Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 688

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б овогт Цгийн А /РД: .../, 

Нэхэмжлэгч: Б овогт Цгийн А /РД: СЖ/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Б овогт Эгийн Б /РД: /, 

Гуравдагч этгээд: Б овогт Чын Э /РД:ЧТ60111079/, 

Гуравдагч этгээд: Б овогт Пын Ц /РД:.../

Гуравдагч этгээд: И овогт Гын Ч /РД:.../, 

Гуравдагч этгээд: Н овогт Эгийн Х /РД: .../, 

Гуравдагч этгээд: Б овогт Цийн Т /РД: .../

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Ц.Т, Э.Х, Г.Ч нарт холбогдох хэсгийг, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Э.Б, Ч.Э, П.Ц нарт  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.О, гуравдагч этгээд Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А, Ц.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ц.А, түүний өмгөөлөгч А.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар иргэн Ц.А, Ц.А бидэнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 21 дүгээр хорооны Ж уулсын өврийн , хаягт тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн. 

Иргэн Ц.А, Ц.А бид энэхүү газар дээрээ 2008 оны 4 дүгээр сараас эхлэн хашаа барьж хүртэл амьдарч байгаа болно. 

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар иргэн Ц.А, Ц.А бидний эзэмшлийн газрыг иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нарт давхардуулан эзэмшүүлсэн болохыг сүүлд олж мэдсэн. 

Бид Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг даргад хандан өргөдөл, гомдол гаргасан боловч бидний гомдлыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан байх тул хуульд заасан журмын дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Э.Б, Ч.Э, П.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлэхдээ:

“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өврийн , тоот хаягт 700 м.кв газар эзэмших болсон. Гэтэл 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Ц.Т, Э.Х, Г.Ч нарт дээрх газарт давхцуулан газар олгосон.

Улмаар 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглах, эрх шилжүүлэх гэрээний дагуу Э.Б, Ч.Э, П.Ц нар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан байдаг. Эндээс энэ хэргийн гуравдагч жинхэнэ этгээд нь Ц.Т, Э.Х, Г.Ч нар болж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Ц.Т, Э.Х, Г.Ч нарт газар олгосон заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. 

Ц.А миний бие хөдөө албан ажлаар сарын хугацаатай явж байгаа учир өөрийн төрсөн дүү Ц.А намайг төлөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Б.О нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Иргэн Ц.А, Ц.А нарт дүүргийн Засаг даргын 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ж уулсын өврийн дугаар хаягт орших хаягт 700 м.кв газрыг, мөн хаягт байршлуудад 700 м.кв газрыг тус тус олгосон байдаг бөгөөд Ц.А, Ц.А нарын газрын кадастрын зураг Өмч, газрын харилцааны албаны кадастрын мэдээллийн санд байхгүй байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Цийн Т, Гын Ч, Эы Х нараас иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нар дээрх байршилд газар эзэмших, ашиглах, шилжүүлэх гэрээгээр газар эзэмших эрх шилжүүлэн авсан байдаг. 

Иргэн Ц.Т, Г.Ч, Э.Х нар 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулж авсан байдаг бөгөөд иргэн Г.Ч, Э.Х, Ц.Т нарын газар эзэмших эрх олгосон хувийн хэрэг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байхгүй байна. 

Иргэн Ц.А, Ц.А нарын газрын кадастрын зураг мэдээллийн санд ороогүйгээс иргэн Ц.Т, Г.Ч, Э.Х нар 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус байршилд газар эзэмшиж, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ баталгаажуулж, кадастрын зургийн мэдээллийн санд мэдээллээ оруулсан байна. 

 Иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нарын газар дээр Ц.А, Ц.А нарын хашаа барьж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дах хэсэгт заасныг зөрчиж байсан тул заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд дүүргийн Засаг дарга тус газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч ажиллах талаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 905 дугаар албан бичгээр иргэн Ц.Аэд мэдэгдсэн байдаг. 

Тус мэдэгдлийг хүргүүлсний дараа иргэн Ц.А бусдын эзэмшил газраас нүүж, иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нар өөрсдийн эзэмшил газарт хашаа барьж байдаг. 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Ц.Аийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Цийн Т, Гын Ч, Эы Х нараас иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нар дээрх байршилд газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээгээр газар эзэмших эрх шилжүүлэн авсан байдаг. 

Ц.Т, Г.Ч, Э.Х нар иргэн Э.Б, Ч.Э, П.Ц нартай 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний 4 дүгээрт “Эрх хүлээн авч газар эзэмших /ашиглах/ гэрчилгээ олгосноор газар эзэмшигч /ашиглагч/-ийн эзэмших /ашиглах/ эрх дуусгавар болго” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Э.Б, Ч.Э, П.Ц нарт газар эзэмшүүлсэн тул дээрх иргэдийн газар эзэмших /ашиглах/ эрх дуусгавар болсон. 

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэр дурдсан иргэдийг гуравдагч этгээдээр татах эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Т.М нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Иргэн Э.Б Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ж уулсын өварт байрлах 504 м.кв газар, Ч.Э Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ж уулсын өвөрт байрлах 505 м.кв газар, П.Ц Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өвөрт 527 м.кв газрыг иргэн Ц.Т, Г.Ч, Э.Х нараас 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар тус байршилд газар эзэмшиж байсныг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх, ашиглах, эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар баталгаажуулж кадастрын зургийн мэдээллийн санд мэдээллээ оруулж шилжүүлэн авсан юм. 

Энэ хугацаанд бид уг газарт гэр барьж амьдарч байсан. Хашаа барьж чадаагүй байж байгаад П.Цгийн бие муудаж эмнэлгээр асарч байх хугацаанд бидний эзэмших газар дээр Ц.А, Ц.А нар зөвшөөрөлгүй буусан байсныг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 905 дугаар шаардах хуудас өгч газрын чөлөөлүүлж, бид уг газарт хашаа барьж одоо амьдарч байгаа юм. Энэ газрыг анх эрх шилжүүлэн авахад тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албанд ажиллаж байсан Т.Э бүх эрх шилжүүлэх кадастрын зураг хийх мэдээллийн санд оруулах ажлыг хийсэн юм. Ц.А, Ц.А нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өврийн тоот хаягтай байршилд 700 м.кв газрын кадастрын зураг Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд байхгүй байдаг. 

Энэ Ж уулын өвөр дугаар хаягтай 016 дугаартай гэрчилгээ, дугаар хаягтай 0161*******дугаартай гэрчилгээ нь өөрийн байршлын хаяг кадастрын зураг байх магадлалтай. Учир нь манай эзэмшлийн газар хаяг, тоот байхгүй байхад эдгээр хүмүүст хаягт тооттой бичиг баримт гарч ирсэн. Энэ нь манай эзэмшлийн газрыг гэрчлэхгүй өөрийн газрын бичиг баримт байх магадлалтай юм. 

Энэ нь21 дүгээр хорооны Засаг дарга н.Н******* хамаатан садны холбоотой Ц.А, Ц.А нарт манай газрыг эзэмшүүлэх гэж ямар нэг байдлаар хууль бус бичиг баримт бүрдүүлэх байх гэж үзэж байгаа юм. 

Учир нь бид эзэмших хугацаандаа номер, тоот авах гэж удаа дараа хандсан боловч өгөөгүй юм. Иймд мэдээллийн сан, кадастрын зураглалыг сайн тулган шүүж үзэн үнэн зөв нотлох баримтыг нягтлан үзнэ үү” гэв. 

Гуравдагч этгээд Ц.Т нь шүүхэд гаргасан бичгэн хариу тайлбартаа: 

 “Ц овогтой Т миний бие нь 2008 онд Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хууль тогтоомжийн дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өвөрт газар эзэмшсэн. 

Гэвч тухайн үед уг газар гэрэл, цахилгаан байхгүй, нялх хүүхэдтэй, надад хол амьдрах боломжгүй байсан учир газраа өөр хүнд хуулийн дагуу шилжүүлсэн. 

Өөр нэмэлт тайлбар байхгүй учир шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцох боломжгүй байна. 

Өөрийн биеийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйл байхгүй гэв”. 

Гуравдагч этгээд Э.Х нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

 “Миний бие Х тухайн газрыг 7 жилийн өмнө зохих журмын дагуу газрын албанд өргөдөл гарган авч зарсан ба одоо нэгэнт надад хамааралгүй гэж үзэж байгаа бөгөөд ажлын шугамаар хөдөө томилолттой байгаа тул шүүх хуралд ирж оролцох боломжгүй байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан болоход татгалзах зүйлгүй” гэв. 

Гуравдагч этгээд Г.Ч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Монгол Улсын иргэн Их Монгол овогтой Гын Ч миний бие Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Ж уулын өвөрт 527 м.кв талбай бүхий амины хашаа эзэмшээгүй, эзэмших ямар нэгэн хүсэлтийг тус дүүрэгт бичгээр өгөөгүй болохыг үүгээр уламжилж байна. 

Иргэн н.Э надтай утсаар холбогдож “миний нэр дээр газар авч бусдад зарах гэсэн юм. Чамд ямар ч асуудал гарахгүй чиний нэр дээр газар эзэмшиж байсан бүртгэл үлдэхгүй” гэж хэлсэн тул 2008 оны 10 дугаар сард Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан нь үнэн. Иргэн н.Э нь надад унаандаа шатахуун хийчихээрээ гээд 20.000 төгрөг өгснийг би авсан. Би иргэн П.Цтай уулзаж байгаагүй. Нотариатаар ороогүй. 

Иймд иргэн Ц.А нарын нэхэмжлэлтэй газрын асуудал нь миний өмчлөх, ашиглах эрхтэй холбогдолгүй тул дээрх шүүх хуралд өөрийн биеэр байлцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.А, Ц.А нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ц.А, Ц.А нарт Баянзүрх Дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 129 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өврийн 2002а, 2007а хаягт байрлалтай тус бүр 700 м.кв газруудыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 016, 0161*******дугаартай гэрчилгээнүүдийг 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгожээ.  

Гуравдагч этгээд Ц.Т, Г.Ч, Э.Х нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өвөр гэх нэртэй газарт 504, 527, 505 м.кв газруудыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ж уулын өвөр нэртэй газарт Э.Бд 504 м.кв, П.Цд 527 м.кв, Ч.Эд 505 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0214*******, 0214*******, 0214******* дугаар гэрчилгээнүүдийг олгожээ. 

Нэхэмжлэгч нар 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжаар олгосон Э.Б, Ч.Э, П.Ц нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай өргөдөл гаргасныг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Ш.М*******д шилжүүлэн өгсөн байна. 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1547 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарт “...тухайн иргэд нь дүүргийн Засаг даргын 2008 оны 342 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байна. Иймээс тухайн иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй юм” хэмээн хариуг өгчээ. 

Гуравдагч этгээд Э.Б, П.Ц, Ч.Э нар нь 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.Т, Г.Ч, Э.Х нартай “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх” тухай гэрээ байгуулж газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэмээн холбогдох гэрээнүүдийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн “гуравдагч этгээд нарын газар эзэмших хувийн хэрэг архивт хадгалагдаагүй” гэх тайлбар нь шүүхээс Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Өмч, газрын харилцааны бичиг хэргийн архивт үзлэг хийхэд гуравдагч этгээд нарын газар эзэмших хүсэлт, газар эзэмших гэрчилгээ шилжүүлэх гэрээ зэрэг газрын хувийн хэрэг авагдаагүй, 2008 оны өргөдөл гомдлыг бүртгэлд бүртгэгдээгүй, харин 2008 оны 342 дугаар захирамжаар гэрчилгээ олгогдсон иргэдийн нэрс гэх баримт дотор гуравдагч этгээд нарын нэр бичигдсэн болох нь тогтоогдсон. 

Шүүхээс нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан олгосон газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч Ц.А, Ц.А нар тухайн газраа 2014 он хүртэл эзэмшиж байхдаа 2012 онд цементэн хашааны суурь, байшингийн суурь зэргийг цутган,  гэр барьсан байх бөгөөд гуравдагч этгээд Ч.Э нар нь 2014 оноос банзан хашаа, гэр барьсан байна.          

Нэхэмжлэгч Ц.А, Ц.А нарыг дүүргийн Засаг даргын захирамж гарч  газар эзэмшиж байхдаа кадастрын зураггүй байсан гэдэг үндэслэл зааж хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нар нь 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “М*******” /M*******/ ХХК-иар хийлгэсэн кадастрын зургуудыг тус тус газар эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн байхад Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасны дагуу эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргийг дүүргийн газрын алба буюу Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алба хуулиар хүлээсэн байхад ийнхүү нэхэмжлэгчийг буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.  

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг дарга тайлбартаа гуравдагч этгээд Ч.Э нар газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авсан гэх боловч 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр “Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 129 дүгээр захирамжийг тус тус үндэслэсэн нь хууль бус болжээ. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд тавигдах шаардлага буюу бүрдүүлэх баримт, тухайн шатны Засаг даргын тодруулах зүйлүүд, гаргах шийдвэрийн талаар зохицуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэр нь энэхүү хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна.       

Гуравдагч этгээд Ч.Эгийн эхнэр П.Ц нь 2011 онд нас барсан,  тухайн газар эзэмшигчийн өв залгамжлагч тогтоогдоогүй, шүүхэд түүний эрх залгамжлагчаар Ч.Э******* оролцсон бөгөөд гуравдагч этгээд П.Ц, Г.Ч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ байгуулсан гэх боловч Г.Ч нь “ ... би газар эзэмших ямар нэгэн хүсэлтийг тус дүүрэгт бичгээр өгөөгүй, ... иргэн П.Цтай уулзаж байгаагүй. нотариатаар ороогүй” гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаснаас үзвэл Г.Ч, П.Ц нар нь хууль ёсны газар эзэмшигч биш гэж үзэхээр байна.   

Ийнхүү захиргааны байгууллага, албан тушаалтны хайнга, буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ц.А, Ц.А, гуравдагч этгээд Ч.Э, Э.Б нарын эзэмшил газар 2008 оноос хойш давхцалтай нь нотлогдож байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байгаа болно. 

Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хэн аль нь тухайн газраа эзэмших хүсэл зоригтой, нэхэмжлэгч нарт нийт эзэмшүүлсэн газрын хэмжээ 1400 м.кв, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар 1536 м.кв байх тул тухайн газарт дахин хэмжилт хийж, Ц.А, Ц.А, Ч.Э, Э.Б нарт 400 м.кв орчим газрыг тус бүр эзэмшүүлэх боломжтой нөхцөл байдал тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Ц.Т, Э.Х, Г.Ч нарт холбогдох хэсэг, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Э.Б, Ч.Э, П.Ц нарт холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.     

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдаж байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус  заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Ц.Т, Э.Х, Г.Ч нарт холбогдох хэсэг, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 342 дугаар захирамжийн Э.Б, Ч.Э, П.Ц нарт холбогдох хэсгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.А, Ц.А нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.САЙХАНТУЯА