Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Г.Х

Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Л нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 1822000440022 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн .................... оршин суух, ял шийтгэлгүй гэх Ц овогт О.Д /регистрийн дугаар /

 

    Шүүгдэгч О.Д нь 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус аймгийн Сайхан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ч-ийн зүүн дал болон тохой хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 16-17 цагийн үед адуугаа харахаар гэрээсээ гарсан. Адуугаа харчихаад сумын төв орсон. Сумаас гарах гэж байхад О “бид нар сумын баруун талд байна, хүрээд ир” гэж намайг дуудсан. Очоод 2.5 литрийн 4 сав пиво хамт уучихаад бүгд сумын төврүү орж пиво авахаар болсон. Сум орж барны гадна очоод би “найзуудаа хэрүүл шуугиан хийхгүй хэдэн пиво уугаад явъя, адуу ачих гээд машин ирсэн байгаа” гэхэд Г.Ч “би хэрүүл шуугиан хиймээр байна” гээд намайг цохиход нь би зөрүүлээд цохисон. Түүнээс болоод зодоон болж хажуунаас мөн Р ирж намайг зодсон. Айж балмагдсандаа халаасанд байсан хутгаар Г.Ч-ийн тохойнд хутгалсан байсан. Эмнэлэгрүү орох гэтэл Ц, О, Р гурав надруу дайрч О намайг цохисон гэв.

 Хохирогч Г.Ч-ийн: ...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бензин авах гээд сумын төв ороод дэлгүүрээс 1 том пиво авсан. Сумаас баруун тийш 1 километр орчим газарт Баяр, Р, Ш, Ц, Ц, В бид хэд 2,5 литрийн 3 пивотой  очоод 1 пивоо уугаад сууж байтал О.Д ирсэн. Бид хэд пивоо ууж дуусаад суман дээр бар нэртэй хашааны үүдэнд ирсэн. Би мотоциклиос буугаад Шааравнямтай яриад зогсож байтал О.Д ирээд “яриа хөөрөө юу байна” гэхээр нь би “яасан бэ надтай ярих юм уу” гэхэд уурлаад түрээд дайрсан. Гараа далайгаад дайрангуут нь би гараараа хаагаад зугтаатал хамт явсан залуу нь барьж авсан. Ш бид 2 эмнэлэгт очиж үзүүлээд оёулж боолт хийлгэсэн. Намайг ямар шалтгааны улмаас хутгалсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Гэрч Л.Р-ийн: ... 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 18 цагийн үед би В-ийн хамт Сайхан-Овоо суманд ирээд дэлгүүрийн гадна зогсоход манай сумын  4 залуу таарсан. Бид хэд дэлгүүрээс пиво аваад сумаас баруун тийш 4 километр орчим яваад овоон дээр зогсож пиво уусан. Пиво ууж байхад О.Д гэх залуу ирсэн. Пиво уучихаад бүгдээрээ  сумруу орох гээд явсан. В бид 2 хамгийн ард мотоцикльтой явж ирээд мотоциклио данхраадаад буутал Г.Ч би хутгалуулчихлаа гэсэн. Ш- ирээд Г.Ч-ийг дагуулаад эмнэлэг явсан. О.Д, О 2 муудалцаад барилцаад авахаар нь би салгах гээд голоор нь ороход О.Д намайг мөргөсөн. Тэгэхээр нь би О.Дыг нүүрэнд нь 2 удаа цохисон...Г.Ч “О.Д намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Г.Ч-ийн зүүн тохойн хэсэг мөн зүүн талын далан дээр шарх байхыг эмнэлэгт харсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Гэрч Т.Ш-ын: ...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сайхан-Овоо сумын төвөөс бензин авах гэж ирээд найзуудтайгаа таарч сумын урдруу хөдөө гарч 4 том савтай пиво наймуулаа хувааж уусан. Тэгээд сумын төврүү ирж барлуу орох үед  О.Д “надтай ярих хүн байна уу” гэхэд Г.Ч “би чамтай ярья” гэхэд О.Д “чи надтай ярьдаг хэн бэ” гэж хэлээд Г.Ч-ийг түлхэж өөдөөс нь дайрахад Г.Ч ард байсан мотоцикльдоо тээглэж унаад, босоод зугтаасан. О.Д араас нь хөөгөөд байхаар нь би “та яагаад байгаа юм” гээд бариад авахад баруун гарт нь хутга байх шиг харагдсан. Би О.Д-ыг дагуулан хашааны буланд суулгахад “чи намайг тавихгүй бол чамайг ч гэсэн хутгална шүү” гэхээр нь би айгаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч Ч.В-ийн: ...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би Сайхан-Овоо сумын төвөөс урагш найзуудтайгаа 4 том савтай  пиво уусан. Тэгээд сумын төвын барны гадаа ирээд зогстол түрүүлж ирсэн 2 залуу хоорондоо  маргалдаад нэг нь мотоцикль түлхээд унаж байгаа харагдсан. Г.Ч “О.Д намайг  хутгалчихлаа” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

Гэрч Д.Ц-гийн: ...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би найз нартайгаа сумаас урагш 4 том савтай пиво уугаад сумын төврүү ороод барны гадаа ирээд зогсоход мотоцикль дуугараад хүмүүс маргалдаад байх шиг байсан... О.Дыг хүн хутгалчихлаа гэж Г.Ш-аас сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Гэрч Н.Б-ийн: ...2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 цаг 30 минутын үед сувилагч Б өөрийн утсаар “хутгалуулсан хүн ирсэн” гэж дуудсан. Г.Ч гэх залуу тохойны ар талын хэсэг мөн далны ар талын хэсэгт хутгалуулсан шархтай байсныг үзээд тохойны ар талын хэсэгт 5 оёдол, далны хэсэгт 1 оёдол товьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 180200071 дугаартай дүгнэлтэд

“Г.Ч-ийн биед зүүн  дал, зүүн тохой орчим шарх тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн шарх нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 44/

 

- Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2179, 2180 дугаартай дүгнэлт /хх-ийн 48, 52/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 6/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч О.Д нь 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр тус аймгийн Сайхан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Ч-ийн зүүн дал болон тохой хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч О.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Хохирогч Г.Ч тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт болон хэргийн материалтай танилцаад “хохиролд 2100000 төгрөг хүлээн авсан, гомдол санал зүйлгүй” /хх-ийн 74, 92/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүгдэгч О.Дын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.

       

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ц овогт О.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Д-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

         5. Шүүгдэгч О.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

        

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй эвхдэг хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт  шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ