Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

 

 

 

      

 

 

      2024            03           12                                       2024/ДШМ/16

 

 

 

Ж.Э, Ж.Д, А.Ц,

З.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Э.Болор,

хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,

хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: О.С,

хохирогч, иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Э,

шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарын өмгөөлөгч: Ж.Ж,

шүүгдэгч: З.Х, А.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б ХХК-ний хууль ёсны төлөөлөгч А.А, хохирогч, иргэний хариуцагч М ХХК-ний өмгөөлөгч С.Э, шүүгдэгч Ж.Д, Ж.Э нарын өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х нарт холбогдох эрүүгийн 2219003930514 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1.1 М овогт Ж.Э, * тоотод оршин суудаг, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэл үгүй гэх, хэрэг хариуцах чадвартай.

1.2 А овогт Ж.Д, Монг* тоотод оршин суудаг, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэл үгүй гэх, хэрэг хариуцах чадвартай.

1.3 Т овогт А.Ц, Монго* тоотод оршин суудаг, урьд * тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

1.4 Ц овогт З.Х* тоот * тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1 Шүүгдэгч Ж.Э нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирал М.С  Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг,

2.2 Шүүгдэгч Ж.Д нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирал М.С  зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х , туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х , туслах машинч А.Ц нар нь зүтгүүрийн хяналтын камерыг салгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “Болд төмөр ерөө гол” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “Монголиан транс лайн” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “М ” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “С ” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан,

2.3 Шүүгдэгч А.Ц  , шүүгдэгч З.Х  нар 6022 дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар болон машинчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон... хэрэглэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, “М ” ХХК-ийн өмчлөлийн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс 77 км-т байх “Хулангийн шанд” өртөө орох замд “2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 50 минутад 6022 дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүр хагас вагон 3 ширхэг үүнд 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчиж зүтгүүрийн хяналтын камерыг салгаж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “У ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “Болд төмөр ерөө гол” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “Монголиан транс лайн” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “М ” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “С ” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц  , З.Х  нарт, мөн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...шүүгдэгч Т овогт А.Ц , Ц овогт З.Х  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан, М овогт Ж.Э, А овогт Ж. Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төмөр замын хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц  , З.Х  нарыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц  , З.Х  нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Ц  , З.Х  нарт оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Монголиан транс ложистик ХХК-аас У  хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, М  ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, С  байгууллагад 401,906,669 төгрөгийг гаргуулан олгож, шүүгдэгч А.Ц  , З.Х  нараас тус бүр 250,000,000 төгрөг гаргуулан Болд төмөр ерөө гол ХХК-д, шүүгдэгч А.Ц  , З.Х  нараас тус бүр 4,527,650,664 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Монголиан транс ложистик ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С  байгууллагын нэхэмжлэлээс 41,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, “Савхин шарнууд ХХК” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалж, Тээврийн Цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа -78 дугаартай замын утсан цахилгааны мэдээ 1 хуудас, -78 дугаартай хуудас 1 ширхэг, -маягт ВУ-45 тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 20 минут гэсэн цаас 1 хуудас, -тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 40 минутын хуудас 1 ширхэг, - галт тэрэгний биечилсэн хуудас "АУ-1" №2965320 нь 2 хуудас, -зөвшөөрөл №99 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1 хуудас, -анхаарамж 2 хуудас, - зүтгүүрийн машинч, туслах машинчийн формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, -машинч 3.Х формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, -илчит тэрэгний ашиглалтын үеийн техникийн тодорхойлолт СКД 4В №3006 гэсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг -“Соса Cola” гэсэн бичиглэлтэй тунгалаг сав 1 ширхэг, -Тунгалаг өнгийн “Voyage” гэсэн бичиглэлтэй талдаа тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав 1 ширхэг, -Хүрэн өнгийн "Гоё цай" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шингэн дүүрэн тунгалаг сав 1 ширхэг, -"Гоё цай" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг, -“Voyage” гэсэн бичиглэлтэй дотроо тунгалаг өнгийн шингэн дүүрэн жижиг тунгалаг өнгийн сав 1 ширхэг, -“Жүржийн талст” гэсэн бичиглэлтэй дотор талдаа ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг, -“Classic original” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан сав, -“Punch” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй сав 1 ширхэг, -“Pure milk” гэсэн бичиглэлтэй сав 1 ширхэг, -5 литрийн “Voyage” гэсэн бичиглэлтэй дотор талдаа бор өнгийн шингэнтэй тунгалаг өнгийн сав 1 ширхгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э , Ж.Д , А.Ц  , З.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “5.1 ...шүүгдэгч А.Ц  , З.Х  нарыг санаатай, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч компаниудад их хэмжээний буюу 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учирсан байхад шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчмыг хангаагүй, үйлдсэн гэмт хэргийн ялаас сонгохдоо зорчих эрхийг хязгаарлах буюу хорих ялыг хөнгөрүүлэх нь хуульд үндэслээгүй,

5.2 ...Манай
компанийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг болон ажил олгогч компанийн бусдад төлсөн төлбөрийг тухайн 2 шүүгдэгч нь хэзээ хэрхэн төлөх нь тодорхойгүй, тогтоолд тусгаж үүрэгжүүлээгүй, мөн хохирол барагдуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.2.1-д заасан албадлагын арга хэмжээний төрөл, хугацааны талаар тусгаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, албадан биелүүлэхэд боломжгүй нөхцөл үүсч, бодит байдал дээр 2 шүүгдэгчээс хохирлоо төлүүлж авах нь хүндрэлтэй нөхцөл үүсч, хохирсон дээрээ хохироод үлдэж байна. ЭХХШ тухай хуулийн 8.5.2-д заасны дагуу шүүхээс иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхдээ хохирлыг төлж барагдуулах хугацааг шийтгэх тогтоолд зааж, албажуулж үүрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байна,

5.3 ...Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан буюу А.Ц  , З.Х  нар заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. ЭХШХШ тухай хуулийн 5.3.1.5-д заасны дагуу хэргийн талаар эсрэг сонирхолтой шүүгдэгч болох Ж.Э , Ж.Д нар нь өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд тэдний хувьд өөрсдөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон. Өөрөөр хэлбэл А.Ц  , З.Х  нарыг гэм буруутай, өөрсдийгөө гэм буруугүй гэсэн эсрэг байр суурийг илэрхийлсэн байхад А.Ц  , З.Х  нарыг өмгөөлөгчгүй оролцуулсан нь ЭХХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна,

5.4 ...шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулийн 6.1.2 дахь хэсэгт ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” хэмээн заасан байдаг. 4 шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч тус бүрээр тал бүрээс нь хянан хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй,

5.5...шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарын буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас хохирогч байгууллагуудад их хэмжээний хохирол учирсан байна гэж шүүх дүгнэж, гэмт хэрэг үйлдсэнд тооцож, тус бур 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Гэвч тухайн 2 шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн эсэх, шалтгаант холбоотой эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн хохирогч нарт учруулсан их хэмжээний хохирлыг шүүгдэгч А.Ц  , З.Х  нараас гаргуулахаар тогтоосон нь Ж.Э , Ж.Д нарын буруутай үйлдэл нь их хэмжээний хохирол учруулахад нөлөөлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй харагдаж байна. Шүүхийн тогтоолд дурдсан асуудлууд хоорондоо харилцан уялдаатай байх бөгөөд бие биеэ үгүйсгэсэн зөрчилтэй дүгнэлт хийж болохгүй байх зарчмыг хангаагүй байна. Иймд тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “6.1...миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хууль хэрэглээг нэг мөр хэрэгжүүлэх, шударга ёсны зарчим, ялын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй тусгай байгууллага юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа хэрхэн ял шийтгэл оногдуулах талаар тодорхой дурдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлын тухай хууль зүйн дүгнэлтийг заавал шүүхийн шийдвэртээ тусгах ёстой. Учирсан хор уршгийг дүгнэх, хүний хувийн байдал, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь авч үзнэ гэж заасан. Хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ хүмүүст хуулиар хориглосон ямар тохиолдол байгаа учраас эрх чөлөөг нь хязгаарлахгүйгээр ялын хөнгөн хэлбэрийг хэрэглэсэн гэдгийг шүүх дүгнэлтдээ тусгаж өгсөнгүй. Хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд байна. Харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурч мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүнд ял оногдуулах гэж байгаа. 1 дүгээр зүйлд нь согтуурч мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Эдгээрт дүгнэлт хийхгүй хуулийн зүйл заалтыг хуулж оруулсан байдаг. Хүрэлбаатар, Цогтнямд зорчих  эрхийг хуульд заасан санкцуудаас хөнгөн хэлбэрийг хэрэглэхдээ прокурорын санал болгосныг яагаад үндэслэл болгоод өмгөөлөгч, хохирогч нарын гаргаж байгаа санал яагаад үгүйсгэгдээд байгаа дээр хууль зүйн дүгнэлт өгөлгүй зөвхөн яллах дүгнэлтээ хуулж бичсэн шийтгэх тогтоол болсон гэж харж байна.

6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй гэж дүгнэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал чинь хохирол биш хохирол тусдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тусад нь тооцоод хэнээр төлүүлэхийг шүүх шийдвэртээ дурдана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дахь хэсэгт тодорхой бичсэн байна. 4 дүгээр хх-ийн 117 дугаар хуудаст Дамногийн нэхэмжлэл байдаг. Түүнийг төлсөн хуулбар байдаг.

6.3 Ноцтой өөр ямар зөрчил байдаг гэхээр  энэ хүмүүс гэм буруугаа хүлээгээгүй, гэм буруугаа хүлээсэн гэж бичсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн 27 дугаар хуудасны дээрээсээ 5 дахь мөрөнд шүүгдэгч Ц, Х нарын өмгөөлөгчөөс 39.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж тооцуулах саналыг гаргасан. Тэгэхээр энэ хоёр хүн нь гэм буруугүй гэж маргасан юм байна гэж харагдахаар байна. Доод хэсэгтээ маргаагүй гэсэн зүйлийг дурддаг. Үүнийг андуурсан юм шиг харагдаж байгаа боловч шүүхийн шийдвэр нэр ус овог нэр, цэг таслал бүгд тодорхой ойлгомжтой байх ёстой.

6.4 Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч нарыг хэн хэндээ хэдэн төгрөг төлөхийг эсхүл энэ хүмүүсийн хохирлыг зөвхөн хариуцагч төлөх шийдвэр гаргаад байгаа юм уу, яаж шийдвэрлэх талаар тодорхой дурдаагүй, шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өөрөө энэ хэрэг дээр хуулийн этгээдийг татаж оруулдаг болсон. Хуулийн этгээд татагдсанаараа  нэг мөр иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөөд хохирлыг эрүүгийн хурлаар шийднэ гэсэн ийм шинэ санааг хуульд оруулсан. Тэгэхэд түүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр үлдээж байгаа нь зохисгүй. Ямар тохиолдолд  гэхээр хариуцагч, нэхэмжлэгч, хохирогч нарын зарим баримт нь тодорхойгүй тохиолдолд болно. Гэтэл яг шинжээчийн дүгнэлтээр, эдийн засгийн шинжилгээтэй гарсан тохиолдолд үүнийг тодорхой ялгамжтай гаргах ёстой. Хувь тэнцүүлж гаргуулах гэж бичсэн. Тэгээд тэрийг хэдий хугацаатай гаргуулах юм. Ер нь их хэмжээний хохирол төлөгдөөгүй байхад энэ хүмүүсийн хариуцлага ийм байж болох уу, үгүй юу гэдэгт шүүх хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байна гэж харагдаж байна. 10 дугаар хх-ийн 72 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжилсэн баримтууд  байгаа. Эцэст нь хэлэхэд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж байгаа учраас миний үйлчлүүлэгчийн дурдаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож гэм буруугийн шатанд буцааж өгнө үү.” гэв.

7. Хохирогч, иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Энхтайван давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “7.1 ...Анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэг нь яллах дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарлан бичсэн, дүгнэлт хийхдээ зөвхөн улсын яллагчийн бичсэн яллах дүгнэлтийг хуулбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл хэсэгт заасан ямар хөнгөрүүлэх нөхцөл байдлууд нь хэрхэн яаж ямар эд мөрийн баримтаар тогтоогдож байгааг дурдахгүй зөвхөн хуульд заасан өгүүлбэрүүдийг хуулан бичиж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулжээ. Өөрөөр хэлбэл хууль ёсны зарчим буюу Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж тодорхой заасан болохоос яллах дүгнэлтийг хуулбарлан хуульд байхгүй прокурорын шуух хуралдаанд гаргасан дүгнэлтээр ял оногдуулах заалт байхгүй болно. Дээрх зүйл ангийн гэмт хэргийг давхар объектод халдаж уг гэмт хэргийн нийгмийн аюултай шинж чанар, хэр хэмжээний хувьд ноцтой их хохирол учирсан олон компаниуд хохирсон шүүгдэгч нар санаатай согтууруулах зүйлс уусан гэдэг нь тодорхой байхад торгох зорчих эрх хязгаарлах төдий ял халдааж байгаа нь өөрөө шударга бус байна,

7.2 ...одоогийн хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам зарчмыг хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ бүлэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын бодлогыг үндэслэн урьд өмнөх эрүүгийн хуульд байгаагүй цоо шинэ заалтуудыг хууль тогтоогч нар оруулж өгсөн хэдий ч шүүхийн практикт янз бүрээр хэрэгжүүлж байгаа нь иргэний нэхэмжлэгч болон хариуцагчийн эрх зүйн байдалд нөлөөлж байна, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэдэг нь ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байгааг хэлэх бөгөөд нотлох баримтуудын хувьд болон үйл баримтуудаа аль алиныг нь хүлээн зөвшөөрсөн. Иймд 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

8. Шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүхээс Э, Д нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд өөрөөр хэлбэл тэднийг төмөр замын тээврийн ба хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь учир дутагдалтай, уг учирсан хохирол нь тэдний шууд үйлдэлтэй хамрах нөхцөлгүй ба улмаар Хүрэлбаатар Цогтням нарын үйлдэлтэй холбогдон дүгнэгдэх шалтгаант холбоо байхгүйд хууль зүйн талаасаа бодитой дүгнэлт хийж чадаагүй буюу яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг адил тэнцүү хэм хэмжээнд шинжлэн судлах зарчим алдагдаж зөрчил гэмт хэрэг хоёрын хоорондын ялгаа заагт хуулийг буруу тайлбарлаж хэрэглээний алдаа гаргасан хэмээн үзэж байгаа болно.

Хэрэгт авагдсан гэрч С, Э, Ц нарын мэдүүлгүүдийн ач холбогдолтой хэсгийг харьцуулж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл энэ нь шүүхээс хэргийн нөхцөл байдалд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж өгөөгүй буюу зөвхөн яллах талын үндэслэлээр энэ бүгдийг дүгнэсэн болохыг анхаарч үзнэ үү. Иймд энэхүү үндэслэлээр уг хэргийг дахин хянаж ЭХХШТХуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн Ж.Э , Ж.Д нар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Шүүгдэгч З.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн хууль ёсны төлөөлөгч нараас уучлалт гуйж байна. Энэ хэрэг болсон өдрөөс хойш компани дээрээ очиж уулзаагүй нь үнэн. Уулзъя гэж бид 2 зөндөө ярьсан ч их хэмжээний хохирол учруулчхаад очъё гэхээр айгаад очиж чадаагүй. 2023 оны хавар энэ хэрэг Төмөр замын цагдаа руу шилжээд А гэх ахмад дээр очиж байцаагдаж байсан. Би тухайн үед тэр хүнд саналаа хэлсэн. Бид хоёр хэрэг гарснаас хойш 5, 6 сар болчихлоо ажилгүй ч гэсэн сард 500,000 төгрөг, 600,000 төгрөгөөр байгууллагын данс руу хиймээр байна гэж хэлж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш мөнгөө өгөх юм байна. Хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байгаа гэж хэлсэн. Би намар нь Б дарга руу яриад энэ хэрэг гараад 1 жил болж байна. Би боломжоороо төлбөр төлж байя гэхэд чи ямар баян хүн биш тэр их мөнгийг нэг дор төлж чадахгүйгээс хойш байж бай, хэргийг чинь шийдвэрлээд цаад байгууллагууд нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад хэдэн төгрөг яаж төлөх чинь гарах байх гэж хэлж байсан. Тийм болохоор компанид нэг ч төгрөг төлөөгүй юм. Бусдаар төлөхгүй яваад байя гэсэн бодол байхгүй. Бид хоёрыг мессеж бичсэн талаар төлөөлөгч хэлж байна. Тийм зүйл байхгүй. Цувааны чат дээр манай хэсэг бүлэг хүмүүс цалин мөнгө муу байна гэж ярьж байсан. Энэ байгууллагад 6 жил гаруй ажилласан. Би цалин мөнгөө голдоггүй байсан. Энэ хэргийн тухайд энэ миний зөв, миний буруу гэж хэлэхгүй, миний хувьд бүх буруугаа хүлээнэ. Энэ хэрэг цаашид яаж шийдэгдэхийг мэдэхгүй. Би осол болсноос хойш 1 жил гаруй хугацаанд дүүгийнхээ автомашинаар Замын-Үүд, Сайншанд хоёрын хооронд хүн тээвэрлэж явж байсан. Би өөрөө сард 700,000  төгрөгийн зээл төлдөг байсан тул зээлээ төлөхийн тулд явсан. 2024 оны 02 дугаар сарын 13-нд Сайншанд татах хэсэгт мэргэжлийнхээ дагуу засварчнаар ажилд орсон. Цаашид би тодорхой хэмжээний мөнгийг биелүүлж явж чадна. Тухайн үед ашиглалтын инженер байсан Энхболд, миний зааварлагч байсан Даваасамбуу гэдэг хоёр хүнийг өөрийнхөө зүгээс гэм буруутай гэж үзэхгүй байна. Цаашид энэ их хэмжээний мөнгийг нэг дор төлж чадахгүй нь үнэн. Надад тийм боломж бололцоо байхгүй нь үнэн. Цалингаасаа илүү мөнгө өгөөд явах бүрэн боломжтой.” гэв.

10. Шүүгдэгч А.Ц   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х адилхан саналтай байна. Анхан шатны шүүх хурал дууссанаас хойш уулзаагүй, хэдэн төгрөг яаж төлөхөө хэлээгүй гэж байна. Бид хоёр Шүүхийн шийдвэрээс дуудаад хугацаа өгөх байх гэж хүлээж байсан. Өөр асуудал байхгүй.” гэв.

11. Прокурор Э.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “11.1...Жаргалсайхан өмгөөлөгч шүүгдэгч Э, Д нарыг гэм буруугүй гэж анхан шатны шүүх дээр маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ хоёр хүн хэдийгээр гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл байгаагүй гэсэн ч энэ хоёр хүн зохих ёсоор үүргээ биелүүлээгүй юм байна гээд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны 23/01 дугаартай бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчийн дүгнэлтийн 5, 6-д Энхболд, Даваасамбуу нар нь Х, Ц нарын удирдах хүмүүс мөн байна. Тухайн үед энэ хүмүүст зааварчилгаа өгч гарах ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ гэж үзэж орж ирсэн. Хэрэгт авагдсан баримтаар харахад анх өртөөнөөс гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ажлын байран дахь тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх байсан хүмүүс байсан. Анхан шатны шүүх дээр Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн үү, шинжээчийн дүгнэлтэд гарч байгаа заалтууд хэрэгжсэн үү гэхээр хэрэгжээгүй тухайн үед энэ дэвтэр хаана байсныг мэдэхгүй байна. Хаана байх ёстой юм гэхээр ажлын байран дээр байх ёстой. Гэхдээ галт тэргэнд явж байдаг гэж хэлж байсан. Анхнаасаа л Энхболд, Даваасамбуу нар ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа биелүүлээгүйн улмаас энэ хүмүүс аюулгүйн ажиллагааны зааварчилгаа аваагүй шууд гарсан.  Зүүнбаян өртөөн дээр очоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ галт тэрэг жолоодож явсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Батхуяг гэсэн шинжээчийн дүгнэлтээр Энхболд, Даваасамбуу нар нь үүрэгт ажлаа биелүүлээгүй, Ц, Х нарын шууд удирдах хүмүүс мөн байна гэсэн дүгнэлтээр буруудаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэж шүүх ял оногдуулсан.

11.2 Шүүгдэгч нар эсрэг байр суурьтай байсан өмгөөлөгчөөр хангаагүй гэж Ариунзаяа төлөөлөгчийн гомдолд дурдагдсан. Шүүхийн шатанд хүртэл шүүгдэгч нар өмгөөлөгчгүй ирсэн. Шүүхийн шатанд Х, Ц нар өмгөөлөгч аваагүй, Э, Д нар нь шүүхийн шатнаас Жаргалсайхан өмгөөлөгчийг авч орж ирсэн. Улсын яллагчаас 4 шүүгдэгч байгаа бүгдийг нь өмгөөлөгчөөр хангах нь зүйтэй гэж үзсэн. Шүүх хурал дээр ямар нэгэн эсрэг байр суурь байна уу гэхэд шүүгдэгч нар байхгүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүх хуралдаан үргэлжлээд явсан байдаг. А төлөөлөгч ял хөнгөдсөн гэж байна. Анхан шатны шүүх дээр улсын яллагч торгох ялын саналыг гаргасан. Яагаад торгох ялын санал гаргасан гэхээр Энхтайван өмгөөлөгч хүртэл хэлж байна. Хохирол төлбөрөө төлнө гэдэг байдлаар хандсан учраас прокуророос торгох ялын саналыг гаргасан. Шүүх өөрийнхөө итгэл үнэмшлээр Эрүүгийн хуулийн ерөнхий анги, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын зүйл ангид заасан сонгох санкцыг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Прокуророос заавал хорих шаардлагагүй гэж дүгнэж үзсэн. Нэгэнт хохирол төлбөрөө төлөх гэж байгаа байдлыг харгалзаж үзээд энэ их хохирлыг нэг дор төлж чадахгүй ч гэсэн хөдөлмөр эрхэлж байвал хохирлоо төлөх юм байна гэж ойлгож анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл гаргаагүй.

11.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргасангүй гэж байна. Анхан шатны шүүхэд энэ зардал огт нэхэмжлэгдээгүй, шууд гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг нэхэмжлээд явсан байдаг. Хэрвээ шинжээчийн дүгнэлттэй холбоотой зардлыг нэхэмжилж гаргана гэвэл тухайн үед зардал мөнгөний тооцоо баримтыг гаргуулаад үнийн дүн тэд гэж гарсан боловч яг нотлох баримтын шаардлага хангасан үнэлгээний баримт авагдаагүй байсан учир анхан шатны шүүх дээр яригдаагүй. Өөрсдөө гаргуулъя гэж хандаагүй зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар ярилцсан байдаг. Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж яллах дүгнэлтэд дурдсан.

11.4 Хохирол төлбөрийн хувьд анх 4 шүүгдэгчийг гэм буруутай гэж үзээд энэ дөрвөн шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулъя гэсэн байр суурийг улсын яллагчийн зүгээс гаргасан.  Шүүх харин гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь Ц, Х нарын үйлдлээс болж гарсан байгаа учраас энэ хоёроос гаргах нь зүйтэй гэж үзээд үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийг барьж гаргасан нь зүйтэй  байна гэж прокуророос дүгнэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасан шаардлага хангасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт заасан хэлбэрийг хангаж байгаа учраас энэ шийдвэрийг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

2. Мөрдөгч, прокурор, шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянаагүй, яллагдагч, шүүгдэгч нарыг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах  эргэлзээгүйгээр тогтоогоогүй, шүүгдэгч нарын холбогдсон хэргийн  хор уршиг, гэм буруугийн хэр, хэмжээг тодорхойлоход хамаарал бүхий нотолгооны зүйл, нотлох баримтын талаар анхаараагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан байна.

Тодруулбал хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ниас гаргасан дүгнэлт, “Уваа уул Аудит” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд авагдсан байх ба хөрөнгийн үнэлгээний холбогдох  төлбөрийг тус тус нэхэмжилжээ.

Эдгээр баримт нь шүүгдэгч нарын гэм буруу, учруулсан хор уршиг зэрэг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйл баримт болон иргэний нэхэмжлэлд холбоотой байхад энэ талаар прокурор яллах дүгнэлтдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хавсралт-д тусгаагүй улмаар шийтгэх тогтоолд гэмт хэргийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг холбогдох нотлох баримтад үндэслэн тооцож, шийдвэрлээгүй нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг зайлшгүй шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах учиртай.

Харин Иргэний хариуцагч, нэхэмжлэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах хөрөнгийн үнэлгээний төлбөрийг төлсөн бол учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл, хүсэлтийг шүүх хуралдаанаар хэргийг дахин хянан хэлэлцэх үед гаргаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

3. Шинжээч 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №23/Х-01 дугаар дүгнэлт/3 хх 93-97/-ийн хариулт 8-д “...Ж.Э , Ж.Д нарын ажлын байрын тодорхойлолтод заасан зөрчигдсөн зүйл нь осол гаргахад нөлөөлөх хүчин зүйл болохгүй, Хүрэлбаатар, А.Ц   нар...ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, ...зөрчлүүд нь тухайн осол гарахад шууд нөлөөлсөн” гэжээ.

Энэ хариулт нь шинжээчийн дүгнэлтийн нэг үндэслэл ба мөрдөгч, прокурор, шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзээгүй, үнэлээгүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй.    

Түүнчлэн анхан шатны шүүх “...шүүгдэгч Ж.Э , Ж.Д нарыг төмөр замын хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” шийдвэрлэхдээ тэдэнд холбогдох хохирлын асуудлыг тэднээс гаргуулахаар шийдвэрлээгүй атлаа хохирлыг зөвхөн шүүгдэгч З.Х , А.Ц   нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж, дүгнээгүй, шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой тусгаагүй буюу шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Эдгээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн байх учир анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь  гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ.

4. Энэ хэрэгт мөрдөгч, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хамт хүргүүлээгүй, эд мөрийн баримтыг хамт хүргүүлэх боломжгүй тухай баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсний дараа эд мөрийн баримтыг шүүхэд хүргүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

5 .Анхан шатны шүүхээс хэргийг дахин хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ж.Э , Ж.Д ,  З.Х , А.Ц   нар холбогдсон хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой эсэх нөхцөл байдлын талаар тодруулж, хэрвээ харилцан эсрэг сонирхолтой байвал өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэхийг шүүгдэгч З.Х , А.Ц   нараас  дахин тодруулж, хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй.

6. Эрүүгийн хуулийн 7.2  дугаар зүйлд “Албадлагын арга хэмжээний төрөл”-ийг тодорхойлж, хуульчилсан ба шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн 1,1.1,1.2, 1.3-т заасан албадлагын арга хэмжээний төрлөөс сонгож, хэрэглэж болно.

Хуулийн энэ зүйл заалт нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол харин эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг тул давж заалдах гомдлын энэ хэсэг үндэслэлгүй юм.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, “...шүүгдэгч Ж.Д , Ж.Э нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн өмгөөлөгч Ж.Ж гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б ХХК-ний хууль ёсны төлөөлөгч А.А, хохирогч, иргэний хариуцагч М ХХК-ний өмгөөлөгч С.Э нарын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ...өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Д , Ж.Э нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б ХХК-ний хууль ёсны төлөөлөгч А.А, хохирогч, иргэний хариуцагч М ХХК-ний өмгөөлөгч С.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

Б.НАРАНЧИМЭГ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА