Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00052

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 101/2020/04553/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 519 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******т холбогдох

32.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******тай 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5158 УБВ Land cruiser машиныг зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг хүүгүй 4 сарын хугацаатай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сард 20.000.000 төгрөг хийх журмаар тохиролцож гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч ******* нь үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 120 хоногийн алданги үндсэн зээл 20.000.000 төгрөг түүний хүү болох 12.000.000 төгрөгийн хамт хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* Улаанбаатар хотоос 52-ын даваа өгсөж явахад хариуцагч *******ын хүү хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрж ирэн *******ын өмчлөлд байдаг ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, 44 сая төгрөгийн хохирол учруулсан. Хохирлын үнэлгээний тайлан гарсан. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас энэ хэргийг шалгахад *******ын хүүгийн 100 хувь буруутай гэсэн ослын дүгнэлт гарсан байдаг. ******* *******тай уулзаж, хүүхдийнхээ өмнөөс явж байна, гомдол саналгүй гээд өргөдлөө татаад авчих хохирлыг барагдуулъя гэж хэлсэн. ******* үнэхээр тийм юм бол би машинаа 120 сая төгрөгөөр авсан юм, та 100 сая төгрөг төлөөд авна гэвэл гомдол санал, хохирол төлбөргүй гээд хэлээд өгье гэхэд ******* 80 сая төгрөгөөр авъя гэж хэлээд, талууд тохиролцоонд хүрсэн байдаг.

Ингээд талуудын тохиролцсоноор 80 сая төгрөгийг ******* төлж, тээврийн хэрэгслийг авна. Төлбөрийг нэн даруй төлнө гэсэн. Иргэний хуульд заасан гэрээ байгуулагдсан байна. Мөн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний дагуу авахаас гадна, тооцооны төлбөр барагдуулах гэрээг байгуулж, гэрээгээ баталгаажуулсан байдаг юм. Тооцооны төлбөр барагдуулах гэрээгээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 80 сая төгрөгийг төлж барагдуулах ба сар бүрийн 15-ны өдөр 20 сая төгрөг төлнө гэж заасан байгаа.

Гэвч хариуцагч тал 60 сая төгрөг төлснөөс хойш 20 сая төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тооцооны төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байгаа. Хариуцагч нь 80 сая төгрөг төлөхөөс 60 сая төгрөг төлсөн ба үлдэгдэл 20 сая төгрөг болон алданги 12 сая төгрөг, нийт 32 сая төгрөгийг *******аас нэхэмжилж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс 4 амортизаторын үнэ гэж 20 сая төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээж аваагүй тул дахин нэхэмжлэл гаргахдаа 15 сая төгрөг болгож бууруулсан байдаг ба тийм үнэтэй амортизатор байдаг талаар хэрэгт нотлох баримт байхгүйг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч И.Атарбямба нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжилсэн 20.000.000 төгрөг, хүү, алданги гэх 12.000.000 төгрөг нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд ******* нь 60.000.000 төгрөгийг *******ын дансаар авсан асуудал дээр маргадаггүй бөгөөд үлдэх 20.000.000 төгрөгийн учрыг олж мэдээгүй, түүний нөхөр болох *******аасаа асуугаагүй. Ташаа буруу хандсан гэж үзэж байна.

Учир гэвэл үлдсэн гээд байгаа 20.000.000 төгрөгийг ******* нь дээр өгсөн 60.000.000 төгрөгийн 30.000.000 төгрөгийг өгсний дараа та одоо 30.000.000 төгрөгийг тохиролцсон хугацаанаас өмнө нэн даруй цувруулахгүй бөөнд нь өгчих юм бол үлдэх 20.000.000 төгрөгийг авахгүй. Хасаж тооцъё гэж ярилцан ам хэлцэл хийсэн юм. Шалтгаан гэвэл уг тээврийн хэрэгсэл 2020 оны 01 дүгээр сарын 15-ны худалдах, худалдан авах гэрээнд заасанчлан биет байдлын доголдолгүй зориулалтаар ашиглах бүрэн боломжтой биш өөрөөр хэлбэл авто осолд орж 44.000.000 төгрөгийн эвдрэлтэй нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон автомашиныг авч зардал их гаргаж засаж янзлан зарна гэдгийг ойлголцон нэг дор 30.000.000 төгрөгийг бөөнд нь өгөх тохиролцоондоо хүрч 2020 оны 04 дүгээр сарын 14-нд мөнгийг өгч тооцоогүй болсон гэдгээ бүрэн ойлголцсон.

Энэ талаар ******* бид хоёр утсаар 2020 оны 04 дүгээр сарын 13-ны үед ярилцсан ярианы бичлэг байгаа тул нотлох баримтаар өгөх болно. Уг бичлэгт ******* 30.000.000 төгрөгийг өгчихвөл /Тэгэхээр бөөнд нь хийчихвэл хоёр яс салъя. Таныг зовоогоод яах вэ?/ гэсэн тов тодорхой үг байгаа. Мөн миний /ах нь ярьснаараа бөөнд нь хийчихвэл болчихно/ гэх үг яриа нотолно. Дараа нь авсан машиныг их зардал гарган засаж 60.000.000 төгрөгөөр Пүрэвсүрэнгийн Болдбаатар гэх хүнд худалдсан. Мөн нөгөө талаар *******, эхнэр ******* нар машиныг зарахдаа 4 шинэ амортизатор сая дөнгөж тавьсан гэж хэлж харуулж байсан бөгөөд машиныг надад өгөхдөө кенийн 4 ширхэг пүрштэй амортизатор сольчихсон өгсөн. Үүнийг сольсон Мөнххада авто засварын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны тооцооны баримтаар давхар нотлогдоно. Landcruiser 200 маркийн автомашины пүрштэй шинэ 4 ширхэг амортизатор 20.000.000 төгрөгөөр авсан гэдгээ тухайн үед ******* ярьж байсан юм. Тэд яриандаа хүрэхгүй гэрээг далимдуулж зүй бусаар их мөнгө нэхэмжилж байгаа.

Өөр бусдад итгэмжлэл өгөх нэрийдлээр /Идэрчулуун гэгч/ хүнээр ажил хийлгүүлэхгүй дарамт хэвлэл мэдээлэлд цахим орчинд янз бүрийн юм бичүүлж нэр төрд халдсан. Иймд *******, ******* нар машин зарахдаа сольж авсан 4 ширхэг амортизаторын үнэ болох 20.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилнэ.

Мөнгийг *******ын данс руу хийх хэлцэл хийж Landcruiser автомашин түүний эхнэрийн нэр дээр байсан болохоор худалдан авах гэрээг *******тай хийсэн. Үнэн хэрэг дээр худалдан авах гэрээг *******тай хийсэн юм шиг хэлбэр талаасаа харагддаг боловч агуулга нь гэрээний нөхцөл болон мөнгөний дүнг ихэсгэх, багасгах асуудлыг ******* гол үүрэг гүйцэтгэж 60.000.000 төгрөгийг тэр дансаар авч тооцоог дуусгах аман хэлцэл хийсэн. Энэ нь *******ын болон миний банкны дансны хуулгаар нотлогдоно.

Дээрх нөхцөл байдал болон миний зүгээс гарган өгч буй гэрээ бичлэг үнэлгээг автомашины зураг, банкны хуулга холбогдох нотлох баримтуудыг нягтлан үзэж *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож миний гаргах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нь автомашин худалдах 2020 оны 01 дүгээр 15-ны өдрийн гэрээний дагуу Landcruiser 200 маркийн машины үлдэгдэл мөнгө болох 20.000.000 төгрөг, алдангийн хамт 32.000.000 төгрөг нэхэмжилсэн байх тул би хариу болгон 15.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. ******* нь уг машиныг зарж надад хүлээлгэж өгөхдөө 15.000.000 төгрөгийн үнэ бүхий пүрштэй шинэ 4 ширхэг кень маркийн амортизаторыг сольчхоод өгсөн. Түүний нөхөр болох ******* Мөнх Хада гэх авто засварын газраар солиулсан байдаг. Landcruiser 200 маркийн машины пүрштэй шинэ 4 амортизатор засварчнаар солиулж авсан ч, нотлох баримт болох тухайн өдрийн /2020.01.07/ Мөнх Хада ХХК-ийн тооцооны хуудас, зардалд 1 сая төгрөг гарсан байдаг. Тэд машиныг зарахдаа пүрштэй шинэ 4 амортизаторыг сая тавьсан гэж хэлж, харуулж байсан юм. Дэлгүүрт Landcruiser 200 авто машины пүрштэй 4 амортизатор 15.000.000 төгрөгөөр зарагдаж байгаа гэж ярьж байсан. ******* гэрээнд заасанчлан шаардлага хангасан доголдолгүй машин зараагүй юм. Уг автомашиныг түүний нөхөр ******* барьж явахдаа осолд орж 44.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эвдрэл гаргасан байдаг. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон.

Эхнэр *******ын нэр дээр байдаг Отгонбаярын өөрийн эзэмшлийн, Landcruiser 200 маркийн машиныг надад зарсан болно. Иймээс *******аас Landcruiser 200 маркийн машины пүрштэй 4 амортизаторын үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

*******, ******* нарын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл, гэрээ хийгдсэн ба энэ асуудал дээр надад огт хамааралгүй 4 амортизаторын үнийг гаргуулна гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 шинэ амортизатор хэзээ, хэн хаанаас аваад *******т зарсан Landcruiser 200 маркийн автомашинд тавиад дараа нь буцааж авсан гэх асуудлыг миний зүгээс огт мэдэхгүй бөгөөд яагаад надтай холбон сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд *******ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 519 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч *******аас 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 2.000.000 төгрөгийн шаардлага болон *******ын 15.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.970 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэт явцуу байдлаар үнэлэн үйл байдлыг бодитойгоор авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх 20.000.000 төгрөгөөс татгалзсан нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Хэрэв бидний ярианы утга агуулгаас сайтар анхаарч сонсвол бүрэн ойлгогдоно. Болж буй үйл баримт ч нотолно. Төлбөр төлж байгаа тооцоог анхаарч үзвэл тодорхой байгаа. Жишээлбэл бөөнд нь мөнгөө хийчихвэл бусдыг нь орхиё гэсэн байдаг.

Мөнгө өгсөн баримтаар ч аман хэлцэл болон ярианы бичлэгийн дараа 30 сая төгрөг өгсөн нь нотлогдож байгаа. Үүнээс хойш нэхэмжлэл гаргатал мөнгө нэхээгүй байдлаар давхар нотлогдоно. ******* нь надтай ам хэлцэл хийж машин зарахад байлцсан гол хүн нь. Өөрийнхөө гараар бичсэн өөрийнхөө машиныг зарсан гэсэн бичвэр байдаг. Би бодит байдлыг хэлж, болсон үйл баримтын талаарх нотолгоог шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь бодит зүйлийг гуйвуулж, гэрээ хэлцлийг ашиглан халхавчилж, зүй бусаар мөнгө авах боломжийг олгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон гэрээ нь бодит байдлыг халхавчилсан гэрээ юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд *******, ******* нар зарсан машины пүрштэй амортизаторыг засварын газар солиулж авсан байдаг. Гэтэл 20 сая төгрөгийн үнэтэй кень пүрштэй 4ш амортизаторыг саяхан сольж тавьсан гэж харуулж, үнээ тэр хэмжээгээр өсгөж зарсан. Гэтэл амортизатор нь үнэлгээгээр 3 сая төгрөг болсон. Гэрээний 4.3-т худалдагч тал чанар доголдлын талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргээ зөрчиж худал мэдээлэл өгсөн. Шүүх надаас ядаж 3 сая төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд бидний хувьд наймаа дууссан гэж гэж үзээд гомдол гаргаагүй. Үнэтэй амортизатор биш болохыг үнэлгээ тогтоосон нэхэмжлэлээс мэдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дүйцүүлэн би үнэлгээг багасгаж 15 сая төгрөг нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 32.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх 30.000.000 төгрөг гаргуулан үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн нэхэмжлэгчээс 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч тал шүүхэд ...2020 оны 01 сарын 05-ны өдөр 51-58 УБВ дугаартай land cruiser машиныг зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгөөр 2020 оны 5 сар хүртэл сарын 20.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч үлдэгдэл 20.000.000 төгрөгөө төлөөгүй тул гэрээнд заасны дагуу 120 хоногийн алданги тооцож 12.000.000 төгрөгийн хамт гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гарган мэтгэлцсэн бөгөөд сөрөг нэхэмжлэл гарган 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэлдээ ...******* уг машиныг зарж надад хүлээлгэн өгөх үедээ 15.000.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг шинэ пүрштэй кень амортизаторыг сольчихсон байсан, машинаа үнэлж өгөхдөө энэ амортизаторын үнийг оролцуулан тооцсон гэжээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбар хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл талуудын хооронд авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

Гэвч гэрээ байгуулах зорилго талуудын хүсэл зориг нь хувьд худалдагч талд буюу нэхэмжлэгч ******* түүний нөхрийн хувьд авто ослын улмаас учирсан хохирол барагдуулах, *******ын хувьд өөрийн хүүгийн *******, ******* нарт учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор осолд орсон машиныг авч үнэ төлөх тохиролцоо хийжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарт худалдах, худалдан авах гэрээг жинхэнэ утгаар нь хийх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байна. Хэдий ийм ч бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний үүрэг буюу төлбөр шилжүүлэх тухай тохиролцоог талууд маргаагүй байна. Төлбөр барагдуулах гэрээний дагуу сар бүрийн тогтсон хугацаанд төлбөр гүйцэтгэх үүргээ хариуцагч тал гүйцэтгэж байсан харин сүүлийн төлбөр буюу 20.000.000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээ урьдчилаад мөнгөө өгчихвөл төлөхгүйгээр тохирсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч тал уг тохиролцоог үгүйсгэсэн байна.

Бичгээр байгуулсан төлбөр тооцооны гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээг амаар байгуулсан гэж маргаж байгаа тохиолдолд үүнийг нотлох баримт байхгүй байна.

Талууд гэрээг хэдийд ч өөрчилж цуцалж болохоор тохиролцсон хэдий ч энэ нь ямар хэлбэртэй байх талаар гэрээнд тусгаагүй байна.

Мөн хариуцагч тал *******тай гэрээний үлдэгдэл төлбөрөөс чөлөөлөгдөх талаар амаар тохиролцсон гэх тайлбар нь *******тай байгуулсан бичгийн гэрээний үүрэг, түүний хүчин төгөлдөр байдлын хувьд нөлөөлөхгүй байна.

Иймд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин гэрээнд заасан алдангийн тухайд алданги тохиролцсон нь хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэлийг 2020 оны 9 сарын 16-нд буюу хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс хойш 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж 120 хоногийн алдангид нэхэмжилжээ.

Харин шүүх шийдвэрийн дүгнэлтийн хэсэгтээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 399 хоногийн алданги тооцож гэх дүгнэлтийг хийж алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжлэлээс хасаж шийдвэрлэжээ.

20 сая төгрөгийн алданги 120 хоногоор 0.5 хувиар бодоход 12.000.000 төгрөг болж байгаа нь тооцооллын хувьд зөв байх боловч шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.8-д заасныг баримтлан багасгаж шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй өөрийн сайн дурын үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүнд хүүгийнхээ учруулсан хохирлыг төлөхөөр тохиролцсон байна.

Ийм зорилгоор төлбөр барагдуулах болон худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө биелүүлж байсан, харин сүүлийн төлбөрийг төлөх хугацааг *******тай байгуулсан ам хэлцлийн улмаас хийгээгүй гэх тайлбарыг гаргаж байгаа байдлыг харгалзан үзлээ.

Өөрөөр хэлбэл *******ын *******ын өмнө үүрэг хүлээх болсон нөхцөл байдал, үүргийн мөн чанар, хугацаа хэтрүүлсэн нөхцөл шалтгаан зэрэг байдлуудыг шүүх харгалзан үзэж анхан шатны шүүхийн хуульд нийцүүлэн гаргуулсан 10.000.000 төгрөгийн алдангиас 5.000.000 төгрөгийг багасгаж шийдвэрлэв.

Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй гэж маргасан хэдий ч хэргийн 4 дүгээр талд авагдсан тооцоо нийлж төлбөр төлөх гэрээ нь энэхүү худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ гэж үзэгдэхээр байгаа бөгөөд цаг хугацааны хувьд худалдах, худалдан авах гэрээний дараагаар байгуулагдсан байна.

Иймд талууд алданги төлөхийг зөвшөөрсөн байна гэж үзнэ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргажээ.

Дээр дурдсанчлан гэм хорын төлбөр төлөх зорилгоор эвдэрсэн машиныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь Иргэний хуулиар хориглоогүй үйлдэл бөгөөд талууд энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тохиолдолд шүүх талуудын дунд үүссэн маргаантай харилцааг энэхүү гэрээний үүрэгтэй холбогдуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Энэхүү гэрээгээр талууд авто ослын улмаас эвдэрсэн машины үнэ тохиролцон төлбөр барагдуулсан байна.

Ийнхүү тохиролцоо хийхдээ машиныг бүхэлд нь үнэлсэн байгаагаас гадна тодорхой эд ангийн талаар тусгайлан тохиролцоо хийгээгүй болох нь батлагдаж байна.

Иймд амортизаторыг өөр хямдхан чанаргүй амортизатораар сольсон гэх гомдол нь эд хөрөнгийг доголдолтой байдлаар шилжүүлсэн гэж үзэн худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг оновчтойгоор хэрэглээгүй байна.

Талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь тус хуулийн 262, 263 дугаар зүйлүүдийн үндсэн агуулгад нийцээгүй байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг барагдуулсан бөгөөд уг гэрээнд байх зарим нэг хуулиар тавигдах шаардлагыг гэрээгээрээ зохицуулсан байна гэж үзэхээр байна.

Тухайлбал худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг гэрээгээр тохиролцсон эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцжээ.

Гэхдээ гэрээнд машиныг бүхэлд нь шилжүүлж байгааг дурдсан харин тодорхой эд ангиудын чанар байдал үнэлгээг дурдаагүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл худалдан авагч талд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх гэрээгээр үүсээгүй байна.

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн 15 сая төгрөгийг тус хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 519 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч *******аас 30.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 2.000.000 төгрөгийн шаардлага болон *******ын 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэснийг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч *******аас 25.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 7.000.000 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан *******ын 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож гэж,

2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.970 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэснийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321.970 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 100.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.АМАРСАНАА

                                                                                           ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

                                                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ