Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 109/2015/0016/З |
Дугаар | 67 |
Огноо | 2016-03-07 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 67
Ц.Мөнхнасангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Х.Батсүрэн, О.Зандраа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтвшин, хариуцагч Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 574 дүгээр магадлалтай, Ц.Мөнхнасангийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ц.Мөнхнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг тодорхой үндэслэлүүдээр огцруулах тухай саналд гарын үсэг зурж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн барьсан болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар уг саналыг хурал 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл саналыг хурлын даргад өргөн барьснаас хойш 13 хоногийн дараа буюу 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 22 тоот тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэж үзсэн.
Бүрэн эрх бүхий субъект хурлыг хуралдуулах тухай саналыг хуулийн тодорхой зүйл заалтын дагуу тавьж байхад хуралдаан зарлах тухай шийдвэр гаргахаас бус зарлах эсэхийг шийдвэрлэдэг эрх хурлын Тэргүүлэгчдэд олгогдоогүй болно.
Хуульд зааснаар төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй хувь нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурлын дарга 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу өргөн мэдүүлсэн. Тэргүүлэгчдийн гаргасан тогтоол нь ИТХ-ын 16 төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаад зогсохгүй аймгийн ИТХ-ын бүрэн эрх, аймгийн ИТХ-ын төлөөлөгч миний бүрэн эрхэд халдаж байгаа юм. Тодорхой зүйл заалтын дагуу асуудлыг тавьсан боловч Тэргүүлэгчид тухайн хурлыг хуралдуулахгүй байх бүрэн эрх байхгүй.
Аймгийн Засаг даргыг огцруулах саналыг 37 төлөөлөгчийн 16 төлөөлөгч нь гаргасан. Хуульд зааснаар гуравны нэгээс доошгүй хувь нь огцруулах санал гаргасан бол гэж заагдсан байгаа. Бидний санал гаргасан төлөөлөгчид 43 хувь нь болж байгаа юм.
Өргөн барьсан саналыг шийдвэрлэхгүй, хууль бусаар миний бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлыг 37 төлөөлөгч хуралдаж шийдвэрлэх ёстой. Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд заасан заалт тусдаа байдаг. Хурлын хуралдааныг 2/3-оос доошгүй төлөөлөгч шаардсанаар, эсвэл хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хурлыг хуралдуулна гэж заасан байгаа.
Иймд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар хууль бус тогтоолыг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулахыг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Мөнхбат хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 16 төлөөлөгчийн гарын үсэгтэй аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлснийг хүлээн аваад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуралдуулсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан хурлын даргын бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 төлөөлөгчөөс өргөн мэдүүлсэн аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлах хурлын тов хэлэлцэх санал оруулж хэлэлцүүлэн ээлжит бус хуралдааны товыг зарлах санал хураахад хуралдаанд оролцсон 9 хурлын тэргүүлэгчээс 2 нь буюу тэргүүлэгч Ц.Мөнхнасан, Б.Өсөхбаяр нар дэмжиж 7 нь татгалзсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх хуралдаанаас хурлын тэргүүлэгчдийн 63.8 хувийн саналтайгаар аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг зарлах шаардлагагүй гэсэн 22 дугаар тогтоол гарсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно гэсэн нь тэргүүлэгчид ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэхийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт. Энэ хуулийн заалтын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Ц.Мөнхнасанг нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан Засаг даргыг огцруулах, чөлөөлөх гэсэн заалтыг үндэслэж 15 хоногийн дотор хуралдуулна гэсэн. Энэ хуралдуулна гэсэн нь уг хуулийн 23.3-аар зохицуулагдана.
Иймд, нэхэмжлэгчийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуралдааныг хуралдуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Р.Цэрэннадмид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11- ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах тухай 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий бичгийг хурлын дарга Ч.Мөнхбат танилцуулан, Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах талаар санал хураалгахад хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 77.7 хувь нь ээлжит бус хуралдаан зарлаж хуралдуулах шаардлагагүй гэсэн санал өгсөн тул хурлыг зарлах шаардлагагүй гэж үзлээ гэсэн утгатай Тэргүүлэгчдийн тогтоол гарсан.
Миний хувьд хуралдаан зарлах шаардлагагүй гэсэн санал өгөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг үндэслэн ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ч.Баасанжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11- ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан. Хуралд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мөнхбат аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан. Энэ асуудлаар санал хураалгахад хуралд оролцсон 9 Тэргүүлэгчдээс 2 нь дэмжиж 7 нь татгалзсан санал өгсөн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гарсан.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Иймд 2015 оны 05 сарын 11- ний өдрийн хуралдаанаар гарсан 22 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан. Энэ асуудлаар санал хураалгахад хуралд оролцсон 9 Тэргүүлэгчдээс 2 нь дэмжиж 7 нь татгалзсан санал өгсөн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гарсан. Татгалзсан 7 тэргүүлэгчийн нэг нь миний бие байсан болно.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Иймд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар гарсан 22 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй боломжгүй гэжээ.
Хариуцагч М.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан. Хуралд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мөнхбат аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан. Энэ асуудлаар санал хураалгахад хуралд оролцсон 9 Тэргүүлэгчдээс 2 нь дэмжиж 7 нь татгалзсан санал өгсөн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гарсан.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал гэж үзсэн тул 2015 оны 22 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ч.Булганчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан. Энэ асуудлаар санал хураалгахад хуралд оролцсон 9 Тэргүүлэгчдээс 2 нь дэмжиж 7 нь татгалзсан тул аймгийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гарсан.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал болно. Иймд аймгийн ИТХТ-ийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар гарсан 22 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Өсөхбаяр миний бие Ц.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ээлжит хурлыг зарлах үүрэгтэй гэж үзэж тухайн асуудлаар санал хураалгахад эсрэг саналтай байсан болно гэжээ.
Хариуцагч Ш.Лхагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Мөнхбат 16 төлөөлөгчийн гарын үсэгтэй аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хурлын даргад өргөн мэдүүлсэн тул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал оруулсан. Энэ асуудлаар санал хураалгахад хуралд оролцсон 9 Тэргүүлэгчдээс 2 нь дэмжиж 7 нь татгалзсан тул аймгийн ээлжит бус хуралдааныг товлон зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гарсан байна.
Дээрх шийдвэрийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтын дагуу хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах эсэхийг шийдвэрлэх нь тэргүүлэгчдийн бүрэн эрхийн асуудал болно. Иймд аймгийн ИТХТ-ийн 2015 оны 22 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны тухай” 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 574 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ч.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 16 Төлөөлөгчийн гарын үсэгтэй аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хүлээн аваад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлах хурлын товыг хэлэлцэх санал оруулан хэлэлцүүлэхэд хурлын тэргүүлэгчид ээлжит бус хуралдааныг зарлах шаардлагагүй гэж үзэн тогтоол гарсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах эсэх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрлэх асуудал тул хуулийн энэ заалтын дагуу Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь нөхцөл бүрдсэн тохиолдолд ч ээлжит бус хуралдааныг зарлах эсэх асуудлыг тэргүүлэгчид шийдвэрлэх талаар хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Тэргүүлэгчид ээлжит бус хурлыг хуралдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь нөхцөл бүрдсэн тохиолдолд хурал хуралдаж шийдвэрлэнэ гэж үзэн хууль буруу хэрэглэсэн.
Хариуцагч захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр аймгийн Засаг даргыг огцруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 16 төлөөлөгч гаргасан гэдэг нь эргэлзээтэй. 16 төлөөлөгчийн гарын үсэг бүхий бичиг баримт дээр зарим төлөөлөгчид гарын үсэг зураагүй гэсэн, гарын үсэг нь биш гэж ярьж байхад асуудлыг шалгаж нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Ц.Мөнхнасан нь Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны товыг зарлах асуудлыг хэлэлцсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцсон тэргүүлэгч тул шүүхээр шийдвэрлүүлж байгаа дээрх нэхэмжлэлийн тухайд Ц.Мөнхнасан нь нэхэмжлэгч биш байхад шүүх нэхэмжлэгч гэж үзсэн мөн нэр бүхий 15 төлөөлөгч Ц.Мөнхнасанд итгэмжлэл төлөөллийг хуулийн дагуу өгөөгүй байхад түүнийг 15 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзсэн нь буруу.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй хэргийг хэлэлцэн шийдвэр гаргасан гэсэн нь ойлгомжгүй зэргээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Засаг даргыг огцруулах санал гаргаж дээд шатны Засаг даргад уламжлах эрх нь Хурлын бүрэн эрхэд хамааралтайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг дарыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхийг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д тодорхой заажээ.
Мөн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах үндэслэл нь Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар эсхүл Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр байхыг тодорхойлсон дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь зохицуулалт нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 36.6-д заасантай нийцэж хэрэгжих учиртай.
Засаг даргыг огцруулах асуудлыг Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэх хугацааг дээрх байдлаар хуулиар нарийн тогтоосон байхад “Хурлын тэргүүлэгчид бүрэн эрхийн дагуу энэ асуудлаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 16 төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг огцруулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн барьсан саналыг хэлэлцэж, ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар тогтоол нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Хурлын тэргүүлэгчид бүрэн эрхээ хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Мөн хариуцагчийн “... Засаг даргыг огцруулах саналд 16 төлөөлөгч гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй ...” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
Учир нь Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдааныг зарлан хуралдуулахтай буюу маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүйгээс гадна Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй болно.
Үүнээс гадна Ц.Мөнхнасан нь аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчийн хувьд Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах бүрэн эрхтэй бөгөөд Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан нэр 16 төлөөлөгчдийн нэг байх тул Хурлын төлөөлөгчийн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар бусдыг төлөөлж биш, бие дааж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Иймээс “... Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхтэй хамааралтай хуулийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, санал гаргасан 16 төлөөлөгчийн асуудлыг шүүх шалгаагүй, Ц.Мөнхнасанд итгэмжлэл олгогдоогүй байхад шүүх түүнийг 15 төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзсэн нь буруу ...” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэхийг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 574 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ