Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00631

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 309/ШШ2025/00631

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт Гонгорын Баярдулам нарт холбогдох, 

“50,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

            Хариуцагч И.Эрдэнэбилэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бид харилцан ярилцаад Г.Баярдулам, И.Эрдэнэбилэг нар нь надад мал мах, үхэр цуглуулж өгөхөөр тохирсон. Ингээд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн бяруу авахаар болж, 1 бүрийг нь 500,000 төгрөгөөр тооцон 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 70 толгой бярууны үнэ 35,000,000 төгрөгийг шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн. Мөн надад 70 тооны бяруу байгаа хүү Э.Ган-Эрдэнээр харуулж байгаа хэмээн ойлгуулж, хариулгын хөлсийг 1 өдрийн 5,000 төгрөгөөр тооцон, 7-н сарын турш нийт 2,800,000 төгрөг шилжүүлсэн. Мөн үхэр хариулах унаа авна гэхэд нь 1,500,000 төгрөг шилжүүлсэн. 70 тооны үхэрнээс 24 бярууг хөлсийг нь өгч бойлуулж авсан. 14 тооны үхэрний мөнгийг буцаан авсан. 2 үхэр үхсэн гэдэг. Би үлдсэн 30 тооны үхрээ энэ жилийн нас буюу хязаалан насны үхрийг өнөөдрийн байдлаар нь нэхэмжилж байна. Үхэр тус бүрийг 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. ...Иймд Г.Баярдулам, И.Эрдэнэбилэг нараас 30 толгой үхрийн үнэ 45,000,000 төгрөг, зээлж авсан 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн Д.*******, хариуцагч И.Эрдэнэбилэг нарын шүүх хуралдааны шатанд байгуулсан эвлэрлийн гэрээнд:  Нэхэмжлэгч Д.Баатарбаяр би Г.Баярдулам, И.Эрдэнэбилэг нараас 30 толгой үхрийн үнэ 45,000,000 төгрөг, зээлүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн өмнөх шатанд И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нар нь харилцан тохиролцож 27 толгой үхрийн тус бүрийн үнийг 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхрийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн цуглуулж өгөх /27 х 1,500,000 = 40,500,000 төгрөг/, зээлсэн гэх 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг малаа цуглуулж борлуулахад зарцуулж үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 24 тооны өмнөх үхрийн тээврийн зардалд суутган тооцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгууллаа гэжээ.

            Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нарт холбогдуулан “Бяруу худалдан авахуулахаар шилжүүлсэн 45,000,000 төгрөг, зээлүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,000,000 төгрөгөөс зээлүүлсэн гэх 5,000,000 төгрөгийг өмнөх болон одоо үхэр цуглуулж, борлуулж өгөх тээврийн зардалд суутган тооцож, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 бүр нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 30 толгой үхрийн 45,000,000 төгрөгийн шаардлагаас 27 толгой үхэр буюу 27 толгой үхрийн үнэ 40,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нар нь нэхэмжлэгч Д.*******т төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нарын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нараас улсын тэмдэгтийн хураамжид 180,225 төгрөгийг /40,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нар нь нэхэмжлэгч Д.*******т нэг бүр нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 27 толгой үхрийн үнэ 40,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Эрдэнэбилэг, Г.Баярдулам нараас улсын тэмдэгтийн хураамжид 180,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ПАГМА

ШҮҮГЧ                         П.ПАГМА