Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

                                         

 

                                    Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хатанцэцэг,

ялтан Н.Отгонжаргал,

ялтан Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр,

хохирогч Б.Хангарьд, түүний өмгөөлөгч Д.Өлзийбаяр,

            нарийн бичгийн дарга А.Ханджамц нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Баттогтох, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201526012156 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бичээч овогт Доржсүрэнгийн Баттогтох, 1984 оны 5 дугаар сарын 25-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Уургын хонгор” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77/1 дүгээр байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЦ84052575/,

2. Баяуд овогт Навааны Отгонжаргал, 1983 оны 1 дүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Уургын хонгор” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77/1 дүгээр байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЖ83011701/,

Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны өргөтгөлийн Melange ломбарданд барьцаалсан байсан эд зүйлсийг барьцааны мөнгө төлөөгүй атлаа худалдан борлуулж, барьцааны мөнгийг төлнө гэж итгүүлэн буцаан авч иргэн Б.Хангарьдтай 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 852 дугаартай нотариатын газарт 3.700.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, мөн 70 айлын цонх хийх захиалга авсан, мөнгө хэрэгтэй байна гэж итгүүлэн дээрх ломбарданд хивс цэвэрлэгээний багаж төхөөрөмжийг барьцаалан иргэн Б.Хангарьдтай 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 915 дугаартай нотариатын газарт 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн мөнгөө төлөөгүй атлаа барьцаа хөрөнгө болох хивс цэвэрлэгээний багаж төхөөрөмжийг хими цэвэрлэгээний газар ажиллуулна гэж буцаан авч тус тус хуурч мэхлэх буюу зээлийн гэрээгээр халхавчлан, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад 6.130.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад 4.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Баттогтохыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Н.Отгонжаргалыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Баттогтоход оногдуулсан 4 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Н.Отгонжаргал нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Баттогтохоос 1.900.000 төгрөгийг, Н.Отгонжаргалаас 1.900.000 төгрөгийг, нийт 3.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хангарьдад олгож, Д.Баттогтоход урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.Отгонжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Баттогтох гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь “Melange” барьцаалан зээлдүүлэх газраар олон удаа ном журмын дагуу үйлчлүүлж байсан. Хамгийн сүүлд буюу 2014 оны 11 дүгээр сараас эхлэн миний эрхэлж байсан бизнест мөнгөний саатал гарсан тул тус барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлсээ барьцаалж мөнгө авсан. Миний хувьд гүйцэтгэсэн ажлын төлбөр орж ирээгүй, хугацаа алдсанаас болж төлбөр хойшилсон асуудал байсан болохоос хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар залилан мэхлэх зүйл огт байгаагүй. Энэ нь иргэд хоорондын гэрээ хэлцэл хийснээрээ нотлогддог. Мөн сүүлийн зээлсэн 4.000.000 төгрөгийг би иргэн Хангарьдтай харилцан тохирч барьцаа хөрөнгөгүйгээр өндөр хүүтэй буюу сарын 20 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан. Харин мөнгө авсны дараа иргэн Хангарьдын өөрийнх нь хүсэлтээр “Kirby” төхөөрөмжийг түр өгсөн. Үүнээс харахад залилах үйлдэл байхгүй гэдэг нь тодорхой байна. Энэ бүгдийг иргэний журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн энэ хэрэгт манай эхнэр Отгонжаргал ямар ч хамаагүй. Зөвхөн гэр бүлийн үүднээс энэ асуудалд анхаарал хандуулж оролцох ёстой гэж үзэж байна. Би Хангарьдтай гэрээ байгуулахад Отгонжаргалын хамт байгаагүй, харин гэр бүлийн хүн минь учраас анхнаасаа бүгдийг ярьж, хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр татан оролцуулсанд гомдолтой байна. Отгонжаргал нь бусдын адил тус барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч шүү дээ. 2015 оны 7 дугаар сарын 28-нд авсан 4.000.000 төгрөгийн гэрээ байгуулахад машинаар хамт явсан гэдгээр хүнд ял тулгаж байна. Харин Хангарьд нь манай эхнэр лүү дайрч, заналхийлж эхэлсэн нь энэ хэрэгт зориудаар хамаатуулах шалтгаан болсон гэж ойлгож байна. Отгонжаргал миний гэр бүлийн хүн учраас миний зээлж авсан мөнгийг төлье гэхэд, Хангарьд авахгүй, шоронд хамт хатаана гэж дарамталж байсан. Иймд манай эхнэр Отгонжаргал энэ иргэний хэрэгт огт хамааралгүй. Отгонжаргалыг энэ хэрэгт хамтруулсан нь цэвэр гүтгэлэг гэж үзэж байна. Энэ иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгосон нь Хангарьдын зориудаар хийсэн үйлдэл гэж үзэж болохоор байна. Иймд намайг болон эхнэр Отгонжаргалыг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

            Ялтан Д.Баттогтох, Н.Отгонжаргал нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэн Д.Баттогтох, Б.Хангарьд хоёрын хооронд барьцаагүй зээлийн гэрээ байгуулласан. Гэтэл барьцаагүй зээлийн гэрээ байгуулагдсан боловч хохирогч Б.Хангарьд нь барьцаа шаардсан. Барьцааны эд зүйлийг Н.Отгонжаргал нь Б.Хангарьдад өгөх талаар утсаар ярьсан. Гэтэл Н.Отгонжаргалыг энэ хэрэгт хамтран оролцогч гэж үзсэн. Б.Хангарьдын ажиллуулдаг ломбард нь сарын 9 хувийн хүүтэй. Гэтэл Д.Баттогтох нь 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Д.Баттогтохын зээлсэн гэх мөнгийг “Melange” ломбарданд өгөх ёстой юу, эсхүл хохирогч Б.Хангарьдад төлөх ёстой юу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар ялгаж тогтоогоогүй. Д.Баттогтохыг зээлийн гэрээгээр халхавчилж залилан мэхэлсэн гэж үзэж байгаа. Гэтэл зээлийн гэрээнд зээлийн гэрээний зориулалтын талаар дурдаагүй. Мөн иргэд ломбарднаас мөнгө авахад зориултынх нь талаар асууж тодруулдаггүй. Сарын 20 хувийн хүүтэй зээлж байгаа нь хохирогчийн буруу юу, эсхүл“Melange” ломбарданд нь сарын 20 хувийн хүүтэй мөнгө зээлдэг үү? Нэг бол иргэн Б.Хангарьд нь хувийн зүгээс 4.000.000 төгрөг зээлүүлээд байгаа юм уу гэдгийг нь тодруулаагүй. “Kirby” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж байгаа боловч барьцаанд эд зүйл тавиагүй. Эд зүйл барьцаанд тавьсан гэх баримт байхгүй. Ийм учраас нотариат орж зээлийн гэрээг баталгаажуулсан. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь Д.Хангарьдаас зээлсэн 4.000.000 төгрөгөөрөө билльярдны газар ажиллуулсан бөгөөд энэ талаараа Д.Хангарьдад хэлж, Д.Хангарьд очиж үзсэн. Энэ талаар ч хохирогч үгүйсгэдэггүй. Иймд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Ялтан Н.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Хангарьдтай хийсэн хоёр зээлийн гэрээ байдаг. Зээлийн гэрээ хийх үед би байгаагүй. Зээл авсан талаар яаж мэдсэн гэхээр эхний зээл авахад нь өөрийнхөө машинаар хүргэж өгч байсан. Хоёр дахь зээл авахад нь гэр бүлийн хүний хувьд мэдсэн. Барьцааны эд зүйл хүргэж өгсөн зүйл байхгүй...” гэв.

            Хохирогч Б.Хангарьд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үгүйсгэхгүй. Хуулийн дагуу шийдвэр гарсан гэж үзэж байна. Давж заалдах гомдолдоо намайг худал гүтгэж байна. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар хамт над дээр ирж 20 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, нотариат дээр очиж гэрээгээ баталгаажуулах санал тавьсан. “Kirby” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг барьцаанд тавьж, 2 сарын хугацаатай зээл авна. Одоо 70 айлын цонхны ажил хийх гэж байгаа гэж хэлсэн. Ингээд нотариат дээр очиж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн. Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй...” гэв.

            Хохирогч Б.Хангарьдын өмгөөлөгч Д.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн хүрээнд гарсан гэж үзэж байна. Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь хуурч мэхлэх замаар итгэл эвдсэн гэж үзэж байна. Учир нь барьцаанд тавьсан эд зүйлээ өөрсдийнх нь эд зүйл биш эзэн нь нэхээд байна гэж худал хэлж, буцаан авсан. Мөн 70 айлын цонхны захиалга авсан, удахгүй мөнгө нь орж ирнэ гэж худал. Зээлсэн мөнгөө буцаан төлөх санаа зорилго байгаагүй. Зээлийн гэрээ хийснээс хойш 2 жил гарангын хугацаа өнгөрсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн данснаас 12.000.000 төгрөг авсан боловч Д.Хангарьдын мөнгийг төлөөгүй. Н.Отгонжаргалын дансанд 50 удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн байдаг. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих зүйл нотлогдсон байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Баттогтох, Н.Отгонжаргал нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Учир нь анхнаасаа огт хийдэггүй бизнес эрхэлдэг гэж хэлсэн байдаг бөгөөд 70 айлын цонхны захиалга авч байгаа, одоо бараг урьдчилгаа мөнгө нь орно гэж Б.Хангарьд дээр ирсэн. Гэрээгээр халхавчилж залилан хийсэн гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээг хэлбэр төдий хийсэн. Хэдийгээр гэрээг Д.Баттогтох, Б.Хангарьд нар хийсэн боловч мөнгийг зарцуулах үйл ажиллагаанд Н.Отгонжаргал оролцсон. Мөн гар утсаар ярьсан бичлэг байдаг. Б.Хангарьдаас зээлсэн мөнгөөрөө биллярдны газар түрээсэлж ажиллуулж байгаа талаараа хэлсэн бөгөөд түрээсийн гэрээ нь Н.Отгонжаргалын нэр дээр байдаг. Зээлийн зорилгоосоо өөр зүйлд мөнгийг хэрэглэсэн. Мөн барьцааны зүйлийг буцааж авахдаа худал хэлж авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Хавтаст хэрэгт бүрдсэн баримтаас үзэхэд Н.Отгонжаргал нь Д.Баттогтохтой бүлэглэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны өргөтгөлийн “Melange” ломбарднаас 70 айлын цонх хийх захиалга авсан, мөнгө хэрэгтэй байна, машин угаалга, хивс цэвэрлэгээний газар ажиллуулна гэж итгүүлэн дээрх ломбарданд “Kirby” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг барьцаалан 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн мөнгөө төлөөгүй атлаа барьцаа хөрөнгөө “мэргэжлийн хяналтаас шалгана гээд байна гэж” буцаан авч, хуурч мэхлэх буюу зээлийн гэрээгээр хавхавчлан, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад 4.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

Учир нь: “Melange” ломбардтай Н.Отгонжаргал биш Д.Баттогтох зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан байх бөгөөд Н.Отгонжаргал нь өөрийн нөхөр болох Д.Баттогтохтой тухайн үед машинаар цуг очсон, 1 удаа өөрийн данснаас нөхөр Д.Баттогтохын зээлийн хүүг төлсөн, гэр бүлийн хүнийхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжиж хамт явсныг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хохирогч Б.Хангарьдын мэдүүлгээс өөр түүний үйлдлийг нотлосон баримт  хэрэгт авагдаагүй байна.

Иймээс Н.Отгонжаргалын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэг зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Харин Д.Баттогтох нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны өргөтгөлийн “Melange” ломбарднаас 70 айлын цонх хийх захиалга авсан, мөнгө хэрэгтэй байна, машин угаалга, хивс цэвэрлэгээний газар ажиллуулна гэж итгүүлэн дээрх ломбарданд “Kirby” брэндийн цэвэрлэгээний төхөөрөмжийг барьцаалан 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн мөнгөө төлөөгүй атлаа барьцаа хөрөнгөө “мэргэжлийн хяналтаас шалгана гээд байна гэж” буцаан авч, хуурч мэхлэх буюу зээлийн гэрээгээр хавхавчлан, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад 4.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Хангарьдын: “...2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баттогтох, Отгонжаргал хоёр манай ломбардан дээр ирээд нэг гуйх юм байна, ажлын чиглэлээр 70 айлын цонх хийх захиалга авчихлаа, тэр байгууллагаас хагас мөнгөө авчихсан юм, үлдсэн цонхоо захиалах гэсэн чинь мөнгө дутаад байна, чи тэрэнд туслаад надад 4.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би барьцаа өг гэсэн чинь чи надад итгэж байгаа юм чинь, барьцаа гэх юм алга, гэхдээ хивс цэвэрлэгээний багаж байгаа, тэрийг барьцаанд тавьчихъя гэхээр нь би та хоёр үнэн хэлж байгаа юм уу гэсэн чинь энэ ажлыг хийчихвэл өр ширийг чинь дараад болчих гээд байна гэсэн. Тэгэхээр нь нотариатоор орж 4.000.000 төгрөг өгсөн. Тэгээд Баттогтох, Отгонжаргал нар нь “Kirby” маркийн хивс цэвэрлэгчийг...барьцаанд тавьсан. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баттогтох, Отгонжаргал хоёр ирээд хивс цэвэрлэгчээ авчихъя, Мэргэжлийн хяналтын газраас шалгана гээд байна гэсэн. Үнэн юм уу гэсэн чинь намайг дагуулаад Багшийн дээд сургуулийн орчим байрлах хуучин байрны граж онгойлгож ороод энэ газрыг хивс цэвэрлэгээний газраар ажиллуулах гэж байгаа гээд үзүүлсэн. ...тэгэхээр нь итгээд тэр өдрөө...хивс цэвэрлэгчийг нь буцаан өгсөн. Тэр хоёр 2015 оны 8 дугаар сарын 20-нд үзүүлчихээд буцаагаад өгнө гэсэн. Тэрнээс хойш холбогдоогүй байж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Отгонжаргал, Баттогтох...нартай уулзсан чинь хивс цэвэрлэгээ хийнэ гэсэн газраа билльярдны газар нээсэн байсан. ...Баттогтох 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “kirby” брэндийн шинэ 3 хайрцаг хивс цэвэрлэгч төхөөрөмжийг барьцаанд тавьж сарын 9 хувийн хүүтэй 4.000.000 төгрөг зээлсэн. ...Тэр хоёрыг 2014 оны 9 дүгээр сард манайхаар үйлчлүүлж эхэлсэнээс хойш ...мэдэх болсон. Тэр хоёр байнга цуг манай ломбардаар үйлчүүлдэг ...эд зүйлээ барьцаанд тавихдаа л хэн нэгнийхээ нэрээр тавьдаг байсан...” /1-р хх-ийн 18-22/,

Д.Баттогтохын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр ...урагшаа явах ажил гараад Хангарьдаас 4.000.000 төгрөг бэлнээр зээлж авсан. Тэгээд 2015 оны 7-8 дугаар сард машин угаалга, хивс цэвэрлэгээний газар нээх гэж Багшийн дээдийн Авзагын 10 дугаар байрны гражийг түрээслэж засвар хийсэн. ...түрээсэлсэн газраа ажиллуулах гэсэн чинь Мэргэжлийн хяналтын газраас нийтийн эзэмшлийн орон сууцны гражид ус уур гардаг үйл ажиллагаа явуулахгүй гээд зөвшөөрөл өгөөгүй. Уг объектод нэгэнтээ засвар хийсэн байсан болохоор 6 ширээтэй пүүл билльярдын газар нээсэн. ...2015 оны 9 дүгээр сард Хангарьд надтай уулзаад мөнгө яасан бэ гэхээр нь билльярд нээгээд хүнтэй хамтарч ажиллаж байгаа, ...чиний мөнгийг энэ билльярдын газар ажиллуулахад оруулсан гэж хэлсэн. ...2015 оны 7 дугаар capд Хангарьдаас ажил хийх гэж байгаа гээд 4.000.000 төгрөг барьцаагүй бэлэн мөнгө ...нотариатаар батлуулаад зээлж авсан. Тэгээд намайг барьцаанд тавих эд зүйлс байгаа юу гэхээр нь “Kirby”-н хивс цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг тавьсан байсан. ...“Kirby” төхөөрөмжийг 2015 оны 7 дугаар сард Хишигжаргалын нэрээр 5.700.000 төгрөгөөр лизингдэж авсан. 2015 оны 8 дугаар сард буцааж өгсөн. “Kirby” цэвэрлэгээний төхөөрөмжийг Хангарьдаас авахдаа “манай объектийг мэргэжлийн хяналтаас ирж үзэх юм шиг байна, бас засвар үйлчилгээ хийхэд хэрэгтэй байна” гэж хэлээд авсан. ...Хангарьдаас зээлсэн мөнгөний хүү гэж 300.000 төгрөгийг эхнэр Отгонжаргалын данснаас Хангарьдын дансанд хийсэн. Дахиад өгье гэсэн боловч мөнгөгүй болоод байсан. ...би өөрийн биеэр Хангарьдтай нотариат дээр гэрээ байгуулж мөнгө зээлсэн, мөн барьцааны эд зүйлийг буцаан авсан. ...Хангарьдтай утсаар ярихдаа цонх хийх захиалгын талаар ярих нь ярьсан. Гэхдээ би ямар нэг газраас цонх хийх захиалга аваагүй, Хангарьд надаас зээлсэн мөнгөө нэхэхээр нь би нэг газраас цонхны захиалга авах гэж байгаа захиалгыг авчихвал мөнгийг чинь өгье гэсэн утгатай зүйл хэлсэн. ...Хангарьдаас 4.000.000 төгрөг зээлэхдээ “Kirby” брэндийн хивс цэвэрлэгээ, машин угаалга, дриллин өнгөлгөөний 1 ширхэг төхөөрөмжийг барьцаанд тавьсан зүйл огт байхгүй ээ. Мөнгөө зээлснийхээ дараа Хангарьд надаас ямар нэг барьцаа өгөөч гэхээр нь машин дотроо байсан “Kirby” брэндийн хивс цэвэрлэгээ, машин угаалга, дриллин өнгөлгөөний 1 ширхэг төхөөрөмжийг “Melange” ломбарданд оруулж өгсөн. ...би Хангарьдаас “Kirby” төхөөрөмжийг авахдаа яг тэдэнд эдэнд буцааж өгнө гэж хэлээгүй...” /1-р хх-ийн 40-41, 43-44, 46/,

Н.Отгонжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2015 оны 7 дугаар сард Хангарьд нь манай нөхөр Баттогтоход 4.000.000 төгрөг зээлүүлж байгаа гээд надаар нотариат дээр хүргүүлсэн. Тэгээд 4.000.000 төгрөг зээлэхийг би мэднэ. ...Баттогтох надад 4.000.000 төгрөг зээлж угаалгын газар ажиллуулна гэж хэлж байсан. ...Миний мэдэхээр 2015 оны 9 дүгээр сард 4.000.000 төгрөгийн хүүний мөнгө гэж Хангарьдад 200.000 төгрөг төлсөн. ...”Kirby” брэндийн хивс цэвэрлэгээний угаалгын төхөөрөмжийг анх хивс цэвэрлэгээ, машин угаалгын газар нээнэ гэж байхдаа Хишигжаргалын нэр дээр лизингээр авч байсан. ...2015 оны 9 дүгээр сард “Kirby” компанийн борлуулагчтай нь утсаар яриад 200.000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг буцааж авахаа болиод төхөөрөмжийг буцааж өгсөн. “Kirby”-ийн төхөөрөмжийг барьцаанд тавьсан зүйл байхгүй. Тухайн үед нөхөр бид хоёр Эрээн хот руу явах болоод машин дотор байсан “Kirby” төхөөрөмжийг “Melange” ломбарданд орхисон. Урьд өмнө нь гэрийн түлхүүр гэх мэт зүйлээ ломбарданд орхиод л явдаг байсан. Тэр журмаар л түр үлдээгээд байсан юм. Хангарьд өөрөө 4.000.000 төгрөгийг барьцаагүй зээлсэн. ...Манай компани барилгын фасаад хийдэг. Ямар нэг цонх хийх талаар захиалга энэ тэр авдаггүй ээ. ...Хангарьд өөрөө Баттогтоход барьцаагүй 4.000.000 төгрөг зээлүүлсэн. Мөнгө зээлснийхээ дараа ...барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, машинаа өгчих гэж хэлэхээр нь машинаа өгөх боломжгүй, чи харин “Kirby” брэндийн хивс цэвэрлэгээний төхөөрөмжийг авна гэвэл хүргээд өгье гэж хэлсэн. ...Би боломжоороо Хангарьдад мөнгийг бага багаар барагдуулж байя гэж хэлэхэд өөрөө цагдаагаар учраа олуулна гээд зөвшөөрөөгүй ээ...” /1-р хх-ийн 50, 52-53, 55/ гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Д.Баттогтох нь ганцаараа бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдсон тул Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Д.Баттогтоход холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

“Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Отгонжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Отгонжаргалыг цагаатгасугай.” гэж,

 Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Баттогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэж,

“Д.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн заалтуудыг тус тус нэмэлтээр оруулж,

3, 5 дахь заалтыг бүхэлд нь, 9 дэх заалтын “Н.Отгонжаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтын: “Шүүгдэгч Бичээч овогт Доржсүрэнгийн Баттогтох, Баяуд овогт Навааны Отгонжаргал нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Бичээч овогт Доржсүрэнгийн Баттогтохыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, бусдад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.” гэж,

8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Баттогтохоос 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг Н.Отгонжаргалаас 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хангарьдад олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан Д.Баттогтохоос 3.800.000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны 93 тоотод оршин суух хохирогч Б.Хангарьдад олгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Д.Баттогтохыг нэн даруй сулласугай.

3. Д.Баттогтох нь энэ хэрэгт 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ