| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/02047/И |
| Дугаар | 192/ШШ2025/03134 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03134
2025 04 21 192/ШШ2025/03134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн төлөөлөгч *** гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: ****-иас 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулах тухай Нэхэмжлэлийн агуулга нь: *** миний бие 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ***-д нэвтэрч 18,000,000 төгрөгийн барааг худалдан авч, худалдан авсан бараагаа ***хотоос ачуулах, улсын хилээр хяналт шалгалтад хамруулах, бүрэн бүтэн байдлыг хариуцуулж Улаанбаатар хотод хүлээн авахаар хариуцагч ****ны ***төлөөлөгчтэй тохиролцож, энэхүү гүйцэтгэх үүргийн даалгаврын хөлсийг 700 юань буюу 332,500 төгрөгөөр тохиролцож, хөлсийг хариуцагч компанийн төлөөлөл БНХАУ-н иргэний өгсөн Хаан банкны ***дугаартай "***-ын эзэмшигчийн дансанд 04 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Хариуцагч **** нь даалгаврын гэрээний үүргийг биелүүлж*** хотоос барааг **** улсын дугаартай ***маркийн авто машинд ачиж, улмаар ***хотын болон ***дэх гаалийн газарт ачааны бүрдүүлэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хийж улсын хилээр нэвтрүүлсэн байдаг. Улсын хилээр нэвтэрч тээврийн хэрэгсэл, ачаа бараа Улаанбаатар явах замдаа шатсан гэх шалтгаанаар миний эзэмшлийн 4-н хайрцаг 11-н пресс нийт дүн 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн үнэ бүхий бараа устаж, улмаар хөлсөнд төлсөн 332,500 /нэг сая/ нийт 18,332,500 /арван найман сая гурван зуун гучин хоёр мянга таванзуун/ төгрөгийн хохирол учраад байгааг хариуцагч тал буюу *** /РД.****/ яах нь тодорхойгүй өнөөдрийг хүрсэн. Мөн ачааны ***улсын дугаартай ***маркийн ачааны тээврийн хэрэгсэл шатсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ***аймгийн ****сум дахь прокурорын газрын прокурорын ***дугаартай тогтоолоор "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэрлэж, шийдвэрийг мэдэгдсэн болно Тиймээс хариуцагч **-с нэхэмжлэгч **** надад учирсан нийт 18.000.000 /арван найман сая/ төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү Жич: Миний худалдаж авч байсан гэх 18,000,000 төгрөгийн үнэ бүхий барааны жагсаалт нь ****аймгийн *** сум дахь прокурорын газрын шийдвэрлэсэн гэх хэрэг, материалд хавсаргагдсан тул тус баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргуулан авах хүсэлтэй байна. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оноос хойш Барилга угсралт, Барилгын засал чимэглэл, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Нийслэлийн ***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн *** нь манай компанитай холбоотой нэхэмжлэл гарсан байна. Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. ****боомтод манай компаний албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлөөлөгчийн газар байдаггүй. Харилцагч түнш иргэнээр дамжуулан өөрийн барилгатай холбоотой бараа материалын татан авалт хийдэг. 2. Манай компани өөрийн барилгатай холбоотой бараа материалын татан авалт хийхдээ Хятад иргэдтэй Wechat-аар харилцаж, эсвэл өөрсдийн биеээр хилээр гарч бараагаа худалдан авдаг ба ингэхдээ тухайн худалдан авсан барааны тээврийн хөлсийг барааны үнэтэй нь хамтад нь төлж захиалгаа өгдөг. ***түншүүдийн зүгээс ачааны жин тонноос хамааран нэг, заримдаа түүнээс дээш тооны хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын бага зэргийн ачаануудыг бөөгнүүлэн ***-ын Эрээн боомтод улс хооронд хувиараа тээвэр хийхээр хүлээгдэж буй тээврийн хэрэгсэлүүдийн аль нэгтэй "Ачаа, барааны бүрэн бүтэн байдлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө хариуцах"-аар тохиролцон ачааг тээврийн хэрэгсэлд ачуулан Монголруу илгээдэг. 3. Тухайн ***улсын дугаартай ачааны машин нь манай компаний эзэмшлийн машин биш бөгөөд манай компаний зүгээс ачаа барааны бүрэн бүтэн байдлыг хариуцах тухай тээврийн хэрэгсэл эзэмшигчтэй ямар нэгэн үүрэг хүлээх Гэрээ хийгээгүй болно. 4. Манай компаний зүгээс Монголын хил, гааль дээр тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсан ачаа, барааны гаалийн болон бусад холбогдох татвар, хураамжыг төлсөн нь ачаа, барааны бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн үг биш юмаа. 5. Дээрхи тээврийн хэрэгсэл шатсанаар манай компани их хэмжээний хохирол амсаад байгаа бөгөөд барааны төлбөрийг *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчээс гаргуулахаар хандаад байна. Иймээс манай компанид холбогдох нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, *** сум дахь Сум дундын Прокурорын газрын ***оны **дугаар сарын **-ны өдрийн ***дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар, фото зураг зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагчаас ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/92 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ****-д холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь ***-ын Эрээн хотоос илгээсэн ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж, улсын хилээр нэвтрүүлсэн боловч *** тээврийн хэрэгсэл *** аймгийн ***сумын нутаг дэвсгэрт тээвэрлэлт хийх явцдаа шатаж, 18,000,000 төгрөгийн үнэ бүхий пресстэй хувцас шатсан, ачаа шатсаны хохирлыг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
4. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-т тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ гэж, мөн хуулийн 384.3-т тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
5. Хуулийн зохицуулалтын дагуу гэрээний үндсэн дээр эд хөрөнгийг тээвэрлэх үүрэг хүлээсэн этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг устсан, гэмтсэнээс үүдэлтэй хариуцлагыг хүлээхээр байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ачаа барааг тээвэрлэх үүрэг хүлээсэн гэрээний нэг тал байх тохиолдолд нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байх нь.
6. Хэрэгт авагдсан ***аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 08 сарын 20-ны өдрийн 77 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай тогтоолоор ачаа шатах үед *** дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг*** жолоодож явсан, хариуцагч ийм тээврийн хэрэгслийг өмчилж, эзэмшдэггүй болох нь тогтоогдож байна (хэргийн 7 дахь тал). Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон гэрчийн ...Мэдүүлсэн бараанаас нийтдээ 80 хувь нь манай бараа байсан..., Манай барааг татаж авсан ***хүмүүс ачаагаа нэг агуулахад төвлөрүүлээд, тэр агуулах нь тээврийн хэрэгслээ сонгоод явуулдаг. Тэрнээс биш манай байгууллагын тээврийн хэрэгсэл бол биш... гэх мэдүүлгээр хариуцагч ***нь нэхэмжлэгчийн ачааг тээвэрлээгүй болох нь тогтоогдож байна (шүүх хуралдааны тэмдэглэл).
7. Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох буюу хариуцагч ачаа шатаж устсан үйлдэлд буруутай болохыг нотлох үүргийг шүүхийн өмнө хүлээнэ. Гэвч хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хариуцагчийг тээвэрлэлт хийхээр нэхэмжлэгчийн ачааг хүлээн авсан, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн, ачаа шатахад буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй ***аймгийн ****дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2024 оны 08 сарын 20-ны өдрийн ***дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай тогтоолд хариуцагчийг тээврийн хэрэгсэл шатсан үйл явдалд буруутгасан агуулга байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
8. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн өмнө ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй тул тээврийн хэрэгсэл шатсанаас үүдэлтэйгээр ачааны хохирол 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй, хариуцагч төлөх үүрэггүй байна.
9. Харин уг шийдвэр нь нэхэмжлэгч нь ачаа шатсан үйл явдалд буруутай этгээдийг олж, хуульд зааснаар нэхэмжлэлээ гарган хохирлоо шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ***ын хариуцагч ****-д холбогдуулан гаргасан 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ