миний хөдөлмөрийн дэвтэр байгууллага дамжин алга болсон байна. Иймд миний архивын лавлагаа, мэргэжлийн үнэмлэх, шарын голын бригадын хамт олны 1989 онд авхуулсан фото зургуудыг үндэслэн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Лхамсүрэнгийн Сарангэрэл /регистрийн дугаар:ТЕ67042401/-ийг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйд засварчнаар /слесарь/ 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл,

-Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх шаардлага буюу Дархан сангийн аж ахуйд авто засварчнаар 1983 оноос 1986 оны 07дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Л.Саранцэцэг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.Саранцэцэг нь 1983 оноос 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байхдаа 16 настай байсан. Нарийн мэргэжил эзэмшсэн гэх боловч энэ тухай нотолсон баримт байхгүй гэж дурдсан атлаа Дархан-Уул аймаг дахь геологи хайгуулын экспидицийн 2-р ангид дээж угаагчаар 197 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож эргэлзээтэй шийдвэр гаргасан.

Тодруулбал 1997 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг 10 дугаар сарын 04-ний өдөр гэж бичиж 1 сарын ажилласан жилийг хассан. Шүүх шийдвэртээ гэрч Б.Алтантүлхүүрийн намайг 1987 оны 09 дүгээр сард геологи хайгуулын экспидицид ажиллаж байсныг гэрчилсэн мэдүүлгийн талаар дурдаагүй. Мөн гэрч *******, ******* нарын мэдүүлгийг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилсон тушаал гарсан үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Ажилд томилсон тушаал 1986 онд бичгээр гарсан боловч би 1983 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Хүсэлт гаргагч ******* нь Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйд авто засварчнаар /слесарь/ 1983 оноос 1987 оны 09 сар хүртэл, Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 09 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч *******ийн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Хүсэлт гаргагч ******* нь Дарханы үрийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл авто засварчнаар /слесарь/ ажилласан болох нь хавтаст хэргийн 18, 21 дүгээр талуудад авагдсан Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын тушаалуудаар,

Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар ангийн даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаал, Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Дархан нэгдлийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 05, 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Төрөлтийн түүхүүд, хүсэлт гаргагч *******д Эрчим хүч, Уул уурхай, үйлдвэр, геологийн яамны Мэргэжлийн комиссоос 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэх, гэрч Б.Алтантүлхүүрийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэрч ******* хүсэлт гаргагч *******ийг 1983-1986 онуудад Дарханы үрийн сангийн аж ахуйд ажиллаж байсан нь үнэн гэж мэдүүлсэн бөгөөд гэрчилж буй этгээд өөрөө 1985 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн, 1985 оны 08 дугаар сард Дарханы үрийн сангийн аж ахуйд цахилгаанчнаар ажилд орсон нь хүсэлт гаргагчийг 1983-1986 онуудад ажиллаж байсныг бүрэн нотолж буй гэдэг нь эргэлзээтэй.

Мөн гэрч ******* нь хүсэлт гаргагч *******ийг 1983-1986 оны 07 дугаар сар хүртэл авто засварчнаар ажиллаж байсан нь үнэн гэсэн мэдүүлэг нь хэргийн 21 дүгээр талд авагдсан Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 159 тоот тушаалаар үгүйсгэгдэж байна.

Учир нь уг тушаалын хавсралтаар тухайн онд Цагаан толгойн Техник Мэргэжлийн Сургууль төгсөж ирсэн *******ийг авто гараашд засварчнаар /слесарь/-ээр томилон ажиллуулжээ.

Эдгээр үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн байна.

Иймд хүсэлт гаргагч *******ийг Дарханы үрийн сангийн аж ахуйд авто засварчнаар 1983 оноос 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч шийдвэрийн ТОГТООХ хэсэгт бичвэрийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засах боломжтой байх тул Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс... гэснийг засаж Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс... гэж шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт орууллаа.

Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

...Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс... гэснийг

...Геологи, уул уурхай үйлдвэрийн яамны харьяа Дархан дахь геологи хайгуулын экспедицийн 2 дугаар анги /Дархан нэгдэл, Эрдэс ХХК/-д дээж угаагчаар 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хүсэлт гаргагч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2361 дүгээр шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                                             ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА

                                                                                                                                                   Л.АМАРСАНАА