Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00050

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/03839/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, амралтын өдөр болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг-ийн хэрэгжүүлж байгаа цэвэрлэх байгууламжийн төсөл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан /ХАБЭА/-аар ажилд орсон. Эхний гэрээ бол туршилтын хугацаагаар ажиллуулах байсан ба 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр талууд тохиролцож, төслийн зохицуулагч нь намайг ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувьд эрс өөрчлөгдсөн гэж үзээд, надад ажиллах санал тавихад нь би зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан юм.

Гэвч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал дээр сахилгын шийтгэл оногдуулах зөрчлийг ******* удаа дараа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, байгууллагад дарамт шахалт үзүүлсэн зэргийг үндэслэн чөлөөллөө гэсэн байдаг. Гэтэл дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан талаар нотлох баримт байхгүй, зөрчлүүдэд арга хэмжээ авч байсан тушаал огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг миний бие гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөллөө гэж байгаа, гэтэл миний удаа дараа сахилгын зөрчил гаргасан болохыг ажил олгогч тогтоогоогүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, илүү цагийн нэмэлт цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны илүү цагийн цалин, 2020 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр авсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин 8.165.581 төгрөг, илүү цагийн хөлс 1.632.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулж, мөн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 436.439,17 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...хариуцагч байгууллага нь Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх тул ажиллах хүчин буюу ажилчидтай богино хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байгаа юм. ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туршилтын хугацаанд ажиллаж, туршилтын хугацаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 1.320.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлж байхдаа, хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлж, өөрийнхөө удирдлагад байгаа ажилчдыг уруу татаж, 3 хоног ажил таслуулж, ажилчдын нэгдсэн цуглаан хийж, ажил олгогчид шаардлага тавьж, мэдэгдэл гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ 5 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү гэж хугацаа тогтоосон хэрнэ тогтоосон хугацаагаа дуусаагүй байхад буюу 2 хоногийн дараа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан байдаг. Хариуцагч байгууллагын хувьд Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд оролцох хүсэлттэй байсан боловч хариуцагчийг хуралд оролцох боломжоор хангалгүй хурлаа хийж шийдвэр гаргаж, ажил олгогч байгууллагыг өөрийн тайлбартай холбоотой нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангалгүйгээр шийдвэрлэж, зөвлөмж гаргасан боловч ажил олгогч уг зөвлөмжийг хүлээн авч биелүүлсэн байдаг. *******ын тухайд 3 хоног ажилчдын ажлыг таслуулж, 3 өдөр ажил зогсож, эдийн засгийн алдагдал оруулсан. *******ыг ажилчдыг цуглуулж, ажил хаялт хийж, төслийн ажилд хүндрэл учруулсан бөгөөд мэдэгдэлдээ дурдсан 5 хоногийн хугацаа заасан хэрнэ хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгааг байгууллагын удирдлагын зүгээс бидэнд шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа юм. Ажилчдын зүгээс цалингаа нэммээр байна гэж шаардлага тавьж байхад удирдлага нь харилцан тохиролцож, эвлэрэлд хүрч болохоор байхад хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгаа юм. Тухайн үед удирдлагын зүгээс бусад ажилчидтай тохиролцож байсан. ******* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.6, 8.12.1, 8.12.5, 8.12.14, 8.15.11, 8.16.5 дахь заалтуудыг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг биелүүлж, цалинг нь олгосон байгаа. 10 дугаар сарыг дуусталх хугацааны илүү цагийн цалинг нэхэмжлэгч авсан байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн бодолтыг харвал 726.239 төгрөг, 436.439 төгрөг, 151.800 төгрөгийг тус тус олгосон байгаа нь харагддаг. Иймд 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн цалинг олгосон гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол Улс дахь төлөөний газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас ажилгүй байсан хугацааны цалин 8,165,581 төгрөг, илүү цагийн хөлс 1,632,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Людвиг пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол Улс дахь төлөөний газраас улсын тэмдэгтийн хураамжид 171,711 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 341 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг хуулийн хугацаандаа гаргаж байна.

Анхан шатны шүүхийн 341 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:

1. Манай байгууллага нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг тайлбар болон нотлох баримтыг хамтаар шүүхэд хүргүүлэхдээ эх хувиар нь өгсөн. Гэтэл шүүх нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нотлох баримтыг хэлснээр үнэлээгүйд гомдолтой байна. Хуулийн шаардлагын хэмжээнд нотлох баримтаа манай байгууллага эх хувиар нь өгсөн. Ямар нэгэн хуулбар үнэт тэмдгээр баталгаажуулаагүй бөгөөд эх хувиар нь гаргаж өгч байгаа тохиолдолд заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй байсан болно. Иймд баримтыг буруу, нэг талыг барьж үнэлсэн гэж үзэж байгаа юм.

2. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээгээр өмнө ажиллаж байсан ажилтан бөгөөд манай байгууллага шахуу цаг хугацаанд ажиллах горимтой байгууллага гэдгийг нарийн сайн мэдэж байсан ажилтан болно. Байгууллагын зүгээс түүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг сунгахдаа бид ажлын онцлог, горим, ажиллах нөхцөл цаг хугацаа илүү цагийг харилцан ярилцаж тохирч байгаад нийт гэрээний цалин хөлсний хэмжээг 1.320.000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан болно. Хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалин илүү цагийн мөнгийг тооцон бодож олгож байсан учраас шүүхийн шийдвэрт заасан илүү цагийн болон ажилгүй байсан хугацааны цалин олговрын төлөхийг зөвшөөрөхгүй байна. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй цалин хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг. Үүнийг бид 2 дахин нэмэгдүүлж сард олгох илүү цаг болон амралтын өдөр ажиллах хугацааг календарийн хоногоор тооцон тохирч гэрээг хийсэн. Энэ цалин хөлсийг нь бид тухайн цаг хугацаанд нь олгож байсан билээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн дахин цалин хөлс илүү цагийн мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь бидний эрх ашгийг хохироож байна. 1.320.000 төгрөгийн: илүү цагийн мөнгө, үндсэн цалин 850.000-р бодсон нийлбэр нь яг тохирч байгаа юм.

3. Хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа бид дотоод журмаа давхар танилцуулж ажилтнаар гарын үсэг зуруулдаг. ******* энэ журмаар дотоод журамтай танилцаж гэрээний төлбөрийн хуудсанд гарын үсгээ зурсан болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн Дотоод журам гэж байгууллагад байгаагүй, танилцаж байгаагүй гэсэн үндэслэлгүй мэдүүлэгт ач холбогдол өгч нотлох баримтыг үгүйсгэсэн. Дотоод журамтай танилцсан хэрнээ түүнд заасан заалтуудыг зөрчиж сахилгын шийтгэл удаа дараа гаргасан нь нэхэмжлэгчийн өөрийнхөө хурал дээр ярьсан тайлбар, нэхэмжлэлээр нотлогдоод байхад сахилгын зөрчил давтан гаргасан үйлдэл нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хууль буруу хэрэгсэхгүй гаргасан шийдвэр болсон.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр Хөдөлмөрийн маргааны комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 6 сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны илүү цагийн төлбөрөө тооцооллын дагуу хүлээн авсан гэж мэдэгдсэн нь өөрөө дотоод журмаа удаа дараа зөрчсөн гэдгээ шууд бусаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Энэ хугацааны илүү цагаар ажилласныг тооцохдоо (шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн) ажилдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй өдрүүд байхаас гадна , компанийн дотоод журмыг зөрчиж байсан өдрүүдийг хасаж тооцсон болно.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхивол зохино.

Нэхэмжлэгч ******* ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол түүнтэй холбоотой бусад шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч ...шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй байна... гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Ажил олгогч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газар нь ажилтан *******той хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа эсхүл ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтны гаргасан гомдлоор хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч тал буюу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийнхээ хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхэд нотлох энэ талаар баримт гарган мэтгэлцэх үүрэгтэй.

Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан зөрчил байх бөгөөд зөрчил тус бүрийг ажил олгогч илрүүлж, тодорхойлж тогтоосон мөн энэ талаар ажилтанд танилцуулж, тайлбар авсан, хэлэлцүүлж сахилгын шийтгэл оногдуулсан байх шаардлагатай юм.

Иймд тушаалын үндэслэлд дурдсан компаний дотоод журмын 8.1.1-8.16.5 хүртэлх зөрчил болон дутагдлуудыг тогтоосон талаарх баримтаа шүүхэд гаргах нь тушаалын бодит байдлыг тогтоогдсон гэж дүгнэхэд хүргэнэ.

Хариуцагч тал энэ бүх байдлыг нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлтийг няцаах баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэлийн бусад шаардлага болох амралтын өдрүүдэд илүү цагаар ажилласны хөлс гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэл болон тооцооллын талаар хангалттай баримт гарган мэтгэлцээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                      ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ