| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2025/00030/И |
| Дугаар | 309/ШШ2025/00494 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 309/ШШ2025/00494
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 309/ШШ2025/00494 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* *******ын хүсэлттэй
Үрчлэгдсэн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь “Үрчлэгдсэн болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1959 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чимэддорж гэж хүний 2 дахь хүүхэд нь болж төрсөн. Миний аав Чимэддорж, ээж Дамдинжав нарын дундаас надаас өмнө 4-5 хүүхэд төрсөн боловч бүгд л тогтоогүй учраас намайг төрмөгц Содов, Дулам гэх хүмүүст өргүүлсэн гэж ярьдаг. Ингээд миний хувьд ухаан орсон цагаасаа л өргөж авсан аав Содов, ээж Дулам нараараа овоглож өдийг хүртэл явж байна. Өргөж авсан аав Содов маань 1973 онд, ээж Дулам маань 2007 онд нас барсан. Аав, ээж минь надаас гадна ах Батсүхийг минь хүнээс өргөж авсан бөгөөд ах маань 2001 онд нас барсан. Ингээд би ганцаараа үлдэж ээж Дуламынхаа надад үлдээсэн газрын бичиг баримтыг хөөцөлдөж нэр дээрээ шилжүүлж авах гэсэн боловч үрчлэлт хийгдсэн бичиг баримт байхгүй байна гэсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс үрчлэлтийн талаарх бичиг баримтаа охины хамт явж шүүлгэж үзсэн боловч мөн л гараагүй. Ингээд шүүхээр явахыг зөвлөсөн. Миний хувьд нилээн хэдэн жилийн өмнө өргөж авсан аав *******хоо цагаатгалын бичиг баримтыг хөөцөлдөж байх үед Тагнуулын Ерөнхий газраас надад бичиг ирж байсан юм. Тэр бичигт баримт бол овог, нэр яг л таарч байсан. Гэхдээ би цагаатгалын нөхөн олговор авч байгаагүй ээ. Хамрагдах хуулийн заалт нь биш байна гэж байсан. Ер нь би хар
2025.05.01 № 00494
Хөтлөх хэрэгт 3-82 Шүүхийн шийдвэр-2025
нялхаасаа л үрчлэгдсэн учраас миний бичиг баримтууд бүгд л Содов гэсэн овгоор явдаг. Надад төрсөн аав Чимэддоржоороо овоглосон ямар ч бичиг баримт байхгүй. Тэр үеийн иргэний бүртгэлийн асуудал, бүртгэл мэдээлэл сул хайнга байсан юм уу мэдэхгүй байна. Иймд С.******* намайг 1959 онд төрсөн аав Чимэддорж, эх Дамдинжав нараас Содов, Дулам нарт үрчлэгдсэн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19/810 тоот албан бичиг, Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
3. Шүүхийн зүгээс: Нэхэмжлэгчийн үрчлэлтийн талаар мэднэ гэх Л.Доржсүрэн, Ч.Оюунсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг, мөн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах ажиллагааг тус тус хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь “Үрчлэгдсэн болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч С.******* нь 1959 онд өөрийг нь бусдад үрчилсэн үрчлэлт нь улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс шалтгаалан өргөж авсан эх Х.Дуламаас үлдсэн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан дараах бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19/810 тоот албан бичиг,
- Гэрч Л.Доржсүрэнгийн шүүхэд мэдүүлсэн “...би С.*******ын эх Дулам гэж хөгшин байсныг мэднэ, аавынх нь талаар бол мэдэхгүй. Дулам хөгшин охин *******ынхаа гар дээр байж байгаад өөд болсон. Надад ярихдаа охин *******ыгаа Чимэддорж гэж айлаас ой гарантай байхад нь үрчилж авч байсан, одоо энэ охиныхоо гар дээр л байна даа гэж ярьдаг байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Ч.Оюунсүрэнгийн шүүхэд мэдүүлсэн “...С.******* нь миний төрсөн эгч юм. Би эцэг эх 8-уулаа бөгөөд одоо С.******* эгчтэй нийлээд тавуулаа байна. Бага байхад нагац ээж минь ярьдаг байсан. С.*******ыг нялх байхад нь хүнд үзүүлэхэд “танайд алтанхан ч гарна, мөнгөнхөн ч гарна” гэж хэлээд хөдсөнд боогоод цагаан морин тэрэгтэй аваад явсан гэж. ...Ингээд аавыг нас барах үед Дулам гуай
эгч С.*******ыг минь дагуулж ирж байсан. Тэр үед би 5 дугаар ангид байсан бөгөөд түүнээс хойш л эгчийгээ болон Дулам гуайг мэдэх болсон. Сүүлд гэр орноор нь ирж очих болсон. Өргөж авсан аав *******х нь талаар мэдэхгүй ээ. Их эрт нас барсан байх. Дулам гуай бол харин сайхан өндөр насалсан, сүүлд нас барсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
5. Иймд дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ЖЮ59062266 регистрийн дугаартай Буглуу овогт ******* ******* нь 1959 онд төрсөн эцэг Б.Чимэддорж, эх С.Дамдинжав нараас Х.Содов, Х.Дулам нарын гэр бүлд үрчлэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* /РД: ЖЮ59062266/-ыг 1959 онд Хоршингийн Содов, Хорлоогийн Дулам нарт үрчлэгдсэн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА