Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

 

 

 

 

      

 

 

      2023            12           15                                       2023/ДШМ/39

 

 

 

М.А, Э.Ү, Б.Э, Х.М

нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.Дашням,

Шүүгдэгч:  Э.Ү, Б.Э, Х.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун, Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 2023/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцлийг үндэслэн, М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт холбогдох 2319000180120 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Л овогт М.А , *тоотод түр оршин суух, урьд шийтгэл эдэлж байгаагүй,

 

Б овогт Э.Ү , * тоотОд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Б овогт Б.Э , * тоотод оршин суух, урьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Х овогт Х.М  , * тоотод оршин суух, урьд, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нар нь гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр баг Тойг бригадаас 6,8 километр зайд байрлах Засаг чандмань Майнз ХХК-ний өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 332-325 дугаар шонгийн дэргэдээс АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг 51-16 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11,774,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л овогт М.А , Б овогт Э.Ү , Б овогт Б.Э , Х овогт Х.М   нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л овогт М.А , Б овогт Э.Ү , Б овогт Б.Э , Х овогт Х.М   нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт анхааруулж,

 

Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,875,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1161 ширхэг, 1784 метр урттай АС150 маркийн хөнгөн цагаан утсыг шийдвэр биелүүлэх үеийн зах зээлийн үнээр зарж улсын орлого болгохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний нэхэмжлэгч М.Баттулга нь 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,хавсарган ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх ... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 51-16 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, аль эсвэл үнийг улсын орлого болгохоор хуульчилсан тул анхан шатны шүүх нь шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдээгүй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх учиргүй юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэлд шүүгдэгч нарын унаж явсан гэх 51-16 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хамааруулан мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

6. Прокурор Б.Дашням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

7. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Миний үйлчлүүлэгч нарын зүгээс ямар нэгэн байдлаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэм буруу дээрээ маргаагүй, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ... Улсын яллагчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцэлд өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал байхгүй” гэв.

 

8. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хэрвээ прокурорын эсэргүүцэл биелэх юм бол шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ. Бид нар энэ асуудлыг анхнаасаа хөндөөгүй учраас энэ дээр зөв буруу гэдгийг хэлэхээсээ түдгэлзэж байна. Прокурорын эсэргүүцэлд тусгайлан гаргах санал байхгүй байна...” гэв.

 

9. Шүүгдэгч Э.Үүрцолмон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 өмгөөлөгчийнхөө саналтай нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.

 

10. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Бид нар хохирогч байгууллагаас уучлалт гуйсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дагахыг хүсэж байна” гэв.

 

11. Шүүгдэгч Х.Мөнх-Од давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Учир нь:

 

1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах журмыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

2. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нар нь 2022 оны 12 дугаар 08-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас цааш нутаглаж байгаа отрын таарсан айлаас өвлийн идиш худалдаж авах зорилготойгоор явж байхдаа  Алтанширээ сумын 1 дүгээр баг, Тойг багаас 6.8 км зайд “Засаг Чандмань Майнз” ХХК-ны өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 332-325 дугаар шонгийн дэргэдээс хөдөө хээр тасдаж жижиглэсэн байдалтайгаар орхисон АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг авах санаа зорилгоор нэгдэн  51-16 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч бусдад 11,774,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

 

3. Шүүгдэгч нарын энэ үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хулгайн гэмт хэрэгт автомашин ашигласан гэж яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг хулгай хийх зорилгоор 51-16 ДГО улсын дугаартай “Киа Вонгопронтер” маркийн автомашиныг урьдчилан бэлтгэсэн гэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж, хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Шүүгдэгч нар хөдөө эзгүй хээр байсан “Засаг Чандмань Майнз” ХХК-ны өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 332-325 дугаар шонгийн дэргэдээс АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг хулгайлсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-19/,  хэргийн эд мөрийн баримт болох утас ачсан 51-16 ДГО улсын дугаартай “Киа вонгопронтер” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 30-44/, хохирогч “Засаг Чандмань Майнз”ХХК-ны төлөөлөгч Б.Билгүүн, “Геомандал” хамгаалалтын ажилтан Т.Мөнхбаяр /1хх 59-60/, Б.Баяртсайхан /1хх 83-84/, Ш.Чойжилсүрэн /1хх67-68/, цахилгааны утасны болон 51-16 ДГО улсын дугаартай автомашины үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн тухай баримт/2хх 200/ зэргээр  тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна. 

 

5. Шүүгдэгч нарын  “Засаг Чандмань Майнз”ХХК-ны өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 332-325 дугаар шонгийн дэргэдээс АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг бүлэглэж хулгайлж 11,774,400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэх шинжид,

 

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэх шинжид тус тус нийцсэн.

 

6. Прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ 51-16 ДГО улсын дугаартай “Киа вонгопронтер” маркийн автомашиныг ашигласан гэж ялласан боловч анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д заасан  “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн” гэх энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь хамтдаа өвлийн идиш худалдаж авахаар явсан гэснээс өөр бусад байдлаар тогтоогдсон зүйлгүй тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашиныг зориуд санаатайгаар урьдчилан бэлтгээгүй байна гэж үзсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

7. Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ үнэнч шударгаар хүлээн мэдүүлсэн байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь шүүгдэгч нарын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзсэн.

 

8. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

9. Мөн анхан шатны шүүх “...шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар “51-61 ДГО улсын дугаартай “Киа Вонгопронтер” маркийн автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор хулгайн гэмт хэрэгт машин механизм ашиглаж үйлдсэн гэх  нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь бодит байдалд нийцсэн байна. Харин “51-61 ДГО улсын дугаартай “Киа Вонгопронтер” маркийн автомашины үнэ болох 7,500,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 2, 4-т заасныг баримтлан шүүгдэгч нараас хуваан гаргуулж, улсын орлогод оруулахаар хөрөнгө, орлогыг албадан хураах албадлагын арга хэмжээг авсан нь  анхан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.

 

Анхан шатны шүүхийн энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул энэ үндэслэлээр тогтоолд өөрчлөлт оруулна.

 

10. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  А.САЙНТӨГС