Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01305

 

Ц.Гантунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1528 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Гантунгалагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдох,

5 287 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхцогтын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхцогт, нарийн бичгийн даргаар Т.Жавлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Гантунгалаг нь 2012 оны 01 дүгээр  сарын 14-ний өдөр хариуцагч “МДТОФ” ХХК-тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолбор хороолол, 119А байрны 89 тоот, 1 өрөө, 27 м.кв талбайтай орон сууцыг тухайн үеийн ханш 1 м.кв-ыг 1 259 259 төгрөгөөр тооцож нийт 34 000 000 төгрөг төлсөн.“МДТОФ” ХХК-ийн ашиглалтад оруулсан 89 тоот орон сууцны м.кв-ыг тусгай зөвшөөрөл бүхий ”Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд гэрээнд заасан, үнийг нь төлсөн талбайн хэмжээ 27 м.кв байх ёстой байтал 22.85 м.кв буюу 4.15 м.кв дутуу байгаа нь тогтоогдсон. Гэрээний дагуу 1 м.кв талбайн үнэ 1 259 259 төгрөг бөгөөд дутуу 4.15 м.кв-ын үнэ 5 225 924 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны урьдчилгаа 50 000 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн 6 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрээний хуулбар авсны төлбөр 6 000 төгрөг, нийт 5 287 924 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Гантунгалагтай байгуулсан гэрээ орон сууц захиалан бариулах тухай гэрээ гэж нэрлэгдсэн боловч энэ нь худалдах-худалдан авах тухай гэрээ юм. Тэр үед орон сууц бараг баригдаад дуусаж байсан. Ц.Гантунгалагтай байгуулсан гэрээгээр орон сууцны талбайг тэнхлэгээс хэмжинэ гэж заасан байдаг. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, нэхэмжлэгч нь тэнхлэгээс хэмжиж байгаа гэдгийг мэдэж байсан учир “МДТОФ” ХХК хариуцлага хүлээхгүй.Түүнээс хойш 4 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь багцын үнийг нийт м.кв-д хувааж зохиомлоор гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэмжилт хийсэн “Тоонто гранд” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд 1-10 давхар барилга байгууламжийн зураг төсөл гэж бичсэн байна. Харин “МДТОФ” ХХК нь 16 давхар барилга барьсан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “МДТОФ” ХХК-иас 5 231 924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гантунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МДТОФ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 98 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гантунгалагт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1528 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцогтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МДТОФ” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах харилцаа үүссэн байхад ажил гүйцэтгэх харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн нь буруу юм. Учир нь худалдан авагч тал төлбөрийг нэг мөсөн төлсөн ба гэрээнд зааснаар талбайн хэмжээг ханын тэнхлэгээс тооцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл МУ-д мөрдөж буй стандарт болох ханын дотор талаас хэмжилт хийгээгүй болохыг анхнаасаа мэдэж, тэр хэмжилтийг хүлээн зөвшөөрч, үнийг шууд төлсөн ба талуудын хооронд метр квадратын үнийг тохирсон ямар ч баримт байхгүй болно. Мөн талбайн хэмжээг өөрөө тогтоосон ч нэхэмжлэгч тал маргаж байгаа тул хөндлөнгийн байгууллагаар буюу шинжээчээр тогтоолгоё гэсэн хүсэлт гаргахад шүүх хүлээн авахаас татгалзсан. Өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх нь Үндсэн хуулиар иргэнд олгогдсон баталгаатай эдлэх эрх билээ. Гэтэл уг эрхийг эдлүүлэхгүй байгаа нь зөрчил болно.Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Гантунгалаг нь орон сууцны талбайн үнэнд илүү төлсөн зөрүүг буцаан олгуулах, учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ шаардлагыг нэхэмжлэгч Ц.Гантунгалаг нь 2015 онд анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч хариуцагч “МДТОФ” ХХК нь орон сууцны барилгын талбай тооцох аргачлал, стандартын талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэсэн шалтгаанаар Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүх шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12138 дугаар захирамжаар Ц.Гантунгалагийн нэхэмжлэлтэй “МДТОФ” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ \хх-ийн 4-5 дугаар тал\. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл арилаагүй тул Ц.Гантунгалагийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101\Ш32016\13657 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж байжээ \хх-ийн 20 дугаар тал\.

Хариуцагч “МДТОФ” ХХК талуудын гэрээнд орон сууцны талбайг тэнхлэгээр тооцсон талаар заасан ба нэхэмжлэгч гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ \хх-ийн 30 дугаар тал \.

Зохигчдын хооронд “орон сууц захиалан бариулах” нэртэй  гэрээ 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан ба энэхүү гэрээгээр хариуцагч “МДТОФ” ХХК нь орон сууцны барилгыг 2012 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч Ц.Гантунгалаг нь орон сууцны үнэ 34 000 000 төгрөгийг гэрээний стандарт нөхцөлд зааснаар хэсэгчлэн төлөх үүрэг хүлээгээгүй, харин гэрээ байгуулагдсаны маргааш нэг мөр бүрэн төлжээ. Гэрээнд орон сууцны 1 мкв талбайн нэгж үнэ тусгагдаагүй байна \хх-ийн 8-12 дугаар тал\.

Ц.Гантунгалаг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 119 дүгээр байрны 89 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ \хх-ийн 5 дугаар тал\.

“Тоонто Гранд” ХХК нэхэмжлэгчийн хүсэлтээр орон сууцны талбайг хэмжиж, 22,85 мкв болохыг тодорхойлжээ \хх-ийн 13 дугаар тал\.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хэмжээнд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Гэтэл зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч тал орон сууцыг 2012 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Гэрээ байгуулагдсанаас хойш 2 сар гаруй хугацаанд бэлэн болох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан гэж үзэх үндэслэл тодорхойгүй байна. Нөгөө талаар, уг барилга хэзээ ашиглалтад орсон, нэхэмжлэгч орон сууцыг хэзээ эзэмшилдээ авсан нь баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй. Гэтэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь хангалттай бүрэн тогтоогдоогүйгээс гадна ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргаантай, хариуцагч тал шинжээч томилуулж, талбайн хэмжээг тодорхойлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүйгээр маргааны гол зүйл хангалттай нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхэд орон сууцны талбайг хэмжүүлэх шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх “тэнхлэгээс хэмжин орон сууцны талбайг гаргах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзжээ \хх-ийн 45, 48 дугаар тал\. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны талбайг тэнхлэгээс хэмжүүлэх хүсэлт гаргаагүй харин угаас талбайг бүхэлд нь хэмжүүлэхийг хүсчээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй шалтгааныг шүүх тодруулаагүй, хүсэлтийн агуулгыг ташаа ойлгож хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т заасныг зөрчсөнөөс гадна талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.1.7., 168.3.-т зааснаар хэргийн оролцогчдын эрх зөрчигдсөн, хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байхад давж заалдах шатны шүүх энэ үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй байдаг бол нэхэмжлэгч Ц.Гантунгалагийн хариуцагчид төлсөн төлбөр нь ажлын хөлс, эсхүл эд хөрөнгийн үнэ болох талаар шүүх эрх зүйн үүднээс нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагч “МДТОФ” ХХК орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан, нэхэмжлэгч Ц.Гантунгалаг тухайн орон сууцыг эзэмшилдээ авсан хугацаа тодорхой бус байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийх боломжийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын 2012 оны 01 дүгээр сард байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд буюу 2012 оны 01 дүгээр улиралд хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн бол орон сууцны доголдлын талаар нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж үзнэ. Гэтэл орон сууцны барилга ашиглалтад орсон, нэхэмжлэгчийн эзэмшил үүссэн хугацаа тодорхой бус байгаагаас гадна нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа мөн тодорхой бус байна. Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх, эсхүл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа өөр өөрөөр тоологдох үндэслэлтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаатай явуулсан нөхцөлд шийдвэр, магадлалыг хэвээр үлдэх үндэслэлгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1528 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 99 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН