Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

 

 

 

      

 

  2024            03           12                                       2024/ДШМ/17

 

 

 

Б.Х, П.М

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Б.Ариунтөр,

шүүгдэгч Б.Х өмгөөлөгч Ж.Х,

шүүгдэгч П.М, хохирогч Т.Т нарын өмгөөлөгч: С.Ш,

шүүгдэгч: Б.Х ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Х ийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Х, П.М  нарт холбогдох эрүүгийн 2319000000287 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1 Б овогт Б.Х, * тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

1.2 Б овогт П.М , * гэх газарт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1 Шүүгдэгч Б.Х  нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум Олон овоо 5 дугаар баг Майхан овоо 423 тоотод хохирогч П.М толгой тус газар нь өшиглөх, цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт..." бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан

мөн хохирогч Т.Т хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд хохирлыг зэвсгийн чанартай зүйл ашиглан санаатайгаар учруулсан,

2.2 Шүүгдэгч П.М нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум Олон овоо 5-р баг Майхан овоо 423 тоотод хохирогч Б.Х ийг “нөхрийг зодлоо” гэх шалтгаанаар толгойн тус газар нь банзаар цохиж эрүүл мэндэд нь “...толгойн хуйхны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Б.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт, П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч: “...Х нь Түмэнпүрэвийг хутгалж гэмтэл учруулсан нь буруутай. П.М нь Х модоор цохиж гэмтэл учруулсан нь буруутай. Х нь М түлхэж унагааж цохиж, дэвссэн нь бас буруутай.” гэж дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Б овогт Б.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б овогт П.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч П.М , Б.Х  нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ээс 1,600,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Т олгож,

шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн иштэй, хар өнгийн даавуун хуйтай, нийт 21.5 см урттай хутга нэг ширхэг, 67 см урттай хагархай банз нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч П.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Б.Х  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... миний бие гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсаж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бусдад төлөх хохирол төлбөргүй болсон тул өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгч Б.Х ийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Анхан шатны шүүхээс Б.Х т 5 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр зүйлчлэл тохирсон эсэх дээр мэтгэлцэж оролцсон, гэхдээ давж заалдах гомдол гаргаагүй. Яагаад гэвэл үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1,600,000 төгрөгийн хохирол төлбөр гарсан. Хохирогч талтай энэ 1,600,000 төгрөгийн оронд малаа өгнө, гэхдээ малыг онд оруулаад хавар өгөхөөр тохирсон боловч анхан шатны шүүх хохирлоо бүрэн төлсөн нөхцөл байдал гэж үзэхгүй гэдэг байдлаар хандсан. Анхан шатны шүүх дээр хохирол төлбөрөө тохиролцоод орсон ч шүүхээс хохирол төлбөр бүрэн гүйцэт төлсөн гэж үзэхгүй гэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш хохирол төлбөрөө бүрэн төлөөд баримтыг нь авчирсан, гэм буруугийн хувьд маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэсэн байр суурийг нь өмгөөлөгчийн хувьд бүрэн дэмжиж байна.” гэв.

8. Хохирогч Т.Т , шүүгдэгч П.М нарын өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Түмэнпүрэв нь Хишигдэлгэртэй найз нөхдийн холбоотой. Үүний улмаас хамт архидан согтуурч энэ нөхцөл байдал үүссэн дээр харамсаж байна гэдгээ илэрхийлсэн. Түмэнпүрэвийн хувьд хөдөө мал дээрээ байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Хохирол төлбөр болох 1,600,000 төгрөгөө авсан. 1,000,000 төгрөгийг нь дансаар, 600,000 төгрөгийг нь бэлнээр авсан. Ял шийтгэлийг хөнгөрүүлж болдог бол хөнгөрүүлж өгөөч гэдэг байр суурьтай байгааг хэлээд өгөөч гэж хүссэн.” гэв.

9. Прокурор Б.Ариунтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн завсарлага авсан ч хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Хуульд зааснаар хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй байна гэж үзэж шүүхээс хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд дөрвөн удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдсан хувийн байдал тогтоогдож байна гэж үзэж 6 жил, 04 сарын хорих ял оногдуулах саналыг гаргасан. Өнөөдрийн хуралдаанд хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулснаа баримтаар гаргаж илэрхийлсэн байна. Нөгөө талаараа Хишигдэлгэрийн хувьд 5 удаагийн ял шийтгүүлсэн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж нь согтуугаар зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн байгаа. Хуульд гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу дэмжлэг үзүүлснийг харгалзан үзнэ гэж байгаа. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч зүйлчлэлийн тал дээр маргаж оролцдог. Шүүгдэгчийн зүгээс зүйчлэлийг хүлээн зөвшөөрч оролцож байгаа гэж тайлбарладаг буюу нэгдмэл ашиг сонирхол илэрхийлдэггүй. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х ийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

2. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Б.Х ийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум Олон овоо 5 дугаар багийн Майхан овоо 423 тоотод хохирогч П.М толгойн тус газар нь өшиглөх, цохих зэргээр халдаж түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хохирогч Т.Т хэвлийн тус газар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, бүдүүн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

шүүгдэгч П.М ийг 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сум Олон овоо 5 дугаар багийн Майхан овоо 423 тоотод хохирогч  Б.Х ийг “нөхрийг зодлоо” гэх шалтгаанаар толгойн тус газар нь банзаар 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “..толгойн хуйхны шарх” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

3. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Х ийг “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Х, П.М  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шийтгэх тогтоолд хохирогч /хх15,18, 21/, гэрч /хх52-53, 55-56/, шүүгдэгч нарын мэдүүлэг /хх61, 86/, шинжээчийн дүгнэлт /хх23, 27, 31/ зэрэг нотлох баримтыг үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй.

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба анхан шатны шүүхээс хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хүнд болон хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын санаатай, гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоож, шүүгдэгч Б.Х, П.М  нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх дүгнэлт нь үндэслэл бүхий байхын зэрэгцээ хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Х т оногдуулсан хорих болон торгох, шүүгдэгч П.М оногдуулсан торгох ял нь тус тус тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хорих болон торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

5. Шүүгдэгч Б.Х  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн байх боловч согтуугаар, санаатай, зэвсгийн чанартай хутга хэрэглэж, хохирогч Т.Т биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болон  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөрчлөх үндэслэлгүй юм. 

            6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч Э.Сайнбаярын “...Б.Х  Т.Т ийг хутгалж, гэмтэл учруулсан, П.М ийг түлхэж унагаан, цохиж, дэвссэн буруутай, П.М нь Б.Х ийг модоор цохиж гэмтэл учруулсан буруутай” гэсэн санал гаргасныг үндэслэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Б.Х ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Х ийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА