Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2025/0473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: О******* ХХК /РД:62*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Г******* /ШТЭД:/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/хуучин нэрээр/-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр тушаалаар О******* ХХК-д Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар хүүшийн аманд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг дугаартай гэрчилгээгээр олгосон байна.

1.2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/26672 дугаар шүүгчийн захирамжаар О******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг Их х ХХК-д шилжүүлжээ.

1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын эрхийг цуцалжээ.

1.4. О******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/ дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3648 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...нэхэмжлэгч О******* ХХК нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. О******* ХХК нь Их х ХХК-ийн охин компани бөгөөд Их х ХХК нь анх О******* ХХК-ийн хувьцааг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 101/ШЗ2022/26672 шүүгчийн захирамжийн дагуу шилжүүлэн авсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2019 оны 09 дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүрэгт орших Горхи-Тэрэлжийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Ар хүүшийн аманд 4 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахыг зөвшөөрч, О******* ХХК-нд гэрчилгээ олгожээ. О******* ХХК нь Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн засаг даргатай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2020/01 тоот тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулсан.

Харин 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын А/ дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал гаргаж, О******* ХХК-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын А/ дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болох захиргааны акт юм.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 32 тоот мэдэгдлийг бид 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, дээрх сайдын тушаал гарсан талаар анх мэдэж, тушаалтай танилцсан. Манай компанийн зүгээс дараах үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын А/ дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Уг заалтад өмнө яагаад газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй талаар тодруулах шаардлагатай байсныг илтгэж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10 дахь хэсгээр Хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн буюу давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан. Тус компанийн үйл ажиллагаа, санхүүжилт 2020 онд тархсан корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үр нөлөөнд 2020 оноос эхлэн өртөж санхүүгийн хувьд алдагдалд орсон байсан. Цар тахлын үед компанийн бүх үйл ажиллагаа зогсож, барилгын материалын үнэ өртөг гэх мэт зардлууд төсөвлөсөн үеийнхээс хэд дахин нэмэгдсэний улмаас дээр дурдсан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон газар ашиглах эрхийн дагуу 4 га газартаа төлөвлөсөн төслөө хэрэгжүүлэх боломжгүй болж хойшилсон. Цар тахлын үеийн хориог зогсоож О******* ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх болсноор хувьцаа эзэмшигч Их х ХХК-аас О******* ХХК-ийн уг газар дээр аялал жуулчлалын бааз байгуулахаар төлөвлөж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Зураг төсөл боловсруулах гэрээ, хашаа захиалгын гэрээ зэргийг байгуулсан. Уг гэрээний дагуу зураг төсөл, боловсруулагдаж уг төсөл дээр хамтран ажиллах иргэд, байгууллагуудтай уулзаж, санхүүжилт авахаар ажиллаж байсан.

Дээрхээс үзвэл, уг газрын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Сонсох ажиллагаа хийгдээгүй тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасан.

Дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасанчлан захиргааны акт гаргах журмыг зөрчиж, бидний хууль ёсны ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулахдаа сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хорь буюу түүнээс доош этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэжээ. Гэтэл манай компанид сонсох ажиллагаа мэдэгдэл огт ирээгүй эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлэхгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ А/ дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал гаргасан нь дээрх Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-ийн 106.3.12-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын А/ дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалын О******* ХХК-д хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий тушаалаас харахад 20 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг 21 ба түүнээс дээш тооны иргэдэд мэдэгдэх зохицуулалтад хамаарахгүй. 20 ба түүнээс доош учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн этгээд тус бүрд хүргэх ёстой байсан. Мөн хариуцагчаас маргаан бүхий тушаалд холбогдох хувийн хэрэг болон хяналтын дагалдах хуудас байхгүй гэдгийг хариуцагчийн өмнөх болон одоогийн төлөөлөгч нар илэрхийлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын тушаал нь хяналтын дагалдах хуудасгүй байна. Түүнчлэн хариуцагчаас хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тооцож байгаа гэж тайлбарладаг. Гэтэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрүүдийг Засгийн газрын тогтоолуудаар удаа дараа гаргасан. Үүнийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд тодорхой заасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй 2 жилийг тооцох хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцох ёстой байсан. Хэрэв 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцвол 2024 оны 01 дүгээр сард газар ашиглаагүй гэх хугацаа дуусах ёстой байсан. Энэ талаар ямар нэгэн тодруулга авахгүйгээр мөн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүйгээр 2 жилийн хугацааг тоолж хуулийг буруу хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын тушаал нь хууль бус учраас нэхэмжлэгчийн эрхийг сэргээж тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмуудыг баримтлаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг байхгүй нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Захиргааны шийдвэр гаргах процессыг огт мөрдөөгүй болох нь харагдаж байна. Материаллаг хуулийн хэрэглээний хувьд тусгай хамгаалалтай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгож, 3 талт гэрээг байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад авагдсан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнээс үзэхэд Монгол Улсын хил хаалттай тул ямар нэгэн жуулчин ирэх боломжгүй буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан болох нь харагдаж байна. Энэхүү 2 жилийн хугацааг хасаж тооцох ёстой байсан. Үүнээс хойш газрыг ашиглаагүй асуудал яригдаж байна. Нэгэнт газар ашиглах эрх цуцлагдсан учраас тухайн газарт бүтээн байгуулалт хийж үйл ажиллагааг явуулах гэхэд холбогдох зөвшөөрлүүдийг орон нутгийн захиргааны байгууллага, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авах боломжгүй болсон учраас асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр үйл ажиллагааг явуулах хүсэлтэй байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай эсэх асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт болон 3.1.5 дахь заалтад нарийвчлан зохицуулснаас харахад О******* ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна. Тусгай хамгаалалттай газар нутаг ашиглахад ямар нэгэн зөрчилгүй хуулийн этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гурав.Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/ дүгээр тушаалаар О******* ХХК-д 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дугаар тушаалаар О******* ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд засан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793 дугаар албан бичиг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн буюу давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-д ирүүлээгүй байдаг.

Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын гормын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин , аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/ дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэдгийг зөвхөн барилга байгууламж барих гэдэг талаас нь тайлбарлаж байна. Зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах нь зөвхөн барилга байгууламж барихаар хязгаарлагдахгүй. Нэхэмжлэгч нь 2019 оноос хойш газар ашиглах эрхтэй болсон. Үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд зураг төсөл боловсруулах, үйл ажиллагааны ямар нэгэн гэрээ байдаггүй. Мөн нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан иргэний шүүхийн эвлэрэл баталсан захирамжаас харахад хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн байгаа нь харагдаж байна. Үүнийг мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

5. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцлах тухай А/ дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40.1.6 дахь заалтыг үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй байсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн 4 га газрын ашиглах эрхийг Хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн цуцалжээ.

6. Тушаалын үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2. эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1. тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, ...40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж хуульчилсныг үндэслэсэн.

7. Түүнчлэн маргаан бүхий тушаалын үндэслэлийн нэг болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгээр хавсралтад заагдсан 23 аж ахуйн нэгж байгууллагын нэг болох О******* ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар дурджээ. Тус албан бичгийн хавсралтад зааснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зохицуулсны дагуу О******* ХХК-д олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилжээ.

8. Үйл баримтын тухайд,

8.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр тушаалыг үндэслэн Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 4 га газрын ашиглах эрхийг дугаартай гэрчилгээгээр олгосон.

8.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьцааг И******* ХК нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 26672 дугаар шүүгчийн захирамжаар шилжүүлэн авсан.

9. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал нь Ковид19 цар тахлын улмаас 2020 онд санхүүгийн хувьд алдагдалд орсон, цар тахлын улмаас компанийн бүх үйл ажиллагаа зогсож, газартаа төлөвлөсөн төслийг хэрэгжүүлэх боломжгүй болж хойшилсон. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөр уг газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар төлөвлөж, зураг төсөл боловсруулах гэрээ, хашаа захиалгын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу хамтран ажиллах иргэд байгууллагуудтай уулзаж, санхүүжилт авахаар ажиллаж байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Гэтэл манай компанид сонсох ажиллагааны мэдэгдэл ирээгүй, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар гаргах боломжийг олгохгүйгээр Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж маргаж байгаа.

10. Улсын бүртгэлийн байгууллага дахь мэдээллээс үзвэл,

10.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 4/7937 дугаар албан бичгээр О******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн байна.

10.2. О******* ХХК /РД:62*******/ нь анх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэгджээ. Түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд идэвхтэй төлөвтэйгөөр Монгол Улсад бүртгэлтэй регистрийн 5547881 дугаартай И******* ХХК нь компанийн нийт хувьцааны 100% гэж, БНХАУ-ын иргэн, регистрийн ed0******* дугаартай Qi J******* /Ци Ж*******/-ийн компанид хувь нийлүүлсэн хөрөнгө нийт хувь 100% гэж 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байх ба одоо уг бүртгэлд өөрчлөлт ороогүй байна. Мөн эцсийн өмчлөгчийн мэдээлэлд идэвхтэй төлөвтэйгөөр дээрх иргэн, хуулийн этгээдийн нэрс бичигджээ.

11. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гадаадын иргэн гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг ойлгохоор нэр томьёоны хувьд хуульчилсан ба

нэхэмжлэгч О******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд болон эцсийн өмчлөгчийн мэдээлэлд буй БНХАУ-ын иргэн Qi J******* /Ци Ж*******/ бичигдсэн байгаа нь энэхүү гадаадын иргэн гэх нэр томьёонд хамаарч байна гэж үзэхээр байна.

12. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. ... хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг, 3.1.3. ... гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг, 3.1.4. ... дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг, 3.1.5. ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг тус тус ойлгохоор заасан.

13. Энэ хуулийн зохицуулалтаас үзэхэд, О******* ХХК-д хөрөнгө нийлүүлсэн /100 хувь гэж бичигдсэн/ БНХАУ-ын иргэн Qi J******* /Ци Ж******* ed0*******/-ийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээр шууд дотоодын аж ахуйн нэгжийн нэгэн адил ойлгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн хөрөнгө оруулалт хийж байгаа авч тэр нь угтаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн хөрөнгийн тодорхой хувийг эзэмшиж байгаа нь хуулийн этгээдийн бүртгэлд байгаа хөрөнгө оруулагч болон эцсийн өмчлөгчийн идэвхтэй төлөвтэй байгаа мэдээллээр нотлогдож байна.

14. Нэгтгэн дүгнэвэл, Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх, Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сантай байх, гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаа, түрээс, гэрээгээр ашиглуулах эрх зөвхөн Улсын Их Хуралд байхаар тодорхой туссан болохыг дурдаад, маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх нарийвчилсан хууль болох Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэсэн нь хатуу зохицуулалт болохыг тэмдэглээд, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон хариуцагчийн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаарх Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийг, мөн дээрх хуулиудын агуулга, үзэл санааг шүүх анхаарах шаардлагатай, хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөрөнгө оруулалттай эсэх асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт болон 3.1.5 дахь заалтад нарийвчлан зохицуулснаас харахад О******* ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл, түүнд хамаарах үйл баримт, уг үйл баримтын хүндэтгэн үзэх шалтгааны талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, сэргэх, хамгаалагдах эрх байхгүй байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О******* ХХК-аас, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцлах тухай А/ дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН