| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00025/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1822000690026 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бүрэн дунд сургуульд газар зүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ........ оршин суух хаягт бүртгэлтэй, Дундговь аймгийн ........... түр оршин суух, ял шийтгэлгүй гэх Т овогт Д.Б /регистрийн дугаар /
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багш, ажилчдын байранд иргэн Г.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр сургуулийн захирал Л.Б-ын гэрт Ө.З, Г.Д бид хэд очсон. Орой 12 цагийн үед Л.Б-ын гэрээс гарч, багш нарын дотуур байрлуу явсан. Г.Д надруу “чамайг хутгална, ална” гэж дайрсан учраас би Г.Д-ийг цохисон. Дахиад надруу дайрч магадгүй гэж бодоод хажуу өрөөнд амьдардаг багшийн гэрийн хаалгыг тогшиж “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлээд цагдаа дуудуулсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Г.Д-ийн: ...2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгаас таньдаг багш нар ирээд орой баранд орж караокед дуулсан. 00 цагт барнаас гараад сургуулийн захирал Л.Б-ын гэрт Д.Б, Ө.З нартай хамт очин нэг шил архи ууж, юм ярьж сууж байгаад 03 цагийн үед Ө.Зын машинаар сургуулийн дотуур байранд хүргүүлсэн. Д.Б бид 2 байрруу орох үед байрны үүдэнд хоорондоо маргалдаад намайг 2, 3 удаа цохисон. Би гэрлүү ороход Д.Б араас дагаж манай гэрт орж ирээд намайг шалан дээр унагаад нүүрлүү хэд хэдэн удаа өшиглөж, миний толгойруу дэвсэж, бөөр нурууруу өшиглөж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Гэрч Н.Н-ийн: ...2018 оны 3 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 3 цагийн үед Д.Б гэх газар зүйн багш манай гэрийн хаалгыг тогшоод “гараад ир, энд хүн амины хэрэг гарлаа, цагдаа дуудаадах” гэж хэлэхээр нь би айгаад гараагүй, сумын цагдааг утсаар дуудсан... Г.Д багш “хутгална, ална” гээд хашгираад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 180200108 дугаартай дүгнэлтэд
“1. Г.Дийн биед баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун эгэм, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, зүүн хөмсөг, зүүн чамархайн хуйх, зүүн чих, зүүн чихний ар төвгөрт цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруул, эрүү, зүүн эгэм, мөр, баруун эгэм, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 13/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-22/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-35/
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр тус аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багш, ажилчдын байранд Г.Дтэй маргалдаж, түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Г.Д тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “бид 2 хоорондоо ярилцаж тохиролцон хохирлыг бүрэн барагдуулсан, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, гомдол саналгүй, Д.Б бид 2 эвлэрсэн” /хх-ийн 29, 30/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан
торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ